• Өнөөдөр 2024-04-20

ХОРТ ХАВДАР ҮҮСГЭДЭГ ХУВАНЦАР САВАНД БЭЛТГЭСЭН ЦАГААН ИДЭЭ

2022-08-02,   743

              Хөдөө, хотгүй  ахуйн хэрэглээндээ хуванцар савыг өргөн хэрэглэх болжээ. Хаанаас ямар зориулалтаар ашиглах ёстойг мэдэхгүй ч бүрэн бүтэн л байвал хэрэглэж болдог гэж ойлгоод дасчихжээ. Гэтэл хуванцар савны ангилал, хэрэглээ харилцан адилгүй байдаг. Бүх төрлийн хуванцар савыг ахуйн хэрэглээнд хэрэглэж болдог гэх нь өрөөсгөл ойлголт юм. Орон нутгийн иргэд Улаанбаатар хотод ирэхээрээ Нарантуул захаар үйлчлүүлж, хэрэгцээт бараа бүтээгдэхүүнээ цуглуулдаг.
          Харин Нарантуул захын ахуйн бараа бүтээгдэхүүний хэсэгт борлуулагдаж буй хуванцар савнууд стандартад нийцсэн эсэх нь тодорхойгүй. Малчид өнгө үзэмж харагдах байдлыг харж сонголт хийнэ үү гэхээс ямар зориулалтаар ашиглах ёстойг анзаарахгүй авдаг. Улаанбаатар хотоос авсан тод өнгийн хуванцар саваа халуун усаар нэг угаачхаад сүү, цагаан идээг боловсруулахдаа хэнэггүй гэгч нь хэрэглэдэг. Бид ч дасчихсан. Хөдөөний айлд очиж амраад буцахдаа уусан ус ундаа, ургамлын тос гээд  хуванцар саваар дүүрэг цагаан идээг авдаг. Гэтэл үүний цаана маш том асуудал байгааг огтхон ч анзаарахгүй, өнгөцхөн өөрсдийгөө хуурч байна. 

-ӨВЧЛӨЛИЙГ ӨӨРСДӨӨ ДУУДАЖ БАЙНА-

           Сүүлийн жилүүдэд монголчуудын дунд хорт хавдрын өвчлөл нас харгалзахгүй, зонхилж байна. Энэ юунаас болоод яагаад бид хөгшин залуугүй хорт хавдар гэх эмчлэгдэхэд хэцүү өвчнөөр өвчлөөд байна гэдгийг тунгаах цаг иржээ. Хүнсний аюулгүй байдлаас болж хүүхэд багачууд өвчлөлд өртөж байна гэхээс урьтаж хуванцар савны хэрэглээнд хяналт тавих хэрэгцээ үүссэн байна. Хүнсний аюулгүй байдал бол эрүүл монгол иргэн байх суурь шалтгааныг нэг яахын аргагүй мөн. Гэтэл хамгийн сүүлийн сонголтыг бид өөрсдөө хийдэг. Юу идэх, уух зэргээ өдөр тутамдаа өөрсдөө шийдэж, нэг ёсондоо өөрийн гараар өвчлөлд хүрэх замаа сонгож байна.  
         “Хүнсний аюулгүй байдлын талаарх хяналт сул” гэдэг ч дэлгүүрт зарагдаж буй жимс хүнсний ногоо, бусад бүтээгдэхүүн хаанаас, хэрхэн яаж ирсэн, ямар стандарт байдаг талаар бид мэдэхийг ч хүсдэггүй. Чухам нэг хүн хордож, сөрөг зүйл ажиллагдвал “Аан анхаарч байх ёстой юм байна” гэсэн сэтгэлзүйгээр хандсаар ирсэн. Үүнээс болж хорт хавдар гэх аймшигт өвлөлөөр өвчлөх иргэдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байна. 
ГРАФИК:1 /ХОРТ ХАВДРААР НАС БАРАГЧДЫН ТОО, 2020,2021 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН БАЙДЛААР/
 
Эх сурвалж: 1212.mn
 
           Эрүүл байх эсэхээ шийдэх эхний алхам бол хуванцар савны хэрэглээг зохицуулж, өдөр тутамдаа, хүнсэндээ хэрэглэж буй бүтээгдэхүүний сонголтоо зөв хийх. Хүн бүр эрүүл сайхан амьдралыг хүсэж, тэмүүлдэг. Харин бидний эргэн тойронд байгаа зүйлс эрүүл байх  цаг хугацаанаас хэмлэж, хайртай хүмүүсээс нь холдуулж, хамгийн хэцүү шаналлыг бий болгож байна. Таны идэж, ууж буй хүнсний бүтээгдэхүүний хадгалалт боловсруулалт зэрэг бүх зүйлс зориулалтын аргаар боловсруулагдсан байх ёстой. Түүнээс биш хаана, хэн, хэрхэн боловсруулсан нь тодорхой бус байх ёсгүй аж.

-НАРАНТУУЛ ЗАХ ДЭЭР БОРЛУУЛАГДАЖ БУЙ ХУВАНЦАР САВАНД ТОГТСОН СТАНДАРТ БАЙДАГГҮЙ-

           Нарантуул захыг зорьж, худалдаалагдаж буй хуванцар савны үнэ, ямар стандарт байдаг талаар тодруулсан юм. Зуны халуун өдөр Нарантуул захаар үйлчлүүлэх иргэд их байв. Харин худалдаачид даавуун дээврийн дор бөөгнөрөн сүүдэр бараадан зогсох дүр зураг ажиллагдав. Алаглуулан өрсөн хуванцар савны үнийг асууж “Айраг хийвэл аль дээр вэ” гэж зогсох  хүн цөөн. Асууж, наагуур цаагуур сав сонирхон яваа иргэдэд хандаж, хэдэн алхмын цаана байх даавуун дээвэр дороос “Шинэ, хуучин гээд олон төрөл байгаа шүү” гэнэ. Харин зарим овсгоотой худалдаачид халуун наранд ч борлуулах гэж буй хуванцар савны дэргэдээс ер холдохгүй. Ирсэн хүн бүрийн хэрэгцээ, худалдан авахыг хүсэлд нь нийцүүлэн борлуулалт хийхийг хичээнэ. 

         Нас нэлээн өндөр гарсан, энэ салбартаа гаршсан Нарантуул захын хуванцар савны борлуулалтын хэсгийн голд байх нэгэн худалдаачнаас ямар сав борлуулдаг, иргэдийн их худалдан авдаг сав зэргийг тодруулав. 

             Тэрбээр “Өвөл зунгүй ажилладаг. Энд өрсөн хэдэн савыг борлуулж амьдарлаа болгож байна. Манайд зарагдаж буй савнууд бол Хятад, Орос, Солонгос  улсын савнууд байна. Ихэнх нь БНХАУ-аас ирдэг. Үнэ хямд байдаг учраас иргэд хятад сав авдаг. Манай дээр худалдаалагдаж буй савнууд шинэ, хуучин гээд олон төрөл байна. Ер тэгээд Хятад сав л эдэлгээ сайтай байдаг. 
          Одоо энэ 25 литрийн шар хуванцар сав гэхэд л 25000 төгрөгөөр худалдаалагддаг. Айл болгонд байдаг ус зөөдөг сав шүү дээ. 
      Ер нь багтаамжаасаа хамаараад үнэ нь хэлбэлздэг. Манайд зарагдаж байгаа савнууд бүгд л хүнсний зориулалтай байх гэж бодож байна. Монголчууд мэднэ дээ. Уг нь нэг Мэргэжлийн хяналтын газрын заавар яваад байсан. Би ч сайн мэдэхгүй. Стандарт ямар байгааг хэрэглэгчид хэрэглэж байж тодорхойлно. Хорт хавдар үүсгэдэг гэдэг худлаа байх. Манайх гэхэд л олон жил шар хуванцар саваар усаа зөөж байгаа. Хорт хавдар тусаад үхсэн хүн байхгүй” гэв.
     Савны үнэ, ханш иргэдийн сонголтыг анзаарвал худалдаачид ер нь л хуванцар саваа борлуулахыг хичээнэ. “Цагаан идээгээ хийгээд хадгалсан ч бидион нь дээр байх” гээд хамт яваа хүнтэйгээ ярилцах хооронд хажуугаас нь худалдагч “Үгүй шүү дээ. Цагаан идээг төмөр саванд хийхээр исээд баларна. Тэрний оронд хуванцар нь нааш цааш зөөхөд ч амар” гэнэ. 
      Бодоод үзье л дээ. 30-аад жилийн өмнө хуванцар сав одоогийнх шиг элбэг биш байхад 2,5,10,20 бидионд цагаан идээгээ боловсруулдаг байсан. Тэр үед хэрэглэх хүнсний бүтээгдэхүүний сонголт ч бага иргэд ч харьцангуй эрүүл, чийрэг байсан байх. 

-УЛААНБААТАР ХОТОД БОРЛУУЛАГДАЖ БУЙ ЦАГААН ИДЭЭ ХУВАНЦАР САВАНД БОЛОВСОРСОН БАЙДАГ-

           Зун болмогц Улаанбаатар хотын иргэд өдөр тутмын хэрэглээндээ цагаан идээг түлхүү хэрэглэдэг. Зах худалдааны төвүүд хотын ойролцоох газарт бэлтгэсэн сүү, ааруул, өрөм, тараг, ааруул, айргийг борлуулдаг. Ингэж л Улаанбаатар хотын иргэд цагаан идээний хэрэгцээгээ зуны дэлгэр цагт энд, тэнд борлуулж буй газраас худалдан авалт хийдэг. 
Харин тэдгээрийг боловсруулахад түүхий эд байхаасаа эхлэн эцсийн бүтээгдэхүүн болтлоо хуванцар саваар дамждаг. Үнээний түүхий сүүгээ хуванцар саванд шүүж хонуулаад өглөө нь хөрүүлнэ. Ингэхдээ ашиг олохын тулд хөрүүлсэн сүүгээ том амтай хуванцар саванд загсаана.  Маргааш өглөө нь бэлэн болсон өрмөө нэг удаагийн хуванцар сав болон гялгар уутад хийж борлуулна. Харин үүнийг хотын иргэд амтархан идэж “Цагаан идээ бол эм” зэргээр хэрэглэнэ. 
 
            Энэ мэт түгээмэл хэрэглэдэг  цагаан идээг боловсруулах явцад хуванцар савыг ашигладаг гэж Баялаг ундраа худалдааны төвийн цагаан идээ борлуулдаг тасгийнхан хэлж байв. 
Ингэхдээ “Бүгд  цагаан идээг боловсруулахдаа хуванцар савыг ашигладаг. Бид нар борлуулалт хариуцан ажилладаг болохоос, боловсруулж буй үйл явцыг хянах боломжгүй. Хуванцар сав хэрэглэдэггүй хөдөөний айл байхгүй. Хүмүүс “Хөхүүрийн айраг байна уу” гэдэг. Яг үнэндээ бүгд хөх саванд иссэн айраг байдаг. Шууд хэрэглээд хордлогод ороод эсвэл хорт хавдар тусчихгүй болохоор тоохгүй хэрэглэдэг. Би гэхэд Улаанбаатар хотын ойролцоох гурван айлаас цагаан идээгээ татдаг. Очиж ч байсан.  25 литрийн шар хуванцар саваар л сүү, айраг, таргийг авчирдаг. Ирсэн хойно нь худалдаж авах хүний хэрэглээнд тааруулаад ундааны саванд хийж зардаг. Угаасаа энэ зүйлд чинь бид нар дасчихсан байхгүй юү. Өөр зүйлээр орлуулъя гэхээр үнэтэй эсвэл эдэлгээ даахгүй. Тэгээд л дассан нь дээр хямдхан ч юм гээд хуванцар саваа ашиглаж байна” гэлээ.
 
             Хортой гэдгийг нь мэдсээр байж хэрэглэж, хожим сүүлд нь харамссан хүн олон байдаг байх. “Хэнэггүй монгол зан”, “Монгол хүний дархлаа Хятад саванд хордохгүй” гэсэн бодол тээж хямдхан хуванцар саваа хэрэглэсээр байтал Монгол Улс дэлхийд хорт хавдраар тэргүүлчихсэн явж байх вий. Хүнсний хэрэглээнд дэх  зүйлээ хянаж, хямгадахгүй бол хорт хавдар гэх аймшигт өвчин нэг л өдөр хаалга тогшоод хүрээд ирэх вий дээ.

             Хэрэглээгээ зөв болгож хэвшүүлэхэд хожимдох зүйлгүй. Хэзээнээс яригдаж эхэлсэн хүнсний аюулгүй байдлыг бий болгохын тулд хуванцар савнаас татгалзъя.

ХҮСНЭГТ:1 /Хуванцар савны олон улсын ангиллын тэмдэглээ, эрүүл мэндийн нөлөөлөл, зохистой хэрэглээ/

ЭХ СУРВАЛЖ: water.wsrc.mn

 


ХОРТ ХАВДАР ҮҮСГЭДЭГ ХУВАНЦАР САВАНД БЭЛТГЭСЭН ЦАГААН ИДЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188