Нүүрсний хулгайг эсэргүүцсэн иргэдийн жагсаал Сүхбаатрын талбайд 15 дахь өдрөө үргэлжилж байна. Тэд өдөр бүр халуун аарцанд бүлээцэн, нойр, хоолоо хугаслан байж эрх баригчдын булхайтай идэр есийн жаврыг үл тоон тэмцэж байгаа билээ. Тэмцэгчдийн хамгийн том төлөөлөл буюу залуучуудын дуу хоолойг хүргэж буй Л.Дашнямын ээж Б.Энхтуяа хүүгийнхээ эзгүй өдрүүдийг итгэл найдвараар нөхөж, өглөө бүр сайныг ерөөн суугаа гэнэ. “Би хүүгийнхээ чин сэтгэлийн зоригтой шийдвэрийг хорьж чадаагүй. Хүү минь заавал үр дүнд хүрнэ” хэмээн итгэл өвөртлөн суугаа түүнтэй бид ярилцлаа.
-Та хүүгийнхээ тэмцлийн шийдвэрийг анх хэрхэн хүлээж авсан бэ?
-Хүү минь жагсаалын эхний өдөр дээлээ өмсөөд л гэрээсээ гарсан. Би хүүгээсээ юунд явж байгааг нь ч асууж амжаагүй. Гэтэл талбай дээрх жагсаалд оролцох гээд явсан юм билээ. Тухайн үедээ бага зэрэг эсэргүүцэж байсан ч хүүгийнхээ шийдвэрийг хорьж чадаагүй. Учир нь, миний хүү ирээдүйнхээ төлөө гаргаж болох хамгийн зөв шийдвэрээ гаргасан гэж бодсон.
-Бага байхаасаа л шударга, зоригтой хүүхэд байсан уу, Л.Дашням?
-Тийм ээ. Би дөрвөн хүүтэй. Хамгийн отгон хүү минь Л.Дашням. Ах нартайгаа өссөн болоод ч тэр үү. Зоригтой, шударга, хүмүүжилтэй нэгэн болж өссөн. Одоо ч тэр хэвээр байгаа нь энэ.
-Таны хүүгээ эргэж очсон зураг цахим орчинд цацагдаж, олныг хайрыг төрүүлээд байна. Хүүгээ өдөр бүр эргэж очиж байна уу?
-Хүүгээ тэмцэл эхлүүлснээс хойш нэг удаа эргэж очсон. Олон хоног тэмцэж байгаа учраас хүү минь ядрахаас гадна сэтгэл нь мохож байсан байх. Намайг очиход “Ээж ирсэн гоё байна” гээд л тэврүүлээд байлаа. Бага ч болов хүүгийнхээ итгэл найдварыг дэмжиж чадсан даа. Түүнээс хойш хүү “Ээж та байн, байн ганцаараа ирээд хэрэггүй” гэхээр нь хүүгийнхээ хэлснээр очохгүй л байна. Хүүгийнхөө төлөө санаа зовж суухдаа бүтэн шөнө нойргүй хоносон тохиолдол ч бий.
-Хэдий хатуу, шударга харагдаж байгаа ч ээжийнхээ дэргэд зөөлөрч байсан байх?
-Тэгэлгүй яах вэ. Гурван ахынхаа адил шударга, шийдэмгий өссөн ч гэлээ буурь суурьтай, төлөв даруу хүүхэд. Хүү минь зураг дээр харагдаж байгаа шигээ эрх танхил биш л дээ. Тухайн үед ээжийгээ хараад өөрийн эрхгүй л зөөлөрсөн байх. Би хүүгээ хараад өрөвдөж байсан ч сэтгэлд нь дэм болох гэж хичээсэн.
-Та хүүгийнхээ дэргэд байнга л хамт байдаг байв уу?
-Багаасаа өөрийн хүсэл мөрөөдлийнхөө төлөө тууштай тэмцэж, зоригтой шийдвэр гаргаж чаддаг хүүхэд байсан. Би ч гаргасан шийдвэр бүрд нь хүүгийнхээ дэргэд үргэлж хамт байсан даа. Бага ангиа төгсөх хүртэл ээжийнхээ дэргэдээс огт холдоогүй. Харин түүнээс цааш биеэ дааж, бүхнийг өөрөө шийддэг болсон. Би БНСУ-д таван жил ажиллаж, амьдарсан. Энэ хооронд хүү минь дунд болон ахлах сургуулиа амжилттай төгссөн. Өөрөөр хэлбэл, энэ үеэс л өөрийгөө зөв удирдан чиглүүлж, амьдралыг бага багаар өөрөө авч явж эхэлсэн юм.
.jpg)
-Та хүүгээ үр дүнд хүрнэ гэдэгт итгэж байгаа юу?
-Хүү минь эцсээ хүртэл тэмцсэн ч би хамт байх болно. Тиймдээ ч энэ их тэмцлийн үр дүнг би удахгүй харна гэдэгт итгэлтэй байгаа. Тэмцэл заавал эерэг үр дүн авчирна. Харин тэр үед хүүгээрээ би бахархаж сууна гэж боддог. Магадгүй миний хүү өөрийн энэ их зориг тэвчээр, хатуужлаараа ирээдүйгээ өөрчилж чадах байх.
-Хүү нь олон хоног амаргүй цаг үеийг туулж байна. Таны ойр дотны хүмүүс багагүй дэмжлэг үзүүлсэн байх?
-Ойр дотны бүхий л хүмүүс хүүг минь дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Түүнээс гадна надад ч санаа зовж байгаагаа хэлж байсан. Би яах вэ, хүү минь л идэр есийн хүйтэнд талбайн хүйтэн шалан дээр нойр хоолгүй хонон өнжиж байна. Би хүүдээ л санаа зовж байна даа. Гэхдээ эх хүн үрдээ үргэлж сайн сайхныг ерөөж байвал болох нь тэр. Очиж чадахгүй байгаа ч утсаар холбогдож, өглөө бүр хүүгээ бодоод л сайн сайхнаар ерөөж сууна.
-Хэрэв жагсаал үр дүндээ хүрвэл хүү нь цаашид юу төлөвлөж байгаа бол?
-Тэмцэл үр дүндээ хүрчихвэл хүү минь өөрийн зорилгынхоо төлөө тэмцэж эхэлнэ. Хүү минь надад “Хүү нь удахгүй Америк явж сурна” гээд л ярьдаг юм. Жагсаалд оролцохоосоо өмнө хэлний мэдлэгтээ анхаарч, суралцаж байсан. Тиймээс жагсаалын дараа хүү минь өөрийн гэсэн мөрөөдлийнхөө төлөө тэмцэх бас нэгэн даваа бий.

-Зарим үед цахим сүлжээнд хүүг нь сөрөг талаас дүгнэсэн сэтгэгдэл их байна. Энэ болгонд хүүдээ хэрхэн зөвлөгөө өгч байна вэ?
-Мэдээж аливаа зүйл хоёр талтай. Хүүг минь эрх мэдэлтнүүдээс мөнгө авсан, хөлсөөр жагсаж байгаа гэх мэтчилэн сөрөг дүгнэлт өгч байгаа хүмүүс байна лээ. Миний хүү хэзээ ч бусдын ятгалаг, шийдвэрээр байж үзээгүй. Өдийг хүртэл өөрийнхөө хүсэл мөрөөдлөөр яваа. Тийм учраас би хүүгээ өмөөрнө. Гэхдээ хүүг минь муулахаас магтах нь их байсан. Тэр болгоныг хараад бага ч гэсэн тайвширах юм. Хүүгээ бусдын сөрөг үгэнд битгий л бууж өгөөсэй гэж хүсэж байна даа.
-Ерөнхий сайд жагсагчидтай уулзах үеэр хүү нь өөрийн үзэл бодлоо хатуухан илэрхийлээд амжсан.
Түүнийг хараад та яаж хүлээж авсан бэ?
-Нөгөө л багын араншингаараа шударга хандсанд хүүгээрээ бахархаж л байлаа. Гэхдээ төрийн гурван өндөрлөгийн нэгэнд тийм хатуухан байр сууриа илэрхийлсэнд санаа зовдог юм байна лээ. “Хүү минь болгоомжтой байгаарай, зөв шийдвэр гаргаарай л” гэж хэлсэн. Үнэхээр ард түмний боломжийг олон жил хулгайлсан улстөрчидтэй ингэж тэмцэх нь хамгийн зөв л дөө. Үүнд хүүгээрээ болон бусад залуусаар бахархаж байна.
| ТЭМЦЭГЧ Л.ДАШНЯМЫН ЭЭЖ Б.ЭНХТУЯА: ХҮҮ МИНЬ ТЭМЦЛИЙНХЭЭ ҮР ДҮНД ХҮРНЭ ГЭДЭГТ ИТГЭЖ БАЙНА |
|
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нас ахар болно
2026-09-12 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан байна
2026-09-12 06:00:00
14 дүгээр сургууль дэлхийн стандартын Физикийн лабораторитой боллоо
2026-09-11 18:16:42
2028 ОНЫ ЛОС-АНЖЕЛЕСИЙН ОЛИМПЫН НААДМЫН БЭЛТГЭЛ ХАНГАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЖЭЭ
2026-09-11 17:24:33
Онцгой байдлын байгууллага сургалт, бэлтгэлийн жилийн II үеэ эхлүүлжээ
2026-09-11 16:50:58
“НАЖИРТАЙ НАМАР” УРАМШУУЛАЛ 14 ХОНОГ ҮРГЭЛЖИЛНЭ
2026-09-11 16:39:48
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
2026-09-11 16:10:13
"Овгор" уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
2026-09-11 15:15:23
ШЕЗ: "Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн"-ий нээлттэй сонгон шалгаруулалт урьж байна
2026-09-11 14:41:11
Будапештийн “Их дуулга” тэмцээнд Монголын есөн жүдоч хүч үзнэ
2026-09-11 14:37:23
"Шарилжгүй Улаанбаатар" аянд эрүүл мэндийн байгууллагын 1100 ажилтан нэгдлээ
2026-09-11 14:27:22
Хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг ирэх сарын 1-нээс эхэлнэ
2026-09-11 13:56:24
Онцгой байдлын алба хаагч Б.Хүрэлчулуун Токиогийн дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-11 12:21:59
УНТЭ робот мэс заслын тусламж, үйлчилгээг албан ёсоор нэвтрүүлжээ
2026-09-11 12:14:30
Ургац хураалтын дараах зоорь, агуулахын ариутгал ба халдваргүйжүүлэлтийн зөвлөмж
2026-09-11 12:11:28
Он гарснаас хойш 3,545 удаагийн гамшиг, ослын дуудлага бүртгэгдэж, албан хаагчид 3963 хүний амь насыг аваржээ
2026-09-11 11:23:10
Ойрх дорнодын дайн идэвхжиж Брент маркийн газрын тосны үнэ баррель нь 100 ам.доллароос давж хэлбэлзэв
2026-09-11 11:22:47
Автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ
2026-09-11 11:22:20
Буйр нуурт живсэн техник хэрэгслийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-09-11 11:11:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрлэг лугаа учирна
2026-09-11 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |