-Танд юунд түрүүнд Ардын хувьсгалын түүхт 100, 101 жилийн баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд тав давж, улсын начин цол хүртсэнд нь баяр хүргэе. Хоёулаа яриагаа таны баярын сэтгэгдлээр эхлүүлэх үү?
-Баярлалаа. Ардын хувьсгалын түүхт 100, 101 жилийн ой давхцсан улсын баяр наадамд тав давж, улсын цол хүртэж, есөн хөлт цагаан тугаа тойрсондоо баяртай байна. Монголынхоо ард түмэнд өнгөрсөн ч гэсэн баяр наадмын мэнд хүргэе.
-Аав, ээжийнх нь удамд бөх бий юү?
-Манай ээжийн удамд бөх бий. Тухайлбал, ээжийн ах нь аймгийн начин байсан. Мөн дээд удамдаа том биетэй, бяр чадалтай хүн олонтой байсан гэж ярьдаг. Ээж минь Өвөрхангай аймгийн Богд сумаас гаралтай. Харин ээжийн ах Ганбаатар гэдэг хүн Төв аймгийн баяр наадамд барилдаж, аймгийн начин цол хүртэж байсан гэдэг. Үүнээс гадна Өмнөговь аймгийн начин Хосбаяр бид хоёр эгч дүүсийн хүүхдүүд.
-Аав нь барилддаг байсан уу?
-Аав барилдаагүй ээ. Харин аавын маань дүү овооны наадамд түрүүлж байсан. Аав маань сумын алдарт уяач. Хурдан хүлгүүдээ жил бүрийн наадамд амжилттай сайхан уралдуулна. Ээж намайг зан араншингийн хувьд аавыгаа дуурайсан гэдэг юм. Аав маань дуу цөөтэй, намбатай, дөлгөөн хүн л дээ.

-Та бөхийн спортоор хэдэн настайгаасаа хичээллэсэн бэ?
-Намайг хэлд орох цагаасаа л "Бөх болно" гэж ярьдаг байсан гэж гэрийнхэн маань ярьдаг. Ерөнхий боловсролын сургуульд байхаасаа л сумаасаа аймагт очиж барилддаг байлаа. Харин оюутан цагаасаа бөхөөр илүү идэвхтэй хичээллэж, бэлтгэл тогтмол хийсэн. Үүнээс гадна ах нар маань бөх сонирхдог. Тиймээс тэдэнтэйгээ өдөржин барилдаж өссөн дөө. Мөн зуны дэлгэр цагт хот, аймгаас хамаатан, саднуудын хүүхдүүд амралтаараа ирнэ. Тэдэнтэй мөн өдөржин барилдана.
-Анхны юм бүхэн мартагдашгүй байдаг шүү дээ. Тэгэхээр та анх цол авч үеийнхээ дурсамжаас хуваалцвал?
-Хоёрдугаар дамжаагаа төгсөөд зуныхаа амралтаар бэлтгэлд гарсан. Бэлтгэлээ дуусаад гэртээ очиж, хэд хоног амраад, аавтайгаа хамт мориор 60 гаруй километр явж, сумын наадамд барилдаж байлаа. Тухайн үед аав жороо морь унаад, би уяж хурдлуулдаг соёолон үрээгээ унаад, аавтайгаа сумын наадамд явж байлаа шүү дээ. Тэгж зорьж, очсон Булган сумынхаа наадамд түрүүлээд их сайхан санагдаж байсан. Аав минь их баярлаж байсан даа. Наадмаас буцаад гэр лүүгээ явах замд айлаар ороход “Сумын наадамд хэн түрүүлсэн бэ” гэж асуухад аав маань “Түрүү бөхтэй хамт явж байна” гээд ярьж явсан даа.
Монгол Улсынхаа Ерөнхийлөгчөөс цолоо аваад Төв цэнгэлдэх хүрээлэнгээ тойроод явж байх мэдрэмж дахин хүртмээр сайхан юм билээ.
Аав намайг барилдахад их дуртай. Сүүлийн жилүүдэд улсын баяр наадамд барилдахаар “Миний хүү улсын наадамд зодоглож байгаагийнх гурав даваарай” гэж захидаг байлаа. Энэ жил аавынхаа тэр хүслийг давуулан биелүүлж, тав давж, улсын начин цол хүртлээ. Одоогоор нутагтаа очиж амжаагүй л явна. Удахгүй очихоор аав минь бөөн баяр тосох байх аа.

-Улсынхаа наадамд тав давчихаад, хамгийн түрүүнд хэнтэй утсаар ярьж, баярын сэтгэгдлээ хуваалцсан бэ?
-Хамгийн түрүүнд аав руугаа, гэр бүлийнхэнтэйгээ ярьсан. Аав минь “Хүүдээ баяр хүргэе. Хэзээ ирэх вэ” гэж байсан. “Гурав л давчихаарай” гэдэг аав минь энэ жилийн наадмаар зодоглох болоход нэг их юм хэлээгүй. Харин дотроо юу гэж бодож байсан бол гэж боддог. Улсынхаа баяр наадамд тав давахад үнэхээр сайхан байсан. 1024 бөх эд хав, уран мэхээ уралдуулан барилдлаа. Үүнээс 10 гаруй бөхтэй мөр зэрэгцэн улсын цолонд хүрсэн минь өндөр хувь заяа гэж бодож байна. Монгол Улсынхаа Ерөнхийлөгчөөс цолоо аваад Төв цэнгэлдэх хүрээлэнгээ тойроод явж байх мэдрэмжийг дахин хүртмээр сайхан байдаг юм билээ.
Аймгийнхаа баяр наадамд хоёр дахь удаагаа түрүүлэхэд ээж маань “Амьдралдаа баярлаж байгаагүйгээрээ баярлалаа” гэж хэлсэн нь санаанаас гардаггүй
-Начин цол хүртсэн барилдааныхаа сонин хачнаас хуваалцвал?
-Дөрөв даваад байж байтал манай нутгийн бөх, улсын заан Ц.Одбаяр найз маань намайг амлан авч, цолны босго алхуулсан. Тавын давааны ам сонсож байгаад "Ц.Одбаяр Мижидсүрэнг амлалаа" гэхэд нь нэг талаар баярласан. Манай Булган сум байгуулагдсаны 70 жилийн ойн баяр энэ сарын 24, 25-нд болно. Тиймээс нутгийнхан маань намайг “Ойгоороо сайхан бэлэг барилаа” гэцгээж байх шиг байна. Сумынхаа баяр наадмыг аав, ээж, гэр бүлийнхэнтэйгээ үзнэ.
-Хүүхэд байхдаа хэр дэггүй, хөдөлгөөнтэй байв?
-Манай ээж, аав хоёр малчин болохоор хөдөөний хүүхдүүд хэрхэн өсдөг тэр зарчмаар өссөн дөө. Говийн аагим халуун өдөр хурга, ишгэнд явахдаа явж, хурдан морь унаж өссөн. Бие томтой хүүхэд байсан болохоор хурдны морь унахаас эрт хасагдаж байлаа. Багын дурсамжуудаас аавыгаа дагаад наадамд явдаг байсан минь санаанаас огт гардаггүй. Тухайн үед хурдан морио хөтлөөд, аавыгаа дагаад сумын наадамд явдаг байлаа. Говь нутгийн халуунд ам цангаад, нүд анилдаад бас бэрх байжээ. Гэхдээ сайхан дурсамж шүү /инээв/. Аавтайгаа наадамд явж байсан дурсамж бүхэн санаанд тодхон байдаг. Аав маань намайг барилддаг болсноос хойш бөх их үздэг болсон доо.

-Цолонд хүрсэн тухай дурсамжаасаа хуваалцаач?
-Сумын заан цолонд хүрснийхээ дараа жил аймгийнхаа баяр наадамд барилдаж, хоёр даваад унасан. Түүнээс хойш 2012 онд аймгийн начин цол хүртэж байлаа. Харин дараа жил нь буюу 2013 онд Өмнөговь аймгийнхаа баяр наадамд түрүүлж, арслан цолонд хүрсэн. 2014 онд аймгийнхаа баяр наадамд сайн барилдаж чадаагүй. 2015 онд дахин түрүүлж, аймгийн хурц арслан болсон. Аймгийнхаа баяр наадамд хоёр дахь удаагаа түрүүлэхэд ээж минь “Амьдралдаа баярлаж байгаагүйгээрээ баярлалаа” гэж хэлж байсан нь санаанаас гардаггүй.
Энэ ташрамд намайг олон жил улсын цолонд хүрээсэй гэж бодож, хүсэж явсан ах, дүү, найз, нөхөд, хамаатан, садан, гэр бүлийнхэндээ, Алдар спорт хорооны хамт олон, ӨБЦТС ТӨХК гээд бүгдэд нь баярлалаа. Цар тахлаас болоод хоёр жил наадам болоогүй. Энэ жилийн наадамд хүн болгон сэтгэл хангалуун байгаа нь мэдрэгдэж байсан. Бөх сонирхдоггүй хүн сонирхтол сайхан наадам боллоо.
-Цаг гарган ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа. Танай хамт олонд ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.
.jpg)
| УЛСЫН НАЧИН Б.МИЖИДСҮРЭН: Аав минь “Миний хүү улсын баяр наадамд гурав даваарай” гэдэг байсан |
|
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нас ахар болно
2026-09-12 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан байна
2026-09-12 06:00:00
14 дүгээр сургууль дэлхийн стандартын Физикийн лабораторитой боллоо
2026-09-11 18:16:42
2028 ОНЫ ЛОС-АНЖЕЛЕСИЙН ОЛИМПЫН НААДМЫН БЭЛТГЭЛ ХАНГАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЖЭЭ
2026-09-11 17:24:33
Онцгой байдлын байгууллага сургалт, бэлтгэлийн жилийн II үеэ эхлүүлжээ
2026-09-11 16:50:58
“НАЖИРТАЙ НАМАР” УРАМШУУЛАЛ 14 ХОНОГ ҮРГЭЛЖИЛНЭ
2026-09-11 16:39:48
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
2026-09-11 16:10:13
"Овгор" уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
2026-09-11 15:15:23
ШЕЗ: "Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн"-ий нээлттэй сонгон шалгаруулалт урьж байна
2026-09-11 14:41:11
Будапештийн “Их дуулга” тэмцээнд Монголын есөн жүдоч хүч үзнэ
2026-09-11 14:37:23
"Шарилжгүй Улаанбаатар" аянд эрүүл мэндийн байгууллагын 1100 ажилтан нэгдлээ
2026-09-11 14:27:22
Хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг ирэх сарын 1-нээс эхэлнэ
2026-09-11 13:56:24
Онцгой байдлын алба хаагч Б.Хүрэлчулуун Токиогийн дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-11 12:21:59
УНТЭ робот мэс заслын тусламж, үйлчилгээг албан ёсоор нэвтрүүлжээ
2026-09-11 12:14:30
Ургац хураалтын дараах зоорь, агуулахын ариутгал ба халдваргүйжүүлэлтийн зөвлөмж
2026-09-11 12:11:28
Он гарснаас хойш 3,545 удаагийн гамшиг, ослын дуудлага бүртгэгдэж, албан хаагчид 3963 хүний амь насыг аваржээ
2026-09-11 11:23:10
Ойрх дорнодын дайн идэвхжиж Брент маркийн газрын тосны үнэ баррель нь 100 ам.доллароос давж хэлбэлзэв
2026-09-11 11:22:47
Автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ
2026-09-11 11:22:20
Буйр нуурт живсэн техник хэрэгслийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-09-11 11:11:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрлэг лугаа учирна
2026-09-11 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |