• Өнөөдөр 2024-04-27

ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА: 10 мянган төгрөгийн төлөөх 16 цагийн хөдөлмөр

2022-05-27,   1546

            Улаанбаатар хотын томоохон зах, худалдааны төвүүдийн урдуур эгнэн зогссон, гар дээрээс худалдаа эрхлэгч олон байдгийг та бүхэн мэдэх биз ээ. Хажуугаар өнгөрч буй хүмүүст хандаж, хоолойгоо өвдтөл “Оймс, өмд аваарай” гэж зогсох тэднийг “Жижиглэн”-гийн худалдаачид гэж нэрийдэх нь олонтой. Цар тахлын дараах эдийн засгийн тогтворгүй байдал, үнийн хөөрөгдөлд дунд “Жижиглэн”-гийн худалдаачид хэрхэн амьдарч байгааг бид энэ удаагийн сурвалжилгаараа онцолсон юм.  
 
         Халдвартын эмнэлгийн автобусны буудал дээр бууж, ойр хавийн худалдаачдыг хэсэг хугацаанд ажиглав. Эгнэн зогссон худалдаачдын нүд зөрж буй хүмүүсээс нэг л зүйлийг хүлээх мэт. Хажуугаар алхах хүмүүс өрж тавьсан оймс, дотуур хувцас, өмд зэрэг зүйлсээс сонирхож “Энэ хэд вэ, эгч ээ” гэхэд нь баярласан янзтай нүд рүү нь харж  “Аль нь вэ, эгч нь хямдхан зарж байгаа шүү” гэж бяцхан сурталчилгаа хийхийг оролдоно. Асуусан болгонд нь хариулт өгч, бараагаа борлуулахыг хүссэн ч худалдан авах хүн тун ховор. Замын дэргэдүүр саарал бүхээгт дөрвөн хэсэгт хуваагдан суух тэдний зарим нь хүний бараа зарж, өдрийн 10-15 мянган төгрөгийн цалин авдаг тухайгаа ярьж байсан юм.
           “Жижиглэн”-гийн худалдаа эрхлэгч Б.Алтанцэцэг “Би багаасаа барилга дээр ажиллаж дараа нь тогоочоор ажилласан. Одоо 54 настай, 12 жилийн өмнөөс жижиглэнгийн бараа зардаг болсон. Улаанбаатар сургуулийг барихаас  өмнө л зогсож байлаа шүү дээ. Яахав өөрийнхөө чадах юмаар орлого олоод амьдралаа болгоод явж байна. Нэмэлтээр группийн мөнгө гэж 400 мянган төгрөг улсаас авдаг. Тэтгэвэр авдаггүй. Хүний бараа борлуулдаг болохоор хариуцлагатай байх хэрэгтэй. Авсан хэдэн төгрөгөө амьжиргаандаа зарцуулаад л хураах боломж байхгүй. Эгч нь гурван сайхан хүүхэдтэй. Ингэж зогссоных хоёр хүүхдээ сургууль, соёлтой болгосон. Одоо бага хүүхэдтэйгээ хамтдаа амьдарч байна. Сүүлийн үед иргэдийн худалдан авах чадвар үнэхээр муу байна. Өмнө нь өдөржингөө суугаад 3-4 өмд, 10-аас дээш оймс зардаг байсан бол одоо нэг өмд, таван оймс л зарагдаж байна. Бүгд л амьдрах гээд хэцүү байгаа юм чинь, арга ч үгүй байлгүй дээ гэж бодох юм.  Болохгүй байна, хэцүү байна гэж хэндээ хэлэх вэ дээ. Цар тахлын хөл хорионы үеэр гэрийн ойролцоо газраас гэдэс, цувдай аваад бууз, хуушуураа хийж, хоосон хоночихгүй өнгөрөөсөн. Төлөх чадваргүй болохоор банкнаас зээл аваагүй. Энэ нь ч болсон юм. Манай гэр таван шард байдаг. Өглөө 11:00 гэж ирээд, бараагаа хураагаад шөнийн 1-2 гээд л гэртээ харьдаг. Хүмүүс гудамжинд юм зарж байгаа худалдаачдыг архи уудаг, бүтэхгүй гэж хардаг байх. Гэтэл үнэндээ өөрийн чадах юмаа хийж, амьдралаа авч яваа улс байдаг” гэв.
 
         Зам даган цааш алхахад түрдэг тэргэнд хэдэн боодол амны хаалт, янжуур, бохь, шархны наалт зэргийг багтаасан худалдаачин Р.Оюунбилэгтэй таарсан юм. Түүнээс хэрхэн амьдарч буйг тодруулан, дараах хэдэн асуултыг асуув.
ВИДЕО:
 

       Дээрх худалдаачид бол нийгмийн нэгээхэн хэсэг. Гэсэн хэдий ч тэднийг тодотгох, багтаах салбар үгүй. Өөрсдийн бор зүрхээрээ, чадах зүйлээ хийж өдий хүрсэн тэдний хэрхэн амьдрах нь хэнд ч хамаагүй мэт. Эдийн засгийн тогтворгүй байдал, үнийн өсөлттэй энэ цагт өдрийн 10 мянган төгрөгийн ашиг олж, амьдралаа авч явна гэдэг баргийн хүний даах ачаа биш.

         Цааш явсаар Нарантуул захын гадаа ирэв. Хаашаа яваа нь үл мэдэгдэх яарсан хүмүүсийн хөдөлгөөнд дарагдсан захын хамгийн хүн багатай хэсэгхэн газарт цуваа үүсгэн зогсох худалдаачид. Хот, хөдөөгийн хүмүүсийн цуглаан гэлтэй Нарантуул захад ажиллаж, амьжиргаагаа болгодог олон иргэн байдаг. Үүднээс нь эхлэх урт гэгч хуучны модон лангуун дээгүүр хүнснээс бусад хүний хэрэглээний бүх зүйлийг төрөл бүрээр өрсөн харагдана. Зөвхөн лангууны эзэн, худалдагч гэлтгүй, тэрэгчин, агуулахаас зөөгч зэрэг бөөндөө бужигнана. Тэр дунд төмөр тэргэнд найруулдаг кофе, улавч, амны хаалт, печень зэргийг багсайлган өрсөн худалдаачид хаа нэг таарна. Ихэнхдээ тэд захын үүдэнд зогсдог аж.
            Нарантуул захад 22 жилийн турш “Жижиглэн”-гийн бараа борлуулж буй С.Мөнхцэцэг “Би 55 настай, ширхгийн бараа борлуулж, амьдралаа залгуулдаг. Бараагаа хадгалуулах авдарт сард 60 мянган төгрөг, түрж буй тэргийг 30 мянган төгрөг төлж түрээслэдэг. Юмны үнэ нэмэгдэх тусам, бидний амьдрал хэцүүдэж байна. Ямар сайндаа л зардаг печениэ ганцаараа хайрцгаар нь авч чадахгүй, өрөөлдөж авч байна. Ингэж байж л хоногийн хоолтойгоо залгаж байна. Ашиг олоод хурааж, хуримтлуулах боломж байхгүй. Ёстой хойд хормойгоороо урд хормойгоо нөхөөд л явж байна даа. Өглөө найман цагаас, оройны найм өнгөртөл зогсчихно. Өвөлдөө даарна, зундаа хөлөрч, халууцна гээд асуудал их байгаа. Тэглээ гээд бусдаас гуйж, ажил хийхгүй байж болохгүй. Манай нөхөр группэд байдаг. Хүн шиг сайхан амьдрахын тулд 22 жил гүрийж байна. Дээрдсэн юм алга. Улам л дордож байна. Одоо бие өвддөг болсон. Цаашдаа яаж амьдрах юм байгаа юм бүү мэд. Дэлгүүр ажиллуулж, тухтай ажиллах нөхцөл бүрдүүлье гэхээр түрээсийн мөнгө байхгүй. Бараагаа ч татаж чадахгүй. Одоогийн байдалд хийж болох ажил нь “Жижиглэн”-гийн бараа зарах л байна. Нарантуул зах бол олон айлын ажлын байр, амьжиргааны баталгаа болсон газар” гэлээ.
 
           Үндэсний статистикийн хорооноос сүүлийн гурван жилд хийсэн “Бөөний болон жижиглэн худалдаа, машин, мотоциклийн засвар, үйлчилгээ” эрхэлдэг иргэдийн талаарх дараах тоон баримтыг гаргажээ. Тодруулбал тус үзүүлэлтээр 2019, 2020, 2021 онд жижиглэнгийн худалдаа эрхлэгчид нэмэгдсэн байна. Үүнд цар тахлын дараах ажилгүйдэл, хөдөө орон нутгаас Улаанбаатарыг зорих иргэдийн тоо нэмэгдсэн зэрэг олон асуудал нөлөөлсөн байж болзошгүй. Хамгийн сүүлийн үеийн тоон баримтаар нэмэгдэж буй зүй тогтол ажиглагдсан ч аль салбар нэгжид харьяалагдах, эрх ашгийг нь хэрхэн хамгаалах нь одоо болтол тодорхойгүй байна.

-Гудамж бол иргэдийг ажлын байраар хангадаг томоохон талбар-

          III-IV хорооллын их дэлгүүрүүдийн өмнө байрлаж, урт цуваа үүсгэсэн “Жижиглэн”-гийн худалдаачидтай уулзаж, амьжиргаагаа хэрхэн залгуулж байгаа, хэдий хугацаанд гудамжинд бараа борлуулж буй талаар нь тодруулсан юм. Тэдний ихэнх нь 45-аас дээш насны эмэгтэйчүүд байх бөгөөд их сургуульд боловсрол эзэмшсэн, тэтгэврийн мөнгөөрөө худалдаа хийдэг 70 настай, өрх толгойлсон эмэгтэй зэрэг харилцан адилгүй хүмүүс байсан. Бүгд л 5-22 жилийн хугацаанд гудамжинд ажиллаж амьдралаа залгуулж, орлого олох гэсэн зорилгыг тээж халуунд халж, хүйтэн даарч сууна. Энэ бол нэг талаас тэдний өөрсдийн сонголт ч гэсэн нөгөөтэйгүүр 5-22 жилийн хугацаанд тэднийг ажлын байраар хангаж, үгүйдээ ядаж зориулалтын худалдаа эрхлэх газар бэлтгэх хангалттай хугацаа биш гэж үү.
 
          Насаараа ажиллаж төлсөн, шимтгэлээ тэтгэвэрт гарахдаа авч хүссэнээрээ амьдрах боломжоор хангадаг улс олон бий. Харин Монголд мэргэжил эзэмшиж, хангалттай хэмжээнд насаараа ажилласан ч сайхан амьдрах баталгаа байхгүйн нэг жишээ бол Д.Аюушжав гуай юм. Тэрбээр бөгж, ээмэг, үсний боолт зэрэг гоёл чимэглэлийн зүйл гудамжинд борлуулж, амьдралаа залгуулж байна.
         Гудамжинд хоёр жил гаруй хугацаанд худалдаа эрхэлж буй 70 настай Д.Аюушжав “Оёдлын технологич мэргэжилтэй, тэтгэвэртээ гарсан. Би өглөө 10 цагаас, оройны найм хүртэл бараагаа борлуулдаг. Барааны бөөний үнэ нэмэгдсэн нь иргэдийн худалдан авах чадварт нөлөөлж байна. Бөөний үнэ нэмэгдсэнээр бидний зарж буй жижиглэнгийн бүтээгдэхүүний үнэ яалт ч үгүй л нэмэгдэж таарна шүү дээ. Гадаа ажиллахад ер нь л хэцүү. Баргийн хүн гадаа ингэж ажиллах сонголтыг хийхгүй. Энд зогсож байгаа хүмүүс бүгд л ар гэрээ авч явах гээд л гүрийж байгаа. Дэлгүүрийн бүтээгдэхүүнтэй харьцуулшгүй хямдхан зардаг нь ялгаа юм даа. Одоо тулгамдаж буй асуудал гэвэл үнийн өсөлт хэцүү байна. Би цар тахлын өмнөхөн энд бараа борлуулж эхэлсэн. Хөл хорионоос хойш авсан зээлээ төлж дуусгах санаатай ингээд л байж байна. Заримдаа хоосон үе зөндөө байсан. Биднээс татвар төлөөс гэж авдаггүй юм. Хааяа нэг цагдаа нар ирж торгодог байсан нь арай гайгүй болсон. Ажлын байрны дэмжлэг байхгүй болохоор иргэд гудамжинд өөртөө ажлын байр бий болгох сонголтыг хийгээд байх шиг санагддаг. Хараа муутай болохоор жижиг зүйлс зарахад хүндрэлтэй. Хүмүүс илбэчин шиг л аваад явчихдаг болсон байна. Гэртээ тэтгэврээ аваад суух боломжгүй болохоор ингээд ч болтугай хэдэн төгрөг олох хэрэгтэй байна” гэв.

                 3,4-р хороололд байрлах томоохон их дэлгүүрийн гадуур үргэлжлэх цуваа мөд тасрахгүй. Ойролцоогоор 20 гаруй иргэн жижиглэнгийн  бараа, бүтээгдэхүүн борлуулж байна. Дөнгөж их сургуулиа төгссөн залуусаас эхлээд 70 настай хөгшин хүртэл сууна. Жимс жимсгэнэ, хувцас эдлэл, гоёл чимэглэл гээд төрөл бүрээр эгнүүлэн өрсөн худалдаачид нар мандахтай зэрэгцэн ажиллаж, үдшийн бүрийгээр гэртээ харина. Амралт авч ажлаасаа хойш суух, өвдөх ч эрхгүй. Учир нь, нэг л өдөр алдвал хоногийн хоолноосоо холдож, хүүхдүүддээ хоосон очих учраас. 

              Мөн 3,4-р хороололд жижиглэнгийн худалдаа эрхэлдэг Г.Баяраа “Гадаа бизнес эрхлээд долоон жил болж байна. Өмнө нь лангуу түрээсэлж байсан ч төлбөрийг нь төлж чадахгүй болоод больсон. Би өөрөө багш мэргэжилтэй, мэргэжлээрээ ажиллаж байсан. Авсан хэдэн төгрөг нь хаана ч хүрэхгүй. Хүүхдүүд том болж мөнгөний хэрэгцээ нэмэгдэх тусам амьдрахын эрхээр гудамжинд бараа зарж байна. Анхандаа бол их ичдэг байлаа. Одоо ч тоохоо байсан. Би ичлээ гээд хэн надад мөнгө өгч, амьдралыг минь зохицуулах билээ дээ. Өнөөдөр сургуулийн багшийн цалин хэд билээ, юмны үнэ ямар байгаа билээ. Монголд иргэдийг яаж амьдар гээд байгаа юм бүү мэд. Бараг л хэн нь сайн гүрийж амьдрах вэ гэдэг уралдаан зарласан юм шиг нийгэмд амьдарч байна” гэлээ.
                Бидний уулзсан худалдаачид 2-22 жил хүртэлх хугацаанд гадаа гудамжинд жижиглэнгийн бараа, бүтээгдэхүүн борлуулан амьдарч байна гэсэн юм. Жилийн дөрвөн улиралд гадаа ажиллана гэдэг амаргүй сонголт. Гэсэн хэдий ч амьд явах, амьдрахын эрхээр тэд өөрсдийн төлөө тэмцсээр сууна. Хэнээс ч юу гуйхгүйгээр өөрийн чадлаараа амьдарч буй худалдаачдыг дэмжих цаг хэдийнэ болжээ. 

ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА: 10 мянган төгрөгийн төлөөх 16 цагийн хөдөлмөр
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188