“Алтран шаргалтах элсэн зүмбэртэй
Ариухан дөлгөөн Эрээн нуур
Алтан говийн буяныг бялхаасан
Амсар дүүрэн заяа юу даа хө” хэмээх “Эрээн нуур”, “Увс нуур”, “Найман нуур”, “Дэлгэр мөрөн”, “Буган сүлдтэй хайрхан”, “Тамсагийн цэнхэр хязгаар”, “Наран доорх наадам”, “Сайн байна уу, ээжээ”, “Гал шарын унага”, “Тольтой мөнгөн эмээл” зэрэг монголчуудын сонсох, дуулах дуртай 500 гаруй дууг “амилуулж” чадсан МУГЖ, хөгжмийн зохиолч Гончигийн Тэрбиштэй ярилцлаа. Тэрбээр өдгөө 76 настай ч уул, ус, байгаль, дэлхийг дуугаараа мөнхөлж, авьяасаа улам бүр өнгөлж, дархалж явна. Мөн 21 аймгийг дуутай болгож, олон уул, усаар овоглож явдаг монголчуудын сэтгэлд ойр хөгжмийн зохиолч билээ, тэр.
-Таныг үзэсгэлэнт сайхан байгаль, уул, усны шүншигтэй гэмээр. Тэднийг магтан дуулсан аялгууг зүр, тархинаасаа хэрхэн бүтээл болгон гаргадаг вэ?
-Би гадаад, дотоодын олон нуур үзэж, байгальтай танилцаж байсан. Тийм болохоор уул, усны сэдэвтэй бүтээл хийх илүү дөхөм, дотно байдаг юм уу даа. Төрийн шагналт, Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав надад “Уул үг хэлдэг юм шүү. Орныхоо ард уулын зураг өлгөчихөөд байнга харж байгаарай” гэж билээ. Гэхдээ уулын оройгоор дамнасан Найман нуур шиг нуур үзэж байсангүй. Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Д.Пүрэвдорж гуай надад “Найман нуур”-ын тухай шүлэг бичсэн. Чи түүгээр дуу хийгээрэй гэчихсэн байсан юм. Намайг шүлгээ нэхээд очтол
“Эзнээ төрөхөд мод нь ургах
Эргээд буцахад хад нь уйлах
Элгэн хангайд минь эрхэлсэн
Эцэг тэнгэрийн буурал хувилгаад
Найман мөнгөн тахил буй зээ
Найман цагаан нуур мину зээ” хэмээн биччихсан гурав дахь бадгийг нь бичиж амжаагүй байгаа гээд Бавуугийн Лхагвасүрэнтэй шатар тоглоод сууж байв. Хоёр цаг гаруй хүлээж суусны эцэст би яарч байгаагаа хэлтэл, Б.Лхагвасүрэн Д.Пүрэвдорж гуайд “За, би гурав дахь бадгийг нь бичихэд тусалъя” хэмээн
“Аниргүй мандлын салхи амгалан
Адбиш ариусалд автан суухад
Цэвэр ичимтгий нутгийн бүсгүйд
Цээжний нууцаа алдан жаргамаар
Найман мөнгөн тахил буй зээ
Найман цагаан нуур мину зээ” хэмээн бичиж билээ. Тэгэхэд Д.Пүрэвдорж гуай “Чи миний санаж байсныг яг бичлээ” хэмээн инээлдэж, бид “Найман нуур”-ыг дууг болгож байсан түүхтэй. Харин “Эрээн нуур” гарснаас 10 жилийн дараа олны сонсох дуртай дуунуудын нэг болж билээ. Тухайн үед Бавуугийн Лхагвасүрэн “Эрээн нуур”-ын шүлгийг хэн зохиосон юм” гэхэд нь “Жаргалант сумын даргын жолооч Д.Лхагвасүрэн зохиосон юм. Аймгийн радио, телевизэд сэтгүүлч, яруу найрагчаар ажилладаг юм” гэтэл “Надтай ямар адилхан зохиож байна вэ. Түүнтэй уулзах юм сан. Хүмүүс “Эрээн нуур” сайхан дуу болж гээд баяр хүргээд байх юм” гэж билээ. Тэгэхэд Б.Лхагвасүрэн “Зүүдний говь”-ийг бичээгүй байсан үе. Би энэ сайхан бүтээлүүдийг хийх хувьтай азтай хүн гэж боддог.
-Уул, ус, байгаль, дэлхийн тухай дуунаас гадна баяр наадам, хурдан морины сэдэвтэй бүтээл хийсэн байдаг. Тухайлбал, алдарт Гал шарын унага дууг хэрхэн бичиж байв?
-1980-аад оны үед ардын арми сурталчлахаар Дандар баатар, П.Бадарт нартай Сүхбаатар аймгийн хурдан морины угшилтай Галшар сумыг зорьж билээ. Зочид буудалд
П.Бадарч ахтай суухдаа “Хоёулаа “Гал шарын унага” хэмээх дуу хийе. Та шүлгийг нь бичээд өг” гэтэл “Машин удалгүй ирэх гэж байдаг. Би шүлгийг нь бичиж, чи аяыг нь хийж амжих уу” хэмээн намайг басах маягтай болсноо 20-иод минутын дараа
“Гал шарын унага нь хө
Ганзага суграм гараатай
Уясан эзнээ догдлуулаад
Уул эргэн хурдална” хэмээх дөрвөн мөрт бичиж өгсөн боловч түрлэггүй болчихоод болдоггүй. Тэгэхээр нь
“Гал шарын унага нь хө
Ганзага суглам хараатай” хэмээх хоёр мөртөөр нь дахилт хийж, дуу болгож, морины Г.Батбаяраар дуулуулж билээ. Дараа нь “Тэнгэрийн хүлэг”, “Наадмын морьдын тоос”, “Наран доорх наадам”, “Торгуудын жороо” хэмээх дуунууд хийж байсан.
-Танд аав, ээж, байгаль, дэлхий харамгүй их авьяас хайрлажээ. Та өөрийгөө төрмөл авьяастай гэж боддог уу?
-Би 1947 онд Завхан голын цаад эрэг Цагаан тохой хэмээх газар айлын отгон хүү болон мэндэлсэн. Завхан голын хөвөөгөөр “Эрээн нуур”-ын элс шуурч, салхины чимээ, Завхан голын халгиа миний сэтгэлийг уярааж байжээ.
Салхийг чих тавин сонсохоор хүн дуулаад байгаа ч юм шиг, чоно улиад байгаа ч юм шиг их хачин шүү. Байгаль эх надад харамгүй их авьяас хайрлажээ гэж боддог. Би гуравдугаар анги хүртлээ ээжийнхээ өвөрт унтдаг байлаа. Багадаа байнга уул, ус зүүдэлдэг байсан юм. Сонирхуулахад, үлгэрийн мэт шовх оргилтой уул, цалгисан их ус, далайн давлагаа зүүдэлж, хэний ч хараагүй уул, усыг сэтгэлдээ бүтээчихдэг байж дээ.
-Завхан гол таныг хөгжмийн зохиолч болгосон гэж болох уу. Та Завхан голын хөвөөнд хэрхэн наадаж, эрхэлж өссөн бэ?
-Манайх тогоо их нэрдэг айл байлаа. Тэгэхээр ус их орно гэсэн үг. Ээж намайг гурвын саваар усанд явуулна. Манайх голын эргээс 40-50 метрийн зайтай. Голд очоод тогоруу ангаахайгаа дундаа хийчихсэн сэлүүлж байгааг хараад их сонирхоно. Яавал энэ шувуу шиг нисэх бол, дэгдээхэйг нь барьж үзэх юм сан гэж боддог байж билээ. Завханы эрэг рүү хараацай орохоор “Тийшээ яаж хүрэх вэ” хэмээн гайхсаар удаж, удаж голоос ирнэ. Ээжийн асуултад “Ангаахай харж байгаад ирлээ” гэхээр “За, миний хүү шувууны үүр хөндөж, ангаахайд нь хүрвэл өмхийрчихдөг юм. Тэгээд эх нь голоод явчихна. Сүүдрээ битгий тусгаарай” гэж захина. Мөн ээж намайг хурганд явуулахын тулд, өрөмтэй ааруул, өрөмтэй боорцог өгдөг байсан юм. Түүнийгээ гамнаж идээд хургаа эргүүлээд ирнэ. Заримдаа гэрийн яндан харагдахаа болихоор гэр рүүгээ гүйгээд ирдэг байж билээ. Ингэж би байгаль, дэлхийтэйгээ танилцаж өссөн дөө. Завхан голын хөвөөгөөр харгана их ургана. Дунд нь тэмээ ороход харагдахааргүй өндөр ургадаг юм.
Манайх Завхан голыг дагаж нутагладаг байсан. Нүүдлээр гол гатлахаар ээжийг “Миний хүү гол руу орохоор нүдээ аниарай” гэхэд нь “За” гэсэн мөртлөө ус руу орохоор “Толгой эргэж, дайвалзана” гэж яадаг юм бол гээд нүдээ аяархан нээж хардаг байсан. Миний бага нас Завхан голын эрэгт, Алтай сайран дээр өсөж, хүмүүжсэн. Тиймээс өөрийгөө Алтайн сүрлэг уулсаас омогшлыг, Завхан голоос уярлыг олж авсан гэж боддог.
-Харин таны сэтгэл хөдлөл юунаас эхтэй бол?
-Бурхнаас заяасан өгөгдөл байна. Бүтээл хийх зарлигтай төрсөн болохоор сэтгэл хөдлөлтэй болчихсон юм байлгүй . Хөгжмийн зохиолч, хөгжимчин гэдгийг мэдэхгүй мөртлөө Алтайн 10 жилийн сургуулиа төгсчихөөд Шувуун фабрикийн дунд сургуульд хөгжмийн багшаар гурван жил ажилласан. Тэндээс Амгалан дахь барилгын цэрэгт хоёр жил алба хааж, ААДБЧ-д хөгжимчнөөр очсоноор гоцлол хөгжимчнөөр ажиллаж эхэлсэн юм. Аав, ээж намайг “Энэ л ах, эгч нараасаа өөр хүн болно” гэдэг байж билээ. Тэр үед нь би өөрийгөө “Хүн болох юм болов уу, үгүй юм болов уу” гэж боддог байсан. Тэд намайг хөгжимчин болно гэдгийг мэддэг байсан болоод ч тэр үү “Гар нь эвдэрчих нь” гээд морь унуулдаггүй байсан гээд л бод. Тухайн үед өөрийгөө хөгжимчин, хөгжмийн зохиолч болно гэж яаж санах билээ дээ. Завхан голоос цааш холгүйхэн Нурамт хайрхан гэж бий. Түүний энгэрт шохой боловсруулдаг байсан юм. Тэнд аймагт ял эдэлж байсан хөнгөн ялтай хүмүүс шохой хайлуулдаг байж билээ. Тэднээс Дашпунцаг хэмээх нь аймгийн наадмаас ирэхдээ гурван аман хуур авчирч, нэгийг нь хүүхдэдээ хоёрыг нь эгч, бид хоёрт өгч байсан юм. Тэр үед би таван настай байсан. Аман хуураа дуу орно гэж мэдэхгүй хурганд явахдаа л дэмий үлээдэг байлаа. Нэг удаа манайд кино багийнхан ирж, кино үзүүлсэн юм. Тэдний нэг нь миний аман хуураар ая тоглож үзүүлснээр би аман хуурт сонирхолтой болж, хөгжимчин болох хүсэлтэй болсон.
- "Увс нуур" дууг нь хийж өгсөн болохоор Увсынхан танд их сайн байдаг гэсэн. Үнэн үү?
-1991 оны дөрөвдүгээр сарын 25-нд Увс аймагт тоглолтоор оччихоод буцахдаа Ц.Чимэддоржтой хамт явах болдог юм. Биднийг онгоцонд суутал нэг буурай намайг “Чи “Эрээн нуур”-ыг бичсэн авьяастай хүү мөн үү. Бидэнд “Увс нуур” гээд “Эрээн нуур”-аас илүү дууг хийгээд өгөөч” хэмээн архи гаргаж өгөхөд нь “Үгүй” гэж чадахгүй зөвшөөрчихсөн юм. Надтай хамт явсан Увс аймгийн Завхан сумын харьяат Жанчив хэмээх “Шүлгийг нь хэн бичих юм” гэхээр нь “Увсын рашааныг хүртсэн чамаас өөр хэн бичих вэ” гээд харандаа, цаасаа өгтөл
“Эртний далайн арлах сэлүүр
Их л Тагнийн өвөр бэлээс
Ихлийн хэмээр цацлан цалгисан
Эцэг тэнгэрийн буурал хувилгаан
Аяганд мэлтрэх рашаан лугаа
Ашид мөнхийн ариун усаа
Өлмий тэнүүхэн нутгийн минь
Мэлмий тунгалаг Увс нуур аа” хэмээн бичсэн юм. Харин Ц.Чимэддорж бид хоёр
“Наран дотор давхилдсан морьтон түмний
Насан дэлхийд гайхуулсан
Монгол наадам мину зээ” хэмээх “Наран доорх наадам” дууны шүлгийг бичиж “Буянт-Ухаа” нисэх онгоцны буудалд хоёр дуутай бууж билээ. Би онгоцонд дөрвөн дуу хийж байжээ.
-Та нэг дууг хэдий хугацаанд хийдэг вэ. Зарим уран бүтээлчдэд бүтээл нь хурдан, чанартай гарах цаг үе байдаг байх. Таны хувьд?
-Цэргээр хүмүүжиж, эгэл жирийн малчин айлд өсөж, хүмүүжсэн болохоор “Тэрэнтэй тэгж сууж сэтгэлээ баясгая. Тэгчихээд бичье” гэж боддоггүй. Нотын цаас байхгүй байсан ч цаасан дээр шугамдаж байгаад ая хийчихдэг. Мөн дууны ая хийхдээ төгөлдөр хуур, баян хуур дээр барьдаггүй. Дээд, доод өнгө яаж дуугардаг билээ гэдгийг мэддэг болохоор тархи, зүрхээрээ мэдэрч хийдэг.
-Гэхдээ ямар нэгэн зүйл бодохгүй, эмзэглэхгүй шүлэгт аялгуу хийнэ гэж байхгүй байх. Тухайлбал, “Эрээн нуур”-ын аяыг хийхээр суухдаа гэж бодож, хэрхэн мэдэрч байв?
-Би “Эрээн нуур”-ыг үзээгүй аяыг нь бичсэн юм. Үзсэн хэдэн том, далай, тэнгисээр төсөөлөхөөс гадна ээжийнхээ өвөрт унтаж байхдаа зүүдэлсэн үлгэрийн мэт уул, усыг бодож бичсэн юм. Тийм учраас том бүтээл болсон байх. Дараа нь очиж “Эрээн нуур”-т очиж үзчихээд гайхсандаа инээж билээ.
-Ш.Батсуурь аваргаас өөр бөх танайхнаас төрсөн үү. Урлагийн авьяастай хүмүүс бий юү?
-Аав уртын дуу сайхан дуулдаг байсан юм билээ. Бас цэцэн цэлмэг үгтэй байсан гэж нутгийнхан ярьдаг. Аав минь нутгийнхандаа бариач, эх баригч гэдгээрээ алдартай хүн байсан. Очсон айл бүхэн аавд минь хадаг, ёотон өгдөг байсан.
Тухайн үед юм ховор байсан болохоор аавд минь олон хүний гар дамжсан хадаг, ёотон их ирдэг байсан юм билээ. Харин ээж минь их цэвэрч, сэжигч хүн байсан болохоор “Ээ, базарваань хуучин хадаг байна” гээд уул, хаданд залж, ёотонг нь өргөчихдөг байсан юм. Харин шинэвтэр ёотон байвал гадна талыг нь заавал хусаж, нунтаглаад өгдөг байв.
Би аавыгаа хүнд өвчтэй хэвтэрт байхад нь хоолыг нь зажилж аманд нь хийж өгдөг байсан. Тухай үед намайг арай эрүүл шүд, амтай нь гэж өгүүлдэг байсан байх. Ш.Батсуурь ах миний ээж хоёр үеэлүүд. Ах хилийн цэрэгт ажилладаг байсан болохоор манайхаар ирж, хонодог байсан. Ахыг ирэхэд нь ээж бид хоёр аймаг руу хамт явж билээ. Батсуурь ах ээжид Баянхонгорын Бөөн цагаан нуурыг зааж, “Бөөн цагаан нуурыг тойроход хоёр цаг болдог юм. Хэдүүлээ тойрох уу” гэж билээ. Бас л сониуч хүн байсан санагддаг. Өтгөн хөмсөгтэй, хүнхэр нүдтэй, том биетэй их сүртэй хүн байж билээ. Миний хоёр ах сонирхлоороо барилддаг байсан. Манайханд одоохондоо бөх төрөөгүй байна. Бидний хүүхдүүдээс төрөх байх гэж найддаг.
-Та хөгжмийн зохиолчоос өөр мэргэжилтэй болно гэж боддог байв уу. Багадаа юу сонирхдог байсан бэ?
-Би усан онгоц, нисдэг онгоц хийдэг хүн болно гэж мөрөөддөг байлаа. Техник их сонирхдог, эвдэрсэн машинаа эвлүүлээд хөдөлгөхөд бие нь тааруу хэвтэж байсан аав минь инээснээ “Хачин үр шүү, энэ” гээд өхөөрдөж билээ. Миний аав зүүдэнд огт ирдэггүй юм. Харин ээж минь намайг тоглолтоор энд, тэнд явах үед зүүдэнд ирдэг.
-Та монголчуудын сонсох, дагаж дуулах дуртай уран бүтээлүүдээсээ алийг нь онцолж ярих вэ?
-Надад таван эгшгээс хальсан хэд хэдэн бүтээл бий. Сүүлийн үед уртын дуу болон уламжлалт сэдэвтэй, хоёр элементтэй дуунууд хийж байгаа. Уламжлал, шинэчлэлийг хослуулсан бүтээлдээ хайртай. Гэхдээ аль нэгийг нь илүү сайн болсон хэмээн онцолж ярих боломжгүй. Олон түмний дуулдаг, зүрхэнд нь хоногшсон дуунуудаа “Сайн дуу болж дээ” хэмээн боддог. Сэтгэлийн сүүгээ мэлтэлзүүлэн байж бүтээлээ хийдэг болохоор ялгах аргагүй.
-Сайхан бүтээл хийнэ гэдэг амаргүй биз дээ?
-Юм бүтээнэ, зохионо гэдэг амаргүй. Хөгжмийн зохиолчид бие биеийнхээ бүтээлийг сонсож, судалж байж түүнээс тойруулж хийх ёстой юм шиг санагддаг. Нэлээн хэд сонсоод судалчихсан байхад хэн ч бусдын санааг давтахгүй, тойруулж байгаад илүүг хийхийг бодно. Л.Мөрдорж багш “100 дуу хийж байж нэг нь олонд хүрдэг юм” гэсэн байдаг.
-Танд бусдын бүтээлээс санаа авч, өргөжүүлж, үргэлжлүүлж хийсэн уран бүтээл бий юү? байсан тохиолдол бий юү?
-Нэгэн нэгний бүтээлийг давж, үргэлжлүүлж хийнэ үү гэхээс давтаж болохгүй. “Хуулъя” гэж бодоогүй байсан ч судлаагүй, сонсоогүй бол бусдын бүтээлийг хуулчих гээд байдаг тохиолдол уран бүтээлчдэд гардаг.Бүтээж чадаж байвал чадсан шиг чадах хэрэгтэй. Ямар ч уран бүтээлч сэтгэлээ ариун байлгах хэрэгтэй.
-Та дуулдаг уу. Ямар уран бүтээлчидтэй илүү дотно нөхөрлөсөн бэ?
-Багадаа ээжийнхээ үгэнд орохгүй намрын сэрүүнд хөл нүцгэн гүйсээр байгаад хоолой сөөнгө болчихсон юм. Хөгжмийн зохиолчдын ихэнх нь тааруухан дуулдаг байсан. Л.Мөрдорж, С.Гончигсумлаа, З.Хангал, Г.Алтанхуяг, Б.Түмэнжаргал яруу найрагчдаас Л.Түдэв, Ш.Сүрэнжав, П.Бадарч, Ч.Дагвадорж, Д.Цоодол, И.Цоодол, Н.Даваадаш, Д.Лхагвасүрэн, Б.Лхагвасүрэн нартай дотно, дуудах бүрд нь очиж саатдаг, уран бүтээлээ ярилцдаг байлаа.
-Танд амжилт хүсье.
МУГЖ, ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Г.ТЭРБИШ: АЛТАЙН СҮРЛЭГ УУЛСААС ОМОГШЛЫГ, ЗАВХАН ГОЛООС УЯРЛЫГ ОЛСОН БОЛОХООР СЭТГЭЛЭЭ МЭЛТЭЛЗҮҮЛЖ ДУУГАА БИЧДЭГ ДЭЭ |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |