• Өнөөдөр 2024-03-28

Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ ах дүүс, танилаараа ТӨРИЙН АЛБЫГ дүүргэх нь ээ

2021-10-04,   2780

              Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Харвардад сурах хугацаандаа “Алсын хараа-2050” гэх асар том төлөвлөгөө боловсруулаад, тээж ирсэн. Өнгөрсөн хугацаанд тэр “Алсын хараа-2050” гэж хаа явсан газраа тоть шиг давтаж, хэдэн мянган хувиар ном хүртэл хэвлүүлж гаргасан ч иргэд “Алсын хараа-2050” гэж чухам юуг хэлээд байгааг нь төдийлөн ойлгохгүй явж ирсэн. Тэгвэл бид энэ удаад хардах эрхийнхээ хүрээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн номдоо ч оруулаагүй, олноос нууцаар хэрэгжүүлж байж болох нэгэн “алсын хараа”-г нь тайлах гэж байна. 
                    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Алсын хараа” гэх зорилгоо гүйцэлдүүлэхийн тулд түүнд итгэлтэй хүмүүс буюу тойрон хүрээлэгчид, арай өөрөөр хэлбэл мафи хэрэгтэй байж таарна. Тэд нь салбар бүрд эрх мэдэлтэй, албан тушаалтай, хүчтэй, хөрөнгөтэй, нөлөөтэй байх ёстой. Тэгж гэмээнэ бүгд нийлж, ноёрхох боломжтой болно гэсэн үг. Одоо тэр Монгол Улсын Ерөнхий сайд, эрх баригч МАН-ын дарга болсон учраас тойрон хүрээлэгчдээ нүх сүв бүрд шургуулж, тойрон хүрээлэгчдээ хүчтэй болгох боломжтой болсон. Гэхдээ тэр энэ эрх мэдэл хүрэхээсээ ч өмнө өөрийн тойрон хүрээлэгчдээ бэлдэж, хүчээ бага багаар зузаалж байж. 
 
Түүний “алсыг хараа” гэх амбицыг гүйцэлдүүлэх итгэлт хүмүүс буюу тойрон хүрээлэгчдийг гурав ангилж болж байна. Нэн шинэ үе, шинэ үе, бизнесийн хамтрагчид гэж. 

НЭН ШИНЭ ҮЕ БУЮУ 1990-ЭЭД ОНЫХОН

 
           Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монголын улс төрд урт удаан ноёрхохын тулд өөрийн тойрон хүрээлэгчид, залгамж халаагаа анхан шатнаас нь бэлдэж, хүчээ зузаалсаар байгаа ажээ. Тэр УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг улс төрд оруулж ирсэн яг тэр жимээрээ залуучуудыг оруулж ирж, өөрийнхөө дор нэгтгэсээр байна. 
 
          Тухайлбал, Л.Оюун-Эрдэнэ 2002 онд “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагын Хэнтий салбарын захирлаар ажиллаж эхлэхдээ “Хүслэн” хүүхдийн оролцооны удирдах зөвлөл гэгчийг байгуулсан байдаг. Нэг ёсондоо “идэвхтэн сурагчдын холбоо” маягийн байгууллага. Тус зөвлөлийн гишүүн байсан хүүхдүүд одоо үе үеэрээ улс төрд хөл тавьж, Л.Оюун-Эрдэнийн “цэргүүд” болсоор байна. “Хүслэн” хүүхдийн оролцооны зөвлөлийн дараагийн шат нь мөн л “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагын дэргэдэх “Залуусын зөн” оюутны зөвлөл. Үүний дараа Хэнтий аймгийн Оюутны холбоо, дараа нь Хэнтий аймгийн Оюутан, залуучуудын холбоо, тэгээд Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбоо, Хэнтий аймгийн нутгийн зөвлөл гэж үргэлжилнэ. Энэ бүх шатыг дамжсаны дараа улс төрд орж ирж, Л.Оюун-Эрдэнийн бүрэн хайр ивээлд орж, албан тушаалд хүрнэ гэсэн үг. УИХ-ын гишүүн асан Д.Гантулгын хувьд анх “Хүслэн” хүүхдийн оролцооны зөвлөлийн гишүүн, гурав дахь үеийн тэргүүн байсан. Тэгээд “Залуусын зөн” оюутны зөвлөл, Хэнтий аймгийн залуучуудын холбоо, НАМЗХ гээд энэ бүх дамжлагыг Л.Оюун-Эрдэнийн татаастайгаар дамжиж, парламентад орж ирсэн байдаг. Хэдийгээр тэр ахынхаа итгэлийг алдаж, хүчингийн хэргээр толгойг нь цусдах шахсан ч өдгөө алдаагаа залруулахын тулд Л.Оюун-Эрдэнийн оюутан, залуучууд руу чиглэсэн, залуучуудыг өөртөө татах бүхий л ажлуудад нь гар бие оролцож яваа. 
Тэгвэл хүүхдийн, оюутны, залуучуудын холбоо дамжсан энэ жимээр Хэнтийн угшилтай залуус улс төр лүү, тэр тусмаа Л.Оюун-Эрдэнэ зүг хэрхэн цувж байгааг нэгэн сонирхолтой жишээгээр тайлбарлая. 
 
           Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн эх нэгтэй төрсөн дүү Б.Баярнэмэх гэж залуу бий. Төрийн албанд зүтгэхийн сацуу Л.Оюун-Эрдэнийн гал тогоог хариуцаж ирсэн. Тухайлбал, Б.Баярнэмэхийн нэр дээр Монголын үндэсний хамгаалалтын алба, Л.Оюун-Эрдэнийн санаачилгаар Хэнтий аймгийн үе үеийн залуучуудыг нэгтгэх зорилготой байгуулсан “Эргэх холбоо хөгжлийн хөтөлбөр” ТББ, “Ашид пресс” компани байдаг. Эндээс “Ашид пресс” гэх компанийг энэ удаад онцолж байгаа юм. Учир нь энэ компанийн хувьцаа эзэмшигчээр Б.Баярнэмэхээс гадна Х.Энхбат, М.Ганхүлэг, П.Цэцэгбадам, Ц.Энхгэрэл, З.Ариунтэнгэр гэх нэрүүд бүртгэлтэй байдаг ажээ. 

           Сонирхолтой нь, энэ залуучуудыг судалж үзэхэд цөм Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагын Хэнтий салбарын захирлаар ажиллаж байхдаа байгуулсан “Хүслэн” хүүхдийн оролцооны зөвлөлийн гишүүн байсан, улмаар “Залуусын зөн” оюутны зөвлөл, Хэнтий аймгийн оюутны холбоо, НАМЗХ-г дамжиж, улмаар улс төрд анхан шатнаас нь хөл тавиад байгаа залуучууд байх ажээ. 

          Тухайлбал, “Хүслэн” хүүхдийн оролцооны зөвлөлийн гишүүн байсан М.Ганхүлэг гэх 1990 оны залуу одоо Хэнтий аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж буй. Мөн МАН-ын Улс төрийн бодлогын газрын дарга, НАМЗХ-ны УЗ-ийн гишүүн гэх давхар давхар дээлтэй. М.Ганхүлэгийг МАН-ын Улс төрийн бодлогын газрын даргаар томилогдох үед “Эрх баригч МАН 1990 оны залууд чухал ажил даалгалаа” хэмээцгээж байлаа. Түүний нэр дээр таван компани, хоёр төрийн бус байгууллага бүртгэлтэй байна. 
Түүнчлэн, “Хүслэн” хүүхдийн оролцооны зөвлөлийн гишүүн байсан Х.Энхбат гэж залуу Налайх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр ажиллаж байгаа. НАМЗХ-ны Налайх дүүргийн салбарыг хариуцдаг. Түүний нэр дээр оюутан, залуучууд руу чиглэсэн үйл ажиллагаатай 13 төрийн бус байгууллага, дөрвөн компани бүртгэлтэй байна. 

Мөн “Хүслэн”-гийн З.Ариунтэнгэр гэх залуу Хэнтий аймгийн Хэрлэн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч болсон. “Хүслэн”-гийн гишүүн байсан П.Цэцэгбадам гэх бүсгүй Л.Оюун-Эрдэнийг “Азийн хүлэг улс” бодлогын судалгааны хүрээлэнгийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Энэ мэтээр Л.Оюун-Эрдэнэ тойрон хүрээлэгчдээ анхан шатнаас нь бэлдэж, оюутан залуучуудын холбоо, элдэв төрийн бус байгууллага хариуцуулж, дараа нь аймаг, сумын ИТХ-д сойж, улмаар улс төрийн том тайз руу хөтөлж оруулж байгаа бололтой юм. Мэдээж, энэ залуус хожим гишүүн, сайд болчихоод гарын нь ганзагад хүргэсэн Л.Оюун-Эрдэнэ ахаасаа урвана гэж үү. Товчхондоо, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн амны уншлага болсон “Алсын хараа-2050” зорилт нь энэ бололтой юм. Өөрөөр хэлбэл, Л.Оюун-Эрдэнийн алсын хараа нь өөрийнхөө “Дэлхийн зөн”-гөөр нэгтгэсэн залуучуудаа шилж, шигшиж, өөрийнхөө дор авчраад цөмөөрөө төр улсын удирдах байж болох юм. 

           Энэ бол Л.Оюун-Эрдэнийн улс төрийн том тайз руу оруулж ирэхээр бэлдэж буй залуучуудын ердөө хэдхэн л жишээ нь. Хамаатнууд гэгдэж ирсэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хоёрын сар шинэ болгоноор Хэнтийд хамт очиж золгодог хөгшнийх нь хүү яаж яваад Сонгинохайрхан дүүргийн хорооны Засаг дарга болсон юм. Энэ мэтээр цааш хөвөрнө. 

ШИНЭ ҮЕ БУЮУ 1980-ААД ОНЫХОН

          Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Харвард”-аар нөхөрлөсөн О.Батнайрамдалыгаа ЗГХЭГ-ын дарга байхдаа ахлах зөвлөхөөрөө ажиллуулж байлаа. Харин одоо О.Батнайрамдал Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдын албан тушаалтай болсон. Мөн “Харвард”-аар нөхөрлөсөн, “Азийн хүлэг улс” бодлогын судалгааны хүрээлэнг хамт үүсгэн байгуулж байсан Б.Солонгоо нь ЗГХЭГ-ын дэд дарга болсон.
          Хэнтийн угшилтай, найз нөхдийн нандин харилцаатай Н.Энхбаатар нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Шадар сайд байхад туслах нь байсан бол дараа нь МАН-ын намын байгуулалтын газрын дарга болж, одоо МАН-ын Нарийн бичгийн дарга болсон. Уг нь Л.Оюун-Эрдэнэ түүнийг “МИАТ”-ийн дэд захирлын албан тушаалд хүргэсэн боловч 600 сая төгрөгийн авлигын хэрэгт орооцолдож, ажлаасаа чөлөөлөгдөж, нэг сар торны цаана суусан. Гэхдээ буцаагаад МАН-ын Нарийн бичгийн даргаар томилсон нь энэ. 
 
Түүнчлэн ЗГХЭГ-ын дарга байхдаа зөвлөхөөрөө ажиллуулж байсан Б.Болор-Эрдэнэ нь Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга болсон. 
 
Найз нөхдийн харилцаатай Ж.Пунцаг нь “УБТЗ”ХНН-т даргын албан тушаалд очсон.
 
Нийгмийн ардчилал Монголын оюутны холбоог хариуцуулж байсан Г.Батдорж нь Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга болсон.
 
МАН-ын гал тогооноос нөхөрлөсөн, бас бус төрийн бус байгууллагаар холбогддог А.Ариунзаяа нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд болсон. Нэгэн үед гэр бүлийн харилцаатай хэмээн нэр холбогдож явсан, “Азийн хүлэг улс” бодлогын судалгааны хүрээлэн, НАМЗХ-гоор холбогддог Ё.Нямжав нь Шанхайд суух Ерөнхий консулаар томилогдсон. Ё.Нямжавын хүргэн, НАМЗХ-ны гишүүн Б.Бямбасайхан “Улаанбаатар дулааны сүлжээ”ТӨХК-ийн дэд захирлын алба хашдаг.
 

          Энэ мэтээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн “хүн” гэгддэг, шулуун замаар төрийн албан тушаалд очсон хүмүүсийн цуваа үргэлжилнэ. МАН-ын гал тогоо, элдэв төрийн байгууллагын хурган даргын суудалд төвөггүй заларч чадсан тэд төрийн том албан тушаалд очих нь цаг хугацааны л асуудал гэлтэй. 

БИЗНЕСИЙН ХАМТРАГЧИД БУЮУ АТГ-Т ДУУДАГДДАГГҮЙ АРЫН ХААЛГАТНУУД

               Эргэлт.мн мэдээллийн сайтын “Эрэн сурвалжлах нэгдэл”-ээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тендерийн мафи буюу бизнесийн хамтрагчдынх нь тухай цувралаар эрэн сурвалжилж буй. Тодруулбал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрийн өссөн нутаг, ялалт байгуулсан тойрог буюу Хэнтий аймгаа аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх нэрээр хэдэн арван тэрбумын өртөгтэй аялал жуулчлалын цогцолборууд барихаар Засгийн газраар дэмжүүлж, УИХ-аар төсвийг нь батлуулсан. Тэгмэгцээ уг аялал жуулчлалын цогцолборуудынхаа зураг төсөл, ТЭЗҮ, барилга угсралтын тендерүүдийг өөрийн бизнесийн хамтрагчид болох Соёлын дэд сайд М.Батбаярын “Хот төлөвлөлтийн хүрээлэн” ХХК, гэр бүлийн дотно харилцаатай хуурай дүү Л.Батсүрэнгийнхээ “Хос санаа” ХХК, “Хаус дизайн” ХХК-уудад өгчихсөн. Түүгээр зогсохгүй Л.Батсүрэнгийн “Жаргалант харвест” ХХК, “Азийн говь” ХХК-ийг элдэв тендерт "ялуулдаг". Бид энэ мэтээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн бизнесийн хамтрагчид нийлж, улсын төсвийг хуурайлж, хөрөнгөө нэмж, хэтэвчээ зузаалж байгааг бодит баримтаар, нэмэлт хачиргүйгээр ил болгож байгаа боловч АТГ тэргүүтэй хууль хяналтын байгууллагууд нүдээ аньж, чихээ таглан нам жим суусаар байна. Өөрөөр хэлбэл, АТГ тэргүүтэй хууль, хүчний байгууллагынхан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, түүний хамсаатнуудын эсрэг хөдөлж чадахгүй байгаа бололтой. 
 
АТГ тэргүүтэй хууль, хүчний байгууллагынхан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, түүний хамсаатнуудын эсрэг хөдөлж чадахгүй байгаа бололтой
 

Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ ах дүүс, танилаараа ТӨРИЙН АЛБЫГ дүүргэх нь ээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 4
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-01-05 08:30:18
    Иргэн: Эдгээрээс харилцаа холбоо мэдээлэл технологийн дарга л энэ засагт хэрэгтэй төрийн үйлчигээг цахимжуулах чирэгдэлгүй хүнд суртал авилгагүй болгох ажлыг нилээн сайн хийж байна .Бусад нь бол сураггүй л гарууд байна. Ажил хийсэн хийж байгааг нь муулдаг гүжирддэг монголын арчаагүй зан хүнд урам өгөхөөсөө муулах харлуулах нь их болчихсон байгаа нь даанч харамсалтай юм
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-04 22:17:22
    Зочин: Казпхстан хуртэл 2050 тэй, манайх бол хэрэггуй цаас!!! Тер бол цэцэрлэг, ясли боллоо!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-04 17:22:29
    Иргэн: Алсын хараатай л бн шдээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-04 13:07:24
    zochin: olon nuurtei ,chudlaa yridag Ouuyenerdene odoo boli.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188