“Тэнгэрт байгаа аав, саяхан мэндэлсэн хүү, хайрт хань, төрүүлж, өсгөсөн ижий болон Ц.Шийрэв багшдаа маш их баярлалаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцахад түүний нүдэнд баярын нулимс цийлэгнэж, хоолой нь зангирч, байлаа. Ийнхүү монгол түмнээ огшоож, баярлуулж чадсан тамирчин бол “Токио-2020” олимпын наадмын жүдо бөхийн -73 кг жингийн хүрэл медалийн эзэн Цэнд-Очирын Цогтбаатар билээ. Барилдааны үеэр хүүгийнхээ унаа, даваа бүрт хамт байж, хазайхад нь хүртэл гэртээ дагаж хазайдаг түүний ээж С.Энхтуяатай ярилцлаа.

-Таны хүүгийн амжилтаар монголчууд бахархаж, омогшиж, баярлаж, уухайлж сууна. Таны хүүд болон танд баяр хүргэе. Хүүгээ медаль хүртсэн шөнө таны нойр лав хүрээгүй байх даа?
-Тиймээ, огт унтаж чадаагүй. Дэндүү их баярлаж, түүндээ бялуурч, нойр хүрэлгүй өглөө болгосон. Харин одоо нойр хүрэх янзтай байна. Би хүүтэйгээ хамт баярлаж, догдолж, унаж, давдаг. Хэдийгээр миний бие гэртээ байгаа боловч сэтгэл зүрх, оюун бодол минь одоо ч Токиод байна. Би хүүгээ олимпод оролцохыг нь хоёр, гурван жил хүлээсэн. Яагаад гэвэл олимпод оролцох эрх авахын тулд оноо цуглуулах шаардлагатай байдаг. Миний хүү өнгөрсөн хавар хоёр тэмцээнээс хүрэл медаль авсан. Мөн энэ хавар хоёр алтан медаль зүүж, дэлхийн жүдо бөхийн -73 кг жинд зургадугаар байрт орж, олимпод оролцох эрхээ авсан юм. Эх хүн хүүгээ уралдаан тэмцээнд оролцохоор явахад нь сэтгэл амар сууна гэж байхгүй шүү дээ. Гэмтэж, бэртэх вий гэхээс маш их айж, үүнээс сэргийлэхийн тулд үргэлж холбогдож энэ талаар захиж, сануулдаг. Мөн хүүгээ хар, цагаан хэл амнаас сэтгэл зүрх, оюун бодлоороо хамгаалж суудаг. Миний хамгаална гэж юу байх вэ,гэхдээ хүний үр эхийнхээ оюун санааг дагадаг гэдэг болохоор би муу муухай үг, үйлдлээс хол байж, сэтгэл санаагаа ариун байлгахыг хичээдэг дээ.

-Та хүүгээ барилдах өдөр нь гандан орж ном уншуулж ирчихээд, тоглолтыг нь үзсэн гэсэн. Хүүгийнхээ барилдааныг тохитой суугаад үзэж чадав уу?
-Би хүүгийнхээ барилдааныг телевизээр тохитой суугаад үзэж чаддаггүй. Яг тэр үед миний зүрх дэлсэж, салгалдаг. Тэгээд л хүүгийнхээ медалиудыг дугаргаж, сүү өргөж, арц, хүжээр ариулж, телевизийнхээ өмнө сунаж мөргөж, заримдаа үсэрч, дэвхэрдэг. Сая олимпын тэмцээнд барилдаж байхад нь хүүгийнхээ зургийг телевизийнхээ хажууд тавьчихаад хамгийн анх авсан “Олимпын гараа” нэртэй медалиар нь адис өгч, далласан. Тэгээд хүү минь 30-аад секундийн дотор хүрэл медаль хүртсэн шүү дээ. Яг тэр үед олны дунд орж, танихгүй хүнд ч гэсэн хамаагүй “Миний хүү чадлаа” гэж хэлмээр бүр хашхирмаар санагдсан шүү. Тийм л сайхан байдаг юм байна.
-Таны хань хүүгийнхээ барилдааныг хэрхэн үздэг байв. Хүүгээ дэлхийн их цэнгэл олимпын наадамд оролцож, зон олноо баярлуулна гэж итгэж, найдаж байсан байх даа?
-Миний хань хүүгийнхээ барилдааныг юу ч дуугарахгүй тохитой сууж байгаад үздэг байсан. Тэгээд хүүг минь медаль авахаар манай хүн рүү хамаатан садан, найз нөхөд нь залгаж баяр хүргэдэг байв. Тэгэхээр “За, баярлалаа. Дахиж үзнэ ээ хө. Би нэг галзуу хүнтэй л юм үзэж байх шиг байна” гэж ярьдаг хүн байсан. Хань минь өнгөрсөн есдүгээр сард хүнд өвчний улмаас бурхан болсон. Хоёр сарын өмнө том охин минь автомашины ослоор Ц.Цогтбаатарыг ДАШТ-нд оролцохоор явсан хойгуур нь бурхан болсон юм.
Тийм болохоор сүүлийн үед миний сэтгэл санаа таагүй байлаа. Аав нь бурхан болохоосоо өмнө "Хүүгээ олимп, дэлхийн аварга болохыг үзэх юм сан" гэж үргэлж ярьдаг байлаа. Тэгээд бурхан болохынхоо өмнө хүүдээ “Миний хүү олимп, дэлхийн аваргын медаль авахаараа аавынхаа зургийн хоёр талд өлгөчихөөрэй” гэж гуйж байсан. Миний хүү аавынхаа хүслийг маш хурдан гүйцээлээ. Олимпын медалиа зүүчихээд “Аав аа, хүү нь чадлаа” гэж ярилцлагынхаа үеэр хэлж байна лээ.
Тэгээд надтай утсаар ярихдаа “Ээж ээ, хүү нь тандаа маш их хайртай шүү. Та минь биеэ сайн бодож, эрүүл саруул урт наслаарай. Намайг тэсвэр хатуужилтай, зоригтой болгож хүмүүжүүлсэнд их баярлалаа. Би аавынхаа захиасыг биелүүлсэн. Гэхдээ миний амжилт үүгээр зогсохгүй” гэж хэлсэн шүү дээ. Ингэж хэлэхийг сонсоод л дотор уужраад л явчихсан даа. Хачин сайхан байна шүү.

-Хүүгийнх нь сэтгэлд аавынх нь захиас үргэлж уяатай явжээ. Олимпын тэмцээнд явахдаа танд ямар нэгэн зүйл хэлсэн үү?
-Тэгэлгүй яах вэ. Миний хүү “Олимп, дэлхийн тэмцээнээс заавал медаль авна” гээд аавдаа амлачихсан байсан байх.
Ер нь миний хүү “Би чадна” гээд л явсан бол чаддаг юм шүү. Тухайлбал, 2019 оны Азийн аварга шалгаруулах тэмцээнд явахдаа “Ээж ээ, би Азийн аварга болоод ирнэ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “Миний хүү ямар бардам хэлж байх юм” гэхэд “Ээж ээ, хүү нь чадах болоод л тэгж хэлж байгаа шүү дээ” гэж байсан юм. Тэгээд тэмцээндээ цэвэр ялж, алтан медаль хүртэж ирсэн.
Сая олимпын тэмцээнд явахад нь хүүтэйгээ уулзаж чадаагүй. Уг би тэмцээнд явах бүрд нь адис өгдөг юм. Энэ удаад хээрийн бэлтгэлээс ирээд “Баянгол” зочид буудалд тусгаарлагдаж, тэнд бэлтгэлээ хийж байгаад явсан. Учир нь, цар тахлын үед тэмцээнд явж байгаа болохоор хүнтэй уулзаж боломжгүй байсан.
-Та бүхэн хүүгээ жүдогоор хичээллэж эхлэхэд нь хэрхэн дэмждэг байв. Танайханд бөхийн удам бий юү?
