“Тэр бол амь амьдралыг минь аварч, энэ амьдралд авч үлдэхээр ирсэн бурхны хүү” хэмээн гэм буруутай гэгдэж буй Петербургийн их сургуулийн оюутан Родион Романович Раскольниковд хандан “Гэм Зэм” жүжгийн Соня өгүүлдэг. Энэ үгийг хэлж, Достоевскийн Гэм зэм романы дотроос Сонягийн дүрийг "босгож", уншигч, үзэгчдэд илүү ойртуулсан жүжигчин Г.Золзаяад бид баяр хүргэх хэрэгтэй.
Бидний мэдэх уянгын, хайрын киноны гол дүрийн эзэн түүнийг мэргэжлийн түвшинд илүү өсгөж, уран бүтээлчийнх нь хувьд өөрөөр харуулсан дүр бол Соня гэхэд буруудахгүй болов уу. Түүний дүрүүдэд ялгарах, онцлох гойд зүйл бараг үгүй. Нэгэн хэм хэмнэлээр, айхтар өөрчлөгдөхгүй, өсөх ч үгүй яваа жирийн нэгэн залуу жүжигчин... Магад Соняд тоглоогүй байсан бол түүнийг ингэж л тодорхойлох байсан байх. Гэхдээ тэр дээрх тодорхойлолтод цэг тавьж, өөрийгөө эвдэж, өөрчилж, мөнхүү өсгөж Сонягийн дүрээр гарч ирлээ. Магад өөрийг нь мартаж, дүрээр нь харах мөчид уран бүтээлчийн чадвар, чансаа илэрч байдаг биз ээ. 
Дөнгөж сая шинээр нээсэн, мэндэлсэн СТА, жүжигчин Г.Золзаяагийн он жилүүдийн кадраар хамтдаа аялъя.
Хамтлаг байгуулж, урлагт хөл тавьсан уран бүтээлчдийн нэг нь Золоо. Халуухан, залуухан охид хамтлаг болж гарч ирсэн нь тухайн цагтаа л хүмүүсийн анхаарлыг татах шинэ содон зүйлийн нэг байсан ч төд удалгүй өөр өөрсдийн замаар алхсан. Энэ үед Золоо харин “Шүрэн бугуйвч” киноны гол дүрд тоглон гарч ирсэн. Хуримын цагаан даашинзтай жинхэнэ хайр дурлал руу гаа зам даган гүйх түүний хамгийн залуухнаараа, гэгээнээрээ тоглосон дүр магад “Шүрэн бугуйвч” киноны Намуунаа байх. Оюутан ахуйдаа гэгээн хайрын киноны гол дүрд тоглож амжсан тэр СУИС-ийг 2012 онд жүжигчин мэргэжлээр төгссөн.

Дараагийн кино нь "Боловсрол" телевизийн “Хувь тавилангийн ээдрээ” олон ангит киноны гол дүр.
-ТҮҮНИЙ ДҮРҮҮД-
Дараа нь “Галзуу дурлал” киноны дурласан эмэгтэй, “Дурлал сүйтгэгч” киноны онгоцны үйлчлэгч, “Хуримын сюрприз” киноны баян айлын охин, ”Зүүдэнд оромгүй явдал” киноны ихэр охин зэрэг уран бүтээлийн гол болон туслах дүрд тоглосон. Товчхондоо хувь Золзаяа гэх уран бүтээлчийг эвдээгүй, задлаагүй дүрүүд. Магад найруулагчид түүнийг эвдэхийг, өөрчлөхийг оролдохгүйгээр өөрөөр нь тоглуулах дүрд оноодог байх. Угаас уянгын, зөөлөн, дөлгөөхөн дүр урлагт байх ёстой болов уу. Тэгэхээр өгөгдлөөрөө, өөрөөрөө дүрд оногдож байна гэдэг Золоогийн онцлог гэмээр. Тиймдээ ч хэсэгтээ хайрын, уянгын киноны дүрийг тэр "базаж", залуухан, халуухан уран бүтээлчдийн эгнээг өнгөлж яваа.
Харин түүнд өөрийгөө задалж, илүүтэй дэлгэх дүр таараагүй л болохоос өөрийгөө бүрэн дайчилж, задалж, эвдэх авьяас, чадвар түүнд бий гэдгийг сүүлийн үеийн бүтээл нь бүрэн харуулж байна. Тухайлбал, “Төлөөс” кинонд тэр өмнөх дүрүүдээсээ хавь илүү өөр дүрийг илэрхийлж.
-БҮТЭН АМЬДРАЛЫН УНДРАХ-

Зэвүүн биш, гэхдээ Золоог мөн өөрөөр харуулсан дараагийн дүр бол “Бүтэн амьдрал” киноны Ундрах. Гол дүрийн эмэгтэйн төрсөн дүү болж тоглох тэрбээр эхнэртэй залууд хайртай болж, нууцхан уулзаж, хайрладаг. Тэгээд эцэст нь өнөөх залуу нь эхнэрээ сонгосноор хайр дурлал нь бүтэлгүйтэж, шинэ хайр дурлал түүнийг угтана. Товчхондоо үйл явдал ийн өрнөх боловч хамгийн хэрсүү, мөнхүү дайчин Ундрахыг харуулсан. Ажил хэрэгч, амжилттай яваа олон бүсгүйн төлөөллийг тэр тус дүрээрээ үзүүлэхийн сацуу залуу бүсгүйн жаргал, зовлонг ч илэрхийлсэн. Дүрийн тухайд энэ.
Г.Золзаяа гэж жүжигчний өгөгдлийг өнгөлж, суурийг "Маск" продакшн тавьсан. Продакшны жүжигчин гэдэг ганц тоглолтын номерт гарахгүй. Дуулна, бүжиглэнэ, жүжиглэнэ, эмээ, ээж, охин, эрэгтэй хүн, хүүхэд зэрэг бүхий л дүрд оногдож, тайзан дээрээс оногдсон дүрээ шууд гаргана. Хэзээ ч кино шиг эвлүүлж, илүү, дутууг нь хасахгүй. Тэгэхээр хувь уран бүтээлчээс илүү их ур чадвар, авхаалж самбаа, арга техник шаардана. Түүнийг тэр "Маск" продакшн гэх их айлаас сурч, чамгүй чамбай уран бүтээлч болон суралцсныг энд мөн онцлох нь зүйтэй байх.

Соня хэдийгээр архичин аавтай, дүү нараа тэжээхийн тулд Петербург хотын хамгийн зартай биеэ үнэлэгч болсон ч түүний дотор ариун, гэгээн зүйл оршин байгааг гэмд буруутгагдаад буй Раскольников олж харж, таньсан нь энэ дүрийг тодруулж, "Соня гэж хэн бэ" гэдгийг бидэнд хэлж өгөөд байгаа юм. Раскольников Соняд хандаж, “Хүмүүс чамд хамгийн харгис хэрцгийгээрээ хандаж байхад чиний дотор яагаад ийм ариухан, гэгээн байдаг юм бэ” гэж асуудаг.
Достоевскийн гол санаа энд л нуугдаж байгаа юм. Биеэ үнэлэгч, хулгайч, ялтан хүмүүсийг хүмүүс яг тэр оноож өгсөн нэршлээр нь хүлээж авдаг. Угтаа эдгээр хүний дотор хэний ч өмнө гаргахааргүй болсон, гаргая гээд ч хаагдсан хүн чанар, хүнлэг сэтгэл, ариун гэгээн бүхэн оршдог. Гагцхүү үүнийг олж харж, таних хэн нэгэн байхгүйгээс улам бүдгэрч, магад алга болдог гэмээр. Тэгэхээр Сонягийн дотор орших гэрэл гэгээг Раскольников олж харснаар бидэнд мэдэгдэж байгаа юм. Харин энэ дүрийг Г.Золзаяа гэж жүжигчин юугаараа өөр гаргасан гэхээр түүний нүдний харц, үгээ хэлэх өнгө бидэнд Достоевскийн “Гэм зэм” романаас уншсан Соняг илүү ойртуулсан. Өөрөөр хэлбэл, "Соня гэж яг л ийм эмэгтэй байсан байх" гэдэг төсөөлөлд Золоо тун зохицсон. Магад монгол үзэгчдийн хувьд Соня гэж Золоо л байх биз. Сонягийн дүрийг уншигч та тайзан дээрээс дахин нэг төсөөлж, бодоорой, тэгээд санал нийлж байвал түүнд баяр хүргээрэй...

| ЗОЛОО БА СОНЯ |
|
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нас ахар болно
2026-09-12 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан байна
2026-09-12 06:00:00
14 дүгээр сургууль дэлхийн стандартын Физикийн лабораторитой боллоо
2026-09-11 18:16:42
2028 ОНЫ ЛОС-АНЖЕЛЕСИЙН ОЛИМПЫН НААДМЫН БЭЛТГЭЛ ХАНГАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЖЭЭ
2026-09-11 17:24:33
Онцгой байдлын байгууллага сургалт, бэлтгэлийн жилийн II үеэ эхлүүлжээ
2026-09-11 16:50:58
“НАЖИРТАЙ НАМАР” УРАМШУУЛАЛ 14 ХОНОГ ҮРГЭЛЖИЛНЭ
2026-09-11 16:39:48
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
2026-09-11 16:10:13
"Овгор" уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
2026-09-11 15:15:23
ШЕЗ: "Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн"-ий нээлттэй сонгон шалгаруулалт урьж байна
2026-09-11 14:41:11
Будапештийн “Их дуулга” тэмцээнд Монголын есөн жүдоч хүч үзнэ
2026-09-11 14:37:23
"Шарилжгүй Улаанбаатар" аянд эрүүл мэндийн байгууллагын 1100 ажилтан нэгдлээ
2026-09-11 14:27:22
Хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг ирэх сарын 1-нээс эхэлнэ
2026-09-11 13:56:24
Онцгой байдлын алба хаагч Б.Хүрэлчулуун Токиогийн дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-11 12:21:59
УНТЭ робот мэс заслын тусламж, үйлчилгээг албан ёсоор нэвтрүүлжээ
2026-09-11 12:14:30
Ургац хураалтын дараах зоорь, агуулахын ариутгал ба халдваргүйжүүлэлтийн зөвлөмж
2026-09-11 12:11:28
Он гарснаас хойш 3,545 удаагийн гамшиг, ослын дуудлага бүртгэгдэж, албан хаагчид 3963 хүний амь насыг аваржээ
2026-09-11 11:23:10
Ойрх дорнодын дайн идэвхжиж Брент маркийн газрын тосны үнэ баррель нь 100 ам.доллароос давж хэлбэлзэв
2026-09-11 11:22:47
Автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ
2026-09-11 11:22:20
Буйр нуурт живсэн техник хэрэгслийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-09-11 11:11:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрлэг лугаа учирна
2026-09-11 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |