• Өнөөдөр 2025-11-26

Г.ГҮНСЭНДУЛАМ: Дэлхийн аварга болж, Төрийн дуулал эгшиглэх үед л би үнэхээр хөдөлмөрлөсөн юм байна гэж бодогдсон

2025-11-26,   22

Индонез Улсын Батам хотод 16 дахь удаагийн бодибилдингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөсөн билээ. Тус ДАШТ-ээс алтан медаль хүртсэн Ганбатын Гүнсэндуламтай ярилцлаа. Тэрбээр 2025 оны ДАШТ-ий “Бикини” 160 см ангилалд алтан медаль хүртсэн юм. Г.Гүнсэндулам 2024 оны ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэж байв. Ийнхүү тэрбээр дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгөн медальтай тамирчин боллоо.

-Бодибилдинг, фитнесийн дэлхийн аварга болсонд тань баяр хүргэе.

     -Баярлалаа. Юуны өмнө энэ өдрийн мэнд хүргэе. “Эргэлт.мн” сайтын хамт олон та бүхэнд баярлалаа.

-Дэлхийн аваргын хэдэн төрөлд ангилалд өрсөлдөж, хэдэн медаль хүртэв?

     -Миний хувьд хоёр дахь удаагийн ДАШТ-дээ оролцож алтан медалийн эзэн боллоо. Өнгөрсөн 2024 оны арваннэгдүгээр сарын 17-нд Мальдив Улсад болсон дэлхийн аваргаас “Бикини” ангилалд мөнгөн медаль авч байсан.

Энэ жилийн дэлхийн аварга Индонез Улсын Батам хотод зохион байгуулагдсан. Дэлхийн аваргын алтан медалийн эзэн болсондоо баяртай байна. Миний ордог ангилал бол “Бикини” 160 см хүртэлх төрөл. Зөвхөн энэ ангилалдаа 2019 оноос хойш өдийг хүртэл тасралтгүй оролцож байгаа.

Дэлхий аваргын “Бикини” ангилалд хамгийн их тамирчид оролцдог. Улс бүрийн хамгийн шилдэг тамирчид “Бикини” ангилалд ширүүн өрсөлдөөн өрнүүлдэг. Тийм болохоор тус ангилалд өрсөлдөх нь надад сонирхолтой, “амттай” санагддаг шүү.

 

-Энэ удаагийн ДАШТ-ээс алтан медаль хүртэж чадна гэдэгтэй хэр итгэлтэй байсан бэ?

     -Энэ удаагийн дэлхийн аваргад  бэлдэж эхлэх үеэс л би чадна гэж  сэтгэл зүйгээ өргөж, өөртөө урам дэм өгч, өөрийгөө зоригжуулж байсан.  ДАШТ-ий бэлтгэлийн форм дажгүй таарсан. Гэхдээ бэлтгэлийн дунд  шантрах үе байсан шүү. Тэр үед “Одоо болъё” гэсэн бодол төрсөн.

Тэр бүх хүнд үеийг тэсвэр, тэвчээрийг хүчээр давж, туулан гарч, дэлхийн аварга болсондоо баяртай байна. Дэлхийн аваргын алтан медалийг энгэртээ зүүх мөч үнэхээр гайхалтай байлаа. Монгол Улсын Төрийн дуулал эгшиглэх үед л  би үнэхээр хөдөлмөрлөсөн юм байна гэж бодогдсон.

Өөрийн чинь ангилал, төрөлд хэдэн тамирчин өрсөлдсөн бэ?

    -Миний оролцсон “Бикини” 160 см ангилал бол маш өрсөлдөөнтэй болсон. Олон тамирчидтай ангилал нь “Бикини” байлаа.  Дэлхийн аваргын “Бикини” ангилалд 16 тамирчин өрсөлдсөн.  Түүнээс шигшигдэж шилдэг найман тамирчин үлдсэн. Шилдэж наймаас таван тамирчин финалдаж, медальт байрын эзэд тодорсон байгаа.

–ДАШТ-ий хамгийн хүчтэй өрсөлдөгч нь ямар улсын тамирчин байв?

       -2025 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд нийт 36 орны тамирчид өрсөлдсөн. Миний оролцсон ангилалд Тайланд болон Малайз Улсын тамирчид, бэлтгэл сайтай орж ирсэн харагдсан.

-Миний дүү өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу?

     -Намайг Ганбатын Гүнсэндулам гэдэг. Миний хувьд айлын бага охин болж мэндэлсэн. Аав, ээжийнхээ их хайранд хайрлагдаж,  халамжинд өссөн. Намайг таван настай байхад ээж маань “Хоёулаа цирк үзэх үү” гээд дагуулж явсан. Түүний дараа уран нугаралтын дугуйланд оруулж өгсөн.  Тэр үеэс миний  тамирчин болох спортоор хичээллэх эхлэл тавигдсан.

Уран нугаралтаар хичээллэж байтал яагаад ч юм гимнастикийн спорт гоё санагдсан. Тэгээд гимнастикаар найман жил хичээллэв. Гимнастикийн спортын мастер цол автал хичээллээд өндөрлөсөн. Тэгээд л бодибилдинг, фитнесийн спорт руу орсон. Фитнесээр тууштай хичээллэж, өдийг хүртэл явж, дэлхийн аварга болсон байна.

-Аль аймаг, хотод төрж, өссөн хүүхэд вэ?

    -Манай аав, ээж хоёр бол Төв аймгийн Эрдэнэсант суманд төрж, өссөн хүмүүс. Аав, ээжийн хоёр талын эмээ, өвөө маань энэ нутгийн хүмүүс байгаа. Харин миний хувьд Улаанбаатарт хотод төрсөн.

-Айлын хэд дэх хүүхэд вэ?

     -Би айлын хоёр дахь хүүхэд. Дээрээ нэг эгчтэй, доороо хоёр дүүтэй.

-Бага нас нь хаана өнгөрөв?

     -Бага нас хотод л өнгөрсөндөө. Би жаахан байхын их завгүй охин байсан. “Ээжээ би ийм юм суръя, тийм спортоор хичээллэе” гэж ээжтэйгээ л их дотно ярьдаг охин байсан даа. Миний хүслийн дагуу ээж уран нугаралтанд явуулж, дараа нь гимнастикийн спортоор хичээллүүлж, тамирчин хүн болгосон юм.

-Багадаа хэр хөдөлгөөнтэй охин байсан бэ?

     -Багадаа их л даруухан намбалаг, юмыг их харж ажигладаг, их мөрөөддөг хүүхэд байсан. Ээж маань жаахан байхад код хийгээд түгжчидэг нэг цэнхэр тэмдэглэлийн дэвтэр авч өгсөн юм. “Миний охин амьдралынхаа гоё дурсамтай зүйлүүдийг бичиж байгаарай” гэсэн. Тэр дэвтэр дээрээ “Би дэлхийн аварга, олимпын аварга болно” гэж бичиж, тэмдэглэсэн. Тэр хүсэл, мөрөөдөл маань одоо биелэсэн байхыг харж сууна даа.

-Багадаа гимнастикаас өөр спортын төрлөөр хичээллэж байсан бэ?

     -Би 5-8 нас хүртлээ циркийн нугаралтын Эрдэнэцэцэг багшийн шавь байлаа. Багш их царайлаг, хөөрхөн эмэгтэй байсан. Харин одоо багшийгаа хараагүй их удсан байна. Уран нугаралтын дараа гимнастикийн спортоор найман жил хичээллэсэн. Оюутан болоод бодибилдинг, фитнесийн спортын тамирчин болсондоо. Спорт намайг таван настайгаас хойш өдийг хүртэл тэсвэр хатуужил, тууштай, тэвчээртэй байхыг зааж сурган, хүмүүжүүлэн хөтөлж энд иржээ.

-Яагаад бусад спортоос илүүтэйгээр бодибилдинг , фитнесийн спортыг сонирхон хичээллэх болсон бэ?

     -Бодибилдинг, фитнесийн спортод биеийн порпорци, төрөлхийн ясны бүтэц, булчингийн гени их чухал байдаг юм шиг санагддаг. Тэр бүх онцлогууд болон бусад давуу талууд надад байгаа юм шиг санагдаад л энэ спорт руу орсон.

-Бодибилдинг , фитнесийн спортоор хэд дэх жилдээ хичээллэж байгаа вэ?

      -Миний хувьд бодибиллдингийн спортоор зургаа дахь жилдээ хичээллэж байна.

-Бодибилдинг , фитнесийн спортын чухам юу нь өөрт чинь илүүтэйгээр таалагдсан бэ?

      -Биеийг илүү гоё, өөртөө итгэлтэй болгож, урладаг. Дээрээс нь тайзны уран сайхны спорт болохоор илүү их таалагддаг.

-Бодибилдинг , фитнесийн хичээллэж байхад тань шантарч, мохох үе гарч байсан уу?

      -Шантрах үе зөндөө гарч байсан. Анх тэмцээнд ороод медаль авч чадалгүй хасагддаг байсан. Тэр бүхэн намайг унахад илүү хурцалж, сэтгэлийн тэнхээтэй болгож өгсөн. Өдийг хүртэл энэ спортод тууштай явсан нь үүнтэй холбоотой байх. “Ялагдаж сураагүй хүнд, ялалт амархан ирдэггүй” гэдэг. Ялагдал бүхэн надад том сургамж, алдаа, оноогоо харж, ухаарах боломжийг нээсэн болов уу.

-Бодибилдинг , фитнесийн спортоор хичээллэсэн үеэс хойших томоохон амжилтууддаа сонирхуулахгүй юу?

    -Томоохон амжилт гэвэл “Amateur olympia in Korea bikini novice” ангиллаас алтан медаль хүртэж байсан.  Дэлхийн аваргын алт, мөнгөн медальтай.  “Amateur Olympia in China bikini” 160 cm ангиллаас мөнгөн медаль хүртэж байсан.

-Сэтгэлд тань хоногшин үлдсэн хамгийн өрсөлдөөнтэй, дурсамж үлдээсэн ямар тэмцээн байдаг вэ?

     -Анх 2019 онд Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээнд “Бикини” 160 см ангилалд 40 тамирчинтай өрсөлдөж, аварга болж байсан. Тэр анхны тэмцээн, анхны медаль санаанаас гардаггүй. Нуруугаа таттал поз барьж байсан нь мартагдаггүй.

-Бэлтгэл, сургуулилалтаа хаана ямар клубийн хэн багшийн удирдлага дор хийдэг вэ?

      -Би одоо “Invescore Property” компанийн “Power fit fitness“ клубийн багшаар ажиллаж байгаа. Хичээл, сургалтын хажуугаар нь бэлтгэлээ амжуулаад хийж явна даа.


 

 


Г.ГҮНСЭНДУЛАМ: Дэлхийн аварга болж, Төрийн дуулал эгшиглэх үед л би үнэхээр хөдөлмөрлөсөн юм байна гэж бодогдсон
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188