-ШҮҮХ ХУРЛЫН ТОВ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 10-ДААР ГАРАХ БОЛОВ УУ ГЭСЭН ХҮЛЭЭЛТТЭЙ БАЙНА-
Сэтгүүлч Н.Өнөрцэцэг хорих ангиас ил захидал илгээж, давж заалдах шүүх хурлыг нээлттэй, ил тод явуулахад олон нийтийн дэмжлэгийг хүслээ. Түүнд холбогдох хэргийн анхан шатны шүүх хурал өнгөрсөн долдугаар сард болж, 4.9 жилийн хорих ял оноосон юм. Тодруулбал, түүнийг нэр бүхий дөрвөн иргэн, нэг хуулийн этгээдийн нэр төр, алдар хүндэд халдсан, илт худал мэдээллийг олон нийтэд тараасан. Хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг олж мэдсэн хүн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр цахим сүлжээ ашиглаж задруулсан. Мөн татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлогоо зориуд худал тодорхойлсон, нуусан. Түүнчлэн татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж ашигласан, төрийн нууцад хамаарах мэдээ, баримтыг хадгалсан гэм буруутайд тооцсон юм. Бид Н.Өнөрцэцэгийн өмгөөлөгч П.Эрхэмбаяртай ярилцаж, зарим зүйлийг тодрууллаа.
-Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн биеийн байдал болон сэтгэл санаа нь ямар байна вэ?
-Жин хассан, нуруу, бөөрний өвчин нь сэдэрсэн байдалтай байгаа. Шүүхийн шийдвэр гарснаас хойш 100 гаруй хоног хоригдож байна. Тиймээс сэтгэл санаа нь сайнгүй байгаа. Өмгөөлөгчийн хувьд долоо хоногт хоёр удаа очиж уулзаж байна.
-Нуруу, бөөрний өвчин нь хэр хүнд байгаа вэ?
-Хорих байгууллага гэдэг бол тав тухтай газар биш. Тиймээс чийгтэй орчинд удаан хугацаанд байсантай холбоотойгоор нуруу, бөөр нь өвдсөн. Жил гаруйн өмнө мөрдөн шалгах ажиллагааны явцад Цагдаагийн ерөнхий газарт мэдүүлэг өгөхөд нуруу нь татаж байсан юм. Түүнээс хойш эмчилгээ хийлгэж байсан боловч эдгээж амжилгүй шүүхийн шийдвэр гарч, хорих байгууллагад очсон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар мэдээж боломжийнхоо хэмжээнд, хуульд заасан эмчилгээ, холбогдох үзлэг, хяналтыг тавьж байгаа ч тэнд гадуур байдаг шиг хангалттай сайн эм, тариа байхгүй. Эмчлэх нөхцөл байдал хязгаарлагдмал байгаа.
-Захиан дээрээ даралт нь хэлбэлзэж байгаа гэсэн байсан?
-Сэтгэл санааны нөхцөл байдал, нуруу өвдөж байгаатай холбоотойгоор даралт нь хэлбэлзэж байгаа. Би эмч биш болохоор, биеийн байдал нь муу байгааг хэлэхээс биш, нарийн мэргэжлийн эмчийн хэмжээнд хэлж мэдэхгүй байна.
-Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн хувьд давж заалдах шатны шүүх хурлыг нээлттэй явуулахад олон нийтийн дэмжлэгийг хүссэн. Шүүх хурал хэзээ болох тов байна вэ?
-Өмгөөлөгчийн зүгээс давж заалдах шатны шүүх хурлын хүсэлтийг есдүгээр сарын 10-даар гаргасан. 30 хоногийн дотор давж заалдах шатны шүүх хурлыг хийх ёстой. Хэргийн ээдрээтэй байдал, баримт материалтай танилцах шаардлагатай гэвэл нэмэлтээр 30 хоног сунгадаг. Давж заалдах шатны шүүхээс хэргийн материалтай нэг бүрчлэн танилцах шаардлагатай байна гэдэг үндэслэлээр 30 хоног сунгасан. Тэгэхээр шүүх хурлын тов арваннэгдүгээр сарын 10-даар гарах болов уу гэсэн хүлээлттэй байна.
-Олон нийтийн хувьд ч улсын нууц задруулснаас бусад хэргийг нээлттэй шүүх нь зүйтэй гэдэг байр суурь илэрхийлж байгаа. Шүүх хурлыг нээлттэй явуулахгүй байгаа үндэслэл юу вэ?
-Сүүлийн жилүүдэд Монголын эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх үйл ажиллагаа нь эхлээд олон нийтийн сүлжээнд “Ийм айхтар хэрэгт холбогдож гэнэ ээ” хэмээн сэвдэг, харлуулдаг. Үүний дараа тагнуул, улсын нууцтай холбоотой зүйл ангиар шалгадаг болсон. Ингээд яллагдагчаар татаж, бусад хэргийг хамтад нь “боож”, шүүх рүү шилжүүлдэг. Ийн орж ирсэн хэргийг шүүхээс хуулиа баримталж, нууцын зэрэгт хамруулж, шүүх хуралдааныг хаалттай явуулахаас өөр сонголтгүй байдаг. Гэхдээ чухам аль хэргийг нь тусгаарлаж хаалттай, эсвэл нээлттэй явуулах эрх нь хуулийн хүрээнд боломжтой. Тэгэхээр сэтгүүлч Н.Өнөрцэцэг болон өмгөөлөгч нарын зүгээс шүүхэд татвараас зайлсхийсэн, бусдын нэр төр, алдар хүндэд халдсан, илт худал мэдээлэл тараасан зэрэг улсын нууцтай холбогдохоос бусад хэргийг олон нийтэд нээлттэй, ил тод явуулж өгөх хүсэлт гаргасан. Шүүх хурал хаалттай явна гэдэг бол иргэдийн хувьд хардах, сэрдэх нөхцөл байдлыг үүсгэнэ. Үүнийг дагаад иргэдийн шүүхэд итгэх итгэл ч алдрах магадлалтай.
Та бүхэн санаж байгаа бол, олон жилийн өмнө Л.Гансүхтэй холбогдох нүүрсний хэргийн шүүх хурал нээлттэй болж, нэгэн бүсгүй өөрийгөө өмгөөлж, прокурорыг “мад тавьсан” бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан шүү дээ. Үүнээс хойш прокурорууд “Олон нийтийн сүлжээнд шүүх хурлыг нээлттэй хийх нь ийм эрсдэлтэй юм байна” гэж үзэж, шүүхэд хэрэг аваачиж өгөхдөө улсын нууцад хамааруулж, шүүх хурлыг хаалттай явуулдаг болсон байх магадлалтай гэж би хувьдаа боддог .
Улмаар шүүх хурлын явцад яллагдагчийг ямар зүйл ангиар яаж буруутгаж, ямар нотлох баримтыг үндэслэж шийдвэр гарч байгаа нь ойлгомжгүй болсон. Мөн шүүх хурлыг мэргэжлийн хуульч нар хөндлөнгөөс үнэлж дүгнэх, эрдэм шинжилгээний ажил хийх боломжгүй байдаг. Энэ нь тодорхойгүй нөхцөл байдаг үүсгэдэг. Үнэхээр сэтгүүлч Н.Өнөрцэцэг гэмт хэрэг үйлдэж шоронд ороод байна уу, хэлмэгдэж шоронд ороод байна уу гэдгийг мэдэх боломжгүй болдог гэсэн үг. Шүүхийн үйл ажиллагаа нээлттэй, ил тод байх ёстой. Тэгэхээр шүүх хурал энэ зарчимд нийцэхгүй байна. Тиймээс өмгөөлөгч нар хэргийг тусгаарлаж байгаад нээлттэй явуулж өгөхийг хүсэж байгаа юм.
-Аав, ээж болон хүүхдүүд нь хэр байгаа вэ?
-Нэг хүн эрүүгийн хариуцлага хүлээхэд гэр бүл нь дагаад сэтгэл санаа болон эдийн засгийн дарамтад орж байдаг. Ар гэрийнхний хувьд хорих анги руу өмгөөлөгч нарын хамт байнга очиж байгаа. Түүнчлэн олон нийтийн зүгээс өгч байгаа үнэлэлт, дүгнэлт, сөрөг үзэл бодол нь сэтгүүлч Н.Өнөрцэцэг болон ар гэрт нь маш хүнд тусаж байна. Энэ ташрамд, анхан шатны шүүхийн шийдвэр бол эцсийн шийдвэр биш. Шүүхээр гэм буруутайг эцэслэн тогтоосон шийдвэр гараагүй байгаа гэдгийг хэлье.
| СЭТГҮҮЛЧ Н.ӨНӨРЦЭЦЭГИЙН ӨМГӨӨЛӨГЧ П.ЭРХЭМБАЯР: ШҮҮХ ХУРАЛ ХААЛТТАЙ БОЛБОЛ ИРГЭДИЙН ШҮҮХЭД ИТГЭХ ИТГЭЛ АЛДРАХ МАГАДЛАЛТАЙ |
|
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нас ахар болно
2026-09-12 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан байна
2026-09-12 06:00:00
14 дүгээр сургууль дэлхийн стандартын Физикийн лабораторитой боллоо
2026-09-11 18:16:42
2028 ОНЫ ЛОС-АНЖЕЛЕСИЙН ОЛИМПЫН НААДМЫН БЭЛТГЭЛ ХАНГАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЖЭЭ
2026-09-11 17:24:33
Онцгой байдлын байгууллага сургалт, бэлтгэлийн жилийн II үеэ эхлүүлжээ
2026-09-11 16:50:58
“НАЖИРТАЙ НАМАР” УРАМШУУЛАЛ 14 ХОНОГ ҮРГЭЛЖИЛНЭ
2026-09-11 16:39:48
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
2026-09-11 16:10:13
"Овгор" уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
2026-09-11 15:15:23
ШЕЗ: "Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн"-ий нээлттэй сонгон шалгаруулалт урьж байна
2026-09-11 14:41:11
Будапештийн “Их дуулга” тэмцээнд Монголын есөн жүдоч хүч үзнэ
2026-09-11 14:37:23
"Шарилжгүй Улаанбаатар" аянд эрүүл мэндийн байгууллагын 1100 ажилтан нэгдлээ
2026-09-11 14:27:22
Хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг ирэх сарын 1-нээс эхэлнэ
2026-09-11 13:56:24
Онцгой байдлын алба хаагч Б.Хүрэлчулуун Токиогийн дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-11 12:21:59
УНТЭ робот мэс заслын тусламж, үйлчилгээг албан ёсоор нэвтрүүлжээ
2026-09-11 12:14:30
Ургац хураалтын дараах зоорь, агуулахын ариутгал ба халдваргүйжүүлэлтийн зөвлөмж
2026-09-11 12:11:28
Он гарснаас хойш 3,545 удаагийн гамшиг, ослын дуудлага бүртгэгдэж, албан хаагчид 3963 хүний амь насыг аваржээ
2026-09-11 11:23:10
Ойрх дорнодын дайн идэвхжиж Брент маркийн газрын тосны үнэ баррель нь 100 ам.доллароос давж хэлбэлзэв
2026-09-11 11:22:47
Автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ
2026-09-11 11:22:20
Буйр нуурт живсэн техник хэрэгслийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-09-11 11:11:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрлэг лугаа учирна
2026-09-11 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |