• Өнөөдөр 2024-04-27

Саарал ордноос 30 жил "гараагүй" Ц.Нямдорж болон түүний хөвгүүд "юутай" болсон бэ

2021-11-01,   9294

                Ц.Нямдоржийг нэн яаралтай “тэтгэвэр”-т нь суулгах эсэх тухай асуудал хурцаар тавигдах болжээ. Арга ч үгүй биз дээ. Ц.Нямдоржийг Хууль зүйн тэргүүн дэд сайд байхад Хэнтийн Бэрх тосгонд тоос манарган тоглож явсан 10 настай хүү одоо Ерөнхий сайд болчихсон байхад... Харин түүнийг хэрхэн, яаж “тэтгэвэр”-т нь суулгах вэ гэдэг л толгойны өвчин болж байгаа аж. Хэн хүн халдаж зүрхэлдэггүй хэгжүүн, хэдэр ёдор, хачин адайр төрх, “наад өвгөн чинь хэцүү шүү” гэх айдас хургуулсан имиж бүрдүүлж, үүнийгээ нэг төрлийн хамгаалалтын бүрхүүл маягаар ашиглаж өдий болсон Ц.Нямдоржийг Гүнтийн хаус руу нь илгээх тийм ч амар ажил биш. Нөгөөтээгүүр, Хууль зүйн сайдаар 11 жил ажилласан тэрбээр олон хүний “нууц”, “но”-г мэддэг, тэр нууцаараа “баздаг” биз. 
 
Тэгвэл түүнийг “явчихаас” нь өмнө Ц.Нямдорж төрөөс юу "халаасалсан", хэл аманд байнга өртөж, чихнээс нь хонх уяж байдаг хөвгүүд нь чухам юутай болсныг танилцуулж байна. 
         

40 жил төрд зүтгэсний эцэст 120 мянган төгрөгийн “хадгаламж”-тай буюу хөрөнгөө "нуудаг" Ц.Нямдорж

             
              1981 онд хуучнаар ЗХУ-ын Ленинград хотын Улсын их сургуулийн хуульч мэргэжлээр төгсөж, ирмэгцээ Улсын Ерөнхий прокурорын газарт прокуророор ажиллаж эхэлсэн гэж түүний хувьсгалын намтар эхэлдэг. Түүнээс хойш 1992 онд УИХ-ын гишүүнээр сонгогдож, долоон удаа улирч, саарал ордонд 29 жил суусан. Мөн 1990-1992 онд Хууль зүйн тэргүүн дэд сайдаар томилогдож, түүнээс хойш 2000-2004, 2008-2012, 2017-2020 онуудад нийт 11 жил Хууль зүйн сайдаар ажилласан. Ийм “тууштай” гэмээр намтартай улстөрч одоогоор байхгүй, цаашид ч гарахгүй биз. 
            40 жил төрийн албанд “зүтгэсэн” арвин намтартай Ц.Нямдорж эсрэгээрээ хамгийн ядуу хөрөнгө орлогын мэдүүлэгтэй. 2020 оны буюу Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар томилогдохдоо АТГ-т мэдүүлсэн хөрөнгө орлогын мэдүүлгийг нь харвал, жилийн 35 сая төгрөгийн орлоготой, нийт 150 саяар үнэлэгдэх нэг орон сууц, нэг зуслангийн байшинтай, 29 сая төгрөгийн Тоёота-Венза автомашинтай, долоон сая төгрөгийн үнэт эдлэлтэй, дансандаа 120 мянган төгрөгийн хадгаламжтай, “Эрдэнэс тавантолгой”ХК-д хувьцаа эзэмшдэг гэж мэдүүлжээ. Гайхмаар шүү. УИХ-ын гишүүнээр 29 жил, Хууль зүйн сайдаар 11 ажилласан Ц.Нямдорж 120 мянган төгрөгийн хадгаламжтай гэхээр. Харамсалтай нь, үнэн биш юм. Хэрвээ үнэн байсан бол харамсмаар биз дээ. Байр, автомашинаар нь жишээ авч үзье. Түүний ХОМ-тээ мэдүүлсэн “Toyota Venza” гэдэг машин бол энэ. 
Гэтэл Ц.Нямдорж өнгөрсөн хаврын хөл хорионоор “Ланд-200” автомашинд бүртгэлтэй “0052УБҮ” улсын дугаарыг “Лексус-570” автомашинд зүүчихсэн, дүрэм зөрчиж яваад баригдсан байдаг. Мөн Хууль зүйн сайд байхдаа "0101УБҮ" улсын дугаартай, 370 саяын "Лексус-570" унадаг" хэмээн шүүмжлүүлж, "Яамныхан шинэ машин авсан байна лээ, би унадаг нь үнэн" гэсэн тайлбар хийгээд мартагнуулж байлаа. 
          Байрны хувьд, хэдэн жилийн өмнө “Түрээсийн байранд амьдардаг, зурагтгүй” гэж хүртэл өвөрдүүлж явсан. Гэтэл Гүнтэд байдаг хоёр хүүгийнх нь тансаг ихэр хаус олны хэл аманд байнга л өртдөг. Тэр байтугай, “Иргэдийн шударга шүүх” ТББ-ын Х.Батялалт “Ц.Нямдоржийн гэр бүл 17 орон сууцтай, эдгээрээс 14 орон сууцных нь эх үүсвэрийг шалгаж өгнө үү” гэж АТГ-т хандсан байдаг.
 

Тодруулбал,  эхнэр Ж.Долгормаа нь хоёр байр, нэг хаус, хүү Н.Анхбаяр нь таван байр, хүү Н.Баясгалан нь хоёр хаус, долоон байр, бэр Б.Урантуул нь гурван байртай гэх юм билээ. Эдгээрийг нь уг нь АТГ шалгаж эхэлснээ дуулгасан, тэгээд сураг тасарсан. 

 

Ц.Нямдорж, Н.Анхбаярын хэнийх нь ч ХОМ-т байдаггүй ихэр хаусны “түүх”

 
               Сүүлийн үед Ц.Нямдоржийн хоёр хүүгийн ихэр хаус нийтийн шүүмжлэлийг дагуулж байна. Гэхдээ Чингэлтэй дүүргийн XIX хороо, Гүнтийн I гудамжны 601-А болон Б тоот гэх ихэр хаусны түүх аль 2011 оноос эхлэлтэй. Өөрөөр бол, Ц.Нямдоржийг Хууль зүйн сайдаар ажиллаж байхад баригдаж байсан гэсэн үг л дээ. 
Тус хоёр хаусыг Амгалангийн хорих 421 дүгээр ангийн 10 гаруй хоригдол барьсан гэдэг. Тухайн үед барилгын ажил хийж байсан нэг хоригдол нь оргож, нэг нь сахилгын өрөөнд амиа егүүтгэсэн дуулиан дэгдэж, бөөн л юм болж байсан. Ц.Нямдорж “Цензургүй яриа” нэвтрүүлэгт орох үеэрээ энэ тухай “Би хоёр хүүхэдтэй. Миний хүүхдүүдийн бариулсан байшин. Зээл аваад, байгаагаа зараад босгосон. Хоёулаа нийлээд, үсрээд 500 сая төгрөг л болно. Хөрөнгө орлогын мэдүүлэгт нь байгаа. Энэ хоёр байшинг барьж байхад нэг хоригдол унаж нас барсан гээд байгаа нь худлаа. Тэр хоригдол анги дээрээ нас барсан юм. Гадна талын хашаа, караказыг нь хоригдлуудад мөнгө өгөөд, төлбөрийг нь төлж, яриа хийгээд бариулсан. Хоолных нь мөнгийг хүртэл өгсөн баримт надад байдаг юм” гэсэн байдаг. Гэхдээ ийм тансаг зэрэглэлийн хаус Ц.Нямдорж, түүний хүү Н.Анхбаяр хоёрын аль алиных нь ХОМ-д байхгүй. Хөрөнгөө ихэд нууцалдгийн нэг жишээ нь л дээ. 
 

Чухамдаа Ц.Нямдорж Хууль зүйн сайд байхдаа ШШГЕГ-тай яриад, хэдэн хоригдол хянагчтай нь Гүнтэд аваачиж цалинжуулаад хүүхдүүдийнхээ байшинг бариулсан хэрэг л дээ. Ажилгүй барилгын бригадууд “100 айл”-аар дүүрэн байхад хоригдлуудыг аваачиж бариулсан нь Хууль зүйн сайдын зангараг харуулах гэсэндээ юу, эсвэл мөнгөө хэмнэх гэсэндээ юу, мэдэхгүй. Ямартай ч хоригдлуудаар хувийн хаусаа бариулахыг Ц.Нямдорж л сэдэж, бодож, бодит ажил болгож чадах байх. 

 

Суусан газраа тас шигддэг Ц.Нямдоржийн занг өвлөсөн хүү

 
          Сонин шүү, “Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаяр төрийн албанд ажиллаж байна, энэ бол ашиг сонирхлын зөрчил” гэж нийтээрээ шүүмжлээд 14 жил болжээ. Н.Анхбаяр ч нас ахиж, олон нийт ч залхсан байна. Өөрөөр бол, “Ц.Нямдорж, Н.Анхбаяр гэх аав хүү хоёр хамтдаа төрд ажиллах нь зөрчил” гэж шүүмжилж байх 14 жилд Н.Анхбаяр Гадаад харилцааны яамны бүх л том албан тушаалд суугаад, бүр Ерөнхий консул хүртэл болоод амжчихсан байна. 
             Тухайлбал, Нямдоржийн Анхбаяр 2000-2002 онд УИХ-ын тамгын газарт туслах, 2003-2004 онд УИХ дахь хуучнаар МАХН-ын бүлгийн ажлын албанд референтээр ажиллаж байсан. Улмаар 2007 онд Гадаад харилцааны яамны Гэрээ, эрхзүйн газарт мэргэжилтнээр ажиллаж эхэлснээс хойш 14 жил тус яамнаас “уяатай” явна. Тухайлбал, Гадаад харилцааны яамны гэрээ, эрхзүйн газрын дэд захирал, Төрийн захиргааны удирдлагын газрын Хуулийн хэлтсийн дарга, Олон улсын гэрээ, эрхзүйн газрын Хүний эрхийн хэлтсийн дарга, Консулын газрын дэд захирал, одоо Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж буй. Мөн энэ хооронд хоёр жил АНУ-ын Сан-Франциско хотод суух Ерөнхий консул байсан. Авсрали улсад суух элчин сайдад нэр нь яригдаж байсан.  Ц.Нямдоржтой усны дусал мэт хоёр адил зан нь байгаа газраа бат бөх шигдэж, ямар ч үед албан тушаал ахиж байдаг, нөгөө нь хөрөнгөө тас “нуудаг” аж. 
 

Н.Анхбаярын 2020 оны ХОМ-ийг нь харвал, жилийн 52 сая төгрөгийн орлоготой, 376 сая төгрөгөөр үнэлэгдэх хоёр орон сууц, нэг зуслангийн байшин, хоёр авто гражтай, 75 сая төгрөгийн үнэ бүхий лексус-350 нэг, тоёота жийп нэг автомашинтай, дансандаа 21 сая төгрөгийн хадгаламжтай, “УБ Нью легал” ХХК-д хувьцаа эзэмшдэг гэж мэдүүлжээ. 

 
            Н.Анхбаяр “Анлимитед” ХХК-иараа “Эрдэнэт үйлдвэр”-т 760 мянган ам.долларын бараа “шахсан”, Гадаад руу томилж явуулсан дипломат ажилтнууд нь хар тамхи тээвэрлэсэн хэрэгт орооцолдсон гээд бараан намтар олонтой. Гэсэн ч тэр албан тушаалаас буудаггүй, хариуцлага гэгч зүйл түүнээс хаа холуур өнгөрдөг талтай. “Эрдэнэт” үйлдвэрт бараа “шахсан” асуудал нь ид шуугиан тарьж байхад Н.Анхбаяр өөрөө “Хоёр удаа 300-400 мянган ам.долларын худалдан авах ажиллагаанд оролцсон. Хөдөлгүүрүүд нийлүүлж байсан. Тэр үед дипломат албанд ажилд ороогүй байсан. Одоо бол тэгэхгүй. Эргээд харахад ёс зүйгүй үйлдэл байжээ” гэх тайлбар өгсөн байдаг. Харин Ц.Нямдорж “Хүү минь “Эрдэнэт” рүү гэрээ хийхээр явахад нь таньдаг хүн рүүгээ утасдаад “Хууль номын дагуу хийгээд өгөөч” гэж хүссэн юм” хэмээн хэв нэг тайлбар хийсэн удаатай. Ингээд л энэ асуудал мартагдсан. 
 
 

Эрх баригч намын төв байранд ресторан ажиллуулдаг “эрх” хүү

 
           Ц.Нямдорж Хууль зүйн сайд байхдаа автомашиндаа зүүж байсан “0101УБҮ” улсын дугаараа сайдаас буухдаа төрсөн хүү Н.Баясгалангийнхаа “Кластер” ХХК-д шилжүүлсэн нь бас нэг дуулианы сэдэв болж байв. Магад, Ц.Нямдоржийн бага хүү Н.Баясгаланг хүмүүс тэр үед илүү мэддэг болсон байх. 
           Н.Баясгалан ах Н.Анхбаярыгаа бодвол, төрийн алба руу зүтгээгүй. Магад, аав, ах хоёр нь төрд зүтгэж байхад ард нь хэн нэгэн нь бизнесээ хариуцах хэрэгтэй гэсэн тактик байх л даа.  Нямдоржийн Баясгалангийн нэр дээр “Ажиагюлф трейдинг” ХХК, “Анлимитед” ХХК, “Баясгалант медикал” ХХК, “Кластер” ХХК, “Кластер дайнинг” ХХК, “Электролэд холдинг” ХХК, “Агт говь майнинг” ХХК-иуд бүртгэлтэй байдаг.  Нэмээд хоёр хаус, долоон байртай гэх мэдээлэл бий. Дээрх компаниудаас илүү ажиллагаа нь арай ил тод байдаг нь “Кластер” ХХК. 
 
Н.Баясгалан нь “Кластер” ХХК-иараа дамжуулан эрх баригч МАН-ын төв байр буюу Тусгаар тогтнолын ордны хоёр давхарт “Eclipse” гэх тансаг зэрэглэлийн ресторан ажиллуулдаг байсан. Ажиллуулаад их удсан. Нэг дор 200-250 хүн хүлээн авах хүчин чадалтай, хурим найр, ёслол хүндэтгэлийн бүхий л арга хэмжээг зохион байгуулдаг тансаг зэрэглэлийн ресторанд тооцогддог байсан. Гэхдээ өнгөрсөн есдүгээр сард үйл ажиллагаагаа зогсоож байгаагаа цахим хуудсаараа мэдэгдэж, үнэнч үйлчлүүлэгчдээсээ хүлцэл өчсөн байна лээ. Ц.Нямдоржийн нас явж, эрх мэдэл нь хумигдахын эрхэнд эрх баригч намын төв байранд ресторан ажиллуулж, архи, виски зарж, хоол ханхлуулаад байх хэцүү болсон байх л даа. 
 

Ц.Нямдоржийн гэр бүлийн “нууцлаг” хадагтай нар...

 
             Ц.Нямдоржийн гэр бүлийн эмэгтэйчүүд ихээхэн нууцлаг байдаг. Эхнэр Ж.Долгормаа нь НЗДТГ-ын Үйлдвэр, үйлчилгээний хэлтсийн даргаар ажиллаж байхдаа аж ахуйн нэгжүүдэд архины зөвшөөрөл олгох нэрээр авлига авдаг байсан гэх муу нэртэй. 
Том хүү Н.Анхбаярын эхнэр Б.Болорсувд нь Засгийн газрын хэрэг эрхлэх газрын хүний нөөцийн ахлах мэргэжилтэн, ЗГХЭГ-ын харьяа Төр, засгийн үйлчилгээний албанд хүний нөөцийн ажилтан байсан. Гэхдээ Ц.Нямдоржийг ЗГХЭГ-ын дарга болохтой зэрэгцээд ажлаа өгсөн бололтой юм билээ. Арай ч, аав, хүү, бэр гурав зэрэгцээд Засгийн газарт ажиллаад байвал дэндсэн хэрэг болно гэж бодсоных байх. Гэхдээ Ц.Нямдорж бэрээ ажилгүй суулгаад байх хүн биш байх. 
Бага хүү Н.Баясгалангийнх нь эхнэр Б.Урантуул нь нэр дээрээ гурван байртай гэх мэдээлэл байдаг. Улсын бүртгэлд бүртгүүлснээр бол тухайн байрууд дээрээ Японы иргэнтэй хамтран хоёр ч гоо сайхны үйлчилгээний компани байгуулсан бүртгэл байдаг юм билээ. 
 
            Монголын төрд 30 жилийг элээсэн Ц.Нямдоржийн гэр бүлийг цухас танилцуулахад ийм. Хууль зүйн сайдаар 10 гаруй ажил ажилласан атлаа өөрөө ч, хүү  нь ХОМ-ээ үнэн зөв бөглөх хуулиа биелүүлдэггүй, тансаг хаус бариулсан, "Эрдэнэт" үйлдвэрээс тендер "гувчуулж" шахаа хийсэн асуудлууд нь ил болчихоод байхад хариуцлага хүлээдэггүй гээд унавал унах хангалттай олон хар түүхтэй. Гэхдээ яагаад ч юм тэр унадаггүй, түүний булхай, "но" бүр нь тэгсгээд л мартагддаг аж.
 

Саарал ордноос 30 жил "гараагүй" Ц.Нямдорж болон түүний хөвгүүд "юутай" болсон бэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 24
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-11-03 21:11:03
    Сахьяа: Амны хишигтэй л хүү юм . Хүн болгонд олдоод байдаг ч заяа биш яая гэхэв сайхан заяатай хүмүүс юм
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-11-03 21:10:12
    Сахьяа: Амны хишигтэй л хүү юм . Хүн болгонд олдоод байдаг ч заяа биш яая гэхэв сайхан заяатай хүмүүс юм
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-11-03 10:10:25
    Зочин: Шударга царайлсан хулгайч. Үйлийн үр гэж байдаг шүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-11-03 08:25:28
    зочин: яахаараа хүмүүс ийм болчихдог юм бол. сэжиг хүрмээр юм.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-11-02 19:23:09
    Н, Насан: ар гэр ард иргэдийнхээ төлөө зүтгэж яваа настанг битгий доромжил сайн муу хэлүүлээд их л зүтгэж яваа хүн малчин хүний хувьд би их дэмжиж явдаг
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-11-02 18:21:32
    Батсайхан.Т.: Луйварчин шүү дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-11-02 13:58:36
    Эбий: Худлаа шударга царайлсан зэвүүн амьтан энэ их хөрөнгийн судлаад хураагаад хариуцлага тоочиж чадах аавын хүү албан тушаалтан гарч ирж таараа эд ингэж сагах цаг нь өнгөрсөн үйлээ эдлэх болноо буруу замаар явбал буцахдаа шороо тээнэ гэгч болно доо
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-11-02 12:34:24
    Ииргэд олон түмэн: Монголын төрд,монголын ард түмэнд энэ хүн шиг их гавьяат үйлс бүтээсэн хүн одоохондоо бараг байхгүй тул энэ хүнд хариуцлагын талаар үйлчлэх хууль хараахан байхгүй биздээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-11-02 10:08:56
    монгол хүн байнаа: нямдоржид хариуцлага тооцож чадахгүй хууль шүүхийнхэн өөрсдөөсөө ичиж амьдар.шүүх засаглал хараат бус юм бол хариуцлага тооц.харамсалтай нь чдахгүй л дээ.нүүрийг нь хараад гөлөлзөнө өмхиы дөрвөдөөс
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-11-02 08:58:03
    Иргэн: Хууль миний гарт байхад хэн намайг яах юм ве гэж.... Монголын ХУУЛИЙН ХААН энэ. мэнгэтийн хэнээрхэл хэмээс хэтэрч ... Түүнд хэн ч халдаж зүрхлэхгүй нь МАН засаглаж байх үед бол тов тодорхой болоод л ийм ПЭЭДГЭР болчихгүй юу даа ! Сталины төгсгөлийн жилүүдэд ОРОСУУД аймшигийн Л, П. БЕРИЯ -гаа хэрхэн цээрлүүрсэн нь түүхэнд тов тодорхой үлдсэн бдг . Монголын БЕРИЯ гэхэд арай л "ЖОЛ"- доод бна ! МЭНГЭТ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-11-02 08:35:46
    Нямдоржийн эсрэг: Гэр бүлээрээ монголыг цөлмөөд ханахгүй шунал вэ. Хийсэн нүгэл нь үр хүүхэд ач зээд нь тусвал яанаа гэж боддоггүй нүгэлтэнгүүд вэ. Хойч үеэ бодооч. Нэг л амьдрах хорвоод үр үндэсээ бас бодож амьдрах хэрэгтэй дээ......
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-11-02 07:56:29
    Zochin: Mongoliin turd ichih nvvrgvi iim ymnuud ajillaj baihad shudarga ys yriad yah ve. Huuli zuin salbariig 30 garui jil udirdlaa. DAMPUURUULSAN biz dee . Yu hvleeh ve? Odoo zailuulah ni zuv.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-11-02 02:23:28
    Эгэл ард: Шүүх прокурор шударга ажиллаж чадахгүй 30-40 жил болж дээ Олон улсын байгууллагад хандсан дээр биз
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-11-01 20:27:36
    Г: Насаараа төрд ажилласан цалингаараа л ийм их юм авсан байх даа хөөрхий
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-11-01 17:24:34
    Ard: Obgoniig. Vusuuhan. garga!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-11-01 17:24:33
    Ard: Obgoniig. Vusuuhan. garga!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-11-01 17:24:31
    Ard: Obgoniig. Vusuuhan. garga!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-11-01 14:20:55
    Zocnin: Манан бүлэглэл Нямдорж гэдэг шударга хүнийг нураах гэж их оролдох юмдаа. Худал үг хоромийг л давна. Үнэн үүрд ялдаг. Ард түмэн Нямдорж гуйаг мэднэ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-11-01 12:22:06
    Ard: Muusain berdiud heden uyeeree muugaa uznee.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-11-01 11:30:59
    Зoчин: Төрийнхулгач нарийг гарагчих зөв стгэлтэй шудрага хүн алга уу удах тусмаа л улам их л идэх байхдаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-11-01 11:20:59
    Маам.Ганцогт: Мундаг , шудрага хуулвч шүү ,энэ цагт байхгүй эх оронч доо , өдий насны хүнд 2 хаус байтугайл байх биздээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-11-01 11:20:30
    Маам.Ганцогт: Мундаг , шудрага хуулвч шүү ,энэ цагт байхгүй эх оронч доо , өдий насны хүнд 2 хаус байтугайл байх биздээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-11-01 09:45:09
    irgen: aimaar zalitai, ih olon nuurtei hun, aimaar aimaar, burhan mini
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-11-01 09:29:50
    Зочин: Муусайн төрийн хулгайч нар удахгүй төрдөө бүх хулгайлсан өмчөө өгөх ццаг ирнээ.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188