-Надад болон миний ханьд бөхийн удам байхгүй. Миний хүү 2007 оны нэгдүгээр сард 11 настайдаа жүдо бөхийн спортоор хичээллэж эхэлсэн. Тэгээд 10-аад хоногийн дараа “Олимпын гараа” тэмцээнд орж, хүрэл медаль авч байсан. Тэр цагаас миний хүүгийн амжилтын гараа эхэлж байжээ хэмээн бодож сууна. Багаасаа бөхөд их дуртай хүүхэд байсан. Тав, зургаан настай байхад нь хамт улсын наадам үзсэн юм. Гэтэл “Ээж ээ, би барилдмаар байна. Намайг бүртгүүлээд өгөөч” гэж гуйсан. Тэгэхээр нь “Миний хүү, энд дандаа том хүмүүс барилддаг юм. Миний хүү том болоод барилдаарай” гэтэл "Би одоо барилдмаар байна" гэж уйлж байсан юм. Хүүгийнхээ бэлтгэлийг таслахгүй тулд бусад хичээлийн багш нар дээр нь авсан медаль, өргөмжлөлийг нь авч очиж үзүүлчихээд, хичээлийнх нь даалгаврыг нь авдаг байлаа. Сүүлдээ намайг сургуулийнхан нь андахаа байсан даа. Хүүгээ эхнэр авахаас нь өмнө өмсөх оймсноос эхлээд бүхнийг бэлдэж өгдөг байсан. Миний бэлдэж, хийж өгдөг байсныг одоо эхнэр нь хийж өгч байгаа.

-Таны хүү ямар зан араншинтай хүүхэд вэ?
-Миний хүү их уян зөөлөн сэтгэлтэй. Би хүүгээ тийм байх нь зөв гэж боддог. Мэдээж, залуу хүн учир үе тэнгийнхэнтэйгээ сахилгагүйтэх үе байсан. Гэхдээ одоо насанд хүрч, тодорхой хэмжээний амжилт гаргаж байгаа болохоор илүү ухамсартай, хариуцлагатай болно шүү дээ.
-Таны хүү Баянхонгор аймгаар овоглодог юм билээ. Хүү нь тэнд төрсөн юм уу?
-Би Баянхонгор аймгийн Хүрээмарал сумынх. Миний хүү Улаанбаатар хотод төрсөн. Гэхдээ миний хүүг Баянхонгор аймаг “төрүүлсэн” гэж боддог. Яагаад гэвэл миний хүүг уралдаан тэмцээнд ороход нь тус аймгийн Дорждэрэм гэх хүн ивээн тэтгэж, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга 12, 13 настай байхад нь аймгийнхаа тамирчидтай хамт бүх зардлыг дааж, бэлтгэл хийлгэдэг байлаа. Мөн Ц.Шийрэв багш, дасгалжуулагч манай аймгийнх шүү дээ. Тэгээд би Ц.Шийрэв багш, Х.Баттулга нарт маш их баярладаг.

-Ц.Цогтбаатар тамирчныг олимпын медаль авахаас өмнө танай гэр бүлийнхэнд дараалан уй гашуу тохиолджээ. Та ойрын үед хань, охин хоёроо зүүдлэв үү. Хэрвээ тийм бол ямар нэгэн зүйл хэлэв үү?
-Хань минь миний зүүд нойронд төдийлөн ордоггүй. Ц.Цогтбаатар хүү минь хоёр сарын өмнө хүүтэй болсон. Хүүг нь ханийнхаа сүнс юм болов уу гэж боддог. Миний хүү хүүдээ, аавдаа, эх орондоо олимпын медальтай ирнэ шүү дээ. Тэрхүү цаг мөчийг тэсэн ядан хүлээж суугаа байх. Харин охиноо 3-4 хоногийн өмнө зүүдэлсэн. Зүүдэнд ирэхдээ охин минь “Ээж ээ, та охиноо чөлөөлж, явуулаач. Намайг явуулбал, та нарын минь амьдрал сайхан болно” гэж хэлээд гараад явчихсан.
Тэгэхээр сайхан охиноо явуулах хэрэгтэй байх л гэж бодож сууна даа. Баяр, жаргал, гуниг, зовлон хослосон энэ өдрүүдэд хүүгээ бодож, харж баярлаж уйлаад, байхгүй болсон үр, ханиа санаж нэг уйлж сууна даа, эгч нь. Хүний амьдрал гэдэг санаснаар болох биш дээ.
