Арван хоёрдугаар сарын хорин тавны жихүүн хүйтэн өдөр байлаа. Тэнгэр бүрхэж тэмээн туйлаадас хаялна. Улаанбаатар хотын бүх зам талбайг цас малгайлан даржээ. Сүхбаатарын талбай дээр сүндэрлэсэн гацуур модноос эхлээд дөрвөн зүг найман зовхист нь мянга мянган жижиг, жижиг гацуур гэрийн хоймроос байгууллагын үүдийг ч чимэн сүглийдэг үзэсгэлэнт цаг иржээ. “Цалин мөнгөн тэнгэртээ цасан угалз наадуулсан” гэх дууг автобусны буудлаас авахуулаад хотын аль ч өнцгөөс сонсож болох ажгуу.
Ийм нэгэн өдөр хотын төвийн нэгэн зоогийн газарт хэсэг хүмүүс шинэ жил тэмдэглэн суух бөлгөө. Тэдний дунд нас өндөрт гарсан Жамба гэх харааны зузаан шилтэй туранхай бор өвгөн Зохиолчдын эвлэлийнхээ шинэ жилийн хүндтэй ширээнд заларч сууна. Өвгөн хөлчиж ирээд залуу охидтой дарс шимэн, хүзүү бэлхүүсээр нь тэврэн бүжиглэмэр аядах аж. Дал гарсан энэ өвгөн залуу хүн шиг хөнгөн шингэн хөдөлнө. Тэгс тэгсээр цаг орой болж халамцсан зочид гэрийн зүг явахаар хувцаслан гарцгааж эхлэв. Халамцуу охид өвгөн Жамбын толгой дээр “баяртай” хэмээн үнсэх нь загаснууд аквариумныхаа шилэнд уруулаа нааж буй мэт харагдана. Монголын зохиолчдын эвлэлийн хариуцлагатануудын нэг Бадруул хэмээх идэр эр ихэд ёсорхуу янзтай дэргэд нь ирж, “Гадуур хувцсаа өмсөөрэй. Би таныг гэрт тань хүргээд өгье” хэмээвэл согтсон Жамба өвгөн “хүү минь хоёулаа жаахан сууж байгаад гаръя” хэмээгээд ширээн дээр бүтэн үлдсэн хатуу сархаднаас нэгийг шархийтэл задаллаа. Тэд хоёул буу халан, элдэв юм ярилцсаар цаг орчим суугаад хөөгдөх шахам гарах болов.
Хөлсний тэргэнд суун Жамбын гэрийг зүглэсэн хоёр уруулаа унжуулан нүүрээ татвалзуулсаар ярих бүхнээ барчихсан юм шиг дуугаа хураан явцгаав. Гэнэт чимээгүйг эвдэн таксины жолооч хөгжим тавихад Жамба өвгөн “Наад тачигнасан юмаа дуугүй болго” гэж уцаарлаад Бадруулын зүг хандан, “Би азгүй хүндээ дэндүү азгүй хүн” гэж унжигар уруулаа татвалзуулж шүлсээ үсчүүлж ирснээ ахин чимээгүй болон нүдээ анив. Юу гэж хариулахаа мэдээгүй Бадруул ямар ч зорилгогүй асаасан тамхиа хомхойрон сорж эхлэв.
Жамбын гэрийн гадаа ирэхэд салхи тогтож, цас намбалаг гэгч нь бударч байлаа. Бадруулыг “Мөн ч сайхан өдөр байна шүү” гэхэд Жамба:
-“Тиймээ мөн ч сайхан өдөр юм аа” гэснээ хоолойгоо нарийсган уртаа гэгч нь амьсгаа аваад “Яг л ийм өдөр байсан даа. яг л ийм сайхан...” гээд дуугаа хураачихав.
-Ямар өдөр, юун өдөр та ярилдаа гэж Бадруулыг үгэнд дурлахад,
-Яг л ийм өдөр надад гурван удаа тохиож байна. Нэг нь хэзээ ч мартахааргүй дурсамж, нөгөө нь мартах юмсан гэх хүсэл. Харин сүүлчийнх нь зохиолчид, хүүхдүүдтэйгээ бужигналдан сайхан өнгөрөөсөн энэ өдөр л болж байх шив.
Тэр үед би хорин настай анхныхаа номыг хэвлэлтэнд өгчихөөд, нар хэдийнэ хэвийсэн хойно гэрлүүгээ харих санаатай автобусны буудал руу алхаж явтал, хэдэн залуус нэг бүсгүйг гэгээн цагаан өдрөөр дээрэмдэж байхтай таарчихлаа. Одоо бол энэ үйлдвэр комбинат орчимд л доо. Зэлүүд газар байлаа шүү дээ тэр үед бол. Болиулах санаатай явж очоод, арай л хэдэн ясаа заадал заадлаар нь салгуулчихалгүй салж билээ. Ёстой санаа байвч сачий нь хүрэхгүй гэдэг нь л болсон доо. Нэг мэдэхнээ өнөөх бүсгүй өвдөг дээрээ толгойг минь тавьчихсан чи гайгүй юу хэмээн чичирсэн нарийхан хоолойгоор нулимс бүлтэгнүүлэн асууснаа, ийш тийш харан туслаарай туслаарай гэж байдаг чангаараа хашгирч байв. Ойр хавьд үргэсэн юм шиг ямар ч хүн үгүй байсан юм. Би хэсэг хэвтэснээ босоод цасаар цус болсон нүүрээ угаасан юм. Анх удаа л цасаар нүүрээ угаасан нь тэр. Бүсгүй
-Чи гайгүй юу. Чамд их баярлалаа надад туслах гэсэнд, одоо хоёулаа хамт эмнэлэг явья. Чи биеэ үзүүлэх хэрэгтэй гэхэд би анх удаа зодуур амссанаа хэрэндээ нууж,
-Зүгээрдээ эр хүнд чинь хааяа ийм юм байх. Эмнэлэгт очихоор тийм айхтар гэмтсэн биш. Ганц хоёр нүүрэндээ цохиулаал биз. Танай гэр хаана байдаг юм. Би хүргээд өгье гэхэд гайхмаар нь тэр зөвшөөрлөө. Хамаг юмаа дээрэмчдэд өгөөд явуулчихсан бид алхаж явахаас өөр арга байгаагүй. Зуун айлаас Таван шар хүртэл алхахаар болов. Манайх Сансарт байсан ч би түүний амыг дагуулчихсан юм. Явган хүний замаар гэрэлтүүлэг даган алхахад цас зөөлөн зөөлөн хаялж, бид хоёрын амнаас уур манан савсаж, хөл доор цас чахран элдэв л юм ярьж явж билээ. Тэр цагаас хойш бид хоёр зав л гарвал уулздаг болсон. Заримдаа энэ учралаа ханьтайгаа аяга цай уунгаа дурсаж суухад,
-“Чи тэр үед нэг их сүртэй хашгичсан амьтан хүрч ирээд ганцхан цохиулаад унаад өгч билээ” гэж шоолдогсон доо гэснээ гурав дахь тамхиа асаан татахад нь Бадруул үнэхээр сайхан түүх байна гэж ёс болгон хэлснээ,
-Та ингээд гэртээ орчихдоо. Би ч явья. Цаг ч талийгаад өгч гэхэд Жамба өвгөн
-Чи манайхаар ороод яв. Би гарын үсэгтэй номоо чамд дурсгамаар байна гээд хариу ч сонсолгүй тамхиа харанхуйд нясалж орхиод Бадруулыг сугадан хуучны цэнхэр барилга руу оров. Өвгөн дөрвөн давхар өөд Бадруулаар сугадуулан алхсан ч ихэд амьсгаадан ядарч байж гарч ирэв. Хаалганых нь хонхыг дарахаар Бадруул гар сарвайтал өвгөн, “Наад хонх чинь ажиллахаа болиод удаж байгаа хүү минь тогш. Муусайн ач нар маань хаалга тайлаад л Өвөө өвөө гээд хашгирч өгөх байхдаа. Сайн хүчтэй тогшоод өг цаадуул чинь онгойлгох гэж өчнөөн юм болох улсдаа” гэв. Бадруул хаалга тогшин зогссоноо “Жамба гуай танайд хүүхэд уйлаад байх чинь” гэв. “Аан муусайн ач нарын маань нэг л уйлаа байлгүй дээ. Тэрсхэн хоёр ач маань үймүүлж шуугих гэж үзүүлнэ шүү дээ” гэж үрчлээ бүхнээ самсаан тушаагаа зангидан инээмсэглэв.
-“Үгүй ээ хүүхэд хашхирахгүй л байна даа. Харин нялх хүүхэд уйлаад байна даа” гэхэд саяхан л инээмсэглэж байсан Жамбын царай хамаг үрчлээ тэнийх шиг болон татваганаснаа, нэгийг санав бололтой амаа гараараа дарж хана налан хөл дээрээ тогтож ядан гуйвав. “Чи бид хоёр хаана ирлээ” гэж асуухдаа өвгөний царай хэдийн цагаан шаргалаар цонхийчихоод байв. Чамгүй хөлчүүрхсэн Бадруулыг ухасхийн барьж авахын зуургүй Жамба өвгөн муужран унав. Хаалга торхийн онгойход, нялх биетэй гэмээр бүсгүй гайхширан зогсох ажээ.
*** **** ***
Жамба өвгөнийг сэрвэл толгой дээр нь нойтон алчуур тавьжээ. Нүдний үзүүрт торох ширээний дэргэд Бадруул хүүхэд тэвэрсэн хүүхэн хоёр ярилцан суугаа нь харагдана. Бүсгүй,
-“Энэ байрыг манайх худалдаж аваад арав гаран жил болж байна. Би сая том хүүхэд рүү нь ярьчихлаа ирээд авна гэнэ ээ. Жамба гуай хуучин байраа эргэж тойрч яваа байлгүй дээ. Зохиолдоо хүртэл энэ байрныхаа ойр орчмыг дүрслэн бичсэн байдаг хүн чинь санагалзаад ирсэн байлгүй. Далиманд нь хуучин гэрээрээ ороод гарья гэж бодоо юм байх даа” гэхэд Бадруул,
-“Би харин таньд хэлээд байна шүү. Жамба гуай гэрээ энд гэж намайг нааш дагуулж ирсэн. Тэр ч бүү хэл надад гарын үсэгтэй номоо өгнө гэж нааш дагуулж орж ирсэн”.
Хүүхэн уулга алдахад хүүхэд нь уйлав. Бүсгүй хүүхдээ хөхүүлэнгээ,
-“Тэгвэл арай зөнчихөөгүй л байгаа даа” гэх нь Жамбын толгойд тог хийн тусав.
Жамба өвгөн, “Би чинь арай зөнчихөөгүй байгаа даа. Энэ байрнаас арваад жилийн өмнө нүүсэн хэрнээ яагаад буцаад ирэв. Хүү минь тарахаараа хэлээрэй би очоод авна гээд байхад. Би гэж зөнөг толгой үгэнд оролгүй хүнээр хүргүүлэх гэж явж байдаг. Одоо хүүгийнхээ нүүрийг яаж харна аа. Хүүгийнхээ нүүрийг харах ч яах вэ. Түмний нүүрийг яана аа. Хүн хөгшрөхөөрөө хүүхэд нохойн доог болдог гэж ёстой үнэн юм байна. За ямартайхан ч бушуухан л явж үзье” хэмээн бодоод босохоор өндийхөд, Бадруул, хүүхэдтэй хүүхэн хоёр “Хүүе та чинь юунд босоод ирэв. Бие тань яаж байна гэж ам уралдан асууцгаав. Өвгөнд “Яав л гэж дээ” гэхээс өөр үнэндээ орж ирсэнгүй. Зоогийн газар бүжиглэж байсан шигээ хөнгөн шингэн гэгч нь хөдөлж, нэг ч үг дуугаралгүй айлаас гарч одов.
Бадруул хувцсаа яаран өмсөөд араас нь гүйн гарвал Жамба өвгөн зам дээр гүйх шиг явж байв. Гүйцэж очоод Бадруул,
-“Жамба гуай одоо хүү чинь ирнэ та байж бай. Харанхуй шөнө хаа хүрэх гэсэн юм” гэхэд Жамба цонхийсон царайгаараа нүүрлүү нь эгцлэн хараад
-“Би явлаа. Хаашаа ч хамаагүй. Надад ийм өдөр гурав дахиа тохиож байна. Арван хоёр сарын хорин таван өнгөрч, ес эхэлчихээд байхад дулаахан бас цастай өдөр. Магадгүй олон тохиосон ч байж болно оо. Би бусдыг нь анзааралгүй өнгөрөөсөн байх. Нэг ийм л өдөр ханьтайгаа анх танилцаж байлаа. Бас нэг ийм нэгэн өдөр тэр минь өнгөрсөн юм. Харин гуравдахь өдөр нь би үхэх ч ёстой юм билүү. Тийм болохоор ахыгаа явуулж үз” хэмээгээд өдий насны хүнд баймгүй хүчтэй гэгч нь гараа саван Бадруулыг биеэсээ холдуулаад цааш шийдмэгхэн эргэв. Замын гэрэлтүүлгэнд цасны будраа гялтганаж, Жамба өвгөн явган хүний замаар яаруухан алхсаар булан тойров. Бадруул эзгүй гудмыг ширтэн хэсэг зогссоноо, араас нь гүйлээ.
ХУУЧИН БАЙР |
|
2025-04-02 06:00:00
2025-04-02 06:00:00
2025-04-01 18:33:37
2025-04-01 17:03:00
2025-04-01 15:51:51
2025-04-01 15:43:06
2025-04-01 15:42:34
2025-04-01 15:40:22
2025-04-01 15:36:53
2025-04-01 15:35:04
2025-04-01 15:07:10
2025-04-01 13:49:50
2025-04-01 13:47:49
2025-04-01 13:01:31
2025-04-01 12:33:50
2025-04-01 12:28:01
2025-04-01 07:59:43
2025-04-01 07:00:00
2025-04-01 07:00:00
2025-04-01 07:00:00
2025-04-01 07:00:00
2025-04-01 07:00:00
2025-04-01 07:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |