• Өнөөдөр 2025-11-28

ТӨРИЙН ТОЛГОЙД САНДАЙЛСАН САЙДЫН ЗӨВЛӨХҮҮД

2025-11-28,   68

       “Бурхангүй газрын бумба галзуурав” гэгчээр сайдынхаа эзгүйд сэнтийд нь заларч, яамныхаа шуурхай хурлыг удирдсан Ж.Чинбүрэнгийн зөвлөх Б.Дэмбэрэл нийгэмд шүүмжлүүлж, намын даргадаа бангадуулав. Өчигдрийн УИХ-ын чуулганы үеэр Н.Учрал “Зөвлөх нь яамны газрын дарга нарыг цуглуулж, хурал удирдана гэж юу байдаг юм. Зөвлөх юм бол зөвхөн өөрийнхөө даргадаа л үйлчил. Яам удирдах, салбар төлөөлөх эрх байхгүй шүү” гэж хатуухан сануулсан. Сэтэр, сэнтийгээ андуурч, сайдын орлогч мэтээр сэтгэдэг бусад зөвлөхүүдэд ч сургамж болж, хэсэгтээ томоожих биз. 
 
Тэгвэл Засгийн газрын сайдын зөвлөхүүдийн намтрыг сөхөж сонирхлоо. Ихэнхдээ л найз, нутгийн дүү, нэгдмэл ашиг сонирхолтой хамтрагч, намынхаа ажилгүйчүүдийг л зөвлөх хэмээн өргөмжилдөг ажээ. Магад, “сайдын зөвлөх байсан” гэх нэгхэн өгүүлбэр намтартаа нэмэхийг хүсэгчид биш, яг мэргэжилтнүүдийг яамандаа залж, тэднээр зөвлүүлдэг байсан бол өдийд бүх салбар хөгжчих байсан байх. 
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэнгийн зөвлөх Б.Дэмбэрэл
 
      Зөвлөх Б.Дэмбэрэл нь 2016-2020 онд БЗД-ийн ИТХ-ын төлөөлөгч байсан. 2020 онд Ж.Чинбүрэн БЗД-ээс УИХ-ын гишүүнээр сонгогдож, улмаар Б.Дэмбэрэлийг туслахаараа дэргэдээ авч, хаа явсан газраа “хөтөлж” явдаг болсон. Үнэндээ их эмч мэргэжилтэй, салбартаа 20 гаруй жил ажилласан Ж.Чинбүрэнд сувилагч мэргэжилтэй, салбартаа ажиллаж байгаагүй шахуу Б.Дэмбэрэл юу зөвлөдөг нь тодорхой бус. Гэхдээ Налайх явах зам дагуу байдаг “Алт Болд” сувиллын газрыг ааваасаа өвлөж авсан, хөрөнгөөрөө сайдаасаа баян. Тиймдээ ч Ж.Чинбүрэн дэргэдээ байлгаад байдаг байж болох. Ямартай ч эхэнд дурдсанчлан Ж.Чинбүрэн Б.Дэмбэрэлээр өөрийгөө орлуулахаас эхлээд мөн ч их эрхүүлж байгаа. Нэг жишээ дурдахад, Ж.Чинбүрэнг Эрүүл мэндийн сайд болсноос хойш Б.Дэмбэрэл Архангай, Баянхонгор руу гурван удаа төсвийн мөнгөөр томилолтоор явжээ. Тэгэхдээ төсвөөс гадагшаа ниссэн дайны зардал гаргуулж авсан байх юм. Тухайлбал, ЭМЯ-наас Д.Дэмбэрэлд долдугаар сард Баянхонгор томилолт гэх утгаар 8.8 сая, наймдугаар сард Архангай томилолт гэх утгаар 5.3 сая, есдүгээр сард Архангай, Баянхонгор гэх утгаар 6.8 сая төгрөг тус тус шилжүүлжээ. 
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугарын зөвлөх Э.Эрдэнэжамъян
 
      Зөвлөх Э.Эрдэнэжамъян нь аав Н.Энхбаярынх нь үнэнч цэрэг, баруун гар нь байж ирсэн. Жишээ нь, Н.Энхбаярыг МАХН-ын дарга байхад Э.Эрдэнэжамъян МАХН-ын дэд дарга, Ерөнхий нарийн бичгий дарга, Нийслэлийн МАХН-ын даргаар нь тус тус ажиллаж байлаа. Тэр байтугай, Н.Энхбаярын төлөө телевизийн түмэн камерийн өмнө хоолой зангируулж, нулимс дуслуулж явсныг нь санаж буй байх. Өөрөөр хэлбэл, экс ерөнхийлөгч Н.Энхбаяр анх удаа сайд болсон хүү Э.Батшугартаа өөрийн баруун гар Э.Эрдэнэжамъянаараа зөвлүүлж буй ажээ. 
 
Батлан хамгаалахын сайд Д.Батлутын зөвлөх Г.Сайханбаяр
 
      Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Цэргийн дээд сургуулийн ангижав. Тиймдээ ч 2020 онд У.Хүрэлсүхийн Засгийн газарт Батлан хамгаалахын сайдаар томилогдож, дөрвөн жил ажилласан. Улмаар 2024 оны УИХ-ын сонгуулийн 1-р тойрог, Архангай, Өвөрхангай, Баянхонгорт нэр дэвшээд унасан. Өдгөө Батлан хамгаалахын сайд Д.Батлутын зөвлөх сэтэртэй, яамны дарга нарын дээр сууж буй.
Боловсролын сайд П.Наранбаярын зөвлөх Д.Гантулга, О.Цэцэгбал
 
      Зөвлөх Д.Гантулга нь ХҮН намын УЗ-ийн гишүүн. 2020 оны УИХ-ын сонгуульд ХҮН намаас БЗД-т нэр дэвшээд унасан. Харин 2024 оны УИХ-ын сонгуульд ХҮН намын жагсаалтын 7-д бичигдэж нэр дэвшсэн. Гэвч ХҮН намаас зургаан хүн сонгогдож, Д.Гантулга улаан шугамаар таслагдсан. Өөрөөр бол, ХҮН намын сонгуулийн одгүй ганц хүн нь Д.Гантулга. Тиймдээ ч ХҮН намын хамтран зүтгэгчид болох Т.Доржханд нь Шадар сайд, П.Наранбаяр нь Боловсролын сайд, Б.Найдалаа, П.Ганзориг хоёр нь УИХ-ын гишүүн болчихоод байхад Д.Гантулга л ганцаар хоосон хоцорсон. Арга ядахдаа Боловсролын сайд П.Наранбаяр нь зөвлөхөөрөө дэргэдээ ажиллуулж буй. 
 
Харин зөвлөх О.Цэцэгбал нь 2024 оны УИХ-ын сонгуульд ХҮН намаас БЗД-т нэр дэвшээд унасан. Улмаар Боловсролын сайд П.Наранбаяр зөвлөхөөрөө томилж, дэргэдээ авсан. Сонирхуулахад, гурав хоногийн өмнө П.Наранбаярын зөвлөх О.Цэцэгбал албан ёсны цахим хуудастаа “Улирлын томуу дэгдмэгц сургууль цэцэрлэгээ хаа гэх хандлага байсаар ирсэн. Хувиа хичээсэн хандлагад автаж төрийн бодлого явдаг бол өрөвдөлтэй л байна. Сургууль цэцэрлэг хааж томчууд амарч зугаалж цэнгэнэ. Хүүхдүүд гэртээ ханиад хүрдгээрээ хүрнэ. Тэд боловсролын хоцрогдолд орно” гэжээ. Ерөнхий сайд Г.Занданшатар ханиад томуугийн тархалтаас сэргийлж, ирэх арванхоёрдугаар сарын 1-нээс сургуулиудыг цахимаар хичээллэх бэлтгэл хангахыг үүрэг болгосон. Тэгэхээр О.Цэцэгбал Ерөнхий сайд Г.Занданшатарын энэ шийдвэрийг “Өрөвдөлтэй” гэж буй бололтой. 
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатарын зөвлөх Ч.Мөнхжаргал, Д.Одхүү
 
    Зөвлөх Ч.Батжаргал нь ИЗНН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга. Мөн Б.Батбаатарын төрсөн дүү, ИЗНН-ын Үндсэн дүрмийн хорооны гишүүн Б.Батсайханы найз. Тэгэхээр Б.Батбаатар намынхаа генсек, дүүгийнхээ найзыг зөвлөхөөрөө ажиллуулж байгаа гэсэн үг. Бас Б.Батбаатарын ИЗНН нь хүний нөөц муутайн тод жишээ бол энэ. 
 
Цаашилбал, өнгөрсөн есдүгээр сард ИЗНН-ынхан хоорондоо түнжин муудсан. Улмаар ИЗНН-ын дэд дарга С.Батбаатар хэвлэлд ярилцлага өгөхдөө “Манай намын дарга, Б.Батбаатарын зөвлөх нь яамны асуудалд оролцож байна. Гишүүндээ зөвлөх, туслах ёстой болохоос биш яамны томилгоонд оролцоод байж болохгүй” гэж байв. 
 
Харин Зөвлөх Д.Одхүү нь АН-ын гишүүн. Тэртээ 2004 онд Б.Батбаатар, Д.Одхүү хоёр УИХ-ын гишүүнээр хамтдаа сонгогдож байсан хуучны хамтрагчид. 2008 онд Д.Одхүү нь УИХ-ын гишүүнээр улирч, Б.Батбаатар хоосон хоцорсон. 2012 онд АН-аас хамтдаа нэр дэвшээд хоёулаа унасан. Харин 2016 онд Д.Батбаатар нь АН-аас хөөгдөж, Д.Одхүү нь АН-даа үлдсэн. Өөрөөр бол, Б.Батбаатар АН-аас хөөгдөж, ИЗНН-ын дарга болсон хэдий ч АН-даа хайртай хэвээрээ буюу АН-ын гишүүн, хуучны хамтрагч Д.Одхүүг зөвлөхөөрөө ажиллуулж байна. 
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Аубакирын зөвлөх Г.Саран
 
        Зөвлөх Г.Саран нь Дорнод аймгийн НДГ-ын дарга, НДЕГ-ын дэд даргаар ажиллаж байсан.  Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд асан, “Нүүрсний хулгай”-н хэргээр ял авсан Т.Аюурсайханы авга эгч. Тиймдээ ч Т.Аюурсайханы “татаас”-аар ЭМДЕГ-ын дарга болох гэж байна хэмээх хэвлэлүүдэд бичигдэж, эчнээ танигдсан нэгэн. 
 
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханы зөвлөх А.Бямбацэемаа
 
     Зөвлөх А.Бямбацэемаа нь БЗД-ийн Прокурорын газрын орлогч прокурор, УЕПГ-ын Ахлах прокуророор ажиллаж байсан. Өөрөөр бол, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан зам, тээврийн салбартай огт хамааралгүй хүнийг зөвлөхөөрөө ажиллуулж буй. Магад, Б.Дэлгэрсайхан ямар нэг хууль, шүүхийн асуудлаас өөрийгөө хамгаалж А.Бямбацэемаагаар зөвлүүлж байж болох. 
 
Сангийн сайд Б.Жавхлангийн зөвлөх Т.Дуламдорж
 
     Зөвлөх Т.Дуламдорж нь Өвөрхангайд төрсөн ч, Дарханд өссөн. Өөрөөр бол Сангийн сайд Б.Жавхлантай нэг нутгийнх. 2010-2012 онд УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагвын туслах байсан. Улмаар 2012 онд Д.Тэрбишдагва Шадар сайд болмогцоо өөрийн туслах Т.Дуламдоржийг байгууллага болох ОБЕГ-ын даргаар томилж байв. Төрийн түүхэнд туслахаа ОБЕГ-ын даргаар тавьсан цадиггүй томилгоо үүнээс өөр байгаагүй гэж хэлж болно. Түүнээс хойш Т.Дуламдорж “Монгол шуудан” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал, Батлан хамгаалахын дэд сайдаар дэвшсэн. 2023 оны намраас Сангийн сайд Б.Жавхлангийн зөвлөхөөр ажиллаж байгаа. 
Харин зөвлөх Ц.Мөнхбаяр нь Монголбанканд Б.Жавхлангтай хамт ажиллаж байсан. 2016-2019 онд УИХ-ын дарга М.Энхболдын зөвлөх байсан.  
 
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн зөвлөх Ц.Цэнгэл
 
      Зөвлөх Ц.Цэнгэл нь төрийн ордонд УИХ-ын гишүүнээр найман жил тухалж, Зам тээврийн сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. 2020 онд Болгар руу Элчин сайдаар явахаар хөөцөлдөөд бүтэлгүйтсэн. 
 
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Ц.Цэнгэл хоёр Уралын политехникийн дээд сургуулийг 10 жилийн зайтай төгссөн ах дүүс. Тиймдээ ч Б.Чойжилсүрэн Ц.Цэнгэлийг зөвлөхөөрөө ажиллуулж буй. 
 
Цаашилбал, Ц.Цэнгэл Б.Чойжилсүрэнтэй ойр байх хувийн нэг ашиг сонирхол бий. Тодруулбал, Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгийн нийт 26 сумын 48,900 аж ахуйн нэгж, айл өрхийг цахилгаан эрчим хүчээр хангадаг “Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийг Ц.Цэнгэл 2003 онд төрөөс хувьчилж авсан, одоо гэр бүлээрээ эзэмшдэг. Өдгөө “Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн гүйцэтгэх захирлаар нь Ц.Цэнгэлийн хүү Ц.Хангай ажилладаг. Ц.Хангайгийн хувьд, 2017-2019 онд “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Худалдан авалт, дэд бүтэц хариуцсан дэд захирлаар ажиллаж байсан. Тухайн үедээ 5.9 тэрбум төгрөгийн гурван орон сууцтай, 1.8 тэрбум төгрөгийн хадгаламжтай хэмээн мэдүүлж, аавынхаа буянаар сайрхаж байсан нэгэн. Гэвч 2019 оны сүүлээр АТГ-т шалгагдаж эхэлснээр ажлаа өгч байв. 
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-амгалангийн зөвлөх И.Баттөгс 
 
      Зөвлөх И.Баттөгс нь Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын дарга, Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны даргаар ажиллаж байсан. Өөрөөр бол, Э.Бат-Амгалангийн Баянзүрх дүүрэг дэх “хаанчлал”-д хамгийн гол хувь нэмэр оруулсан баруун гар нь. Эргэн санавал, 2023 оны зургадугаар сард И.Баттөгсийн эхнэр нь “Land criuser-300” автомашин жолоодож явах үедээ гарцаар гарч байсан Г.Х гэх эмэгтэйг мөргөж, хүнд гэмтээсэн хэрэгт холбогдож, И.Баттөгс хэвлэлийнхний эчнээ танил болж байв. 
Шадар сайд Т.Доржхандын зөвлөх Г.Жавхлантөгс, Л.Дулмаазул
 
      Зөвлөх Г.Жавхлантөгс нь 2020 оны УИХ-ын сонгуульд ХҮН намаас Т.Доржхандтай хамт нэр дэвшээд унасан. Мөн 2024 оны УИХ-ын сонгуульд ХҮН намын жагсаалтаар нэр дэвшээд бас унасан. Улмаар хоёр удаа нэр дэвшээд хоосон хоцорсон Г.Жавхлантөгсийг Т.Доржханд өөрийнхөө зөвлөхөөр ажиллуулж буй. 
Харин зөвлөх Л.Дулмаазул нь Т.Доржхандтай 2012 онд Оксфордын их сургууль хамт төгссөн эртний найз нь. Ноцтой нь, Шадар сайд Т.Доржхандын зөвлөх Л.Дулмаазулын таван компани нь Өмнөговь, Говьсүмбэр аймагт 837,999,999 м2 буюу 83,799 га эзэмшиж байгаа. Нэг айл 700м2 газар гэхээр Л.Дулмаазулын 837,999,999м2 газар нь 1,197,142 айлын хашааны газартай тэнцэнэ гэсэн үг. Одоогоор Монголын хамгийн том газартай хүн нь Т.Доржхандын зөвлөх гэж болно. 

ТӨРИЙН ТОЛГОЙД САНДАЙЛСАН САЙДЫН ЗӨВЛӨХҮҮД
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188