-Ярилцсан танд баярлалаа. Эрүүл энхийг хүсье.
| Ц.Цогтбаатарын ээж С.ЭНХТУЯА: Аав нь бурхан болохоосоо өмнө “Миний хүү олимп, дэлхийн аваргынхаа медалийг аавынхаа зургийн хоёр талд өлгөөрэй” гэж захиж байлаа |
|
Хятадад 300 кг ачаа тээвэрлэх “AR-E800” дроныг бүтээлээ
2025-12-15 15:57:40
Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 66.4 хувь нь байна
2025-12-15 14:13:28
“Alpha Gaming” баг “PUBG Mobile”-ийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2025-12-15 13:37:41
Э.Болор-Эрдэнэ “Кунмин”-ы гараанд түрүүлэв
2025-12-15 13:27:25
ТӨРИЙН ӨМЧИТ 18 КОМПАНИ, ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫН ХУВЬЦААГ ХУДАЛДАЖ, НЭЭЛТТЭЙ ХУВЬЦААТ КОМПАНИ БОЛГОНО
2025-12-15 12:49:37
Сууц дулаалгын ажил 96 хувьтай үргэлжилж байна
2025-12-15 11:34:51
Өнөөдрийн байдлаар төмөр зам дээр АИ-92 бензинтэй 63 цистерн вагон байна
2025-12-15 10:38:36
Б.Лхагвасүрэн найрагчийн "Дутуу хээтэй тооно" зохиолоос сэдэвлэсэн киног ирэх онд нээнэ
2025-12-15 10:36:07
2025-12-15 10:29:23
О.Наранзул ой тогтоолтын дэлхийн аварга боллоо
2025-12-15 10:23:07
“MCS энержи” баг гурав дахь, “Хамаг Монгол” баг эхний ялалтаа авлаа
2025-12-15 10:09:22
ЕБС-ийн дунд ангийн сурагчид арванхоёрдугаар сарын 22-ноос амарна
2025-12-15 10:08:10
2025-12-15 10:00:00
2025-12-15 10:00:00
“Жүдо академи”-ийн тамирчид Японы тэмцээнээс медаль хүртэв
2025-12-15 09:40:07
Б.Уянга “HUANJI CHINA PRO-2025” мэргэжлийн тэмцээнд түрүүллээ
2025-12-15 09:19:25
Ц.Амарсанаа муайтай-гийн Зүүн Азийн аваргаас алтан медаль хүртлээ
2025-12-15 07:25:00
С.Анужин муайтай-гийн Зүүн Азийн аварга боллоо
2025-12-15 07:21:00
С.Баатархүү "ADNOC Abu Dhabi Marathon 2025"-д оролцлоо
2025-12-15 07:10:00
ГАЛААС ДӨРВӨН ХҮН АВАРСАН О.АЛТАНХУЯГ: ДҮРЭЛЗСЭН ГАЛ ДУНДААС “АХ АА АВРААРАЙ” ГЭЭД ХАШХИРАЛДАЖ БАЙСАН ЗАЛУУЧУУДЫГ АМЖИЖ АВАРСАНДАА БАЯРТАЙ БАЙНА
2025-12-15 07:00:10
БАЛЕТЧИН Б.МАРАЛ ӨЧИГДӨР ПА-ДЕ-ТРУА, ӨНӨӨДӨР АМТТАНЫ ДАГИНАД…
2025-12-15 07:00:00
ШАТАХУУН ХАРИУЦСАН ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-12-15 07:00:00
Д.СУГИРБААТАР: ПИНОККИОГИЙН ДҮРИЙГ БҮТЭЭХЭД ХҮҮХЭД НАС МИНЬ НАДАД ТУСАЛСАН
2025-12-15 07:00:00
С.БАЯРЦОГТ УЛС ТӨРД ЭРГЭН ИРСНЭЭ ЗАРЛАЖ, ДУУ НЬ ЧАНГАРЧИХСАН ЯВНА
2025-12-15 07:00:00
DER BI: 2026 ОНД “АРГА БИЛИГ” ЦОМГОО ГАРГАХААР ДОГДЛОН БЭЛДЭЖ БАЙНА
2025-12-15 07:00:00
ЧЕХИЙН АЛДАРТ “АЛТАН ПРАГА” ХОТ
2025-12-15 07:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2025-12-15 06:37:54
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |