Нийслэл хүрээний дунд сургуулиас 13-25 насны 35 сурагч Өрнөдийн соёлд суралцахаар эх нутаг, элгэн саднаа орхин, мордож байсан нь одоогоос 100 жилийн өмнөх түүх юм. Анх эх орноосоо илгээлт авсан 35 сурагчийг өрнөд рүү илгээж, түүнээс хэдхэн сарын дараа долоон сурагчийг араас нь явуулснаар 42 сурагч Герман тэргүүтэй Европын орнуудад 1926-1930 он хүртэл суралцсан түүхтэй.
10 гаруйхан настай балчирхан сурагчид эх орноосоо эрдэмд суралцахаар яваад дөрвөн жилийн дараа идэр сайхан залуус болтлоо торниж, нутагтаа эргэн ирснээр орчин цагийн Монгол Улсад соёлын үрийг цэцэглүүлсэн анхны сэхээтнүүд болтлоо хүмүүжин, төлөвшсөн нь энэ. Гэвч тэд хэлмэгдүүлэлтийн хар “шуурганд” өртөж, олонх нь хилс хэргээр байцаан шийтгэгдэж, учир битүүлгээр амиа алдсан нь ч цөөнгүй. Үнэндээ өрнөдийг зорьсон 42 сурагчийн олонх нь хорих ялаар шийтгүүлж, гурав нь цаазын ял сонсож, тав нь сэжиг бүхий байдлаар нас барсан гэдэг. Тэднийг харгалзан явсан багш нар нь хүртэл учир битүүлгээр амиа алдсан. Тэдний дунд Их зохиолч Д.Нацагдорж, Төрийн хошой шагналт Д.Намдаг, анхны ардын багш Г.Батсүх, геологийн ухааны анхны доктор Ж.Дүгэрсүрэн, гавьяат мал зүйч Т.Аюурзана гэхчлэн нийгмийн соён гэгээрүүлэгчид цөм багтаж байсан юм.
Хэрэвзээ хэлмэгдүүлэлтийн гашуун өдрүүд тэднийг дайраагүйсэн бол үүнээс ч ихийг хийж, бүтээх шинэ цагийн сэхээтнүүд байлаа, тэд. Амьд үлдсэн цөөн хэд нь Герман, Францад боловсрол эзэмшсэн гэдгээ насаараа нуух хүртэл нь айлгаж, Өрнөдийг зорьсноо нууж чадсан нь амьд үлдсэн тохиолдол ч бий. Орчин цагт тэдний нэр алдар цагаадсан ч үүх түүх нь бүдэг бадагхан олон сэхээтэн байна. Иймдээ ч Герман, Францыг зорьсон анхны сурагчдын түүхийг судлаач, сэтгүүлч, гэрэл зурагчин Ч.Болд тэргүүтэй судлаачид, сурталчлан таниулах ажлыг эхлүүлээд 10 гаруй жил болжээ. Тэгвэл бид Монголд өрнийн соёлыг түгээн дэлгэрүүлж, соёлын үрийг тарьсан ч хэлмэгдүүлэлтийн гашуун шуурганд өртсөн сурагчдын гунигт түүхийг цувралаар хүргэж байна.

Герман,Францыг зорьсон анхны 35 сурагч
Франц Улсын Парис хотноо суралцсан дөрвөн монгол сурагч.
Гэрэл зургийн эх сурвалж: Зууны мэдээ сонин
1925 оны Засгийн газрын 42 дугаар хуралдаанаар дунд сургуулийн төгсөх ангийн 35 сурагчийг Герман, Франц Улсад дунд сургуулийн лицей болон тусгай мэргэжлийн ажилтан бэлтгэх төрөл бүрийн сургуульд суралцуулах шийдвэр гарснаар тэд өрнөдийг зорих шанг татсан юм. Техник технологи хөгжөөгүй тэр цагт 10 гаруй настай сурагчид хуучны дожи маркийн машины тэвшин дээр нуруу нуруугаа нийлүүлэн, баадантай хувцсаа тэврээд Улаанбаатараас хөдөлсөн гэдэг.
Ийн тэд Шар хөвөөс Алтанбулаг хүртэл морин тэргээр, Алтанбулагаас Оросын хил орж, Сэлэнгэ мөрнөөр дамжин усан онгоцоор явсаар Улаан-Үдэд очсон. Тэндээсээ Москва хүртэл тав хоног галт тэргээр явсаар Ленинградад очиж, гурав хоногийн дараа дахин усан онгоцоор явсаар Баруун Европт хүрч очсон байдаг. Европ тивийг зорьсон сурагчдын гадаад пасспорт улаан алаг болтлоо хилийн тамгаар дүүрсэнээс харахад олон улс дамжин, өрнөдөд хүрсэн нь илт.
Ийн Герман, Франц руу эхлээд явуулсан 35 сурагчийн 31 нь Германы сургуульд сурахаар үлдсэн бол дөрвөн сурагчид нь Франц Улсын Парис хотын Мишель хэмээх алдартай лицей сургуульд суралцах завшаан тохиожээ. Тэдний нэг нь Лагнаадоржийн Намсрай байлаа. Мөн оны намар тэдгээр сурагч дээр Мэргэн гүн М.Гомбожав, Ц.Бадамжав нар нэмэгдэж, Сорбонны их сургууль, “Коллеж дэ Франс” сургуульд суралцсан нь түүхийн хуудаст үлджээ.
Тиймдээ ч Л.Намсрайн үнэн бодит баримт намтрыг ураг удмын ах дүүс нь хожим судалж яваа юм байна. Тэгвэл бид гурван улсын гэх хэрэгт буруутгагдан, ялын дээд хэмжээгээр шийтгүүлж, хэлмэгдсэн Л.Намсрайн үүх түүхийн талаар түүний ураг удмын хүн болсон гавьяат багш М.Чимэддоржтой ярилцлаа.

-Өрнөдийг зорьсон анхны 35 сурагчийн нэг нь таны авга Л.Намсрай гэж хүн байжээ. Танай удмын угсаа гарал тайж язгууртай хүмүүс байсан гэдэг. Ураг удмын тань талаар яриагаа эхлүүлье?
-Чингис хааны Алтан ургийн угсаа залгамжилсан тайжийн 28 дахь үе нь Лагнаадорж гэдэг хүн байжээ. Би Лагнаадорж гэдэг хүний дөрөв дэх үе нь. Миний өвөг эцэг бол Лагнаадоржийн найм дахь хүүхэд Санжаажамц гэдэг хүн бий. Тэд уг нь ах дүү 16-уулаа байсан юм билээ. Миний өвөө Лагнаадоржийн Санжаажамц Монголын анхны шатрын спортыг дэлгэрүүлэгч, Богд хан уулын чуулганы даргаар хоёр удаа сонгогдсон буюу одоогийн Төв аймгийн анхны дарга байсан юм. Харин миний аавыг Санжаажамцын Мишиг гэдэг. Одоогийн бидний ярих гэж байгаа Л.Намсрай гэдэг хүн Лагнаадорж гэдэг хүний 14 дэх хүүхэд нь. Тухайн үеийн Түшээт хан аймаг, одоогийн Өмнөговь аймгийн Манлай сумын Гурван хараат гэдэг газар 1910 онд төрсөн юм билээ. Харин манай аав Санжаажамцын Мишиг Л.Намсрай ахаас нэг насаар дүү байсан юм билээ. Л.Намсрай гэдэг хүн бол миний аавын авга ах.
1923 оны өвөл 13, 14 настай хоёр хүү Манлай сумаас аянчин дагаад, жин тээсээр Нийслэл хүрээнд ирсэн нь Л.Намсрай ах, миний аав С.Мишиг нар юм. Тухайн үед манай өвөө Л.Санжаажамц Богд хан уулын чуулганы "аймгийн" даргаар ажиллаж, одоогийн Лүн суманд сууж байсан юм билээ. Ингээд манай аав гандан хийдэд шавилан сууж, Л.Намсрай ах Лүнд Богд хан уулын чуулганы аймгийн эмч, домч Даваасамбуу гэдэг хүний галчаар нэг жил ажилласан гэдэг. 1925 онд Л.Намсрай ахыг ах Л.Санжаажамц нь нийслэл хүрээний Оюутны сургуульд элсүүлсэн. Багын сэргэлэн цовоо авга ах маань нэг жилийн хугацаанд сургуульдаа сайн суралцаж, Герман, Франц явах 35 хүүхдийн нэгээр шалгарч, дараа нь Франц руу гурван хүүхдийн хамт явсан гэдэг. Харин манай аав тайжийн удмын тойн лам болж, 1924 оноос ганданд суусан. Ингээд Дашчоймбол дацангийн унзад лам болтлоо явж, 1937 онд хар болсон.
-Тэгэхээр Л.Намсрай гэдэг хүн танай аавтай их ойр хүн байжээ?
-Тийм ээ. Франц явахаасаа өмнө хамт амьдарч байсан. Ингээд Л.Намсрай нь 1926 онд Франц Улсын Парис хотноо Мишель лицей сургуульд суралцаж байгаад 1929 оны арванхоёрдугаар сард дуудагдан, 1930 онд эх орондоо эргэн ирсэн. Эх орондоо ирснийхээ дараа Намын түр сургуульд дэлхийн байдал, тоо бодлогын багшаар ажилласан нь намтар түүхэнд нь бий.
Ингээд 1930-1932 онд Ардыг гэгээрүүлэх яамны зурагчнаар ажилласан. Тал бүрийн авьяастай хүн байсан нь намтар түүхээс нь тодорхой харагдана. Тэр байтугай тухайн үеийн “Улаан-Од” сонины зурагчин, түгээгчээр ажиллаж байсан байгаа юм. Ингээд 1938 оноос Цэргийн театрт шилжиж, туслах найруулагчаас жүжигчин, зурагчин гээд бүх л ажлыг нь хийж гүйцэтгэдэг чамгүй хөдөлгөөнтэй нэгэн байсан байгаа юм. Францаас ирснийхээ дараа манай аавтай тун ойр, тусдаа амьдардаг ч нэгнийхээрээ байнга орж гардаг байсан гэдэг.
Тухайн үедээ хүрээний сайхан хүүхнүүдийн нэг Цэрэндулам гэх эмэгтэйтэй найзалж байсан юм билээ. Хожим би ураг удмынхаа судалгааг хийгээд, 1993 онд хотын Боловсролын газрын даргаар ажиллаж байхдаа Цэрэндулам гэдэг эмэгтэйг олсон юм. Тэр үед Л.Намсрай ах цагаадаагүй байлаа. Би утсаар яриад уулзаж, учрах тухайгаа хэлэхэд дуртай зөвшөөрч байсан ч Л.Намсрай гэдэг хүний тухай судалж байгаагаа хэлэхэд “Ирээд хэрэггүй” гэж их сандраад дахиж холбоо барьж чадаагүй.
-Авга ахыг нь хэдэн онд цагаатгасан байдаг вэ?
-Манай ах Л.Намсрай чинь нэлээд хожуу буюу 2000 онд гэм буруугүй гээд цагаадаж байсан юм шүү дээ. Харин миний өвөг эцэг Л.Санжаажамц 1960 онд анхны цагаадсан хүмүүсийн нэг.
-Гурван улсын тагнуул гэх хэрэгт холбогдсон гэдэг. Энэ тухай та хэр судалсан бэ?

-Монголд Япон, Франц, Герман гурван улсын тагнуул гэдэг хэргээр ганцхан хүн ял авч, цаазаар авахуулсан нь Л.Намсрай гэдэг хүн юм. Их шударга, гурван хэлтэй хүн учраас тэгж хэлмэгдүүлсэн. Өмнөдийг зорьсон, герман, франц хэлтэй, тайж удмын учраас ялын дээд хэмжээг тулгасан биз гэж би боддог юм. 1943 оны дөрөвдүгээр сарын 23-ны Долдугаар тогтоолоор Л.Намсрайн хувийн эд хөрөнгийг нь хураан улсын орлого болгож, буудан алах ял оноосон байдаг.
Манай удмынхан ер нь тэр чигтээ хэлмэгдсэн. 16 хүний олонх нь хэлмэгдэж, цаазын ял сонссон нь ганц нэгээр тогтохгүй. Би 1961 оноос буюу гуравдугаар ангид байхаасаа өвөг эцгийнхээ түүхийг судалж эхэлсэн. Аав "Л.Намсрай ах их ухаантай, сэргэлэн цовоо хүн байсан. Бид хоёр жин тээж байгаа хүмүүстэй нийслэлд ирсэн. Манай Л.Намсрай их царайлаг залуу байлаа" гээд замдаа болсон явдлынхаа тухай ярьдаг байлаа.
Сүүлд У.Амарсайхан гэдэг сэтгүүлч Л.Намсрай ахын тухай аавыг нас нэлээд өндөр гарсны хойно ирж ярилцлага авч байсан нь надад хадгалагдан үлдсэн. Тухайн үед би хажууд нь байсан болохоор аавынхаа ярианаас Л.Намсрай ахын тухай мөн сонсож байлаа. Гэвч тухайн үедээ зураг хөрөг нь олдоогүй. Харин сүүлд сэтгүүлч, судлаач Ч.Болд “Алс газар сурахаар одогсод” гэдэг номоо гаргаж, судалгаа хийсний дотор манай удмын Л.Намсрай гэдэг хүний түүх, намтар тодорхой гарсан байдаг юм. Түүнээс өмнө ийм хүмүүсийн ураг удам гэж судлах нь битгий хэл хэлж, ярихад хэцүү цаг үед амьдарч байлаа, бид.
Аав "Л.Намсрай ах их сайхан зурдаг хүн байсан" гэж ярьдаг юм. Цэргийн театрт байхдаа утга, уран зохиолын олон бүтээл туурвисан. Түүнээс олны дунд хамгийн их танигдсан “Өргөмөл сувд” жүжгийн зохиолыг Л.Намсрай гэдэг хүн бичсэн юм шүү дээ. “Ах СССР”, “Би өгөөгүй юм гэж үү”, “Чоно голын манжин”, “Цэцэг нуурын дугайлан” зэрэг олон жүжгийн зохиол, яруу найргийг бүтээн туурвисан сэхээтэн байсан юм билээ.

Л.Намсрайн төрсөн ах Л.Санжаажамц Богд хан уулын чуулганы дарга буюу одоогийн Төв аймгийн анхны дарга, шатрын спортыг түгээн дэлгэрүүлэгч
-Танай удмаас ганц Д.Намсрай гэдэг хүн хэлмэгдээгүй гэж та дээр ярьсан шүү дээ. Энэ тухай тодруулж болох уу?
-Тийм ээ, олон хүн хэлмэгдэж, цаазлуулсан юм билээ. Миний өвөөг 1937 онд хэлмэгдүүлж, ДЯЯ-ны ногоон малгайтууд “туугаад” явсан гэдэг юм. Аавыг “хар” болгож, цэрэгт явуулснаар арай гэж амьд үлдээсэн гэдэг. Аав минь У.Амарсайхан сэтгүүлчид өгсөн ярилцлагадаа “1937 оны өмнөхөн аав намайг “хар” болгож, хөдөө гаргасан. Дараа нь би аавтайгаа жин тээж яваад уулзахад бие нь их тааруу байсан. Тэгэхэд аавыгаа эцсийн удаа харсан даа. Аав минь удалгүй баригдаад эсэргүү нэр аван цаазлуулсан. Ээж “Өдөр нь ДЯЯ-ны хүн барьдаг машин манай хавиар үзэгдсэн. Шөнө нь хүмүүсээ “түүхэд” аав чинь баригдаж явсан. Манай хамаг юмыг хуу хамж, хураасан. Улсын орлого болсон нь юу л бол. Даллаганы уутыг маань сэгсэрч, хоослоод надад өгсөн” хэмээн ярьж байсан юм. Би ураг удмынхаа тухай номыг эмхэтгэн гаргасан. Лагнаадорж гэдэг хүний ураг удам 5000 гаруй айл өрх болсон байна. Тэнд хэлмэгдүүлэлтэд өртсөн хийгээд бусдынх нь тухай тодорхой бий.
Ийн Өмнөдийг зорьсон анхны 35, Франц Улсад очсон дөрвөн сурагчийн нэг Л.Намсрай 33 насандаа нартаас буцсан гашуун түүхтэй. Цэл залуухан түүний үр удам тасарсан ч эхлүүлсэн бүтээл туурвил нь үеийн үед үлджээ. Түүний нэг нь анхны гар зургийн хэвлэл буюу латин үсгээр галиглан “Бичиг үсэг мэдэх болсон нь” гэх ханын самбар аж.
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...
| М.ЧИМЭДДОРЖ: ӨРНӨДИЙГ ЗОРЬСОН 35 СУРАГЧИЙН НЭГ, ФРАНЦАД СУРАЛЦСАН Л.НАМСРАЙ АХ МИНЬ ГУРВАН УЛСЫН ГЭХ ХИЛС ХЭРГЭЭР ЦААЗЫН ЯЛ СОНССОН |
|
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |