• Өнөөдөр 2026-05-26

"ШИНЭ ҮСГИЙН БАГШ" КИНОНЫ ЛАГСАГ ТЭРГҮҮТЭЙ ДҮРИЙН ЭЗЭН МУГЖ Д.ХҮРЭЛХҮҮГИЙН БҮТЭЭЛҮҮД

2026-05-26,   120

     МУГЖ Д.Хүрэлхүүгийн бүтээсэн дүрийг бид “Шинэ үсгийн багш” киноны Лагсагаас эхлэн хайрлан үздэг билээ. Аль ч дүрээрээ тэр үзэгчдийн сэтгэлд ойр, тод. Хөгжилтэй, хөөрүү, элдэвтэй, эерэг дүрүүд түүнийх. Сүүлийн жилүүдэд харин тэр дүрд тоглохоос илүү кино бүтээх ажилд ханцуй шамлан орсон нь “Хүүк филм”-ийн уран бүтээлүүдээс илэрхий харагдана. Энэ удаад уншигч танд МУГЖ Д.Хүрэлхүүг зохиолч, продюсерынх нь зүгээс илүүтэй хүргэх гэсэн юм.

                ТӨЛӨӨС, ХАЙР, АМЬДРАЛ
 
         Алив бүтээл хэнээс төрнө, тийм л өнгө, утга, амттай байдаг. Хэдийгээр тэр ондоо найруулагч, олон сайхан уран бүтээлчидтэй хамтран “Хүүк филм”-ийнхээ бүтээлүүдийг хийдэг ч зөвхөн түүний л гэх онцлог мэдрэгддэг. Тэдний бүтээл “Төлөөс” уран сайхны киногоор эхэлсэн. Бүрнээ, Сүхээ нар бүгдийг тэгээс эхэлсэн хамтрагчид. Нэгэн удаа Бүрнээ ажлын шаардлагаар гадаад явах хэрэгтэй болох бөгөөд энэ үед бүх ажлыг Сүхээ хариуцаж үлдээнэ. Мөн яг энэ үед Бүрнээгийн гэрт Сүхээ Халиунаа хэмээх нэгэн охиныг гэрийн үйлчлэгчээр оруулснаар бүх зүйл өрнөнө. Дараагийн бүтээл нь “Манайд нэг удаа”. Хүрэлээ жүжигчин энэ бүтээлийн зохиолыг нь бичиж, продюсераар ажиллахын зэрэгцээ дүр бүтээснийг үзэгчид андахгүй байх. Эгэл жирийн амьдрал, гэр бүлийн доторх хөгтэй хөгжилтэй үйл явдлаар баяжсан энэхүү бүтээлд тэр бидэнтэй хэзээний дотно, бүр заримдаа эрхгүй үгүйлэгдэх хөгжилтэй нэгний дүрээр уулзсан.
 
      “Хүүк филм”-ийн бүтээлүүд үүгээр ч зогсохгүй “Гэсэн ч би хайртай”, “Эхнэрийн зөв”, “Ихэр тавилан” , “For you”, “Хоёр шөнө” гэхчлэн үргэлжилсэн. Эдгээрээс “Цэнхэр дээлтэй охин” аймшгийн адал явдалт киног онцлох нь зүйтэй болов уу. Тэр хайрыг, хүний өр төлөөс, хүн хоорондын харилцааны адармаа, амьдралд тулгарах чухал асуудал гээд сэдэв санаа бүрийг л хөндөн дэвшүүлж бүтээлээ хүргэж буйн дотор цоо шинэ өнгө, өнцөг орж ирсэн нь “Цэнхэр дээлтэй охин” кино. Аймшгийн төрөл жанрыг уран бүтээлч бүр барьж аваад байдаггүй. Үүнээс нь түүнийг аль ч төрөл, утга, агуулгад оюун сэтгэлээ зориулан бүтээл болгон гаргаж чаддаг чадвар туршлага, хүсэл эрмэлзлэл тодорно. Уншигч та ерөөс түүний эл бүтээлүүдийг үзэхэд хувь уран бүтээлчийнх нь онцлог, онцгойрол гарцаагүй тодорч, тэр тухайн бүтээлүүдээр дамжуулан юу хэлэх гэж буй нь мэдэгдэх юм. Хошин урлагийн нэрт жүжигчин, сэтгэлд хоногшсон дүрийн эзэн уран бүтээлчийн жинтэй бүтээлүүд улам ч олноор төрнө биз ээ.
         
    ЗАЛУУСДАА ҮЛГЭРЛЭНЭ, ДЭМЖИНЭ
 
         Филмийнхээ бүтээлүүдээр дамжуулаад тэр залуу уран бүтээлчдээ дэмжиж, тэдэнд үлгэрлэж, тодруулахыг нь тодруулж, зааж чиглүүлэхэд нь зааж чиглүүлж буй. Мэдээж зааж зааварлаад, шүүж тунгаахаас илүүтэй өөрөө хөтлөн үлгэрлэж, тэдний уран бүтээлд хандах хандлага, дүрдээ ажиллах чадварыг өөрийн үлгэрлэлээр нэмэгдүүлж буй нь яах аргагүй туршлагатай, том уран бүтээлчийн хийж буй чухал, зөв ажил. Хэнийг ч шинэ залуу, дөнгөж сургуулиа төгссөн гэж хойшлуулалгүй харин ч итгэж, хичээх, өөрийгөө харуулах боломж олгож, киноныхоо өнгө төрхийг залуучуудаараа бүрдүүлдэг нь өдгөө хийсэн эдгээр бүтээлээс нь илэрхий байна.
 
1988 он.
 
       24 настай залуу Багшийн дээд сургуулийн кино драмын ангид орно гэсэн бодол өвөрлөн Өмнөговь аймгаас хотод иржээ.  Энэ тухай “Улаанбаатар хотод анх удаа хөл тавьж буй минь тэр. Бурхан хүнийг нэг л удаа хардаг гэсэн үг бий. Тэгэхэд л намайг харсан болов уу гэж бодогддог. 600 шахам хүүхдээс гурван үе шаттайгаар найман хүүхэд шалгаруулж авахад нь үлдсэн юм. Өмнөговийн театрт зургаан сар арьс адил “элдүүлсний” минь ач. Багшийн дээдийн кино драмын ангид хоёр жил суралцаад, 1990 онд Соёл урлагийн их сургууль тусдаа шинээр нээгдэхэд түүнд суралцаж төгссөн. Биднийг анх дааж авсан багш маань нэрт найруулагч, “Говийн зэрэглээ” киноны Арслангийн дүрийг бүтээсэн Г.Доржсамбуу. Нэгдүгээр ангиа төгсөх жил  багш драмын театрын найруулагчаар ажиллах болж, “Гарын таван хуруу”-гийн Шагдар буюу Л.Лхасүрэн багш биднийг удирдаж эхэлсэн. Хоёр алдартай уран бүтээлчийн гарын шавь болсноороо бахархдаг” гэж ярьсан байдаг. Түүний ингэж сурч, өөрийгөө сорьсон цаг хугацаа бол 1988 оноос эхлэлтэй байна. 
 
ХАНЦУЙ ЛАГСАГ
 
       Анхны дүр нь “Түгшүүрт шөнө” киноны хянагч гэнэ. Харин “Шинэ үсгийн багш” киноны Лагсагийн дүрийг бүтээсэн тухайгаа “Миний энэ дүрд хүмүүс их хайртай байдаг. 1999 онд Хүүхэд залуучуудын театрт ажиллаж байхад найруулагч Б.Бадарууган агсан  “Нэг кино зохиол байна. “Ханцуй” Лагсагийн  дүрд чи л тохирох юм шиг санагдаад” гэв. Эх зохиолыг нь уншлаа. Маш их таалагдав. Уул нь Лагсаг эх зохиолдоо тийм ч гол дүр байгаагүй. Зүгээр нэг үзэгдээд өнгөрдөг л дүр байсан. Харин зураг авалтын үеэр чимхлүүр ажлууд хийгдээд аятайхан болчихсон. Зохиолыг нь бичиж, продюссероор нь ажилласан Батжаргалын Жамбалдорж гэж хүний төрсөн  нутаг Завхан аймгийн  Нөмрөг суманд киноны зургийг авсан” гэжээ. Ийнхүү түүнээс хойш “Ядуугийн зовлон”, “Тагнуулч аав гэхчлэн олон сайхан дүрийг бүтээж, өдгөө ч ард түмэндээ бүтээлээ хүргэн хайрлуулсаар яваа түүнд уран бүтээлийн өндөр амжилт хүсье.

"ШИНЭ ҮСГИЙН БАГШ" КИНОНЫ ЛАГСАГ ТЭРГҮҮТЭЙ ДҮРИЙН ЭЗЭН МУГЖ Д.ХҮРЭЛХҮҮГИЙН БҮТЭЭЛҮҮД
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188