• Өнөөдөр 2024-04-28

ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА: 45000 төгрөгөөр 10 килограмм төмс авах уу, таван килограмм будаа авах уу

2022-07-19,   707

                    Томоохон зах,  худалдааны төвийн “Бөөний зах” гэсэн хэсгээр үйлчлүүлэх иргэд олон байдгийг мэдэх байх. Учир нь дэлгүүрийн бараанаас хэдэн төгрөгөөр хямд болохоор үйлчлүүлэхийг зорьдог. Үнийн өсөлтөөс болж хоногийн хоолноосоо холдох шахсан иргэдийн тоо олширч байна. Сүүлийн үед цахим сүлжээнд “Нэг килограм төмсний үнэ 4500 төгрөг болжээ. Арай ч дээ” гэх пост олны анхаарлыг татаж, гайхширлыг төрүүлээд буй. 

             Орон сууц, ихтэй барилга байгууламжийн дэргэдэх зах, худалдааны төвд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн болох мах, гурил, будаа, элсэн чихэр, хүнсний ногооны үнэ ямар байгааг энэ удаагийн өдрийн сурвалжилгаараа тодруулахыг зорилоо.

            Бага ангийн хүүхдээ нэг гартаа хөтөлж, нөгөө гараараа таяг тулж явах эмээ хүн бужигнасан захын “Хүнс” гэсэн хэсэг рүү чиглэнэ алхана. Хөтөлж яваа охин нь захын лангуун дээгүүр эрээлжлүүлэн өрсөн элдвийн зүйлийг харан “Эмээ энийг хардаа. Гоё байгаа биз” гээд найдлага тээсэн харцаар эмээ рүү гээ харна. Хариуд нь “Миний охин энэ юу юм. Юунд хэрэглэдэг эд вэ” гээд цүнхээ уудалж худалдагчаас “Энэ нь хэд гэдэг юм бэ”гэв.  Энэ тэндээ гялалзах, гэрэл асдаг үсний даруулга нь  охинд нь их  таалагдсаныг анзаарсан худалдагч “Гэрэл асдаг үсний хавчаар. Нэг ширхэг нь 18 мянган төгрөг гэдэг. Та яах вэ охиндоо 15 мянган төгрөгөөр авахгүй юү даа” гэлээ. Эмээ  хавчаарын үнийг сонсмогцоо охиндоо хандаж “Эмээгийнх нь мөнгө хүрэхгүй байна. Дараагийн тэтгэвэр дээрээс авч өгье. Хоолны юмаа аваад харъя, хоёулаа” гэж аргадангуй янзтай, гараас нь атгаж цааш алхав. Хойноос нь худалдагч эмэгтэй “Манайхаас өөр газар 20 мянгатай байгаа. Авахгүй бол хохино” гээд заалаар нэг орилох нь тэр.  Хажуугаар зөрөн өнгөрөх иргэд сонжсон харцаар харахад эмээ хэдийнэ дассан мэт огт тоосонгүй. Үүднээсээ л шуугиан дагуулсаар хүнсний тасагт ирлээ. 
       Бөмбөгөр худалдааны төв хөл хөдөлгөөн их, хүнс ногооны 2-3 лангуун дээр оочирлох иргэн олон байв. Хэсэг хугацаанд ажиглан зогсоод “Миний хүү танайд төмс бий юү. Ойрд олдохгүй байна” гэхэд “Байгаа. Хуучин ургацын төмс 4500 төгрөг. Та хэдэн килограмыг авах уу” гэв. Хариуд нь эмээ “Тоглож байгаа байлгүй дээ. Ийм үнэтэй гэж үү. Яагаад та нар дураараа ингэж нэмдэг юм”. Худалдагч “Та авах юм уу үгүй юу. Цаана чинь авах хүн олон байгаа. Угаасаа дуусаж байна. Авахгүй бол холд” гэв. Эмээ ч бууж өгсөнгүй. “Өлсөөд үхэлтэй нь биш. 500 граммыг авъя” гээд авлаа. Энэ мэт үйл явдал өдөртөө хэд хэд давтагдана. Хүнсний тасаг өргөн хэрэглээний үнийн өсөлтийн талаар гайхаж, бухимдсан иргэд цөөнгүй. 
 
      Энэ асуудлаас улбаатай яагаад бараа бүтээгдэхүүний үнэ урьд өмнө байгаагүйгээр нэмэгдсэн талаар ШӨХТГ-ын  дарга С.Мөнхчулуунаас тодрууллаа. 
Тэрбээр “Баяр наадмын амралт өчигдөр дуусаж, өнөөдрөөс манай ажил эхэлж байгаа. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн талаар иргэдээс санал гомдол ирсэн. Үүний дагуу манай байгууллагаас  ажлын хэсэг гарч томоохон зах, худалдааны төв, сүлжээ дэлгүүрийн бодит байдал, үнийн талаар судлахаар ажиллаж байна. Тухайн ажлын алба нь арван хоногийн хугацаанд дотор судалж, цаашдаа ямар арга хэмжээ авах талаар хэлэлцэж олон нийтэд мэдээлнэ. Заавал арван хоногтоо бус түүнээс өмнө анхан шатны  мэдээллийг хүргэнэ. Жишээлбэл Номих их дэлгүүрт төмс огт байхгүй байна. Үүний цаад шалтгаан нь хомсдол үүссэн үү  эсвэл үнэтэй учраас  авахгүй байна уу гэдгийг ажлын хэсгийн ажиллагааны үр дүнгээр тодорхой болгож, асуудлыг хэрхэн шийдэх гарч гаргалгааг олох юм. . Иймд иргэд хүлээцтэй хандаж, манай байгууллагаас хүргэх албан ёсны мэдээ мэдээллийг хүлээн аваарай” гэлээ.

-45000 ТӨГРӨГӨӨР НЭГ ШУУДАЙ ТӨМС АВДАГ БАЙСАН БОЛ ОДОО 10 КГ ТӨМС АВАХААР БАЙНА-

         Нэг кг төмсний үнэ үнэхээр 4500 төгрөг болчихсон гэдэгт итгэл төрсөнгүй. Зөвхөн бөмбөгөр худалдааны төвийн ногооны тасагт л ийм ханштай байгаа байх гэж бодон цааш Хархорин, Sunday худалдааны төвийг зорилоо. Хархорин захын үйл ажиллагаа эхлээгүй хаалттай байв. Ойр хавьд нь жижиглэнгийн худалдаа эрхлэгчид энд, тэнд бөөгнөрөн сууж харагдана. Судлахыг зорьсон зүйл минь иргэдийн өдөр тутмын хэрэглээ болох  мах, гурил, будаа, хүнсний ногоо байсан учир дараагийн худалдааны төв рүү хөдөллөө. Тэр нь иргэдийн хэлдгээр Sunday-2 юм. 
Sunday худалдааны төвийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж, үйлчлүүлж буй хүн олон байв. Худалдааны төвийн гадна байрлах явган хүний замын дэргэд 3-4 сүүдрэвчин дор хуваагдан суух цөөхөн худалдаа эрхлэгчид байлаа.  Тэдний төлөөлөл болох худалдаачин Л.Чанцалмаа байр сууриа хуваалцлаа.
       Тэрбээр “Хүнсний ногоо борлуулаад хоёр жил гаран болж байна. Урьд өмнө ийм үнэтэй болж байсангүй. Төмс л гэхэд өнгөрсөн жил 700 төгрөг байсан. Энэ жил манай лангуу нь дээр хуучин ургацын төмс 3500 төгрөг. Шинэ ургац 4000 төгрөгөөр бярлуулагдаж байна. Иргэдийн худалдан авах чадвар эрс муудсан. Арга ч үгүй байлгүй дээ. Авдаг ногоо нь 3-4 дахин нэмэгдчихээд байна. Жишээлбэл миний хувьд ногоогоо барс захын худалдаачнаас өглөө болгон очиж татдаг. Их хэмжээнд авч чадахгүй, зоорь байхгүй учир ам архан муудчих гээд байдаг. Наадмын өдрүүдээр амарч байгаад өнөөдрөөс ажилдаа ирэхэд төмс олдохгүй байна.Мөнгөтэй, зоорь, агуулах хадгалах газартай хүмүүс нь байгаа ногоогоо хямд байхад нь дарж аваад, ховордоод ирэнгүүт жижиглэнгийн бид нар шиг худалдаачдад өндөр үнээр борлуулдаг. Ингэж болохгүй л дээ. Иргэд намайг хүссэн үнээ тавиад борлуулж буй мэт уурлаж, их бухимдаж байна. Уг шалтгаан нь юу болоод байгааг шийдэхгүй бол арай хэтэрлээ. Би хүртэл хоногийн хоолныхоо мөнгөө олох гэж өдөржингөө суугаад ч хаана ч хүрдэггүй. Наадмаас өмнө уг нь төмс 2000-2500 төгрөгийн хооронд хэлбэлзэж байсан. Амраад ажилдаа орсон үнэ нь нэмэгдчихжээ. Цаанаасаа л ийм өндөр үнэтэй байхад ямар ч арга байхгүй байгаа юм. 
  • Төмс нэг кг: 3500-4000 төгрөг
  • Лууван нэг кг :5000 төгрөг
  • Монгол саладны навч нэг кг: 4000 төгрөг
  • Монгол огурцы нэг кг :5000 төгрөг
  • Байцаа нэг кг :2500 төгрөг
  • Шар манжин нэг кг : 2500 төгрөг
  • Ягаан манжин нэг кг: 5000 төгрөг
  • Монгол сонгино нэг кг: 3500 төгрөг
  • Сармис нэг хумс нь: 1000 төгрөг
      Нэг шуудай төмсийг өнгөрсөн жил 40000-45000 төгрөгөөр авдаг байсан бол энэ жил 230000 төгрөгөөр авлаа. Өнөөдөр л гэхэд би шинэ ургацын нэг шуудай 55 кг төмсийг 230000 төгрөгөөр авлаа. Үнэтэй ч гэсэн дороо дусчихсан. Цаашдаа яаж амьдрах юм бүү мэд хэцүү байна” гэсэн юм. 
       Түүний үйлчлүүлэгч Г.Дэлгэр “Би арай хямд гээд захаас  хүнсээ авдаг. Одоо ч хэрэг алга. Цалин хаана ч хүрэхгүй байна. Ажил хийгээд ч сайхан амьдрах боломж байхгүй. Бид нар монгол хүн. Тэгээд яагаад монгол ногоогоо хямдхан авч болохгүй байгаа юм . Сардаа 600000 төгрөгийн цалин авдаг хүн бол амьдрах арга. Хүүхдүүдээ өлсгөхгүйн тулд өөрсдөө өлссөн ч гүрийж амьдар гэж байгаа юм шиг үнэтэй байна. Манай төрийн дээдчүүл юу бодож байдаг юм гэдэгт гайхаж байна.  Эх орныхоо хамаг баялаг юу байдгыг нь өөрсдөө авчихаад бусад нь хамаагүй гэж байгаа юм шиг л хөсөр хаяж байна” гэв.

-МАХНЫ ОЛДОЦ БАГАСАЖ ҮНЭ ӨСӨХ ВИЙ ГЭСЭН АЙДАСТАЙ БАЙНА -

       Их тойруу худалдааны төв бол ашиглалтад ороод хоёр жил болох гэж буй үйлчилгээний газар юм. Хоол, хүнс, хувцас гээд хүний хэрэглээг бүгдийг нь байршуулсан ч мэддэг, үйлчлүүлдэг хүн тун ховор. Ойр хавын орон сууцны иргэд л мэддэг гэхэд буруудахгүй. Иймд бид тухайн худалдааны газар ажилладаг махны тасгийн худалдаачин П.Оюун-Эрдэнэтэй уулзаж үнийн өсөлт болон иргэдийн худалдан авах чадвар ямар байгааг тодрууллаа. 
 
      Тэрбээр “Би анх нээгдсэн цагаас эхлэн энд ажиллаж байна. Наадмын амралт гээд манай төвөөр үйлчлүүлэх иргэн цөөн байна. Ер нь л хүн багатай байдаг. Махны салбар чинь хадгалах горим, шинжилгээний хуудас гээд бүрдүүлэх, шаардах зүйл ихтэй. Үйлчлүүлэгчид шинэ мах авах хүсэлтэй байдаг. Гэтэл борлуулалт муу үед татаж авсан мах долоо хонох тохиолдол бий. Миний хувьд Хүчит шонхор захаас авдаг. 
Хонины мах цул нэг кг: 14500 төгрөг
Хонины мах ястай нэг кг: 12000 төгрөг
Үхрийн мах ястай нэг кг: 14000 төгрөг
 
     Мах ч гэлтгүй барааны үнэ нэмэгдсэнд бензиний үнэ өссөнтэй холбоотой.  Малчид Улаанбаатар хот руу зөөх зардал нэмэгдэж түүнийгээ дагаад урсгал зардал ч нэмэгддэг. Худалдагч нар дур мэдээд, өөрсдөө ашиг олохын тулд нэмээд байдаггүй. Зайлшгүй нөхцөл байдал тулгарч, цаанаасаа л нэмэгдээд ирсэн учраас л үнэ өснө. Махны олдоц бас муудаад байгаа. Үүнийгээ дагаад үнэ өсөх вий дээ гэсэн айдастай байна. Худалдаачид ч бас хэцүү нөхцөл байдалд байгаа гэдгийг иргэд ойлгоосой  гэж хүсэж байна” гэлээ. 

-БЕНЗИНИЙ ҮНЭ НЭМЭГДСЭН БОЛОХООР ГУРИЛ, БУДААНЫ ҮНЭ НЭМЭГДЭНЭ-

          Их тойруу худалдааны төвд задгай цагаан будаа нэг кг нь 3500-4800 төгрөгийн хооронд хэлбэлзэж байсан юм. Харин худалдаачид “Борлуулагч компаниуд үнээ өсгөөд байгаад л учир байна. Өнөөдөр ажил дээрээ ирээд захиалга өгөх гээд борлуулагч руу залгасан чинь “Бензиний үнэ өссөн. Хуучин үнэнээсээ нэмэгдэх байх шүү” гэсэн. Даан ч дээ гээд л утсаа тасалсан. Гурил  нэг кг нь 1500-1800 төгрөгийн хооронд борлуулагдаж байна. Нэг өглөө ирэхээр л үнэ нэмэгдчихдэг ийм л нийгэмд амьдраад байна даа.  Зориулалтын савлагаатай будаанууд янз бүрийн үнэтэй. Таван кг гэхэд л 18500-44000 хүртэл хэлбэлзэлтэй байна. Иргэд авахдаа дийлэнхдээ 1-2 кг л задгай будаа авч байна. Хуучин арай ч ийм өндөр байсангүй.  Гурил будааны үнийн өсөлтийг борлуулагч компаниуд л учир зүггүй нэмээд байдаг. Ийм байж болох юм уу үгүй юм уу. Хянаж шалгадаг газраас нь шалгаасай гэж бодож байна” гэж ярьсан юм. 
  • Задгай цагаан будаа нэг кг: 3500-4800 төгрөг
  • Савласан таван кг будаа: 18500-44000 төгрөг
  • Гурил нэг кг: 1500-1800 төгрөг
  • Цагаан элсэн чихэр нэг кг: 2800-3200 төгрөг
  • Бор элсэн сахар нэг кг: 7000-9000 төгрөгөөр борлуулагдаж байна.
    Иргэн М.Найдан “Би одоо 70 настай. Гэрийнхээ ойролцоох худалдааны төвөөр үйлчлүүлдэг. Юмны үнэ арай хэтэрхий өсжээ. Тэтгэврийн хөгшид бол хэрэгцээт амин дэмээ авах нь битгий хэл хоолноосоо холдох гээд байна. Бүр том дэлгүүрүүд бол зүглээд ч хэрэггүй болсон байна лээ. Бараагаа зарахдаа нэг өөр үнэ наачихна. Тооцоогоо хийх болохоор бас өөр болчихдог. Яаж залилах вэ гэдэг нь дэндүү хөгжөөд ч байгаа юм болов уу даа гэж бодох юм . Бид нар ч дүүрсэн хэрэг. Төсвийн байгууллагад ажилладаг хэдэн хүүхдүүд минь яана даа гэж санаа зовох юм. Өнөөгийн энэ өртөг өртөгтэй амьдралаар баргийн хүн амьдрахад хэцүү болж байна” хэмээн бухимдсан юм.

               Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ өссөнөөр хүнсний үйлдвэрүүдээс бэлтгэгдэн гарч буй талх, боов, боорцог бүгд үнэ нь нэмэгдэнэ. Хил гааль, логистикийн асуудлаа шийдвэрлэхгүй бол цөөхөн хэдэн монголчууд минь цөхрөнгөө барж, цалингийн зээлээ ч төлж чадахгүй ширүүхэн үетэй нүүр тулаад байна. Эрүүл монгол хүн байхын тулд хоол, тэжээлээс хангалттай амин дэм, уураг авч байх ёстой. Гэтэл өнөөдрийн үүсэн үнийн хөөргөдлөөс болоод эрүүл байх нь битгий хэл, гэдэс цатгалан байх ч хэцүү болжээ.

 

ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА: 45000 төгрөгөөр 10 килограмм төмс авах уу, таван килограмм будаа авах уу
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-07-19 09:32:50
    Зочин: Дамчдыг шатаая
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-07-19 09:31:55
    Зочин: Хэрэглээгээ ухаалгаар хяна. Юм битгий худалдаж ав. Ламчдыг шатаая аянд нэгд.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-07-19 09:23:27
    иргэн: Монголчууд дээр үед төмс ногоо огт иддэггүй, мах гурилаараа амьдарч болоод байсан. Одоо ч болохгүй юм байхгүй. Одоо нийтээрээ төмс ногоо хэрэглэхээ больж хужаа төмс, ногоог хилээр оруулахыг зогсооё.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188