-Сайн байна уу.Сүүлийн жилүүдэд театрынхаа жүжгүүдийн гол дүрд тоглож байна шүү. Тэр талаараа яриа дэлгээч?
-Манай театр шинэ жүжиг тавихтай холбоотойгоор дүрийн сонгон шалгаруулалт зарладаг. Өөрөөр хэлбэл, жүжигчин бүр өөрийн ажиллахыг хүссэн дүрээ сонгон бэлдээд найруулагч, продюсер, уран сайхны удирдагч, бүжгийн болон дууны багш нартаа үзүүлж шалгуулдаг.Тэдний сэтгэлд нийцэж, тухайн дүрд тохирно гэж үзвэл ажиллахыг хүссэн дүрийг нь өгдөг гэсэн үг. Миний хувьд ч гэсэн өөрт хамгийн ойр, ‘би энэ дүрийг чадна’ гэж мэдэрсэн дүрээ бэлдэж шалгуулдаг. Мэдээж авах тохиолдол ч байсан, авахгүй үе ч байсан гэдгийг нуугаад яах вэ.
-“Арслан хүлэгт баатар” жүжиг дахин тоглогдох гэж байна шүү дээ. Жүжгийнхээ талаар яриа дэлгэвэл?
-"Арслан хүлэгт баатар" жүжиг маань үзэгдэл болгон нь хүүхдүүдийг уйдаахааргүй жүжиг болсон байгаа. Тайз, дуу, дүр, хувцас гээд бүх зүйлс нь маш сонирхолтой хүүхдүүд үнэхээр гүн орж үзнэ гэдэгт итгэлтэй байна. Хурдхан шиг хүүхдүүдтэйгээ уулзаж мянга мянган хүүхдүүдийг өөрсдийнхөө бүтээсэн ертөнцөд автуулах гээд тэсэн ядан хүлээж байна даа.

-Таны дүрийн тухайд?
-Миний дүрийн нэрийг Алагдай хүү гэдэг. Сэргэлэн цовоо, эрдэм номтой жаахан дүрсгүй хүүгийн тийм дүр байгаа. Гэхдээ сайн талаараа шүү.
-Энэ жүжгээр дамжуулан хүүхдэд юуг ойлгуулах бол?
-Сурсан бүхэн чинь эрдэм шүү. Их бага гэж гололгүй байнга сурч, суралцаж яваарай. Эрдэм мэдлэг хамгийн чухлыг ойлгуулахыг хичээсэн.
-Хүүхдийн жүжигт тоглоход хүндрэлтэй зүйл гарч байна уу?
-Анх бэлтгэлийн үеэр айдастай байсан юуг нь нуухав. Би чадах болов уу. Нэг удаагийн тоглолтыг 760 хүүхэд үзнэ. Тэр олон үзэгчийг би барьж чадах болов уу гэсэн түгшүүр бол зөндөө байсан. Одоо бол эсрэгээрээ тайзан дээр би үнэхээр жаргаж тоглож байгаа. Тэр хүүхдүүдийн үнэн нүдийг тайзан дээрээс харах ямар гоё ямар их хүч өгдөг гээч. Өдөрт зургаан удаа тоглосон ч ядрахгүй байх.
-“Ромео Жульетта хоёр” жүжгийн Ромеогийн дүр залуу уран бүтээлч бүрийн шунадаг дүр байх. Энэ дүрд сонгогдох ямар байсан бэ?
-Мэдээж шуналгүй яах вэ. Анх 2015 онд Ромео ба Жульетта жүжгийг Улсын драмын эрдмийн театр-т үзсэнээс хойш урлагт, тэр дундаа театрын урлагт маш их хайртай болсон. Манай театр 2024 оны сүүлээр Ромео ба Жульетта жүжгийг тавихаар болж, “Та бүхэн өөрийн хүссэн дүрээ бэлдээд бидэнд шалгуулаарай” гэж удирдлагууд маань хэлж байсан юм. Тэр үед бид бүгд маш их баярлаж, өөрсдийн мөрөөдлийн дүрээ бэлдэж эхэлсэн нь одоо ч тод санагддаг. Нийт зургаан Ромео, долоон Жульетта өөрсдийн бэлдсэн хэсгээ үзүүлснээс хоёр Ромео, хоёр Жульетта шалгарч, нээлтээ хийж байсан. Сонгогдсон тэр мөчийг үгээр илэрхийлэхийн аргагүй сайхан санагдсан. Баяр хөөртэй зэрэгцээд асар том хариуцлага ч ирсэн. Ямартай ч энэ жүжгийнхээ хөшгийг нээснээс хойш бүтэн нэг жилийг ардаа үдсэн байна. Энэ бүтээлээрээ би дахин нэг их сургууль төгссөн мэт санагддаг.
-Өмнө бүжгийн хамтлагт байсан юм билээ. Тэр талаар яриа дэлгээч?
-“Aim4r Production”-ний харьяа "Assassins" гэдэг хамтлагт бүжиглэж байсан. Анх бол өөрийгөө хөгжүүлж задлах зорилгоор бүжиглэж эхэлсэн. Гэхдээ би таг мод байсан гэвэл итгэх үү, зарим хүмүүст хэлэхээр итгэдэггүй юм. Тэгээд 2018 онд “Авьяаслаг Монголчууд” шоунд хамтлагаараа оролцож байсан. Тэр үеэс хойш хамтлагаасаа гарсан. Соёл Урлагийн Их Сургуульд сурахын хажуугаар бүжиглэх гэхээр төдийлөн цаг амжихгүй байсан юм.
-Таны хүүхэд нас хаана, хэрхэн өнгөрсөн бэ. Гэр бүлийнхээ талаар ярьж болох уу?
-Манай ээж Англи Улсад ажиллангаа амьдардаг. Аав болохоор Америкт ажиллаж, амьдардаг. Бараг л хоёр настайгаасаа хойш эмээ, өвөөтэйгөө өссөн. Манай өвөө Монгол Улсын Гавьяат нисгэгч Д.Пүрэвдорж. Харин эмээ маань МУСТА Хилийн цэргийн дуучин Ч.Огтоо гэх хүмүүс байдаг. Өвөө эмээ хоёртоо энэ завшааныг ашиглаад баярлалаа гэж хэлэх гэсэн юм. Та хоёрынхоо ачаар хүү нь өдий зэрэгтэй яваа шүү.
-Оюутан нас хүний амьдралын хамгийн сайхан цаг үе байдаг. Оюутан насны дурсамж, багш нар, найзуудынхаа тухай яриа дэлгээч?
-2018 онд Соёл Урлагийн Их Сургуульд МУУГЗ Б.Отгонбат багшийнхаа удирдлага дор элсэн орж байлаа. Манай багшийг хүмүүс Найрамдал зуслангийн захирал гэдгээр нь андахгүй байх. Мөн тайзны ярианы багш СТА Б. Даваа, СТА Я. Билгүүнсар багш нарыгаа дурдахгүй өнгөрч болохгүй. Энэ гурван хүн бидэнд жүжиглэх урлагийн суурийг тавьж өгсөн хүмүүс. Энэ завшааныг ашиглаад багш нартаа “Хүү нь хичээж яваа шүү, баярлалаа” гэж хэлмээр байна. Манай анги гучин дөрвүүлээ элсэж, мөн гучин дөрвүүлээ төгссөнөөрөө их онцгой. Одоо манай театрт л гэхэд манай ангийн зургаан сэргэлэн, шижигнэсэн залуус ажиллаж байна. Хамгийн сайхан дурсамж гэвэл ангиараа Улсын драмын эрдмийн театр-ын "Тэнгэрийн хүү" жүжгийн олны хэсэгт орж байсан мөч хэзээ ч санаанаас гардаггүй. Багштайгаа хамт нэг тайзан дээр зогсоно гэдэг үнэхээр гайхамшигтай мэдрэмж байдаг юм билээ.
-Цаашдаа дэлгэцийн урлагт өөрийгөө сорих бодол бий юү?
-Мэдээж бий. Дэлгэцийн бүтээлд ажиллах боломж гарч ирвэл хойш суухгүйгээр зоригтой оролцоно гэж боддог. Аливаа зүйлд тохироо нь бүрдэж, цаг нь таарах үе ирдэг. Үүнийг л хүлээж байна.
-Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа.

| Э.ДӨЛГӨӨН:“РОМЕО ЖУЛЬЕТТА ХОЁР” ЖҮЖГИЙН РОМЕОГИЙН ДҮРД ШУНАЖ, ДУРЛАЖ ТОГЛОЖ БАЙЛАА |
|
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |