Дэнгийн гэрэлд дээл оён суух ээжийгээ дагаад л тэр үйл урлаж сурчээ. Эмэгтэй хүн юм оёод сурахад хаа ч газардахгүй гэсэн ээжийн сургаал, алсын хараа түүнийг оёдлын салбарт 50 гаруй жил хоёргүй сэтгэлээр зүтгэх замд хөтөлжээ. “Үйлчин бүсгүй” дууны үгэнд,
“...Урлан урлан шаглахдаа
Үнэн сэтгэлээ шингээсэн
Зүйдэл зүйдлийн оёдолдоо
Зүрхний итгэлээ үлдээсэн...” гэж өгүүлдэг шиг тэр чин сэтгэлийн угаас хатгаж, мэтгэж, оёж, эсгэж, урлан шагласаар нэгэн насаа элээж буй эмэгтэй. Оёдолчин хүнд бүдүүн хадуун зан, аливааг амарчлах сэтгэлгээ үгүй. Ёстой нарийн харж, нямбай хатгахгүй л бол үйлэнд алдаа гарч, үйлчлүүлж буй хүний итгэл буурах учир үргэлж няхуур хянамгай занг үйлчнээсээ шаарддаг. Үүнийг ч Н.Дугуйцагаан гуай онцгойлон хэлсэн юм. Тэрбээр “Эгч нь дээл оёх, үйл урлах эрдмийг сургуульд сурч эзэмшээгүй. Ээжээсээ сурсан эрдмээрээ л өдий хүртэл явж байна” гэнэ.
Хорь ч хүрээгүй насандаа үйлдвэрт мастерын ажил хийж, 17 жил болоод түүнээс хойш хувиараа юу л бол юуг ч оёж, шидэж яваа Хөдөлмөрийн баатар, оёдолчин Н.Дугуйцагаантай ярилцлаа.

-Сайн байна уу, та. Сайхан хаваржиж байна уу. Хэзээнээс та юм оёж эхэлсэн бэ?
-Сайхан, та бүхэн сайхан хаваржиж байна уу. Би 1973 оноос хойш 50 гаруй жил үйл оёж байна. Багаасаа ээжийгээ дагаж юм оёж байгаад оёдлын үйлдвэрийн хүүхдийн хувцасны хоёрдугаар үйлдвэрт ажилчин болсон. Үйлдвэрт 17 жил ажиллаад Хөдөлмөрийн баатар болсон. Анх загварын оёдолчин хийж байгаад, 16 жил мастерын ажил хийсэн. Тэгээд 1990 оноос хойш үйлдвэрүүд зогсонги байдалд ороод, гадаадын хөрөнгө оруулалттай үйл ажиллагаа явуулдаг болоод Каннад, Америк Улс руу гаргахаар гадуур хувцас буюу куртик хийдэг байсан.
Харин үйлдвэр нам зогссоноос хойш нэгдүгээр хороололд хувиараа шавьтайгаа хамт оёдол хийж эхлээд өдгөө хүртэл ажиллаж байна. Бид ихэвчлэн хүүхдийн хувцас, дүрэмт хувцас оёно.
-Тэгэхээр ээж нь таныг юм оёх эрдэмд хөтөлжээ дээ. Хуучин цагт дээл оёдоггүй хүн байдаггүй байсан санагддаг.
-Ёстой юм оёдоггүй хүн байгаагүй. Хэн ч өөртөө болон гэр бүлийнхэндээ дээл оёод өмсдөг л байсан. Одоо харин бүх зүйл бэлэн, сонголттой болоод хүмүүс өөрсдөө хийхээс илүү худалдан авдаг болсон. Эгч нь дээл оёх эрдмийг ээжээсээ сурсан. Үйлэнд уран ээжийгээ дагаад л муу, сайн оёж сурсаар нэг мэдэхэд дөртэй болсон байсан.

-Үйл оёдолд та нэгэн насныхаа амьдралаа зориулж яваа. Танд өгсөн ач тус, үр өгөөж нь юу байв?
-Бидний гол хэрэгцээ бол хувцас. Тэгэхээр оёдол бол хүний насан туршийн, мөнхийн зүйл. Гэртээ хүүхдээ хараад сууж байсан ч юм оёно. Хүн өөрөө зоривол юуг ч хийж чадна. Ээж минь дэнгийн гэрэлд юм оёдог байсан. Тийм ч болохоор би ч мөн ялгаагүй шөнө суугаад л оёдог байлаа. Зургадугаар ангид байхдаа анх хүүхдийн баривч хийж сурсан. Тэгж байгаад л үйлдвэрт ороод ажилласан даа. Үйлдвэрийн ажил тогтсон норм журамтай. Тэр бүхнээ биелүүлж ажиллахын тулд тун завгүй шаргуу байдаг байлаа. Хажуугаар нь орой үдэш ээждээ ч юм уу дүү нартаа ганц нэг дээл хувцас хийж сурсан л даа.
Хүн үхэн үхтлээ сурдаг гэж ээж минь хэлдэг байсан. Үнэхээр суралцсаар л явна даа.
-Одоо үр хүүхэд, ач, зээ нараас нь таныг дагаж оёдол руу орж байгаа хүн бий юу?
-Нэг охин минь хүнсний технологич мэргэжилтэй. Гэхдээ давгүй юм очно. Түүнээс гадна есдүгээр ангийн ач охин маань сампин зангидна, эргүүлнэ. Шагай, аяганы уут гээд оёж сурч байна. Хүүхдүүдээ аль болох бүгдийг нь юм оёж сургана гэж боддог. Ач охин минь оёдолд их сонирхолтой, дизайнер болно гэж ярьдаг. Саяхан урам өгөөд оёдлын машин авч өгсөн бөөн баяр болсон.
-Монгол дээлний загвар янз бүрээр өөрчлөгдөж байгаад зарим хүн шүүмжлэлтэй ханддаг. Ажиглаад байхад тал энгэртэй, эсвэл эрээн мяраан даавуу, торго зүүж оёсон харагдах юм. Энэ байдалд таны хувьд хэрхэн ханддаг вэ?
-Миний хувьд бас шүүмжлэлттэй ханддаг. Үндэснийхээ дээлийг ёс журмынх нь дагуу оёж, өмсөж сурах нь бидний нэгэн эрдэм шүү дээ. Монгол дээл бол аль ч цагт хуучрахгүй. Гэтэл тал нь байхгүй, эсвэл энгэр нь задгай байдлаар хийж, өмсөж байгаа нь таатай санагддаггүй. Дээлийг бүтэн сайхан өмсөж, товчилж, бүсэлж сурах хэрэгтэй.
Гэхдээ нэг талаараа өнөөдөр бол хүний сонирхол, эрхийн асуудал болж. Гэлээ гээд уламжлалт дээл хувцсаа ном журмаас нь алдагдуулж болохгүй шүү дээ.
-Оёдолчин хүний хамгийн их эрэлттэй, тун завгүй үе нь цагаан сар, наадмын өмнө байдаг байх?
-Тийм ээ, сая цагаан сараар захиалга ихтэй, тун завгүй байлаа. Одоо харьцангуй гайгүй ч захиалга чамгүй бий. Олон жил нэг газраа тогтвортой ажиллахаар танил, тогтмол захиалагчид элбэгтэй байдаг. Тэднийхээ итгэлийг алдахгүй байх нь чухал.
-Ярилцлага өгсөн танд баярлалаа.
-Баярлалаа.
| ХӨДӨЛМӨРИЙН БААТАР Н.ДУГУЙЦАГААН: Ээжээсээ сурсан эрдмээрээ 50 гаруй жил үйл урлалаа |
|
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нас ахар болно
2026-09-12 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан байна
2026-09-12 06:00:00
14 дүгээр сургууль дэлхийн стандартын Физикийн лабораторитой боллоо
2026-09-11 18:16:42
2028 ОНЫ ЛОС-АНЖЕЛЕСИЙН ОЛИМПЫН НААДМЫН БЭЛТГЭЛ ХАНГАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЖЭЭ
2026-09-11 17:24:33
Онцгой байдлын байгууллага сургалт, бэлтгэлийн жилийн II үеэ эхлүүлжээ
2026-09-11 16:50:58
“НАЖИРТАЙ НАМАР” УРАМШУУЛАЛ 14 ХОНОГ ҮРГЭЛЖИЛНЭ
2026-09-11 16:39:48
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
2026-09-11 16:10:13
"Овгор" уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
2026-09-11 15:15:23
ШЕЗ: "Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн"-ий нээлттэй сонгон шалгаруулалт урьж байна
2026-09-11 14:41:11
Будапештийн “Их дуулга” тэмцээнд Монголын есөн жүдоч хүч үзнэ
2026-09-11 14:37:23
"Шарилжгүй Улаанбаатар" аянд эрүүл мэндийн байгууллагын 1100 ажилтан нэгдлээ
2026-09-11 14:27:22
Хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг ирэх сарын 1-нээс эхэлнэ
2026-09-11 13:56:24
Онцгой байдлын алба хаагч Б.Хүрэлчулуун Токиогийн дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-11 12:21:59
УНТЭ робот мэс заслын тусламж, үйлчилгээг албан ёсоор нэвтрүүлжээ
2026-09-11 12:14:30
Ургац хураалтын дараах зоорь, агуулахын ариутгал ба халдваргүйжүүлэлтийн зөвлөмж
2026-09-11 12:11:28
Он гарснаас хойш 3,545 удаагийн гамшиг, ослын дуудлага бүртгэгдэж, албан хаагчид 3963 хүний амь насыг аваржээ
2026-09-11 11:23:10
Ойрх дорнодын дайн идэвхжиж Брент маркийн газрын тосны үнэ баррель нь 100 ам.доллароос давж хэлбэлзэв
2026-09-11 11:22:47
Автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ
2026-09-11 11:22:20
Буйр нуурт живсэн техник хэрэгслийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-09-11 11:11:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрлэг лугаа учирна
2026-09-11 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |