• Өнөөдөр 2024-04-24

Ш.БАДАРЧ:Л.Түдэв хэмээх агуу хүний дэргэд байна гэдэг миний ХАМГИЙН ТОМ АЛБАН ТУШААЛ байлаа

2020-12-20,   3576

           Бусдыг гэрэлтүүлэн тодруулах атлаа өөрөө эгэлийн эгэл амьдардаг хүмүүс орчлонд тийм ч олон биш. Гэхдээ ийм хүмүүс байгаа учраас л хүн төрөлхтөн алхам тутамдаа гайхамшигтай учирсаар, сайхныг мэдэрсээр байдаг. Бусдад аз жаргал, баяр хөөр, төсөөлөл, мөрөөдөл, сэтгэлийн жаргал эдлүүлэхийгээ л гавьяа хэмээн итгэдэг жинхэнэ гавьяатууд бол утга зохиолын хийгээд хөгжмийн зохиолчид. Тэдний нэг бол Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, хүүхдийн дууны зохиолч Шаравын Бадарч яах аргагүй мөн билээ. Ийн хэлсний учрыг Б.Явуухуланг “зад шүүмжилж” явсан залуу хархүү Л.Түдэв гуайн нарийн бичиг болж, “Үнэн” сонинд үглүүлж асан гэрэлт өдрүүд хийгээд “Хүүхдийн дууг баргийн аавын хүү биччихдэг ч юм биш л дээ” хэмээн омгорхох бидний ярианаас уншигч та түвэггүй олох биз ээ.

-Монголын хүүхэд, багачуудын дуулах дуртай “Тоогүй ч юм болов уу даа”, “Дээс дээс эргээрэй”, “Ботго”, “Ижийдээ л хөөрхөн” тэргүүтэй олон дууны эзэн маань Төв аймгийн Угтаал цайдамд төрж өссөн гэсэн. Хүүхдийн дууны шүлэг бичдэг зохиолчийн хүүхэд нас одоо хэрхэн өнгөрснөөр төсөөлөгддөг вэ?

-Төв аймгийн Угтаал Цайдам, Жаргалантын Сангийн аж ахуй хоёрын дунд Хүйлий хаан уулын өвөр дээрх  Бор хужир гэж жижигхэн дэвсэг газар бий. Бор хужирт багахан насны минь эгэл жирийн бор өдрүүд өнгөрсөн дөө. Бусдаас нэг их онцгой, өөр биш ч ямар ч байсан үеийнхнээсээ илүү мэдрэмтгий, мөрөөдөмтгий хүү байснаар дурсагддаг. Хүний төрсөн нутаг гэдэг зүгээр ч нэг тохиочихдоггүй гэдэгт би итгэдэг. Миний хувьд тэр жаахан дэвсэг энэ дэлхий ертөнц юм шүү дээ. Гэтэл тэр жаахан нутгаас манай энэ “Өдрийн сонин”-ы эрхлэгч Ж.Мягмарсүрэн, Ж.Сандагдорж, Ж.Гангаа тэргүүтэй сэтгүүл зүйн мундагууд, Монгол Улсын Гавьяат багш Ш.Бямбажав, Монголын страд урлагийн нэртэй дуучдын нэг байсан Н.Гэрэл-Од, бас нэг сайхан зураач Очирбат, гавьяат механикжуулагч Д.Очирбат гээд олон сайхан хүн төрсөн байдаг юм. Сүүлд хүмүүс энд тэнд төрсөн л гээд байдаг болохоос Хад аварга чинь үнэндээ манай Бор хужирт төрсөн юм шүү дээ. Аймгаас бол салбар бүрийн олон сайхан гавьяат төрсөн байдгийг мэднэ биз дээ.

           Намайг арван жилийн сургуулиа төгсдөг жил Ховдын нэг, нийслэлийн нэг, манай сургуульд мэргэжил олгох туршилт хийсэн юм. Түүнд нь би хамрагдаад Трактор, комбайны мэргэжилтэй болж төгссөн. Гэхдээ сургуулиа төгсөөд Багшийн их сургуульд Уран зохиолын багшийн мэргэжлээр сурч төгсөөд, Жаргалант суманд ажилласан. Жил гаруй багшлаад түүнээс хойш дандаа хичээлийн эрхлэгч хийсэн дээ. Тухайн үед Намын хороо гайгүй ажиллаж байгаа сэхээтнүүдээ татдаг байлаа. Тэр шугамаар Намын төв хорооны дэргэд Шинжлэх ухаан боловсролын хэлтэс бий болж, аймгуудад салбар нь байгуулагдахад би Төв аймгийн Намын хороонд Ардын боловсрол, соёл, биеийн тамир, эрүүлийг хамгаалах албанд мэргэжилтнээр томилогдсон. Манай хэлтсийн эрхлэгчээр Ерөнхийлөгч асан Н.Багабанди тавигдаж, бид хэдэн жил хамтарч ажилласан. Ингэж байтал 1984 онд аймгийн сонинд Нарийн бичгийн даргаар ирээч гэж Намын хорооны нэгдүгээр дарга дуудсан. Тэр хүн бол сүүлд Хүнс, хөдөө аж ахуйн сайд байсан Өөлд гэж хүн. Түүнээс хоёр жилийн дараа “Үнэн” сонинд очсон.

-1986 онд Түдэв гуайтай танилцаж байж ээ?

-Түдэв багш, Явуухулан багш нар чинь миний уран бүтээлийн жинхэнэ багш нар юм шүү дээ. Би энэ тухай хүмүүст тэр бүр яриад байж зүрхэлдэггүй. Тэр том хүмүүсийн нэрийг шальсан гавьяагүй нөхөр байж шавь нь гэж хэлж муутгаад яахав гэж боддог юм.

         Би муу мөртлөө их азтай хүн. Тэр сайхан хүмүүстэй учирч, хамт байж, их юм сурсандаа өөрийгөө хэнээс ч өндөр хувьтай гэж бодох дуртай. Явуу багштай би оюутан байхдаа танилцаж, түүнээс хойш салаагүй. Миний анхны, хоёр дахь номыг Явуу багш намайг загнасаар байгаад ариутган шүүж, хэвлүүлж байлаа.  Багш тэгж ташуурдаагүй бол би нэг ч ном гаргахгүй өнөөдрийг хүрэх байсан ч байж мэднэ.

       Намайг “Үнэн” сонинд Түдэв багш 1986 онд татаж авчирсан юм шүү дээ. Бид 1996 он хүртэл хамт ажиллахдаа сүүлийн таван жил гаруйд нь би Түдэв багшийнхаа нарийн бичиг болж, үүдэнд нь суусан даа. Үүгээрээ би бахархдаг юм шүү. Хүмүүс нарийн бичиг бол нарийн бичиг л гэж боддог байж мэднэ. Надад түүнээс өндөр албан тушаал байгаагүй, одоо ч байхгүй шүү. Тэр хүний дэргэд байна гэдэг миний хувьд хамгийн том албан тушаал, хамгийн эрхэм, хариуцлагатай алба.  Түдэв багш 1995 онд тэтгэвэрт суулаа. Тэтгэвэрт гарахынхаа өмнө надад “Би чамд эрхлэгчийн хувьд нэг даалгавар өгье” гэж байна. За гэтэл “Чамайг хөөтөл нь сониндоо ажиллаарай” гэсэн. Надад их хэцүү сонсогдсон. Багштайгаа хамт явна гэж төлөвлөж байтал “Үлдээд ажилла, даалгавар чинь шүү” гэчихэж байгаа юм. Миний амьдрал, ар гэр, цалин мөнгийг л бодсон хэрэг шүү дээ.

-Түдэв гуайг “Үнэн” сониноосоо больсон, болиулсан тухай янз янзын яриа байдаг. Тухайн үеийн нам, засгийнхны шахалт, дарамтаас болж ажлаа өгсөн ч гэдэг. Энэ талаар танд мэдэж байгаа зүйл бий юү?

-Тухайн үед юу өрнөж, хэн хэрхэж, ямар ааш аяг гаргаж байсан хийгээд хэн хэн ямархуу ажиллагаа явуулж байсан гээд бүгдийг нь мэдэж байгаа цөөн хүний нэг нь би. Гэхдээ энэ талаар би ярих нь зохисгүй. Надад багш тэгж хэлээгүй ч “Дэмий үг унагах дэмий” гэж бодож байгаа байх. Тухайн үеийн цаг нөхцлийн талаар ярьвал ярихаар хугацаа өнгөрсөн ч багш тэр явдлыг юман чинээнд тооцохгүй, тоохгүй хаясан учраас би илүү үглэх нь зохимжгүй.

Бусдаас нэг их онцгой, өөр биш ч ямар ч байсан үеийнхнээсээ илүү мэдрэмтгий, мөрөөдөмтгий хүү байснаар дурсагддаг. Хүний төрсөн нутаг гэдэг зүгээр ч нэг тохиочихдоггүй гэдэгт би итгэдэг. Миний хувьд тэр жаахан дэвсэг энэ дэлхий ертөнц юм шүү дээ

-Та дараа нь “Ардын эрх” сонинд Тамгын газрын даргаар ажилласан байдаг байх аа?

-Ямар ч байсан багшийн хэлснээр явуултал нь ажилласан. Дараа нь 1996 оноос “Ардын эрх” сонинд Тамгын газрын даргаар, “Өдрийн сонин”, “Өнөөдөр” сонин үүсгэн байгуулагдсанаас хойш “Өдрийн сонин”-д 2005 онд хүртэл ажиллаад гэртээ суусан даа. Миний ажил мэргэжлийн зам гэвэл нэг иймэрхүү л цөөн хуудас юм уу даа.

-Ц.Балдорж, Ж.Мягмарсүрэн хоёр эрхлэгч таны шавь нар гэсэн үү?

-Нэг нь Монголын сэхээтнүүдийн уншдаг, нөгөөх нь Монголын нийгмийн тулгамдсан бүх халуун цэгээс сурвалжилж, мэдээлж чаддаг хоёр том тулгуур сонины эрхлэгчтэй багш шавийн барилдлагатайгаараа бахархаж боддог. Гэхдээ би баргийн хүнд “Тэд миний шавь” гэж хэлж, ярьж явсан удаагүй. Чамайг асуухаар үнэнийг л хэлчихлээ. Би багшилж байхдаа Утга зохиолын дугуйлан хичээллүүлж байсан. Ц.Балдоржийг аравдугаар ангийн сурагч байхад нь дугуйландаа авч байлаа. Мөн Л.Цогт, Я.Саруулбуян, Ж.Мягмарсүрэн, Г.Мэнд-ооёо, Б.Цэнддоо, Радиогийн М.Баттөмөр, “Хүмүүн” бичиг сонины эрхлэгч С.Алтанцэцэг, 25 дугаар телевизийн инженер Л.Жаргалсайхан гээд нийт 43 хүүхдийг олж авсан. Тэд маань бүгд л одоо багшийнхаа хүрээгүй өндөрт хүрчихээд байж байна даа.

-Таныг нарийн бичиг, туслахаар нь төдийгүй дэргэд нь хань болж 10 жил ажилласны хувьд Түдэв гуайн талаар асуухгүй өнгөрч болохгүй. Монголын нэрт эрдэмтэн, зууны манлай сэтгүүлч, Монголын өнөөгийн сэтгүүл зүй хийгээд утга зохиолын тодорхой томчуудыг бойжуулан төрүүлсэн энэ эрхмийн тухай ярьж өгөөч?

-Түдэв эрхлэгчийн талаар ямар нэг дүгнэлт тодорхойлолт, ийм тийм юм би хэлэхгүй. Надад тэгж хэлэх эрх хийгээд зүрх ч байхгүй. Гэхдээ эр хүнийхээ хувьд хэлэх юм байна шүү. Бүтэн 10 жил тэр том сэхээтэн, уран бүтээлч хүний гарын аяыг даагаад ажиллана гэдэг бол үнэндээ хүнд шүү дээ. Тэр том хүний итгэлийг дааж цөөнгүй хугацаанд ажиллана гэдэг бол хэн хүнд олдоод байдаг хувь заяа биш. Түдэв багш маань ухаан, эрдмээс гадна их олон сайхан чанартай эр хүн. Хүн ухаан мэдлэг нь ямар өндөрт байна тэр хэмжээгээрээ эргэж хүмүүсийг хайрладаг, урам зориг өгдөг, урагш нь татдаг, дээш нь өргөдөг, хэний ч эрдэм чадлыг нь ундрааж юм хийлгэж чаддаг, хийснийг нь нэгээхэн ч хариу нэхэлгүй гялалзуулан тордож, мандуулж чаддаг юм байна гэдгийг тэр хүнээс алхам тутамдаа харж, мэдэрч, ойлгож, суралцсан.

        Уншигчид мэднэ дээ, “Үнэн” сонины алдартай нийтлэл, сурвалжилга бүхэн түүний гарчиг, санаа, засвараар төрдөг байсныг. Жишээ нь, “Далай ээж цаазын тавцанд”, “Мөнхийн бүтээлүүд мөхлийн ирмэг дээр”, “Номон дээр гишгэсэн алдас”, “Зарлигаар дархалсан ууланд зэрлэгээр халдах эрх олгожээ” гэх мэт алдарт нийтлэл, бүтээлүүд түүний оюун санаагаар төрсөн юм шүү дээ. Гэхдээ томилж явсан сэтгүүлчдээрээ овоглож, олон нийтийн дунд алдаршсан. Ингэж хүнээ, сэтгүүлчээ алдаршуулж, омогшуулдаг харамгүй дэлгэр сэтгэлтэй хүн шүү дээ. Өнөөгийн нийтлэлч, сэхээтэн, улстөрч гээд явж байгаа олон хүнийг дэмжиж, амьдрал, алдарт нь хүргэснийг би сайн мэдэж байна. Алдарт хийгээд тухайн үеийнхээ нийгмийг доргиож байсан нийтлэл, сурвалжлагуудын дөрвөн шатны засвар хийгээд Тү эрхлэгчийн засварыг тухай бүрээр нь хавсаргаж үдээд хадгалуулахаар өгсөн. Аливаад их нандин, хариуцлагатай ханддаг хүн юм чинь тэр бүхэн одоо өөрт нь хадгалагдаж байгаа байх. Тэнд өнөөгийн том сэтгүүлчдийн хэн нь хэн бэ, хэрхэн өсөж сайжирсан бэ гэдэг үнэнээрээ хадгалагдсан байгаа.

-Миний хувьд зарим нэг хурал чуулган дээр үг хэлж байсан хуучны бичлэг, эсвэл бүтээлүүдээс нь л түүний талаар уншиж, мэдэхийг оролдож байгаа ч хувь хүн талаас нь мэддэг хүнээр нь яриулахыг ямагт хүсдэг байлаа. Түдэв гуай сайхан зантай үедээ яг ямархуу байдаг вэ?

-Надад энэ эрхэм хүнтэй хамт байсан цаг мөч бүр дандаа сайхан байсан. Гэхдээ Тү эрхлэгчийн хамгийн сайхан зантай байгааг түүний “Хөгшин ах” гэсээр орж ирэхээс, эсвэл “Хөгшин ах нь” гээд ямар нэг юм хэлэхээс мэдэж болно. Сонинд сайхан нийтлэл нийтлэгдэхээр, ямар нэг баярт үйл явдал тохиохоор, өөрийнх нь ном хэвлэгдэхээр гээд хүний л баярлаж болох бүх үйл явдалд баярлана шүү дээ. Тэр бүртээ “Хөгшин ах нь” гэдэг байсан.

-Өөрийгөө хэлж байгаа юм уу?

-Тийм. Өөрийгөө “Хөгшин ах” гэж хошигнох их дуртай. Түүний сэтгэл өндөр байгаагийн илэрхийллийн дээд үг нь тэр. Надад “Хөгшин ахад нь одоо ийм юм хэрэгтэй”, “Хөгшин ах нь одоо тийшээ явна аа” гэдэг ч юм уу. Энэ тухай ярих надад ямар сайхан байна гэж санана. Тэр өдрүүд, тэр цаг мөчүүдийн хүч одоо ч сэнхийж байна.

       Аа харин, жаахан ууртай байвал түүний нүдэнд нэг нь ч харагдахгүйг хичээж, нуугдаж, бултаж, зугтацгаана. Уг нь Тү эрхлэгч тэгтэл загнаад сүйд болоод хүн цохиж аваад тавьтаргүйтээд байдаг хүн биш л дээ. Ухаан, эрдэм, хүнийг нь тэгж хүндэтгэдэг, хайрладаг, түүнээс нь сүрддэг байсан гэж боддог. Гэхдээ л тэр том хүний жинтэй ганц үг л хэнбугайг ч эвгүйтүүлнэ шүү дээ.

-Түдэв гуайг илүү мэдэхийн тулд түүний зохиол бүтээлүүдийг уншихаас гадна өдгөө ч түүний эрхлэн гаргасаар байгаа “Дал” сониныг унших. Гэвч надад бас л хангалтгүй байдаг. Гэхдээ Түдэв гуай өөрөөсөө илүү эхнэрээ алдаршуулахыг, түүнийхээ нэрийг үүрд дурсагдсаар үлдээхийг хүсдэг санагддаг. Та эхнэрийг нь хэр сайн таних вэ?

-Танилгүй яах вэ. Ийм том хүний тушиг тулгүүр байж чадаж байна гэдэг чинь түүнээсээ дутахааргүй мундаг хүн гэсэн үг шүү дээ. Хүний амьдралын учрал ерөөл гэж байна л даа. Хүн агуу их ухаантай, асгарсан эрдэмтэй байж болно. Гэхдээ  сайн хань түшиж байж илүү гялалзана шүү дээ. Үр хүүхэд төрүүлэх, өсгөх, эгр орны ажил энэ тэр бол бүх эмэгтэйн хийдэг л зүйл. Тэгэхэд үүний хажуугаар тэр хүний авьяас билэг, эрдэм чадлыг улам гэрэлтэхэд нь тусална, нөлөөлнө, түшиг болно гэдэг бол баргийн эмэгтэйн чадах зүйл биш. Тэгэхээр Цагаач гуай бол яах аргагүй Түдэв багшийн учрал ерөөл юм шүү дээ. Их халамжтай, зан сайтай хүн байсан. Хэн хүнтэй нэг л зангаар, нэг л сэтгэлээр он цагийн алинд ч уулзана, инээж хөхөрнө, тусална. Надад их сайн. Очих бүрт сайхан цайтай угтана. Тэгээд ер нь авсан гэргий нь эр нөхрөө ямар ч цагт тулж түшээд, сайхан халамжлаад, сэтгэл түвшин амьдруулна гэдэг бол буян. Энэ буяныг тэр хоёр бие биедээ өгсөн гэж би боддог.

-Та хамгийн сүүлд хэзээ уулзсан бэ?

-Би ер нь байнга л уулздаг. Багшид миний хэрэг гарвал намайг дууддаг юм. Гэхдээ би ийм тийм илүү дутуу юм ярьж одоо ч чаддаггүй хэвээрээ.

     Надад хэлэх хэдэн үг байна. Монголын нийгэм тэр хүний эрдэм боловсрол, оюун санаа, чадал хүч, сэтгэл гээд бүгдийг нь хүүхэд байхаас нь эхлээд ашигласан. Монголын төв эвлэл, “Үнэн” сонины эрхлэгч бөгөөд Монголын сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч, Дэлхийн  сэтгүүлчдийн холбооны дэд ерөнхийлөгч, Ардын их хурлын депутат, нам засгийн удирдах алба гээд асар их ачааллаар бага залуу хийгээд идэр насыг нь бүхэлд нь дарсан даа. Муухан хүн бол хэргэм зэрэгтээ л дарагдаад өндийхөөргүй тийм олон ажлыг тэр хүн алинд нь ч түүртэхгүйгээр зэрэг зэрэг өндийлгөж, босгоод аваад явдаг байлаа. Тэгсэн хэрнээ одоо ингээд нам нь ч, төр нь ч анхаарахгүй байгаад би хувьдаа гомдолтой явдаг. Багш хэн нэгэн анхаарах, анхаарахгүй байгаа төдийг юман чинээнд тоохгүй л байх л даа. Гэхдээ би бол анхааруулмаар, халамжлуулмаар, алган дээрээ бөмбөрүүлмээр байна. Тийм гавьяатай хүн шүү дээ.

Явуу багшийн шүлэг бүрт нь задлан шинжлэл хийгээд захидал болгоод өөрт нь илгээж хэнхэглэж явлаа

-Та Явуухулан гуайн шүлэг, зохиол дээр задлан шинжлэл хийж яваад танилцсан гэж ярьж байл уу?

-Нэг тийм хөгийн юм хийх гэж яваад багштайгаа таарсан шүү, нээрээ. Энэ талаар бас чамд ярьчихсан бил үү. Жаргалантад багшилж байхдаа хэнхэглэж байгаа царай нь тэр. Нэг номных нь бүх шүлгийг шинжилж, судалдаг хүн болж яваад азаар багштайгаа учирсан даа. Тэр хэнхэглэл байгаагүй бол багш намайг тоохгүй байсан ч байж мэднэ. “Үд дундын тэнгэр” гэж ном нь хэвлэгдсэний дараа уншчихаад бүүр шүлэг бүрт нь задлан шинжлэл хийгээд, “Энэ үгийг хэлснээрээ та Монголын утга зохиолд ийм шинэчлэл авчирчээ. Харин энэ үг чинь илүү байна” гэх мэтээр сайхан дураараа юм бичээд захидал болгоод өөрт нь илгээчихэж байгаа юм шүү. Мөн өөртөө итгэлтэй, тэнэг зоригтой байсан байгаа биз. Миний Бэгзийн Явуухулангийн шүлэг, найргийг задална гэж юу байх вэ дээ.

        Би хот орж ирэхээрээ Зохиолчдын хороон дээр албатай юм шиг очно. Тэнд намайг нэг ч хүн танихгүй, хэн ч тоохгүй л дээ. Явуу багшид захидал бичсэнийхээ дараа зун Зохиолчдын хороон дээр ирж, ном сонин харчихаад гарах гэж явтал шатан дээр Явуухулан гуай зогсож байна шүү. Мэндлээд “Яагаав нөгөө би танд захидал бичээгүй юү” гээд л аваад хаялаа. Тэгсэн инээмсэглэснээ “Хоёулаа манайд очиж цай ууя” гэж байна. Их дэлгүүрийн ар талын арктай байранд амьдардаг бололтой, тийшээ яваад байна шүү. Би уг нь хэдэн чихэр, нэг шил юм авчих санаатай, тэгсэн хэрнээ Явуу багшийг хурдаа хасалгүй алхаад байхаар хэлж чадахгүй явсаар гэрт нь орлоо. Тэгсэн эхнэртээ “Би чамд дээр нэг хэлж байсан даа, миний шүлгийг надаас илүү ойлгож, задалсан нэг залуу байна гэж. Тэр залууг чинь олоод ирлээ” гэж байна шүү. Тэгээд цай цүй болж байтал “Чиний задлан шинжлэлүүдийг би сонинд гаргана гэж бодож байгаа” гэж байна. Ингэж анх нүүр хагарч танилцаад түүнээс хойш би салаагүй дээ. Их дөлгөөн, зөөлөн хүн. Хэрвээ би энэ явдлаас хэдэн жилийн өмнө Яруу найргийн зөвлөлийн дэргэдэх Утга зохиолын нэгдэлд орсон бол бид эрт учрах байсан юм. Тухайн үед би Мөнх багшийн удирддаг байсан шүүмж судлалын нэгдэлд орчихсон юм л даа. Гэхдээ багштайгаа учирсандаа, тэр хүний шавь гэгдэж тоогдож явсандаа одоо хэр нь бардам явдаг.

         Явуу багш нэгэнтээ “Би Д.Сэнгээгийн анхааралд өртсөнөөрөө бахархаж явдаг. Харин хийгээд байгаа хэрнээ бусдын анхааралд өртөхгүй байна гэдэг аюул” гэсэн. Үүгээрээ багш намайг “Хөдөлмөр”, “Пионерийн үнэн” сонинд нийтлүүлсэн хүүхдэд зориулсан шүлгээрээ бусдын анхаарлыг татсан гэж хэлж байгаа юм. Сэнгээ гуай чинь Явуу багш, Түдэв багшийн багш нь юм шүү дээ. Зохиолчдын хорооны даргаас гадна Утга зохиолын дугуйлан хичээллүүлэхдээ их, дээд сургуулийн аль авьяас билэгтэй хүүхдүүдийг өөрөө явж авчирсан гэдэг. Санхүүгийн техникумаас Явуу багшийг Ц.Гайтав гуайтай, Их сургуулиас Ширчинсүрэн гуайг С.Эрдэнэтэй, Багшийн сургуулиас Түдэв багшийг Мишигийн Цэдэндорж, Ү.Маам, Л.Чойжилсүрэн гээд 24 хүн цуглуулсны бараг 20 нь өдгөө Монголын утга зохиолын оргил, төрийн шагналтан болсон л доо.

         Сэнгээ гуай бүх шавь нарынхаа авьяас билгийг гярхай ажиглаж, хүн хүнд нь тохирсон төрлөөр нь даалгавар өгөх маягаар өнөөдрийн өндөрлөгт авчирсан тухай бүх шавь нь ам уралдан ярьдаг байсан. Түдэв багшийн тухайд гэхэд л анх шүлэг бичиж байхад нь “Чи үргэлжилсэн үгийн зохиол бичих хүн. Битгий шүлэг бич” гээд 20 настайд нь “Уулын үер” роман дээр суулгаад 22-хон насандаа роман бичсэн зохиолч гэгдэхэд хүргэсэн гэж дурсдаг юм.

        Юмны тохиол гэж их сонин л доо. Намайг нэгдүгээр ангид ороход буюу 1954 онд сургуулийн дөрөвхөн ангийн дөрвөн багш, сургуулийн захирал нэг намхан хүнтэй гарч ирээд хичээлийн шинэ жилийн нээлт хийчихээд орлоо. Тэгэхэд Маршал Чойбалсангийн шагналт Дашзэвэгийн Сэнгээ гэж танилцуулж байсныг би тод санадаг. Д.Сэнгээ гуай “Цолмон” шүлгээ манай сургуулийн довжоон дээрээс нисчих гээд л уншиж байсан. Анх тэгж зохиолч гэж ийм хүн байдаг юм байна гэж харж байлаа. Магадгүй би Сэнгээ гуайг хараагүй, яг тэгж шүлэг уншихыг нь тэр хоолойгоор, тийм өнгөөр нь сонсоогүй бол утга зохиолд дурлахгүй байсан ч байж мэднэ. Тэндээс надад зохиолч болох тийм нэг хүсэл дотор минь амилсан байх гэж боддог. Надад ийм хүсэл тэмүүлэл төрүүлж, бүр амьдралыг минь утга зохиолтой салшгүй болгох эхний алхмыг тавьсан хүн миний багш нарын багш нь байж таарна гэдэг өндөр хувь тавилан биз.

Хүүхдэд зориулж шүлэг бичнэ гэдэг баргийн аавын хүүгийн чадах зүйл биш

-Та их даруу, нам гүм амьдардаг шүү дээ. Барагтай хүн таныг танихгүй ч байж мэднэ. Гэтэл та Монголын утга зохиол хийгээд нийгмийн том сэхээтнүүдийн шавь, найз нөхөд төдийгүй өнөө ч хүүхэд, багачуудын дуулах дуртай олон дууны шүлгийн эзэн. Та шүүмж судлал сонирхдог, багш дээр нь трактор, комбайнч мэргэжилтэй хэрнээ хүүхдийн дууны үг зохиогч. Хүүхдийн дууны шүлэг бичнэ гэдэг тийм ч амар зүйл биш шүү дээ?

-Тэгэлгүй яах вэ. Хүүхэд бол хамгийн гэгээн, хамгийн цагаан, хамгийн нандин ертөнц. Тэр ертөнцийг тийм ертөнцгүй, мэдрэмжгүй хүн ойлгоно, тэдэнд зориулж шүлэг бичнэ гэж байхгүй. Гэхдээ авьяастай хүнд бол амархан ажил шиг байгаа юм. Надад бол хүнд ажил. Багшийн мэргэжил эзэмшиж байхдаа “Би хүүхэдтэй ажиллах хүн. Тэгэхээр тэдний ертөнцийг маш сайн мэддэг байх хэрэгтэй” гэж өөртөө хэлсэн л дээ. Тэр үеэс л хүүхдэд зориулж шүлэг бичнэ гэдэг баргийн аавын хүүгийн чадах зүйл биш гэдгийг мэдэрч явна гэхэд болно. 1965 оноос хойш хүүхдийн дууны шүлэг бичих гэж хичээлээ. Жишээ нь, “Тоогүй ч юм болов уу даа” гэдэг дууны шүлгийг 1965 онд бичсэн. 1967 онд дуу болж дуулагдсан. Тэрнээс өмнө “Хөдөлмөр” сонины хавсралт “Бяцхан хөдөлмөр” дугаарт миний хүүхдэд зориулж бичсэн

...Айлын жаахан хүү

Арвай цацаад тонголзоно

Цацсан будааг нь түүгээд

Цаад дахь дэгдээхий тонголзоно

Хоорондоо бүүр ойртоод

Хоёр толгой тонголзоно гэсэн “Хүүхэд дэгдээхий хоёр” шүлэг анх хэвлэгдсэн. Түүнээс хойш хүүхдэд зориулж бичсэн шүлгүүдээ сонинд гаргаж эхэлсэн дээ. Тухайн үед эрхлэгч, редакторууд сайн материалыг ширээн дээрх шилнийхээ завсраар хийгээд хүмүүст жишээ болгон харуулдаг байсан юм. Тэр үед миний шүлгүүдийг Хүүхдийн зохиолч С.Надмид гуай шилэн завсраа хийгээд хүмүүст “Хүүхдэд зориулсан шүлэг гэж энийг хэлдэг юм” гэж үзүүлдэг байсан гэдэг.

-Хүүхдэд өөрт нь таалагдахаар шүлэг бичнэ гэдэг таны хэлдгээр үнэхээр баргийн аавын хүүгийн барчих зүйл биш байх л даа. Тэгэхээр хүүхдийн дууны шүлэг бичихийн тулд маш их ажиглалт хийх хэрэгтэй байдаг байж магад. Таны хувьд?

-Зохиолч өөрөө хүүхэд шиг бодож, сэтгэж байж л хүүхдэд зориулж бичнэ шүү дээ. Үүний тулд асар их ажиглалт чухал.

-Жишээ нь, та эрэгтэй хүн атлаа эмэгтэй хүүхдүүдийн дуртай дуу болох

Дээс дээс эргээрэй эргээрэй

Дээшээ дээшээ үсрээрэй үсрээрэй... гээд дууны шүлгийг яаж бодож олсон юм бэ?

-Энэ шүлгийг бичихэд ах нь багшилж байсан юм. Хичээлийн эрхлэгч хийхээр хүүхдүүдийн хэрхэн тоглож наадаж байгааг сахилгагүйтэж явааг, юу хийж байгааг анзаарах, ажиглах нь илүү их болсон хэрэг. Тэгээд л гадаа тоглож байхад хүүхдүүдийн байдлаас хараад ийм шүлэг бичсэн байсныг 1975 онд авч Ё.Сүхбаатар дуу болгосон байдаг юм.

-Таны

“Эрдэнийн тансаг юмдүүжин цэцэгнүүд

Ишин дээрээ найгавч элэгдэнэ шүү дээ

Энгэр зөөлөн хайрыг сэмрээх Оюунанаа бүсгүй

Элэг дэвтээх аашаараа эргэж дахин төрөхгүй шүү дээ” гээд олны дуулах дуртай “Мартагдашгүй хайр” дууны аяыг бас Ё.Сүхбаатар гуай бичсэн байдаг байх аа?

-Намайг “Үнэн” сонинд ирсний дараа Ё.Сүхбаатар ирж уулзаад “Дүүдээ шүлэг өгөөрэй” гэсэн. Тэгээд тэр дууны шүлгээ өглөө. Явснаасаа хоёр цагийн дараа сонины утсаар “Та ирж дуугаа сонс” гэж байна шүү. Очтол төгөлдөр хууран дээр ая дараад л би ч нэг их сайн ойлгохгүй сонсоод л байлаа. Тэгсэн нөгөөх чинь “Та бид хоёрын энэ дуу ирэх жилийн өдийд гэхэд Монголын урлагийн тэнгэрт мандана” гэж авч байна. Үнэхээр жилийн дараа мандсан, Монголын радиогийн Цагаан лавайн 1990 оны тэргүүн дуу болж байсан. Энэ мэтээр бид хамтарч хэд хэдэн дуу хийсэн. Миний бичсэн шүлгээр бүтсэн 20 гаруй дуунаас 52 настай “Тоогүй ч юм болов уу даа”-гаас эхлээд 20 дууг нь хүүхдүүд дуулсаар байгаад баярладаг.

     Тэр мундагчуудыг чадавхжуулан төрүүлэхээс гадна мундагчуудын түшиг тулгуур нь байсаар залуу насныхаа гэгээн өдрүүдийг өнгөрүүлсэн нэгэн. Гэвч үүнийгээ “Миний хувьд тэдэнтэй учирсан нь бахархал” хэмээн даруухнаар өгүүлнэ. Ингээд зогсохгүй тэр монгол хүүхдүүдэд зуу зуун жил болсон ч монгол ахуй хийгээд хүүхэд насны гэрэлт өдрүүдээ аялах бүртээ зураглан санах мөнхийн дуунуудыг мөнхлөн бүтээсэн билээ. Нэгэнтээ Л.Түдэв гуай түүний нэгэн номонд “... Яруу найрагч Шаравын Бадарч найргийн хур дэгдээх бас нэгэн задын чулууг уншигч Танд өргөн барьж, хур дуудаж байна. Зүсрэн орох болтугай” хэмээсэнтэй адил түүний бусдын авьяасыг өөрийнх мэт зүлгэн гэрэлтүүлэх, хүүхдийн ертөнцийг хүн төрөлхтөнд мөнхлөн үлдээх задын чулуу үеийн үед хур дуудан, зүсрэн орон болтугай. Задын чулуу гэдэг нь хур бороо оруулах зэрэгт хэрэглэх увдис бүхий чулуу, тэнгэрийн чулуу ажээ. Гэхдээ энэ тохиолдолд найргийн хур дэгдээгч тэнгэрийн чулуу гэвэл илүү зохино. 

2019.11 сар


Ш.БАДАРЧ:Л.Түдэв хэмээх агуу хүний дэргэд байна гэдэг миний ХАМГИЙН ТОМ АЛБАН ТУШААЛ байлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-12-19 21:11:10
    Нараа: Манай хүүхдийн зохиолчдын нөмөр, түшиг дээ. Хэлье гэсэн үгээ хэлэх хүндээ хэлнэ, олон үггүй. Үг бүр нь сануулна сэрээнэ. Манай Бадарч зохиолч бас хошин шогийн мэдрэмжтэй хүн
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-12-19 21:11:09
    Нараа: Манай хүүхдийн зохиолчдын нөмөр, түшиг дээ. Хэлье гэсэн үгээ хэлэх хүндээ хэлнэ, олон үггүй. Үг бүр нь сануулна сэрээнэ. Манай Бадарч зохиолч бас хошин шогийн мэдрэмжтэй хүн
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-12-18 10:04:15
    Ариунаа: Загдын Түмэнжаргал ахтай нэг нутагт төржээ Яагаад энэ мундаг хүний тухай ганц үг дурсаагүй юм бол Гайхлаа Таньд уран бүтээлийн өндөр амжилт хүсье Мартагдашгүй хайр дууг тань сонсох дуртай
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188