• Өнөөдөр 2024-05-01

ЦИРКЧИН Б.БАТТУЛГА: ДҮРЭЛЗСЭН ГАЛТАЙ МОД ХӨЛ ДЭЭРЭЭ АЛДАЖ, БОУЛИНГИЙН БӨМБӨГӨӨР ТОЛГОЙГОО ХАГАЛЖ БАЙСАН Ч ҮЗЭГЧДЭД СОНИРХОЛТОЙ ҮЗҮҮЛБЭР ҮЗҮҮЛЭХИЙГ ХИЧЭЭСНЭЭР ГИННЕСИЙН ХОЁР РЕКОРД ЭВДЭЖ ЧАДСАН

2024-04-05,   604

   БИ МОДТОЙ ҮЗҮҮЛБЭРЭЭ 10 МЯНГАН УДАА ДАВТСАН БОЛОХООР ХҮМҮҮСТ АМАРХАН ХАРАГДАЖ БАЙГАА 

  Бөхийн өргөөний гадна галтай мод хүзүүн дээрээ эргүүлээд байсан залууг та бүхэн санаж байна уу. Тэр бол олон орны үзэгчдийг супер үзүүлбэрүүдээрээ гайхшруулж, 6-8 метр урт, 60-80 кг-ийн жинтэй, гал дүрэлзсэн гуалин модыг нуруу, цээжин дээгүүрээ гар оролцуулахгүйгээр дүүгүүрдэн эргүүлж, дээш шидэн тосч авах, шүдээрээ машин татах зэрэг эрсдэлтэй  хүнд үзүүлбэрүүдээрээ олны анхаарлыг татдаг  Б.Баттулга юм. Циркчид дундаасаа онцгой үзүүлбэр, хөдөлмөрч, шаргуу чанараараа онцгойрч байгаа Баттулга “Авьяаслаг америкчууд” шоу нэвтрүүлэгт оролцож, хоёрдугаар шатны шилдэг 80 үзүүлбэрт шалгаран “Ноён хүчтэн” хэмээн алдаршиж байсан бол одоо АНУ-ын Чикаго хотод суурьшиж, “МSА” циркт багшилж байгаа билээ. Тэрбээр саяхан Монголдоо ирж “Браво” тоглолтоо үзэгч түмэндээ толилуулж байгаа юм. 2009 оноос Америкт амьдарч байгаа тэрбээр эх орондоо хоёр дахь удаагаа ирээд байхад нь ярилцлаа.

-Таны бага нас хаана, хэрхэн өнгөрсөн бэ. Та хэзээнээс цирк сонирхож эхэлсэн бэ?

       -Би Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн. Аав минь цэргийн хүн болохоор хилээр их явдаг байлаа. Харин ээж минь “Монголын  улаан загалмай” нийгэмлэгт олон жил ажилласан. Би ээжийнхээ ажилд тусалж, олон нийтийг хамарсан ажилд нь их оролцдог хүүхэд байлаа. Багадаа бөх болно, түүхийн багш болно гэж мөрөөддөг хүүхэд байсан. Барилдах дуртай спортлог хүүхэд байсан. Үеэлүүдтэйгээ, ахтайгаа барилдаж өссөн. Нэг өдөр гадаадын циркийн үзүүлбэр үзээд үнэн сэтгэлээсээ дурлаж, аавынхаа найз дээр циркийн бэлтгэл хийж байлаа. Тухайн үед багш нараас гадна бичлэг үзэж байгаад үзүүлбэрүүдээ дуурайж хийх гэж оролддог, олон давталтын дараа хийгээд сурчихсан байдаг байсан. Анх олон унаж, босож, чадахгүй зүйлтэйгээ нүүр тулж байсан. Гэлээ ч дуртай болохоор хичээж, зүтгэсээр өнөөдөрт хүрсэн. 

-Та модтой үзүүлбэрээ хэзээнээс хийж байгаа вэ. Гал нэмэх, гар оролцуулахгүйгээр хүзүүн дээрээ эргүүлэх санааг хэрхэн олж байв?

    -Би энэ үзүүлбэрийг 2012 оноос хийж байгаа. Өмнө нь циркчид хийдэг байсан. Харин би хийж эхэлснээсээ хойш гал нэмсэн бас гар оролцуулахгүйгээр хүзүү болон амандаа эргүүлж байгаа. Мөн уулан дээр, усан дотор, Бөхийн өргөөний гадна гээд байж болох газруудад модоо эргүүлж байгаа. Очсон газар бүртээ бичлэг хийж, хувьдаа архивлах сонирхолтой. 

-Мод нь хэдэн килограммын жинтэй вэ. Бэртэж, гэмтэхээс хэрхэн сэргийлдэг вэ?

    -50-80 килограмм жинтэй, 5-8 метрын урт галтай мод эргүүлдэг. Хүмүүс мод эргүүлж байхыг чинь харахад амархан санагдсан. Хөндий мод юм биш үү гэдэг. Би үзэгчдээ хуурахыг хүсдэггүй. Жинхэнэ сонирхолтой үзүүлбэр үзүүлэхийг хүсдэг болохоор би аль болох хүнд жингийн боулийнгийн бөмбөг, урт модоор үзүүлбэрээ үзүүлэхийг хичээдэг дээ. Тэр хэрээрээ эрсдэл ихтэй байдаг. Эрсдэлээс өөрийгөө сэргийлэхийн тулд анхаарал, болгоомжтой байж бэлтгэлээ сайн хийх нь чухал  байдаг.  Галтай мод гадаа эргүүлж байхдаа үсээ, хөмсгөө хуйхалж байсан. Зургаан киллограмын жинтэй бөмбөгөөр толгойгоо хагалж байсан, модоо хөл дээрээ алдаж, хумс унаж байсан гээд бэртэл, гэмтэл бий. 

-Бэрхшээл бүрийг даван туулсны эцэст таныг геннисийн хоёр рекорд эвдсэн байх гэж бодож байна. Энэ тухайгаа ярьж өгөөч?

       -Ямарч бэрхшээл, бэртэл, гэмтэл авсан шантралгүйгээр зүтгэснээр геннисийн хоёр рекорд эвдэж чадсан. Нэг нь гар оролцуулахгүйгээр хүзүүн дээрээ галтай мод эргүүлэх, нөгөөх нь амандаа зууж эргүүлэх байсан. Би тус хоёр үзүүлбэрийг 30 секунтээс дээш хийж амжилтаа тогтоож байсан. Одоо амжилтаа улам ахиулж, олимпын тайзнаа гарч, кинонд тоглохыг мөрөөдөж байгаа. 

-Таны удамд урлаг, спортоор хичээллэсэн хүн бий юү?

   -Аавын талд ачаагаа шүдээрээ зуугаад тэмээн дээрээ тохчихдог хүн байсан гэдэг. Харин ээжийн талд тавхай Галаа гээд хурдан гүйдэг хүн байсан гэдэг. Тэднийг сонсохоор үлгэр шиг л санагддаг даа. Галаа гэдэг хүн машинтай хүнийг түрүүлээд явж байгаа гэчихээд очих ёстой газраа очиход нь түрүүлээд оччихсон байдаг байсан гэдэг. 

-Та сүүлийн үед модтой үзүүлбэрээсээ өөр ямар үзүүлбэр үзүүлж байна вэ. Цаашид ямар үзүүлбэр үзүүлэхээр төлөвлөж байна?

      -Би үндсэн үзүүлбэрүүдээсээ гадна шүдээрээ машин татаж байгаа. Цаашид хөлөөрөө төмөр эргүүлэх санаатай байгаа. Харин яаж сонирхолтой байдлаар эргүүлэх вэ гэдгээ тооцоолоогүй байгаа. Циркчид энгийн зүйл хийхийг хүсдэггүй. Амьдралд тохиолдоод байдаггүй болгоныг өөрийн биеэр үзүүлэхийг зорьдог учраас үзүүлбэрийг санаа чухал байдаг. Давхар сэтгэн бодох, давтагдашгүй үзүүлбэр үзүүлэхийг хичээдэг дээ. 

-Та Америкт хэчнээн жил амьдарч байна вэ. Телевизийн хэдэн шоунд оролцож, үзүүлбэрээ үзүүлсэн бэ?

    -Би 2009 оноос хойш Америкт гэр бүлийн хамт амьдарч байна. Одоогоор 17 телевизийн шоунд урилгаар оролцсон. Удахгүй Гүрж Улсын телевизийн шоунд оролцохоор явна. Европын ихэнх улсаар явсан байна лээ. 

-Олон хүний өмнө хүнд үзүүлбэр үзүүлэхээр гарахдаа та өөрийгөө хэрхэн бэлддэг вэ?

      -Тайзан дээр гарахаас өмнөх сандрал одоо хүртэл байдаг. Тайз болгон шинэ учраас цээж дүүрэх мэдрэмж үргэлж төрдөг. Тэгээд үзүүлбэрээ үзүүлээд бие халж, хөлс гараад ирэхээр л тайширч, үзүүлбэрээ улам сайхан болгож чадаж байгаа юм шиг мэдрэмж  надад төрдөг. Тайзан дээр гараагүй үедээ циркээ үргэлж зүүдэлдэг.  Бас тайзан дээр гарахаасаа өмнө болон ядарсан үедээ Монголынхоо дууг сонсох дуртай. 

-Дэлхийн хэмжээний циркчид сүүлийн үед ямар үзүүлбэр үзүүлж байна вэ?

      -Циркчид ихэвчлэн агаарын тоглолт үзүүлдэг. Газар үзүүлэх үзүүлбэр бага байдаг. Оросууд дэлхийн циркчдийг тэргүүлдэг байсан бол тэднийг дайнаас болоод шоу, тэмцээнд оруулахгүй байгаа юм билээ. Тэгэхээр хятадууд хүч түрэн орж ирж байгаа. Би тэдний дунд монгол циркчин юу чаддагийг харуулж, дэлхий нийтэд Монгол гэх нэрийг гаргахыг хичээж байгаа. 

-Таныг циркчин болоход гэр бүлийнхэн нь хэрхэн хүлээж авсан бэ?

      -Манай гэрийнхэн ч гэсэн намайг циркчин болно гэхэд гайхдаг байсан. Одоо зарим хамаатан садан, найз нөхөд чи яаж байгаад циркчин болчихов гэж гайхдаг хэвээрээ. Гэхдээ тэд минь дургүйдээ биш намайг байнга үзэж, дэмждэг болохоороо яаж энэ үзүүлбэрийг хийж чадаад байна вэ гэдэгт гайхдаг байх. 

-Та гал дунд л үзүүлбэрээ үзүүлдэг юм байна шүү дээ?

     -Үзэгчид хүртэл өөдөөс халуу дүүгээд, хөлс гарчихлаа "Чи яаж тэр их галыг хүзүүн дээрээ эргүүлж чаддаг юм бэ" гэж гайхдаг.  Гэхдээ би хүмүүс рүү төөнөж байгаа галаас илүү гал дунд үзүүлбэрээ үзүүлдэг гэсэн үг. Тийм болохоор миний хөлс их гардаг. Маш их эрсдэлтэй үзүүлбэр болохоор хүмүүсийг битгий дуурайгаасай гэж хүсэж байна. 


ЦИРКЧИН Б.БАТТУЛГА: ДҮРЭЛЗСЭН ГАЛТАЙ МОД ХӨЛ ДЭЭРЭЭ АЛДАЖ, БОУЛИНГИЙН БӨМБӨГӨӨР ТОЛГОЙГОО ХАГАЛЖ БАЙСАН Ч ҮЗЭГЧДЭД СОНИРХОЛТОЙ ҮЗҮҮЛБЭР ҮЗҮҮЛЭХИЙГ ХИЧЭЭСНЭЭР ГИННЕСИЙН ХОЁР РЕКОРД ЭВДЭЖ ЧАДСАН
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188