Хэрлэн гол цалигланхан, дорнын тэнгэр цэнхэртэнхэн, талын хязгаар униартанхан байх наймдугаар сарын нэгэн өдөр Дорнод аймгийн төв Чойбалсан хотод буулаа. 1990-ээд оны уран бүтээлчдийн дундаас торойж, товойж гарч ирсэн яруу найрагч Тогоонтөмөрийн Содномнамжил агсны ээж Я.Энэбиштэй уулзахаар ирсэн минь энэ. Чойбалсан хотын хуучны гэмээр дүр төрхийг сониучирхан алхах зуураа замд таарсан хүнээс Я.Энэбиш гуайнхыг сурагласаар олж очлоо. 25-26 насны бүсгүй хаалга тайлан “Эмээ амралтанд амарч байгаа. Би чиний сураглаж буй Т.Содномнамжилын охин. Намайг Оюунтөгс гэдэг” хэмээсээр угтсан юм. Цай, цүй болж, зураг, хөрөг үзээд бид Я.Энэбиш гуайн амарч буй амралтын газрыг зорилоо. Хэрлэн голын хөвөөгөөр амралт сувиллын газар олон бөгөөд хамгийн баруун талын амралтад Я.Энэбиш гуай найзуудтайгаа амарч байв. Биднийг очиход эмчийн үзлэгт орохоор явсан байлаа. Тиймээс түүнийг хүлээх зуураа Дорнод нутгийн номин ногоон талыг ажиглан зогсоход тэртээ 1991 оны тавдугаар 7-ны өдөр яруу найрагч О.Дашбалбар агсан “Зохист аялгуу” сонинд “Залуучуудаас Дорнодын Т.Содномнамжил, Хэнтийн Д.Галсансүх нарт илүү итгэж байна. Тэд л бидний хүрээгүй өндөрлөгт хүрч, дуулаагүйг дуулах байх” хэмээн бичсэн нийтлэл санаанд бууна. Т.Содномнамжил анх аавыгаа даган улаан орхимжоо намирууланхан явсаар О.Дашбалбар гуайн гэрт очиж, шавь орсон байдаг. Тэр л цагаас шүлгээ найргаа илүү сайн бичиж, тууштайгаар суралцаж эхэлсэн болов уу. Т.Содномнамжил Хэрлэн голын ус шигээ шүлэг яруу найргаа дуудаж, тал нутгийн өвсний үзүүрийг бөхийлгөн исгэрэх салхи шигээ маани, мэгзэм хүнгэнүүлэн уншдаг байсан болов уу гэж бодогдоно. Замын хойхно харагдах гандангийн ногоон дээвэрт тагтаанууд зэллэн буужээ. Зарим нь тэнгэр өөдөө өртөөлөн нисэх нь маанийн эрх мэт сувдран харагдана. Зөөлөн салхитай Дорнод нутгийн тал алтран, нарны туяа өнгө, өнгөөр цацран байв. Энэ бүгдийг ажиглан суутал Т.Содномнамжилын охин Оюунтөгс хажууд ирэн суугаад “Аав минь амьд сэрүүн байсан бол яг 49 настай байх байлаа. Дараа жил аавынхаа нэрэмжит яруу найргийн наадмыг зохион байгуулна. Аав минь
“Хаалга нь онгорхой шамбалын
Хаанаас нь ч орсон болно” гэж шүлэглээд одсон доо. Одоо шамбалынхаа оронд эрхи эргүүлж, шүлгээ бичин суугаа байх” хэмээн хоолой зангируулан ярих зуурт Я.Энэбиш гуай бидэн дээр ирлээ. Бид Т.Содномнамжилын бага нас, шүлэг, яруу найргийнх нь талаар ярилцсан билээ.
-Хоёулаа хүүгийнх нь бага насны талаар ярилцъя. Хэр сэргэлэн хүү байв?
-Миний хүү сургуульд сурч байхаасаа л ном их уншдаг байлаа. Ном уншихдаа сандал, ширээ хэрэглэхгүй. Шалан дээр номоо тавиад тонгойгоод л уншаад байна. Ихэвчлэн уран зохиол, түүх, яруу найргийн ном уншина. Хүүгээ шүлэг бичдэг гэдгийг есдүгээр ангид байхад нь л мэдсэн. Түүнээс өмнө огт мэддэггүй байлаа. Тухайн үед би цэцэрлэгийн тогооч хийдэг байсан юм. Ажил ихтэй болохоор ч юм уу, хүүгийнхээ шүлэг бичдэгийг анзаардаггүй байж. Хүү минь, сургууль, цэцэрлэгт байхдаа шүлгийг ганц сонсоод л цээжилчихдэг байсан. Цэцэрлэгт байхад нь нэг удаа багш нь их урт шүлэг бичиж өгөөд “Эхний дөрвөн мөрийг нь цээжлээд ирээрэй” гээд явуулсан байв. Хүү минь тэр шүлгийг надаар хоёр л удаа уншуулаад унтсан. Маргааш нь багш нь надтай уулзаад “Чи урьд шөнө хүүгээ унтуулаагүй юм уу. Их урт шүлгийг бүтнээр нь цээжлээд ирсэн байна. Би уг нь эхний дөрвөн мөрийг нь цээжлээд ирээрэй гэсэн юм” гэж билээ. Тийм сэргэг, цээж сайтай хүү байлаа.
-Хүү тань багадаа ямар зан араншинтай байсан бэ?
-Үнэхээр зөөлөн сэтгэлтэй, даруухан хүүхэд байсан. Үеийнхээ хүүхдүүд шиг дэггүйтээд явна гэж үгүй. Ер нь бол сургууль, гэрийн хооронд л явдаг байсан. Түүнээс биш гадуур, дотуур яваад байхгүй. Гэр орны ажилд ч их оролцоод байдаггүй байв. Ер нь намайг дуурайсан хүүхэд л дээ. Дуу хоолой сул, яриа хөөрөө муутай барагтай бол яриад байхгүй. Ярихаа хүрвэл харин илэн далангүй ярьчихдаг байсан.
-Төр, нийгмийн зүтгэлтэн, яруу найрагч О.Дашбалбар гуайтай хүү тань ойр байсан гэгддэг. Энэ хүмүүс хэрхэн яаж танилцаж байсан юм бол?
-Есдүгээр ангид байхдаа хүү минь гэнэт л “Лам болно” гээд Дорнодынхоо хийдэд шавилан сууж байв. Сүүлдээ гандангийн шугамаараа Энэтхэг рүү явах болоод аавтайгаа хот явсан. Хотод очоод хүү минь “Аав аа, О.Дашбалбар гуайтай уулзмаар байна” гэсэн юм билээ. О.Дашбалбартай хэзээний танил, нэг нутаг усных болохоор гэрт нь яваад очсон гэсэн. О.Дашбалбар их сайхан хүлээн авч “Хүүгээ манайд байлга” гэсэн гэдэг. Тэгээд тэр хүний олон сайхан шавь нарынх нь нэг болж, гэрт нь амьдрах болсон доо. Тухайн үед шүлэг, яруу найргаа илүү сайн бичиж эхэлсэн байх. Хүү минь нэг амралтаараа гэртээ ирээд “Ээж багш биднийг унтаж байхыг хараад шопрот шиг гээд л инээдэг” гэж ярьж билээ. О.Дашбалбарынхаар ах, дүү, найз, нөхөд, шавь нар нь их орж гардаг байсан шиг байна лээ. О.Дашбалбарынх хуучин Дарьгангад манайхтай хоёр гэрээрээ айл байлаа. Тийм ч болохоор хүүд минь их сайн хандаж байсан байх. Миний хүү ч бас итгэлийг нь алдахгүй сайн сурч байсан гэдэг.
Хүүг минь ирснээс хойш Д.Нямсүрэн гуай болон нутгийн шүлэг бичдэг залуус манайхаар их ирдэг болсон
-Та ханийнхаа талаар яриа дэлгэвэл?
-Хань минь хотод сургууль төгсөж, тэндээ багшилж байгаад Дорнодын Мах комбинатад боловсон хүчин болж ирсэн. Ирснээс нь 11 сарын дараа бид танилцаж, гэр бүл болсон доо. Манай гэр бүлийнхэн Сүхбаатар аймгийн Дарьганга сумын гаралтай. Дорнод аймагт ирээд нутаглаж, ажиллаж, хөдөлмөрлөөд он удаан цаг хугацааг туулжээ. Хүү минь яг энэ нутагтаа төрж өссөн. Хань бид хоёр найман хүүхэдтэй өнөр өтгөн айл байх байлаа. Харамсалтайгаар гурвыг нь алдчихсан.
Шүлгээ уншиж дуусаад “Ээж ээ, аятайхан сонсогдож байна уу. Сонсгол сайхан байвал гоё, тийм ээ” гэдэг байсан
-Хүү тань Дорнод аймгийнхаа ганданд шавилан сууж, хамба лам нь болсон байдаг. Ер нь хэчнээн жил ганданд сууж, сүсэгтэн олныхоо засал номыг уншиж байсан бэ?
-Хүү минь есдүгээр ангидаа нутгийнхаа ганданд шавилан сууж, жил гаруй болоод хот явсан. Нэлээд хэдэн жилийн дараа буцаж ирээд хамба болон сууж байлаа. Аав нь бурхан болоод удаагүй байхад би захиа бичиж, хүүгээ нааш авчирсан. Би “Миний хүү нутагтаа ир. Ээждээ жаахан ч гэсэн хань бол. Зах зээлийн нийгэмд амьдрал хэцүү байна” гэсэн утгатай захиа бичин хүүгээ дэргэдээ дуудсан даа. Тухайн үед одоогийнх шиг гар утас байсангүй. Хотоос хүн ирээд явахаар л захиагаа дайж явуулдаг байв. Хүүг минь ирснээс хойш Д.Нямсүрэн гуай болон нутгийн шүлэг бичдэг залуус манайхаар их ирдэг болсон. Мөн “Д.Нямсүрэн ахынд очлоо” гээд Эрээнцав руу байнга л явдаг байлаа. Үүнээс гадна Д.Нямсүрэн “Цаг болж нөхцөл бүрэлдэхэд” шүлэгтээ
Цаг болж нөхцөл бүрэлдэхэд
Шавь Содномнамжил баруун зуугийн хамба болно
Цаг болж нөхцөл бүрэлдэхэд
Шамбалын орноо сууж, шүлэг бичихээр би явна” гэж бичсэн байдаг. Яруу найрагчдын үг ид шидтэй юм билээ. Хүү минь нээрээ л хамба болж, сүсэгтэн олныхоо зам мөрийг чамгүй зассан. Мөн Д.Нямсүрэн ч гэсэн шамбалын орондоо шүлэг бичихээр зорьсон. Одоо бол тэр хоёр минь ариун шамбалын оронд хамтдаа шүлгээ бичиж, хангинуулан уншиж суугаа байх.
-Та хүүгийнхээ ямар шүлэг, бүтээлд нь дуртай байв. Танд бичсэн шүлгээсээ дуудаж өгдөг байсан уу?
-“Ээж сонсож бай” гээд л уншиж өгнө. Би тэр бүр хүүгийнхээ уншиж байгаа шүлгийг тогтоон цээжилж чаддаггүй байсан. Одоо бол хүүгийн минь шүлгээ уншиж буй хүнгэнэсэн хоолой чихэнд сонсогдоод л байдаг. Шүлгээ уншиж дуусаад “Ээж ээ, аятайхан сонсогдож байна уу. Сонсгол сайхан байвал гоё, тийм ээ” гэдэг байсан. Би хүүгээсээ хойш шүлэг бүтээлийг нь байнга эргүүлж, тойруулж хардаг болсон.
-Хүүгийн тань ид шүлгээ бичиж байсан цаг үе нийгмийн шилжилтийн эрин байлаа. Тухайн үед та “Хүүгээ шүлэг бичихийн оронд амьдралд хэрэгтэй өөр мэргэжлээр сурч, боловсор” гэж байв уу?
-Үнэхээр хүнд цаг үе байлаа шүү дээ. Хаа сайгүй л амьдрал хэцүү байсан. Гэхдээ би ч тэр, хань минь ч тэр хүүгийнхээ хүсэл мөрөөдлийг сонсож, аль болох болж бүтэх талаас нь дэмнэж байлаа. Тэрнээс биш “Содномнамжил аа, чи инженер, багш, эдийн засагч бол” гэж хэлж үзээгүй. Тухайн үед би цэцэрлэгийн тогооч, хань минь Мах комбинатад ажил хийгээд боломжийн амьдарч байсан.
-Т.Содномнамжил гуай хийдэд ном уншихаас гадна яруу найргийн дугуйлан хичээллүүлж байсан уу?
-Албаны ажил болгож шүлгийн дугуйлан хичээллүүлээд байгаагүй. Харин хувиараа, гэрээр зааж, зөвлөдөг байсан. Хүүгийн минь шавь нар манайд орж ирээд жагсаж зогсоод шүлэг уншдаг байлаа. Их хөөрхөн инээмсэглэл тодруулаад цангинатал уншицгаана. Тэр хүүхдүүдээ дагуулаад Дорнодынхоо гудмаар алхаж явааг нь харах сайхан байдаг байлаа. Одоо ч нүдэнд дүрслэгдээд байдаг. Тэр хүүхдүүдээс зарим нь манайхаар үе үе орж гарна. Мөн хот хүрээнээс ирсэн зохиолч, яруу найрагчид “Т.Содномнамжилын “Огторгуйн очир” яруу найргийн түүвэр байна уу” гээд асуудаг. Би асуусан болгонд нь тэр бүр өгөөд байдаггүй. Хүү минь амьд ахуйдаа “Нэг л ном гаргана” гэж ярьж байсан шигээ “Огторгуйн очир” номоо бүтээгээд бурхны орондоо явсан. Тийм ч болохоор энэ ном надад их үнэ цэнтэй санагддаг. Хуудсыг нь зөөлөн эргүүлэн уншихад хүү минь дэргэд сууж байгаа юм шиг нөмөр нөөлөг мэдрэгддэг. Мөн энэ номын хуудас бүрээс хүүгийн минь үнэр үнэртээд байх шиг санагддаг.
-Та хүүгийнхээ араас захиа бичиж, Дорнод аймагтаа авчирч байсан гэлээ. Захиа явуулснаас нь хойш хүү нь хэр удаж ирсэн бэ?
-Захиагаа нутгийн шүлэг бичдэг залуугаар дайгаад явуулж байсан. Хүү минь захиаг аваад “Ээж ёстой урт захиа бичжээ” гэж байсан гэнэ лээ. Түүнээс нэлээд удаж байж нутагтаа ирсэн. Бараг гурван сарын дараа ирсэн байх. Нэг өдөр хаалгаар “Ээж ээ” гээд л ороод ирсэн. Миний баярласан гэж жигтэйхэн. Хийддээ сууж, дэргэд минь амьдарч, намайг мөн ч их баярлуулсан даа. Би хүүгийнхээ нэг шүлгийг уншмаар байна л даа, болох уу?
-Бололгүй яах вэ?
-“Би чамд мэнд хүргэе” гэдэг нэртэй шүлэг. Энэхүү шүлгээ 1994 онд бичсэн байдаг. Энэ шүлгийг хүү минь надад уншиж өгч байсан юм.
Хар үсэн долгис чиний минь мөрийг даган асгарч
Хаврын моддын дундаас ялгарах нь зүүд мэт сонихон
Орчлон дээр надад нуух юм юу ч үгүй, олон охинд дурласан
Одоо хүртэл хэн нь ч чам шиг сэтгэлийн минь тэнгисийг эзэгнэсэнгүй
Хайр дурлал, гуниг уйтгарын тухай эртний ном уншиж
Харагдахгүй ертөнц, гоо сайхны мандалд тэмүүлэн, санааширч явахдаа ч
Цог төгөлдөр чинийхээ тансаг бүхний төлөө догдлон амьдарч
Цоргилон үлээх галын дөл мэт бардамхан бодолдоо үнэнч үлддэг ээ.
Миний хүү ийм л сайхан шүлэг бичиж, хүний сэтгэлийг уясган, уяраадаг байжээ. Зарим хүн “Хүү чинь лам байж хайрын шүлэг их сайхан бичих юм” гэдэг. Хүн л юм чинь хайрлаж, дурлаж, үүнээсээ төрсөн сэтгэгдлээрээ ийм сайхан шүлэг бичдэг байсан байх. Энэ бол миний л бодол. Хүү минь хэрхэн, яаж бичдэг байсныг би яахан мэдэх билээ.
-Олон шүлэг хүү нь танд уншиж өгч байсан гэсэн шүү дээ. Тэдгээрээс энэ шүлгийг сонгож уншсан нь ямар нэгэн шалтгаан байгаа юм шиг санагдаад байна?
-Энэ хүүгийн минь эхнэртээ зориулан бичиж байсан шүлэг. Хүү минь бор сархад хүртэж, шүлэг зохиолоо бичих гээд гадуур, дотуур яваад байдагт ундууцан, орхиод явчихсан юм. Тухайн үед хүүхдүүд минь нэг охинтой байсан бөгөөд таван сартай байхад нь надад үлдээгээд явсан. Нөхөр, охин хоёроо хаяад явчихсан тэр эмэгтэйд би гомддоггүй. Хүний сайхан үрийг муу хэлэхийг ч хүсдэггүй дээ. Гэхдээ зарим үед хүүхдүүд минь хамт байж, өрх гэр нь элэг бүтэн байсан бол гэж боддог.
-Үүнээс гадна хүүгийн тань шүлгийг уншиж, бусдад түгээн дэлгэрүүлж байгаа олон хүн бий байх. Та ч бас хүүгийнхээ шүлгийг хүргэхээр зорьж ямар нэгэн ажил зохион байгуулж байв уу?
-Хүүгийн минь уран бүтээлийг түгээн, дэлгэрүүлж буй олон хүнд баярлаж явдаг. Түүнээс биш, нас дээр гарсан би бусдад хүргэж чадахгүй юм. Дараа жил хүүгийн минь 50 насны ой болно. Хүүхдүүд маань “Шүлэг, яруу найргийн наадам зохион байгуулна” гээд ярьж байгаа. Үүнээс гадна манайхаар хүүгийн минь найз Ж.Болд-Эрдэнэ их ирдэг байлаа. Хөөрхий минь, бас л насан залуудаа бурхан болчихсон. Их сайхан шүлэг бичдэг залуу байлаа. Дорнод аймагт зохион байгуулагдаж байсан яруу найргийн наадамд хэд, хэдэн ч удаа тэргүүн байрт орсон байх. Хүүтэй минь толгой, сэрээ холбочихоод эр хоёр загал шиг салдаггүй байлаа.
Түүний энэ эгэлээс эгэл түүхийг түүнээс ч олон хүн мэднэ. Хамгийн харуусалтай нь тэр хоромхон зуурт гялалзаад өнгөрсөн од
-Хүү тань Ж.Болд-Эрдэнэ найрагчтай юуны талаар ихэвчлэн ярьдаг байв?
-Шүлэг, яруу найргаа уншиж, хол ойрын сонин сайхан их ярина. Мөн нэгнийхээ шүлгийг сонсоод “Янзын сайхан юм аа” гээд хөөрцөглөж сууцгаана шүү дээ. Би Дорнод аймагт яруу найргийн наадам болохоор л хүүгээ дэмжих гээд очиж үздэг байсан. Хүү минь ч дажгүй сайхан оролцчихно. Одоо бол “Болор цом” яруу найргийн наадмыг зурагтаар алгасахгүй үздэг. Хүүгийн минь найзууд шүлгээ дуудаж байвал зүс таниад чин сэтгэлээсээ дэмжинэ шүү дээ.
-Хүүтэйгээ хамт өнгөрүүлсэн олон сайхан дурсамж танд бий байх. Таны сэтгэлийг дулаацуулж байдаг дурсамжуудаасаа хуваалцвал?
-Олон сайхан дурсамж бий. Хүүтэйгээ хамт байсан тэр үеүд миний сэтгэлийг бүтэн болгодог. Намайг захиа бичсэний дараа гэртээ ирж, аавынхаа орон зайг нөхөж, дүү нарынхаа ах, гандангийн лам, шүлэг, яруу найрагч сонирхдог залуусын багш болж амьдарч байсан тэр үе нь хамгийн сайхан. Хүү минь ороод ирэхэд гэр дүүрдэг байлаа. Олон хүнтэй ах, дүү, найз, нөхөд болж, элэгсэг дотно явсан хүүгийн минь орон зайг өдгөө шүлэг, бүтээл нь нөхөж байгаад бахархаад, бахархаад ханашгүй.
Дорнын цэнхэр хязгаар нутгаас ташуу энгэртэй, гандсан улаан дээлтэй их хүрээнд ирж, О.Дашбалбар гэх агуу хүмүүнд шавь орж, утга зохиолын их ай савд хөл тавьсан тэр тэнгэрт гэрэл цацруулаад харвасан нэгэн од яах аргагүй мөнөөсөө мөн.Түүний энэ эгэлээс эгэл түүхийг түүнээс ч олон хүн мэднэ. Хамгийн харуусалтай нь тэр хоромхон зуурт гялалзаад өнгөрсөн од. Тэр яах аргагүй Дорнын их талдаа татсан суунаг цагаан зэрэглээ. Тэр номин ногоон нутгийнхаа хувраг цагаан салхи. Улаан шарыг гялбуулсан алтан нар. Тэр Хэрлэн голынхоо урсгал шиг дөлгөөхөн ааштай, хөх тэнгэрийнх шигээ уудамхан сэтгэлтэй нэгэн байлаа. Тиймээс ч тэр уншигчдынхаа оюун санаанд амьд оршихуй болон үлдсэн биз ээ.
Т.СОДНОМНАМЖИЛЫН ЭЭЖ Я.ЭНЭБИШ: Номынх нь хуудсыг зөөлөн эргүүлэхэд хүү минь дэргэд байгаа юм шиг САНАГДДАГ |
|
2025-05-26 13:02:16
2025-05-26 12:56:21
2025-05-26 12:44:49
2025-05-26 12:31:52
2025-05-26 12:08:48
2025-05-26 11:45:33
2025-05-26 11:15:20
2025-05-26 11:05:38
2025-05-26 10:54:25
2025-05-26 10:47:32
2025-05-26 09:55:03
2025-05-26 09:49:20
2025-05-26 09:48:51
2025-05-26 09:03:01
2025-05-26 08:38:59
2025-05-26 07:52:33
2025-05-26 07:09:32
2025-05-26 07:00:01
2025-05-26 07:00:00
2025-05-26 07:00:00
2025-05-26 07:00:00
2025-05-26 07:00:00
2025-05-26 07:00:00
2025-05-25 14:50:38
2025-05-25 14:33:17
2025-05-25 13:55:03
2025-05-25 13:33:53
2025-05-25 13:24:18
2025-05-25 13:02:15
2025-05-25 12:42:45
2025-05-25 11:51:47
2025-05-25 10:15:36
2025-05-25 09:54:53
2025-05-25 09:35:15
2025-05-25 09:20:04
2025-05-25 08:52:51
2025-05-25 08:43:01
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |