• Өнөөдөр 2024-04-25

100 жилийн түүхтэй Монголын залуучуудын холбоо Ардчилсан намын гарт “амь тавих” уу

2021-10-16,   751

           Ардчилсан нам зуун жилийн түүхтэй Монголын залуучуудын холбоог “залгихаар” санаархаж эхэлжээ. Хагарал бутралаас үүсэлтэй хэрүүлийн хавдар тусчихсан Ардчилсан нам Монголын залуучуудын холбоогоор амь тариа хийхээр төлөвлөж буй нь энэ аж. Ардчилсан намынхан энэ холбоог атгандаа оруулах төлөвлөгөөгөө ойрын өдрүүдэд эрчимжүүлж эхэлсэн бөгөөд бүх зүйл тэдний төлөвлөгөөний дагуу явж буй гэнэ. 
 
Тухайлбал, өнгөрөгч мягмар гарагт Монголын залуучуудын холбооны Дэд ерөнхийлөгч Ж.Нямаа, Улирдах хорооны нарийн бичгийн дарга Г.Батбаатар, Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Төрсүлд нар хэвлэлийн хурал хийсэн. Ингэхдээ “Монголын залуучуудын холбооны Ерөнхийлөгч О. Гэрэлт-Одыг холбооны үндсэн дүрмийг удаа дараа зөрчсөн, байгууллагын өмч хөрөнгийг дур мэдэн захиран зарцуулсан, нуун дарагдуулсан, байгууллагын үнэт зүйл, үндсэн зорилго, ёс зүйн хэм хэмжээг ноцтой зөрчсөн тул Монголын залуучуудын холбооны Үндэсний залуучуудын зөвлөлийн гуравдугаар хуралдаан хүртэл Ерөнхийлөгчийнх нь бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн” хэмээн мэдэгдсэн.
 
Өөрөөр хэлбэл, Ардчилсан нам одоогийн Ерөнхийлөгч О.Гэрэлт-Одын оронд нь өөр хүн томилох замаар холбоог атгандаа оруулах хор хэдийн гүйлгээд эхэлчихсэн гэсэн үг. 

Монголын залуучуудын холбоог 1991-2020 он хүртэл Ардчилсан намын Ц.Элбэгдоржын “цэргүүд” өв залгамжлан удирдаж ирэхдээ олон арван барилга, газар, өмч хөрөнгийг нь хувьдаа завшицгаасан гэдэг. Тухайлбал, 1991-1997 онд С.Баярцогт, 1997-2003 онд Ч. Сайханбилэг, 2003-2012 онд Ц.Зоригтбаатар, 2012-2020 онд А.Мөнхбат МЗХ-ны ерөнхийлөгчөөр ажилласан. Ардчилсан намын угшилтай, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн “тавиул”, Ерөнхийлөгч асан Ц.Элбэрдоржийн ивээлд багтсан нэгэн гэж ил цагаан цоллуулж ирсэн Аюушийн Мөнхбат гэхэд л найман жил энэ холбоог удирдахдаа гавьяа байгуулсан гэхээсээ гай тарьсан нь олон гэдэг. 

Жишээлбэл, Монголын залуучуудын холбоо шашин, улс төрөөс ангид байх дүрэмтэй. Гэтэл А.Мөнхбат нь өөрөө бөө бөгөөд Монголын залуучуудын холбооны байрыг бөөгийн шашны агуулгатай зураг хөрөг, үзмэр, баримлаар чимэглэж, тэр байтугай тус холбооны логог хүртэл бөөгийн шашны хэв шинжтэй дүрсээр өөрчилсөн гэдэг. Өөрийнхөө өрөөнд бөөгийн эд зүйлс залж, холбооныхоо хурал дээр үндэсний хувцастай, үс сахлаа ургуулсан, “хижээл” насныхнаар Хар туг хүртэл залуулж байлаа. Тэгээд болоогүй, холбооны удирдах албан тушаалд бөө залуучуудыг томилж, бөөгийн зан үйлээ байнга хийхгүй бол ажлаас чинь хална гэж дарамталсан гээд залуучуудын холбоог бөөгийн холбоо болгохоор оролдсон оролдлогуудыг нь дурдвал олон гэх. 
           Түүнчлэн, А.Мөнхбат 2016 оны сонгуулийн өмнө улс төрчдийг багтаасан “Хар цагаан жагсаалт” гэгчийг гаргаж ирж, хэсэг л шуугиулсан. Тэгсэн мөртөө өөрөө Иргэний хөдөлгөөний намын даргаар сонгогдож, УИХ-ын сонгуульд хэсэг нөхдийг нэр дэвшүүлж бужигнуулсан. Ингээд болоогүй, Монголын залуучуудын холбоог ашгийн төлөө байгууллага болгон хувиргаж, холбооныхоо байрыг түрээсийн байр болгосон хар түүх ч А.Мөнхбатынх. Мөн гишүүнчлэлийн дүрмээрээ тус холбоонд 16-40 насны залуус харьяалагдаж, бас удирдах ёстой байтал А.Мөнхбат 44 нас хүрчихсэн атлаа дүрмээ зөрчин Монголын залуучуудын холбоог удирдсаар л байсан. 
 
А.Мөнхбатын найман жилийн “ноёрхол”, хэтээр хэтэрсэн энэ үйлдлүүдийг нь харж, тэвчээр нь тасарсан залуус өнгөрөгч 2020 оны тавдугаар сард Их хурлаа цахимаар хуралдуулж, Ерөнхийлөгчөөрөө О.Гэрэлт-Од гэх залууг томилсон байдаг. Гэтэл А.Мөнхбат нь гэрчилгээ, тамга, тэмдгээ хүлээлцэхгүй “зугтаж” хэсэгтээ л будлиулсан. 
 
Ардчилсан нам Монголын залуучуудын холбоонд гар хөлөө шургуулж үзээгүй биш үзсэн. Үр дүнд нь дээрх зүйлс болж, залуучуудын гэх тодотголтой үндэсний ганц байгууллага уруудан доройтсон. 
 

Тэгвэл Ардчилсан нам энэ удаад Монголын залуучуудын холбооны Ерөнхийлөгчөөр зөвхөн өөрийн хүнийг томилоод зогсох бус, бүр бүтнээр нь “залгихаар” санаархаж байгаа гэх. Ялангуяа Ц.Элбэгдорж улс төрд буцаж ирэх замаа засахаар дахин Монголын залуучуудын холбоог авахаар санаархаж МЗХ доторх АН-аас 2020 оны орон нутгийн сонгуульд сумдын ИТХ-д нэр дэвшсэн цэргүүдээ санхүүжүүлэн зохион байгуулалттайгаар давшиж байна. Монгол ардын нам дэргэдээ НАМЗХ гэх залгамж улс төрчид, “цүнх” баригчдаа бэлтгэдэг “сургууль”-тай шиг Ардчилсан нам ч дэргэдээ, харьяандаа Монголын залуучуудын холбоог байлгахыг хүссэн бололтой юм. 

 
                 Монголын залуучуудын холбоо бол 21 аймаг, 330 сум, есөн дүүрэг, 171 хороо, их дээд сургуулиудад салбар холбоо, зөвлөл, клубтэй буюу 1200 гаруй салбар нэгжтэй, үндэсний хэмжээний залуучуудын төв байгууллага. Ардчилсанд намд амттай “зууш” болж харагдсан шалтгаан нь энэ. Ардчилсан нам энэ холбоог атгандаа оруулчихвал, гишүүнчлэлийг нь ашиглан сонгогч, дэмжигчдийнхээ тоог нэмж, үндэстэн даяар ухуулга сурталчилгаагаа хийлгэж, эцэст нь үрэн таран хийгээд л хаяна. Улс төрөөс ангид байх дүрэмтэй цор ганц үндэсний хэмжээний байгууллага балран доройтож, бантан зуурч яваа Ардчилсан намын гарт орчихвол бүр мөсөн устана л гэсэн үг. Товчхондоо, дотоод дахь хагарал бутрал, хэрүүл тэмцлээ дарж чадахгүй будилж яваа Ардчилсан нам Монголын залуучуудын холбоог атгандаа оруулахаар санаархаж эхэлсэн нь “Даахгүй нохой булуу хураах” гэгчийн үлгэр л болох болов уу.
 

100 жилийн түүхтэй Монголын залуучуудын холбоо Ардчилсан намын гарт “амь тавих” уу
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188