• Өнөөдөр 2024-05-06

Д.ЗАНДАНБАТЫН ЗАНГИАГАА ТАЙЛАХ ЦАГ НЬ ИРЭВ ҮҮ

2022-11-02,   1334

     30 жил төрд зүтгэсэн Д.Занданбат 3.5 сая төгрөгийн зангиа сольж зүүдэг нь бичлэгээр баригдаж, сошиалаар шүүмжлүүлэв. Бас болоогүй, бэлэг аятай боож “баринтагласан” 20 сая төгрөгийг хувийн аудитын компаниудаас хандив нэрээр “халаасласан” гэх зураг нь ч сошиалд дэлгэгдэв. Чухамдаа Д.Занданбатын зангиагаа тайлах цаг нь ирэв бололтой. 
      Одоогоос 30 жилийн өмнө Д.Занданбат Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст байцаагч байлаа, 14 жилийн өмнө Хан-Уул дүүргийн Засаг дарга байлаа, таван жилийн өмнө Татварын ерөнхий газрын дарга байлаа. Одоо тэр Үндэсний аудитын газрын дарга буюу Ерөнхий аудитор. Товчхондоо тэр төрийн албанд 30 жил ажиллаж, дамаа дарга хийсэн нэгэн. Насаараа төрийн албанд зүтгэж, төсвийн цалингаар амьдарсан гэх мөртөө насаараа бизнес хийсэн хүмүүстэй нэг ижил зиндаанд амьдардаг нь төдийлөн ойлгомжгүй. Зайсангийн байр, зангианых нь үнийн тухай яриад хэрэггүй биз. Ингэж амьдрахад эхнэрийнх нь Их дэлгүүрийн ард байрлах гоо сайхны ганц дэлгүүрийн орлого хүрэлцэхгүй л баймаар. Эхнэрийнх нь дүүгийн хамааралтай хувийн аудитын компани ч тэгтлээ ашиг олдоггүй баймаар. Манай дарга нарын гол “но” үүнд л байдаг. 
 
Тэгвэл Үндэсний аудитын газрын дарга, Ерөнхий аудитор Д.Занданбатын зарим баримтыг тоймлон хүргэж байна. 

ЕРӨНХИЙ АУДИТОР Д.ЗАНДАНБАТЫН ХҮРГЭН Э.ИТГЭЛ ШАР АЙРАГНЫ ҮЙЛДВЭРТЭЙ, ХОТЫН ТӨВД ТАНСАГ ЗЭРЭГЛЭЛИЙН РЕСТОРАНТАЙ

     Ерөнхий аудитор Д.Занданбат хүү, охин хоёртой. Охин З.Цэлмүүнийх нь нөхрийг Энхбатын Итгэл гэдэг. Д.Занданбатын хүргэн Э.Итгэл Монголын таеквондогийн холбооны дэд тэргүүний албатай, хувьдаа хэд хэдэн компанитай. Компаниуд дотор нь уул уурхайн ашигт малтмалын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй компаниуд ч байдаг юм байна. Уул уурхайн тусгай зөвшөөрлийн наймаатай нэр холбогдож явдаг, Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаас ШШГЕГ-ын дарга болж дэвшсэн Д.Загджав ажлын цагаар Д.Занданбатын өрөөнд “өнждөг”-ийн цаад шалтгаан энэ байж ч болох
 
     Харин хүргэн Э.Итгэлийнх нь ил үйл ажиллагаа явуулдаг компаниудаас “Интерстандарт брьюри” ХХК-ийг нь онцлон танилцуулъя. Ерөнхий аудитор Д.Занданбатын хүргэн Э.Итгэлийн “Интерстандарт брьюри” ХХК нь хотын төвд тансаг зэрэглэлийн хоёр ресторан ажиллуулдаг. Эхнийх нь, Шангри-Ла-гийн I давхарт “Brussels Belgian Beer Cafe” нэртэй өндөр зэрэглэлийн ресторан. Хотын төвд байрлалтай, хүссэн нь ороод байхааргүй тансаг зэрэглэлийн, 16 нэр төрлийн Бельги шар айраг, Европ тогоочийн хоолтой гээд зиндаархалд дуртай нөхдийн дунд ихэд зартай газар юм байна. Энэ мэтээр Ерөнхий аудитор Д.Занданбатын гэр бүлийнхний бизнес гоо сайхны ганц дэлгүүрээр тогтохгүй олон юм билээ. Дараагийнх нь, Хаан банк тауэр буюу төв шилэн оффисынх нь I давхарт байрлах "Jangsu" нэртэй өндөр зэрэглэлийн ресторан. Тус ресторан нь Хонконг, Эмират, Өмнөд Солонгос гэх гуравхан улсын тансаг зэрэглэлийн ресторануудад л хэрэглэгддэг, хэдэн мянган ам.долларын үнэтэй "Хану" махаар хоол хийж үйлчилдэг гэх юм билээ.  
 
Сонирхуулахад, Э.Итгэлийн “Интерстандарт брьюри” ХХК нь тансаг зэрэглэлийн ресторанаас гадна Монголд Бельги шар айрагны үйлдвэр байгуулах тусгай зөвшөөрөлтэй байжээ. Харин хоёр жилийн өмнө МХЕГ, ХХААХҮЯ-наас архи, согтууруулах ундаа үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжүүдэд шалгалт явуулж, тайлангаа Засгийн газарт хүргүүлсэн байна. Улмаар 2020 оны нэгдүгээр сарын 6-нд Засгийн газрын хуралдаанаар тус шалгалтын тайланг хэлэлцэж, 14 аж ахуйн нэгжийн архи, согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг цуцалж байсан юм байна. Тус 14 аж ахуйн нэгж дотор Д.Занданбатын хүргэн Э.Итгэлийн “Интерстандарт брьюри” ХХК багтаж байжээ. Гэхдээ энэ компанийн “Brussels Belgian Beer Cafe” согтууруулах ундаагаар үйлчилсээр л буй. 
 
       Харин Э.Итгэлийн аав буюу Ерөнхий аудитор Д.Занданбатын худ Д.Энхбат нь Монголд Солонгосын “Касс” шар айргийг Монголд анх оруулж ирсэн, өдгөө ч нийлүүлж байгаа “Касс таун” ХХК-ийн эзэн. Аав нь Солонгос улсаас, хүү нь Бельги улсаас шар айраг зөөж иржээ гэсэн үг л дээ. Мөн Д.Энхбат Монголын таеквондогийн холбооны Ерөнхийлөгчөөр олон жил ажилласан. Харин өнгөрсөн онд Монголын таеквондогийн холбооны Ерөнхийлөгчийн ажлаа дасгалжуулагч Б.Ононд шилжүүлж, тэгэх мөртөө өөрийн хүү Э.Итгэлийгээ тус холбооны дэд тэргүүнээр томилуулсан ажээ. Д.Энхбатын хувьд мөн л уул уурхайн хайгуул, ашиглалтын олон тусгай зөвшөөрлийн эзэн гэх юм билээ. 

ЕРӨНХИЙ АУДИТОР Д.ЗАНДАНБАТ ӨМНӨГОВИЙН НҮҮРСЧДИЙН БҮЛЭГЛЭЛТЭЙ СҮЛБЭЭТЭЙ ЮҮ

     Ерөнхий аудитор Д.Занданбаттай холбогдох нэг сонирхолтой сэжүүр байна. Тодруулбал, Засгийн газар “Эрдэнэс тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоож, гүйцэтгэх захирал Б.Ганхуягийг ажлаас нь чөлөөлж, нэгжлэг хийж, тус компанийн нэр бүхий албан тушаалтнуудыг цагдан хориод байгаа. Энэ үйл явдал нь Засгийн газар Өмнөговь дахь “Нүүрсний бүлэглэл”-үүдтэй “дайн” эхлүүлсний “бүрээ” болсон. Тэгвэл Засгийн газар “Нүүрсний бүлэглэл”-үүдтэй “дайтаж” эхлэхтэй яг зэрэгцээд Ерөнхий аудитор Д.Занданбатын 1000 ам.долларын зангианы бичлэг, 20 сая төгрөгийн “авлига”-ын зураг сошиал сүлжээнд сэвэгдэж эхэлсэн. Санаандгүй давхцал байж болох ч Ерөнхий аудитор Д.Занданбат Өмнөговь дахь “Нүүрсний бүлэглэл”-ийнхэнтэй холбоо, сүлбээтэй байж болзошгүй ноцтой нэг нууц сэжүүр байдаг ажээ. 
 
Тодруулбал, Ерөнхий аудитор Д.Занданбатын худ буюу дээр дурдсан хүргэн Э.Итгэлийнх нь аав Д.Энхбат нь “Касс саплай” ХХК-ийг Батжаргалын Сүх-Очир гэгчтэй хамтран эзэмшдэг юм байна. Энэ компани нь Д.Энхбатын “Касс таун” ХХК-ийн оффисын хаяг дээр давхар бүртгэлтэй байдаг ажээ. Сонирхолтой нь, Батжаргалын Сүх-Очирыг нь судлаад үзэхээр одоогийн Засгийн газрынхны тэмцэл өрнүүлж буй Өмнөговийн “Нүүрсчдийн бүлэглэл”-тэй холбогддог юм байна. 
      Тухайлбал, Батжаргалын Сүх-Очир нь Өмнөговийн нүүрс тээвэрчдийн том төлөөлөл ажээ. Хувьдаа “Далан гол” ХХК-ийг эзэмшдэг бөгөөд энэ компани нь “Эрдэнэс тавантолгой” ХК-тай гэрээ байгуулж, БНХАУ руу нүүрс тээвэрлэх үйл ажиллагаа явуулдаг юм байна. Түүгээр зогсохгүй, Б.Сүх-Очир нүүрс тээврийн компаниудын эздийн хамтран байгуулсан “Өмнийн говийн тээвэрчдийн хөгжил” сангийн Удирдах зөвлөлийн гишүүн юм байна. 
 
Т.Сүх-Очирыг цааш судалбал, илүү ноцтой сүлжээ ч гарч ирж байна. Тухайлбал, Батжаргалын Сүх-Очир нь УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнтэй хамт “Премиум кастомс” ХХК-ийг саяхныг хүртэл эзэмшиж байгаад хамтдаа нэрээ хасуулжээ. УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, Б.Сүх-Очир нарын хамтран эзэмшиж байсан “Премиум кастомс” ХХК нь тэдний Хятадын нүүрс тээвэрчидтэй холбогддог сүлжээнийх нь гол зангилаа нь болж байсан гэхэд болно. Нэг жишээ дурдахад, УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнгийн Хятадуудтай хамтран эзэмшиж байсан нүүрс тээврийн “Дайлангийн хишиг тээвэр” ХХК, “Хишиг сайхан ундрах” ХХК, “Ивээл сар транс” ХХК, “Азын хишиг дэлгэрэх” ХХК-иуд нь одоо ч дээр дурдсан “Премиум кастомс” ХХК-ийн оффисын хаяг дээр давхар бүртгэлтэйгээр үйл ажиллагаа явуулсаар байгаа. Сонирхуулахад, дээр нэр дурдсан дөрвөн компани 2022 онд нийт 504 автомашинаар БНХАУ руу нүүрс тээвэрлэхээр “Эрдэнэс тавантолгой” ХК-тай нүүрс тээврийн гэрээ байгуулсан байдаг. 
 
      Энэ мэтээр 30 жил төрийн албанд зүтгэж, дамаа дарга хийсэн Ерөнхий аудитор Д.Занданбатад 3.0 сая төгрөгийн зангиа зүүхээс ч аргагүй “но”-той, ноцтой холбоо сүлбээ, худ, хүргэний хамааралтай бизнес олон байдаг ажээ. Засгийн газар "Эрдэнэс тавантолгой" ХК-иар дамжуулан Өмнөговь дахь "Нүүрсдийн бүлэглэл"-тэй "дайтаж" эхэлсний цаана олон даргын албан тушаал ганхаж буй гэх. Магад, тэдний нэг нь Ерөнхий аудитор Д.Занданбат гэх дүр зураг харагдаж байгааг хэлэх нь зүйтэй биз ээ. 
 
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...
 

Д.ЗАНДАНБАТЫН ЗАНГИАГАА ТАЙЛАХ ЦАГ НЬ ИРЭВ ҮҮ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-11-02 19:06:23
    заг: ах занахүү гэдэг нөхөр байна.энэ нөхрийг судалвал сонин юм их гхрнадаа
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188