Тэрээр "Манай аялгуу", "Сэтгэлийн дуудлагаар", "Нийслэл хүү", "Өглөө", Агуйн нууц", "Моторын дуу", "Тамирын охин", "Хүний төлөө", "Зуслангийн найзууд", "Газрын жигүүр", "Гул Аранжин", "Өнөр бүл" , "Фронтод явах өргөдөл", "Монголын гурван өдөр" зэрэг кинонд олон сайхан дүр бүтээснээр нь МУГЖ Ц.Цэнд-Аюуш агсныг бид мэдэх билээ. Тэгвэл бид түүний охин А.Энхцэцэгтэй ярилцсанаа хүргэж байна.
-Монгол кино үүсэж хөгжсөний 90 жилийн ой энэ жил тохиож байна. Монголын дэлгэцийн урлагт "Ягаан Гажид" тэргүүтэй олон сайхан дүрээрээ дархлагдсан ээжийгээ эдгээр өдрүүдэд хамгийн их дурсан санаж байгаа болов уу?
-Тийм ээ, Монголын ард түмэн кино урлагтай их холбоотой байж ирсэн. Бидний хувьд киноныхон гэдэг нэг хэсэг байсан. Бидний хүүхэд нас, залуу, өсвөр үе дандаа киноныхон дотор өнгөрсөн. Кино үйлдвэр бол бидний очдог хамгийн хөгжилтэй, дурсамжтай газар байлаа. Тэгээд аав, ээж минь урлагт тод мөрөө үлдээсний хувьд монгол кино үүсэж хөгжсөний 90 жил бол бидний хувьд чухал тэмдэглэмээр үйл явдал болж байна.
-Аав, ээж нь кинонд дүр бүтээж, уран бүтээлч байсан хүмүүс бусдаас илүү азтай санагддаг. Учир нь хүссэн үедээ аав, ээжийнхээ тоглосон киног үзэж, тэдэнтэй "Уулзаж" чаддаг. Ээж нь ямар зан чанартай хүн байв?
-Тэгэлгүй яах вэ. Тоглосон кинонуудыг нь үзэх бүрд дотно санагддаг. Миний ээж бол үнэхээр цогтой золбоотой, "Үзэж тарна" гэж хэлэх дуртай галтай эмэгтэй байсан. Бид ч бас ээж шигээ амьдралд нугарч, хугаралгүй амьдрахыг хүсдэг. Ээж үргэлж баяр хөөр дүүрэн явдаг. Би ээжийнхээ гунигтай байсан үеийг огт ерөөсөө санадаггүй. Өвдөж, зовсон ямар ч үед ээж маань дуу аялаад, ганган хувцсаа өмсөөд алхаж явдаг байсан. Үнэхээр л урлагийн хүн. Их нээлттэй, бусдад хайр халамжаа дэлгэдэг, өглөгч зантай. Ерөөс бусдад өгдөг сэтгэлээрээ аав, ээж хоёр минь алдартай улс байлаа. Энэ бүхнээр нь бид бахархаж амьдардаг. Ард түмэн ээжийг маань бараг биднээс илүү хүндэтгэн хайрладагт бид талархаж явдаг.
-Ээжийнхээ тоглосон дүрүүдээсээ аль дүрд нь илүү хайртай вэ. Хүмүүс бол "Ягаан Гажид"-д нь илүү хайртай байх?
-Ээж маань яагаад ч юм эсрэг дүрд тоглодог байсан. Гэхдээ амьдралынх нь дүр нь бол дэлгэцийнх нь дүрээс тэс өөр их зөөлөн сэтгэлтэй, эерэг. Багадаа бид ээжийнхээ эсрэг дүрүүдээс жаахан ичингүйрхдэг байсан. Харин томроод тэдгээр дүр нь хүмүүсийн амьдралд ямар сайхан ул мөр үлдээсэн юм бэ, хүнд ямар гоё үг хэлсээр байдаг юм бэ гэдгийг мэдэрч, бүх дүрээр нь бахархдаг. "Ягаан Гажидын охин" гэж хэлэхэд нь хүртэл сайхан санагддаг.
-Ц.Цэнд-Аюуш гуай кино урлаг руу анх хэрхэн орсон байдаг юм бэ?
-Багахан түүх бий. Ээж маань гудманд алхаж яваад, жүжигчин шалгаруулж авч байна гэдгийг сонсонгуутаа хаягаар нь явж очоод, шалгалт өгөөд л тэнцчихсэн байдаг. Ер нь тийм бүгдэд нээлттэй, оролцоотой, шулуухан хүн. Сонгосон, орсон бүхэндээ хамгийн сайн нь байхыг хичээж чаддаг, тэр бүхэндээ баярлаж, баясаж явдаг байв. Тэр ч утгаараа үүний уншиж байгаа хүмүүст би гүн сэтгэл зүрхэндээ гал бадарч, чадна гэсэн бүхэндээ үзээд алдахад боломжтой л гэж хэлмээр байна.
-Үр хүүхдүүддээ юу гэж захидаг хүн байв. Та хэлдэг үгийг нь бол хэлж байх шиг байна?
-Бусдын дандаа баяр хөөр болж байгаа юм шиг яваасай гэж хэлдэг. Ээжийн тухай телевиз, киноныхон ярьдаг дурсамж бий. Өвлөөр авч байгаа кино зурагт явахдаа өсгийтөө, шилэн тирко, плажтайгаа аваад оччихсон байж л дээ. Тэгээд тухайн үед кино группынх нь жолоочийн төрсөн өдөр болоод, орой нь хүмүүс эсгий гуталтай явж байхад ээж маань тиркотой, өндөр өсгийтэй гуталтай явж очихоор нь хүмүүс "Та бэлдчихсэн байсан юм уу" гэсэн чинь"Хаана ч аз жаргалтай, баяр хөөртэй юм тохиолдоно шүү дээ. Би үргэлж бэлэн явдаг" гэж хэлж байсан гэдэг. Түүгээр би нээрээ л амьдралд хүн харж чадах л юм бол дандаа аз жаргалтай зүйл тохиолддог гэдэгт итгэж явдаг. Ээж минь Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын хүн. Тэгэхээр говийн хүний сайхан сэтгэл, тайван, уужуу зан чанар ээжид минь их шингэсэн юм байна, ээжийн маань ээжид ч байдаг байж дээ гэж боддог. Тэгэхээр би бас уран бүтээлчдэд, үр хүүхдэдээ, бусад хүмүүст бусдад аз жаргал бэлэглэсэн байдлаараа үлгэр жишээ болж амьдраасай гэж одоо ч гэсэн хүсдэг.
-Ээж гэрт байх хамгийн сайхан байдаг. Гэтэл уран бүтээлч хүмүүс төдийлөн гэртээ байх нь бага шүү дээ. Тэгэхэд нь гомдол төрдөг байв уу?
-Ээж мэдээж завгүй. Гэхдээ ээжийн ээж эмээ минь бид зургааг өсгөж, хүмүүжүүлсэн. Тэгэхдээ өнөөдөр ингээд эргээд харахаар бидэнд цаг гаргаж чадахгүй байсан тэр үедээ ээж Монголын кино урлагт ямар чухал зүйлийг бүтээж байсан юм бэ гэдгийг харж байна. Бидний бага нас үнэхээр чихэр жимс шиг амттай өнгөрсөн. Аав минь театрын зохиол уншдаг, ээж маань дуу аялаад л гэрт баяр хөөр, аз жаргалаар халгиж байдаг байлаа. Бид ч тэднийхээ тэр сайхан энерги, гэгээн бүхэнд дулаацаж, дүүрэн сайхан өссөн. Мөн бид драмын театрт очиж олон сайхан сонгодог жүжиг, кино театрт олон сайхан кино үзэж оюун мэлмийгээ нээдэг байлаа. Миний хувьд хүүхдийн жүжигт дуу ч их оруулсан.
-Аавынхаа талаар товчхон ярихгүй юу. Мэдээж ард түмэн бол уран бүтээлчээр нь таньж байгаа?
-Аав минь Улсын Хүүхэд залуучуудын театрын жүжигчин байсан. Хүмүүс "Мандухай цэцэн хатан", "Зэрэг нэмэхийн өмнө" тэргүүтэй олон кинонд дүр бүтээж, орлон тоглогчоор ажилласнаар нь мэдэх байх. Аав минь үр хүүхдүүддээ үлгэртэй, үнэхээр бидний амьдралын гол дүр байлаа. Аавыгаа дагаад хүүхдийн театрт очиж олон сайхан дурсамж бүтээсэн. Шинэ жил болоход аав минь дандаа өвлийн өвгөний дүрд тоглодог байлаа. Одоо ингээд бодоход хүртэл үнэхээр сайхан дурсамж сэргэж байна.
МУГЖ Ц.ЦЭНД-АЮУШИЙН ОХИН А.ЭНХЦЭЦЭГ: "Ягаан Гажидын охин" гэж хэлүүлэх хамгийн сайхан санагддаг |
|