-Сайн байна уу. Анх сур харваагаар хичээллэж эхэлсэн үеэс нь яриагаа эхэлье?
-Юуны өмнө та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Би 2018 оноос Өвөрхангай аймгийн Үндэсний сурын холбооны сур харваач бэлтгэх сургалтад аймгийн мэргэн, спортын мастер Д.Цэцэгмаа багшийн шавь болж, долоон жил сурын спортоор хичээллэж байна.

-Анх сур харвахад ямар мэдрэмж төрсөн бэ. Магадгүй тэр мэдрэмж таныг өнөөдрийг хүртэл хөтөлсөн байх?
-Анх сурын спортыг сонирхож эхэлсэн шалтгаан аймгийн арслан Б.Гомбо-Очир гэж өвөөгөөс минь эхлэлтэй. Өвөө минь намайг хөөргөж “Охиноо улсын дэвжээний чадвартай бөх болгоно” гэж ярьдаг байлаа. Тухайн үед эмэгтэй хүнд бөхийн спорт хаагдмал, дөнгөж л жүдо бөх дэлгэрч, хөгжиж байсан үе л дээ. Тэгээд надад барилдуулах хүсэлтэй байсан өвөөгийнхөө хүслийг биелүүлэх ганц боломж сур харвах байлаа. Өвөө минь манай Өвөрхангай аймгийн Бүрд сумын уугуул Их Монгол хэмээх Х.Шаравжамц гэх эрхэм хүнтэй зодоглож явсан, сумандаа тасралтгүй 11 удаа түрүүлсэн хүч бяр ихтэй сайхан хүн байсан юм.
Тиймдээ ч Х.Шаравжамц гуайн зодог, шуудгийг өвлөж авч үлдсэн юм билээ. Сүүлд түүхэн музейд хадгалуулахаар өгсөн гэдэг.
-Нөгөө талаар мөн танд нөлөөлж, үлгэрлэсэн хүн байдаг уу?
-Байлгүй яах вэ. Сурын спортыг сонирхож эрж хайж, судалж явахдаа 2011 оны үед Монгол Улсын даян мэргэн харваач Д.Эрдэнэтуяа гэж эрхэм хүнийг анх телевизээс олж харсан юм. Тухайн үед улсын их баяр наадмын үзүүр, түрүүний харвааг нь үзээд, “Би ийм л сайхан сурын эмэгтэй болно” гэж мөрөөдөн, бодож байлаа. Дараа нь энэ эрхэм хүнтэй сайхан хүмүүсийн ерөөл, их ажлын үр дүнгээр учирч багш, шавь болсондоо талархаж явдаг аа.

-Хамгийн анхны томоохон тэмцээн, амжилт хэзээ болж байв?
-Анх 2018 онд сурын спортоор хичээллэсэн жилдээ Өвөрхангай аймгийнхаа баяр наадмаар “Аймгийн тод” гэх цолыг авч байлаа. Түүнээс хойш олон наадамд оролцож явсаар 2023 онд Баянхонгор аймгийн Хүрэн бэлчир, Заг байдраг гэх газар Засгийн газрын тогтоолтой сайхан том тэмцээн дээр Монгол Улсын Спортын мастер болзож хангаж, IV байранд орж байлаа. Тэгээд энэ жил Үндэсний их баяр наадамдаа хоёр дахь жилдээ оролцож гуравдугаар байр эзэлж, Монгол Улсын гоц харваач цол хүртсэн.
Өвөөгийн минь 100 жилийн ой, өндөр гэгээн Г.Занабазарын 390 жилийн ой ч тохиож байгаа энэ сайхан жил нутаг ус, алтан шар зурхайдаа Улсын гоц мэргэн харваач гэх эрхэм цолыг ачвирсандаа бэлгэшээж, баяртай байгаа.
-Эдгээр амжилт бол олон өдрийн бэлтгэл сургуулилалтын үр дүн байх. Хэдий хэр хугацаанд бэлтгэл хийдэг вэ?
-Хүн ер нь бусдыг сайн харж, ажиглаж баймаар юм байна лээ. Энэ сур гэх сурч дуусдаггүй спортын учир, арга барилыг яаж олж авах вэ гэхчлэн бодож, бясалгал хүртэл хийж үздэг байлаа. Тэгж байхдаа би сэтгэлдээ галтай, бусдад сайхан энерги түгээдэг эрхэм нэгэн найзыгаа олж харсан юм. “Одоо л миний өөрийгөө дайчилж, чадах бүхнээ гаргах цаг юм байна” гэдгийг тэр найзаасаа суралцаж, түүний ачаар наадам, тэмцээний үеэр сэтгэл зүйгээ бат байлгаж чадсан гэж боддог доо. Тиймээс найздаа талархаж байгаагаа илэрхийлмээр байна. Харин сур харваачдын бэлтгэл хавар цагаан сарын дараагаас заалны бэлтгэлээр эхэлдэг. Жилийн дөрвөн улиралд бэлтгэл сургуулилалттай тамирчид ч бий. Миний хувьд цагаан сараас хойш бэлтгэл сургуулилалтаа хийж эхэлдэг. Энэ жилийн хувьд Монгол Улсын даян мэргэн Д.Эрдэнэтуяа багшийнхаа гал дээр наадмын бэлтгэлдээ гарсан. Аль нэгэн спортоор хичээллэж байгаа хүний ард гэр бүл, найз нөхдийн дэмжлэг байдаг учраас амжилт гэх зүйл ирдэг гэж боддог.
-Сайн харвахад юу хамгийн чухал нөлөөтэй байдаг вэ?
-Тэмцээний үеийн сэтгэл зүй хамгийн чухал. Ялангуяа манай сурын спортын хувьд байгаль цаг уурын хувьсал өөрчлөлттэй сэтгэл зүй, нойр, хоолоо тааруулж байж амжилт үзүүлдэг. Энэ ч үүднээс сэтгэл зүйгээ бэлдэж, цаг уурын нөхцөл байдлыг мэдрэхийг багш нар маань сургадаг.

-Магадгүй та харваач болоогүй бол ямар мэргэжил сонгох байсан бэ?
-Би ер нь хүүхэд байхаасаа спорт сонирхдог спортлог хүүхэд байлаа. Арван жилээсээ волейболын спортоор хичээллэж эхэлсэн. Маш сонирхолтой багийн спорт л доо. Нэгэнтээ сурын спортод хүч үзэж байгаагийн хувьд бэртэл, гэмтэл авч болохгүй. Тиймээс одоо бол сонирхогчийн түвшинд л волейбол тоглодог.
-Монгол үндэстний сурын харваагаар хичээллэдэг хүний хувьд та монгол ёс заншил, уламжлалдаа хүндэтгэлтэй хандаж ач холбогдол өгдөг байх?
-Тэгэлгүй яах вэ. Үндэсний өв соёл гэдэг бол Монгол Улсын маань хамгийн том дархлаа шүү дээ. Ялангуяа эрийн гурван наадмын төрөл, тэр тусмаа сур, бөхийн спорт бол хүний эр зориг, тэсвэр тэвчээр, сэтгэл зүй гээд бүх л чадварыг нэг дор гаргаж, нээж чаддагаараа онцлогтой. Мөн нум сумыг урлах, хадгалах, хийх материал хүртэл монгол түмний эртнээс хэрэглэж ирсэн сур, мод гэсэн Монголын үнэт бренд бүтээгдэхүүнээр хийдэг гээд бодохоор гайхамшигтай. Ирээдүйд үндэсний сурын спорт маань тив, дэлхийн спорт болно гэдэгт итгэж, хайрлаж, хүндэлж, эрхэмлэн хичээллэдэг юм даа.

-Хамгийн гоё мэдрэмж магадгүй наадмын талбайд харвах тэр мэдрэмж байдаг байх?
-Наадмын талбайд багшийнхаа зааж сургасан, өмнө нь орсон олон тэмцээний алдаа, оноог дэнсэлж дүгнэн амжилт үзүүлэх хамгийн сайхан мэдрэмж. Харваач хүний хамгийн гол зүйл бол сэтгэлзүй, нойр, хоолоо зөв тохируулах тэнцвэрт байдал. Мөн нэгэн чухал зүйл нь нум сумын тохироо. Түүнийг л багш хүн тамирчиндаа зөв тохируулж өгдөг юм. Энэ бүхэн нийлж л амжилт үзүүлдэг юм даа. Нэг ёсондоо амжилтын тухай өмнө нь бодох сөхөөгүй анхаарлаа төвлөрүүлж байгаад сүүлийн сумаа тавьж дууссаны дараа л санаа амардаг. Сур бол тэнцвэрийн спортын төрөл.
-Гэр бүлээ танилцуулж болох уу. Хамгийн их дэмждэг нь гэр бүлийнхэн нь байх. Хүүхдүүдээс нь магадгүй “Ээж шигээ мундаг харваач болно” гэх хүсэл байдаг болов уу?
-Тийм ээ. Олон тэмцээн, уралдаанд зун, намаржин явна. Үүний цаана үр хүүхэд, гэр орон бүгд л орхигддог. Амжилтын минь ард сайн хань, эрхэм аав, ээж, дүү нар маань байдаг юм. Ханийг маань Ж.Шүрэнхүү гэдэг. Уяач удамтай. Бага хүүхдүүд маань “Ээж шигээ Монгол Улсын том цолтой хүн болно” гэдэг юм. Таван настай хоёр ихэр хүү бий.
-Хүүхдүүд хэдэн наснаас эхэлж сурын спортоор хичээллэбэл тохиромжтой вэ. Өвөрхангай аймгийн Бүрд суманд хичээллэдэг клуб, дугуйлан байдаг уу?
-Хүүхдүүд бага балчираасаа хичээллэж байгаа харагддаг. Миний хувьд хүүхэд арай нэг ухаан, ухамсар суусан үедээ сурын спортоор хичээллэбэл зохимжтой гэж үздэг. Учир нь сурын спорт хүнд, нар, салхи, бороо, шуурга гээд байгаль цаг агаарын нөхцөлд олон цаг минутаар тууштай зогсож байж амжилт гаргадаг төрөл. Тиймээс багаасаа хичээллэсэн хүүхдүүд халширч, ухрах гээд байдаг. Иймд арай, ухамсар зорилго суусан үедээ бэлтгэл сургалтад хамрагдвал энэ спортоор тууштай хичээллэж чадна гэж боддог.
Манай Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд Үндэсний сурын холбоо байдаг. Мөн Холбооны харьяа клуб, дугуйлангууд хичээллэж байгаа. Бүрд суманд маань одоогоор дугуйлан байхгүй. Цаашид төрөлх сумынхаа хөгжил дэвшилд гар бие оролцох хүсэлтэй явдаг.
-Та харваачийнхаа хувьд дараагийн зорилго, мөрөөдлөөсөө бидэнтэй хуваалцаж болох уу?
-Харваач хүний амжилт бол тууштай, тэвчээртэй, чин зорилготой байж гэмээнэ Монгол Улсын мэргэн гэх сайхан цолонд хүрдэг. Тиймээс олон сайхан мэргэн, багш нарынхаа амжилтад хүрэх сэн гэж хичээж явдаг аа.
-Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа. Та бүхэнд сайн сайхныг хүсье.
| Н.БАНЗРАГЧ: Барилдуулах хүсэлтэй байсан өвөөгийнхөө хүслийг биелүүлэх ганц боломж сур харвах байлаа |
|
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нас ахар болно
2026-09-12 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан байна
2026-09-12 06:00:00
14 дүгээр сургууль дэлхийн стандартын Физикийн лабораторитой боллоо
2026-09-11 18:16:42
2028 ОНЫ ЛОС-АНЖЕЛЕСИЙН ОЛИМПЫН НААДМЫН БЭЛТГЭЛ ХАНГАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЖЭЭ
2026-09-11 17:24:33
Онцгой байдлын байгууллага сургалт, бэлтгэлийн жилийн II үеэ эхлүүлжээ
2026-09-11 16:50:58
“НАЖИРТАЙ НАМАР” УРАМШУУЛАЛ 14 ХОНОГ ҮРГЭЛЖИЛНЭ
2026-09-11 16:39:48
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
2026-09-11 16:10:13
"Овгор" уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
2026-09-11 15:15:23
ШЕЗ: "Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн"-ий нээлттэй сонгон шалгаруулалт урьж байна
2026-09-11 14:41:11
Будапештийн “Их дуулга” тэмцээнд Монголын есөн жүдоч хүч үзнэ
2026-09-11 14:37:23
"Шарилжгүй Улаанбаатар" аянд эрүүл мэндийн байгууллагын 1100 ажилтан нэгдлээ
2026-09-11 14:27:22
Хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг ирэх сарын 1-нээс эхэлнэ
2026-09-11 13:56:24
Онцгой байдлын алба хаагч Б.Хүрэлчулуун Токиогийн дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-11 12:21:59
УНТЭ робот мэс заслын тусламж, үйлчилгээг албан ёсоор нэвтрүүлжээ
2026-09-11 12:14:30
Ургац хураалтын дараах зоорь, агуулахын ариутгал ба халдваргүйжүүлэлтийн зөвлөмж
2026-09-11 12:11:28
Он гарснаас хойш 3,545 удаагийн гамшиг, ослын дуудлага бүртгэгдэж, албан хаагчид 3963 хүний амь насыг аваржээ
2026-09-11 11:23:10
Ойрх дорнодын дайн идэвхжиж Брент маркийн газрын тосны үнэ баррель нь 100 ам.доллароос давж хэлбэлзэв
2026-09-11 11:22:47
Автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ
2026-09-11 11:22:20
Буйр нуурт живсэн техник хэрэгслийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-09-11 11:11:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрлэг лугаа учирна
2026-09-11 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |