• Өнөөдөр 2024-05-03

СУРВАЛЖИЛГА: Үүцэндээ хүрсэн Оюу толгойн өнөөдөр

2022-05-24,   1062

          Эдийн засгийн сэтгүүлч, шинжээчдийн клубийн гишүүдэд "Оюу толгой" ХХК-ийн үйл ажиллагаатай танилцах боломж тохиосон юм. Тус клубэд хэвлэл мэдээллийн салбарын 50 гаруй сэтгүүлч харьяалагддаг бөгөөд эдийн засгийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэж нийтэд мэдээлэх томоохон үүргийг гүйцэтгэдэг. Эдийн засгийн сэтгүүлч, шинжээчдийн клуб нь үйл ажиллагаагаа явуулаад арав гаруй жил болсон сэтгүүл зүйн болон бусад салбарт хэдийнэ танигдсан клуб билээ.

          Аяллын ач холбогдол нь уул, уурхайн сайн жишиг болж чадсанаар тухайн орон нутаг, иргэдэд цаашлаад улсын эдийн засагт ямар нөлөө үзүүлж болохыг батлан харуулсан гэхэд хилсдэхгүй биз ээ.

        Бидний аяллын эхний зогсоол Өмнөговь аймгийн Даланзадгад хотод нээлтээ хийж буй “Говийн байгаль, түүхийн музей” байсан юм. “Оюу толгой” компанийн хөрөнгө оруулалттай “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-ийн 10.9 тэрбум төгрөгийн санхүүжилтээр барьсан гэдгээрээ онцлог.

        1948 онд аймгийн гэгээрлийн хэлтсийн дэргэд 50 ширхэг музейн үзүүлэнтэйгээр  үйл ажиллагаагаа эхэлж байсан бол өдгөө 4000 гаруй үзвэртэй болон өргөжсөн аж.Тус музей нь дэлхийн стандартад нийцсэн засал чимэглэл, тоног төхөөрөмжөөр тоноглогдсон танхимууддаа эд өлгийн цуглуулгуудыг байршуулжээ. Мөн дархчуулын дахин давтагдашгүй хийцтэй мөнгөн аяга, гоёл чимэглэл, сав суулга, шашны эдлэл хэрэглэл, шүтээн зураг, хөгжмийн зэмсгүүдээс гадна чулуун зэвсгийн үеэс хүрэл, төмрийн үеийн олдворуудтай энд танилцах боломжийг бүрдүүлснээрээ өвөрмөц.
       Уг музейн нь түүхийн өвийг цуглуулах, хадгалан хамгаалах, сурталчлан таниулж, эх оронч сэтгэлгээг хойч үеийн хүүхэд залууст төлөвшүүлэхийн сацуу үйл ажиллагааны цар хүрээгээр улсын хэмжээнд жишиг музей болох зорилтыг дэвшүүлэн ажиллаж байгаа аж.
     Биднийг тус музейн нээлтэд оролцох үед Өмнөговь аймгийн нутгийн удирдлагууд болон  иргэд олноороо цугларан түүхэнд бичигдэх баярт үйл явдлыг хуваалцахаар ирсэн байсан юм.
     Говийн байгаль, түүхийн музейн нээлтийн үеэр Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж “Баатарлаг түүх угсаа соёлыг харуулсан говь нутгийн шинэ өнгийг бүрүүлсэн шинэхэн үзмэр нээлтээ хийж байна. Энэхүү музейн түүх 1948 оноос эхтэй. Байгалийн болон түүхийн томоохон өвийг шингээж, таниулах үүргийг гүйцэтгэдэг. Энэ бол зөвхөн Өмнөговь аймгийн иргэдийг соён гэгээрүүлэх үйл явц биш юм. Монгол улс төдийгүй дэлхий нийтэд монголчуудыг түүхийг таниулахад үнэтэй хувь нэмэр оруулна гэж бодож байна” гэсэн юм.
        Орон нутагт түүх соёлын өвийг хадгалан хамгаалах байр, тохижилт хангалтгүй, зориулалтын бус байдгаас  болж олон жил болсон түүхийн үнэт олдворууд устах эрсдэлүүд байдаг. Өмнөговь аймгийн хувьд “Говийн байгаль, түүхийн музей” шинэ зориулалтын байрыг бэлтгэж, ашиглалтад оруулснаар түүхийн үнэт өвийг хадгалан хамгаалахад  үнэтэй хувь нэмрийг оруулж чаджээ. Нөгөөтээгүүр эдийн засгийн хувьд бие даасан бүтэц болох, орон нутгийн иргэдэд ажлын байрыг бий болгох зэрэг олон талын ач холбогдолтойг дуулгахад таатай байна. Мөн тус музейн ашиглалтад орсноор 23 хүнийг ажлыг байрыг бий болгожээ.
       Мөн  үеэр Соёлын яамны дэд сайд М.Батбаяр “2020 оноос байгуулагдсан цагаас хойш Соёлын яам түүхэн дурсгалыг хадгалан хамгаалахад чиглэн ажиллах зорилтыг дэвшүүлж байсан. Энэ хүрээнд соёлын үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах ажлыг хийж байгаа. Музей бол хүний хөгжлийг дэмжих орон зай байх ёстой. Ялангуяа хүхэд залуучуудын байх ёстой газар  байдаг. Монгол оронд байдаг ихэнх музей 1950-аад оноос хойш баригдсан. Барилгын наслалтын хувьд хуучирсан байдаг. Монгол улсын засгийн газраас эдгээр музейг шинэчлэх, өргөтгөн засварлах ажлуудыг үе шаттайгаар зохион байгуулахаар ажиллаж байна. “Говийн байгаль, түүхийн музейн” нээлтээс сар гаруй хугацааны дараа Хөгжим драмын театр нээлтээ хийнэ.  Чанар, стандартад нийцсэн тус театр Өмнөговь аймгийн иргэдийг соён гэгээрүүлэх үйл явцад үнэтэй хувь нэмэр оруулна гэж найдаж байна. Музей дотор дахин музей босгох мэт нөр их хүч хөдөлмөр шаарддагийг “Говийн байгаль, түүхийн музей”-н дотоод засал, загвараас харах боломжтой. Монголд улсад анх удаа 2021 оны долдугаар сарын 2-ний өдөр “Музейн тухай хууль”-ийг Монгол улсын их хурал баталсан. Энэ бол ахиц дэвшил” гэсэн юм.
 
          Өмнөговь аймгийн “Говийн байгаль, түүхийн музей” бол 21 аймаг дундаа анхдагч болж хотын төвөөс алслагдсан аймагт ч гэсэн өвөрмөц шийдэлтэй, орчин үеийн музей байж болдог гэдгийг баталсан юм. Тус музейд үзвэрүүд байршуулахаас гадна аймаг орон нутгийн онцлогийг шингээсэн буланг нээж, өөрсдийн ёс заншил ялгарах ялгаа зэргийг таниулж байв. Мөн хувиараа бизнес эрхлэгчийн бүтээгдэхүүн борлуулах орон зайг дэмжсэн нь зорин ирэх жуулчдад тун чиг сонирхолтой санагдана.
      Хамгийн их анхаарал татсан зүйл нь хөгжлийн бэрхшээлтэй, тэргэнцэртэй иргэн үйлчлүүлэх боломжийг бүрдүүлжээ. Цахилгаан шатаар өөрийн хүссэн давхардаа гарч үзвэр үзэхээс гадна, хэрэв шатаар өгсөхийг хүсвэл налуу зориулалтын шатаар өгсөх, уруудахад ямар ч саадгүй.  Ээлтэй, эрх тэгш байдлыг хангаж энэхүү музейн зураг төслийг боловсруулсан нь илт.
       Монгол Улсын зөвлөх архитектор Д.Балдан“Говийн байгаль, түүхийн музей”-н  зураг төслийн ажлыг 2007 оноос эхэлж, төсвийг 2008 онд боловсруулж байлаа. Тус барилгыг бүтээхэд төлөвлөсөн зүйл нь Өмнөговь аймгийн онцлох гурван зүйл болох палеонтологи, хоёр бөхт тэмээ, ашигт малтмал гэсэн зүйлсийг төлөөлүүлэн зохиомжлосон. Музейн зураг төслийг төлөвлөхдөө архитектурын үндсэн хийцэд тохируулж, өнөө цагийн хэв шинжийг хослуулан өвөрмөц бүтээл хийхийг зорин ажилласан” гэв.
        Оюу толгойн ХХК-ны Орон нутгийн ахлах менежер О.Цэрэннадмид ““Говийн байгаль, түүхийн музей”-г Оюу толгой ХХК санхүүжилтээр Говийн оюу хөгжлийг дэмжих сан хамтран барьсан. Оюу толгой ХХК-ны хувьд орон нутгийн соёлын өвийг хадгалах, хамгаалах, олон нийтэд таниулах нь манай үйл ажиллагааны хамгийн чухал хэсэг байдаг. Тийм учраас 2015 онд аймаг орон нутагтай байгуулсан гэрээний дагуу түүх, соёлын чиглэлээр ажиллах чиг үүргийг нэг нь энэхүү музей болж байна. Бид зөвхөн барилгын санхүүжилтийг олгохоос гадна, зарим нэмэлт санхүүжилтийг олгосон” гэлээ.

    Орон нутагт уул уурхайн жишиг компани байснаараа эдийн засаг болон нийгмийн хүрээнд өндөр ач холбогдолтой байдгийг Оюу толгой ХХК-ны байгуулагдсан цагаас хойш хийсэн хэрэгжүүлсэн, хийхээр зорьж буй ажлууд нь илтгэнэ. “Говийн байгаль, түүхийн музей” бол үүний нэгээхэн хэсэг.

"Оюутолгой" ХХК-ийн Уурхайн үйл ажиллагаа хариуцсан захирал,"Говийн оюу хөгжлийг дэмжих сан"-ийн Сангийн удирдах зөвлөлийн дарга Эндрью Вилсон "Музейн төсөв нь нийлээдгүй өндөр хэдий ч Өмнөговь аймгийн тогтвортой хөгжлийн чиглэлээр хийж буй ажлуудын нэг юм. “Говийн байгаль, түүхийн музей”-н төлөвлөлтөөс эхлүүлээд цаг хугацаа их шаардсан олон хүний хүч хөдөлмөр шаардсан зүйл байсан. “Говийн оюу хөгжлийг дэмжих сан” бол цаашид тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлнэ ажиллах төлөвлөгөөтэй байгууллага. Үйл ажиллагаа явуулаад долоон жил болжээ. Энэ хугацаанд 32,9 сая ам.долларыг Өмнөговь аймгийн хөгжилд зарцуулсан байна” гэсэн юм.
 

Бидний аяллын хоёр дахь зогсоол Оюу толгой ХХК-д өөрсдийн үйлдвэрийн бараа бүтээгдэхүүнийг ханган нийлүүлдэг аж ахуйн нэгжүүд  байлаа.

         Үүний нэг нь “Good root” махны үйлдвэр Мах, махан бүтээгдэхүүнийг нутагтаа боловсруулан үйл ажиллагаагаа явуулж буй “Good root” махны үйлдвэр нь арав гаруй бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг. Жилд 100 гаруй тонн махыг боловсруулан орон нутагтаа ханган нийлүүлдэг. Түүхий эд болох малыг нядлахаас эхлэн, боловсруулах хүртэлх 5-6 дамжлагаар дамжиж хэрэглэгчдийн гар дээр очдог аж. Мөн эрүүл ахиун стандартыг баримтлан ажилладгаас гадна, сар тутам махны дээжийг лаборторитр шинжлүүлдэг байна. Орон нутагт үйл ажиллагаа явуулж томоохон аж, ахуйн нэгжүүдтэй хамтран ажилладаг байна.
     “Khasud Bat” арьс ширний үйлдвэр анхлан охиндоо гутал хийж өгөх гэж арьсаар юм урлаж эхэлсэн түүхтэй тус байгууллага өдгөө үйл ажиллагаа явуулаад арав гаруй жил болжээ. Өөрсдийн гэсэн хэв маяг хэлбэр хэмжээгээр арьсан бүтээгдэхүүнийг урладаг байна. Тэдний гол нийлүүлэгч бол Оюу толгой ХХК юм. Ковид цар тахлын үед тасралтгүй үйл ажиллагаа явуулсан нь найдвартай хамтын ажиллагааг бий болгож чадсантай холбоотой гэж тус байгууллагын захирал дурдаж байсан юм.
    “Khasud Bat” ХХК-ны захирал Б.Ганбат “Анх би эхнэртэйгээ хоёулаа л ажилладаг байлаа. Том охиндоо түрүүтэй арьсан гутал хийж өгөөд “Заа яахав хийвэл болох л юм байна гэж бодож” тэгсэн хүмүүс “Ямар хөөрхөн юм бэ, захиалж хийлгэе” гэх болсон үүдээс үүдэлтэй л манай бизнесийн суурь танигдсан юм. Би өөрөө цахилгаанчин мэргэжилтэй. Нэг үеэ бодвол ажилчидтай, тэднийгээ цалинжуулаад яваад байна. Орон нутаг үйлдвэрлэсэн зүйлээ яагаад дэлхийд гаргаж болохгүй гэсэн бодолтой явдаг. Хийе гэх хүсэл байвал ямар ч асуудлыг л даваад л гардаг юм шиг санагддаг. Манай бараа бүтээгдэхүүнд өгөх хэрэглэгчдийн үнэлэмж их өндөр байдагт баярладаг. Энэ л бидний үр дүн гэж боддог” гэсэн юм.
      Тус байгууллагыг анх үүссэн цагаас  хойш тасралтгүй ажиллаж буй оёдолчин Т.Урангоо “Энэхүү компанид 2010 оноос хойш тасралтгүй ажиллаж байна. “Чухал гутал” гээд цех байх үеэс нь ажиллаж байсан. Анх намайг ажиллаж байхад дөрвүүлээ ажилладаг байлаа. Харин одоо 30 гаруй ажилчинтай болсон байна. Хийж буй бүтээгдэхүүнүүд төрөлжсөн. Жил ирэх тусам өргөжиж хийж буй бүтээгдэхүүний чанар нэмэгдэж, ажилчид олон болж байна.  Анх Оюу толгой ХХК-д хамгаалалтын бээлий, өвдгөвч, бүс, цүнх зэргийг ханган нийлүүлдэг байсан.  Харин одоо гагнуурын иж бүрэн хувцас ажлын өвөл зуны бээлий, бүсийг иж бүрнээр, өвлийн хүсэм зэргийг үйлдвэрлэдэг болсон байна. Хөл хорионы хувьд  манайх зөвшөөрөл аваад тасралтгүй ажилласан. Энэ нь бидний амьдралд ихээхэн өгөөжтэй байсан. Анхлан оёдолчин байсан бол одоо нийт оёдолчдоо чиглүүлж,  үйлдвэрийн менежерийн албыг хашиж байна” гэв.
    Тус үйлдвэрийн хамгийн отгон оёдолчин О.Нандин-Эрдэнэ “Би 19 настай “Khasud Bat” ХХК-д оёдолчноор ажлаад зургаан сар болж байна. Дундговь аймгийн МСУТ-д оёдолчноор сурсан. Төгсөөд л ажиллаж эхэлсэн. Орон нутагт ажиллах нь олон боломжийг олгодог. Ажлын ачаалал гайгүй, цалин өндөр, гаргасан эсгүүрийн дагуу цэвэрхэн оёдол хийдэг учир мэргэшиж байна гэж бодож байгаа” гэсэн юм.
      Энэ бол орон нутгийн үйлдвэрлэл. Заах зээлийн тооцооллоор эрэлт байж нийлүүлэлт хийдэг бичигдээгүй хуультай. Цар тахлын үед ч өөрсдийн үйл ажиллагааг тасалдалгүй авч, өргөжүүлэхэд нөлөөлсөн хамгийн том түлхэц нь Оюу толгой ХХК-ын захиалга байжээ. Энэ мэтчилэн жижиг дунд бизнесийг дэмжиж алсуураа ажлын байрыг нэмэгдүүлж байгаа нь тухайн байгууллагын хөгжилд төдийгүй, орон нутагт ихээхэн хувь нэмэр оруулж буй хэрэг билээ.

Бидний аяллын дараагийн зогсоол Оюу толгой ХХК-ын дэргэдэх “Говийн оюу хөгжлийг дэмжих сан” байсан юм.

    “Оюутолгой” ХХК нь Өмнөговь аймаг, тус аймгийн Ханбогд сумтай Хамтын ажиллагааны гэрээ байгуулж, уг гэрээг хэрэгжүүлэх “Говийн оюу хөгжлийг дэмжих сан” ТББ-г 2015 онд байгуулжээ. Өнгөрсөн хугацаанд “Оюу толгой” компани нь жил бүр 5,0 сая ам.доллар буюу түүнтэй тэнцэх төгрөгийг “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-аар дамжуулан орон нутгийн тогтвортой хөгжлийг дэмжихэд чиглэсэн төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэхэд зарцуулсан байна.

                  Орон нутгийн хэрэгцээ шаардлага, санал санаачилгад тулгуурлан сангийн Удирдах зөвлөлөөс шийдвэрлэсний дагуу дээрх санхүүжилтээр одоогийн байдлаар хүүхдийн зургаан цэцэрлэг, гурван сумын хүн эмнэлгийн барилга, хоёр сургуулийн барилга, сумдын уурын зуух зэрэг нийгмийн дэд бүтцийн төслүүд болон олон арван хөгжлийн хөтөлбөрүүдийг санхүүжүүлсэн аж. Тухайн сум орон нутагт ямар асуудал тулгарч байгааг судалж, шаардлагатай гэж үзсэн төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зарчмаар ажилладаг байгууллага юм.Мөн орон нутагт ховордож буй мэргэжлээр суралцах сурагчдыг сонгон шалгаруулж тэтгэлэгт хамруулдаг. Энэ нь дараа дараагийн залуу боловсон хүчний хомстол үүсэхээс урьдчилан сэргийлэх алхам болдог байна.

Бидний аялалын сүүлийн зогсоол бол “Говийн оюу хөгжлийн сан”-нд зээлийн хүсэлт ирүүлж, гарааны санхүүжилтээ босгосон “Dudu pizza” байсан юм.

Уг бизнес нь Өмнөговь аймгийн Даланзадгад хотод үйл ажиллагаагаа явуулаад хэдийнэ хоёр жил гаруй хугацаа өнгөрчээ. 
“Dudu pizza”-н үүсгэн байгуулагч, захирал Г.Цэцэгмаа “Залуу бизнес эрхлэгчдэд тулгардаг хамгийн том саад бол гарааны санхүүжилт байдаг. Миний хувьд нэлээн судалж байж “Говийн оюу хөгжлийн сан”-г олсон. Эхний  ээлжид бүрдүүлэх ёстой материалуудаа өгсөн. Тэгээд 20 сая төгрөгний зээл авсан. Уян хатан нөхцөлтэйгөөр залуу бизнес эрхлэгчийг дэмжсэнд баярладаг. Одоо манайх үйл ажиллагаа явуулаад нилээн тогтворжсон. Өөрийн гэсэн үйлчлүүлэгчидтэй болсон. Үйлчилгээ сайтай, чанартай бүтээгдэхүүнтэй байвал хаана ч бизнес эрхлэх боломжтой гэдгийг ойлгож байгаа. Магадгүй надад бизнесээ эхлүүлэх санхүүжилт байхгүй байсан бол хэцүү. Гэтэл залуучуудыг дэмждэг, өөрсдийн гэсэн зүйлээ бүтээх мөрөөдлийг дэмждэг ийм газар байгаад маш их баярладаг” гэсэн юм.
        Энэ хүрээд бидний аялал өндөрлөсөн юм. Хариуцлагатай, чанартай уул уурхайн байснаараа тухайн орон нутагт төдийгүй улсын эдийн засагт эерэгээр нөлөөлж байгаагийн нэг жишээ Оюу толгой ХХК. Урт хугацааны хөгжилд хөтлөх ажлуудын суурь нь өнөөдөр ч  тавигдсаар л байна. Оюу толгой ХХК-г дагасан жижиг дунд бизнес эрхлэгчдийн тоо нэмэгдэж, иргэд ажлын байраар хангагдаж, тав тухтай сууршлийн бүсийг өргөжүүлэн тэлсээр байна. Өвөрхангай аймгийн хөгжлийн хөтөч нь Оюу толгой ХХК болжээ.

СУРВАЛЖИЛГА: Үүцэндээ хүрсэн Оюу толгойн өнөөдөр
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188