• Өнөөдөр 2024-05-19

ЭРГЭЛТ.МН МЭДЭЭЛЛИЙН САЙТЫН ХАМТ ОЛОН "МОНГОЛЫН ШИЛДЭГ НИЙТЛЭЛ” 99 ЦУВРАЛД ХОЁР БОТЬ НОМ ХЭВЛҮҮЛЛЭЭ

2024-05-10,   480

     Монголын орчин цагийн сэтгүүл зүй 111 жилийн түүхтэй. Сэтгүүлч, уран бүтээлчид зуун дамнасан энэ он цагийн чухал үйл явдал, онцгой мэдээллийг түүхийн шаргал хуудаснаа буй байгаагаар нь үлдээхийг хичээсээр ирсэн билээ. Улс орны түүхийг сэтгүүл зүйгээр, сэтгүүлчгүйгээр авч үлдэх боломжгүй юм. Тэгвэл улсын түүхийг бичилцэж байгаа Монголын үе үеийн сэтгүүлчдийн шилдэг бүтээлийг “Монголын шилдэг нийтлэл” эрдэм шинжилгээ, судалгааны төвөөс санаачлан “Монголын шилдэг нийтлэл” 99 ботид баринтаглахаар зорьж иржээ. Монголын үндэсний сэтгүүл зүйг үндэслэгч Жамсраны Цэвээний бүтээлээр анхны ботио хэвлүүлж, түүнтэй хамтран зүтгэж байсан Догсомын Бодоо, Бадрахбаатар, Дорж нарын бүтээлүүдээр дараагийн ботиудыг эмхэтгэсэн түүхтэй. Түүнчлэн энэхүү 99 цувралд Хөдөлмөрийн баатар, СГЗ, нэрт сэтгүүлч Хорлоогийн Цэвлээ, Г.Аким, Т.Баасансүрэн, Т.Галдан, Д.Жамъян, Ц.Сүрэнжав, Л.Пүрэвдорж, Б.Дашзэвэг, Б.Ганчимэг, Г.Жамц, Г.Жамъян, С.Товуудорж, О.Дашбалбар, Ай.Төмөр-Очир, Ц.Дашдондов, Г.Мэнд-Ооёо, Н.Лутбаяр, И.Батсүх, Г.Баатарнум, Т.Ганди тэргүүтэй сэтгүүлч, сэхээтнүүдийн сор бүтээлүүд багтсаныг дуулгахдаа таатай байна.

      Эргэлт.мн мэдээллийн сайтын залуу сэтгүүлчдийн хувьд энэ өдрүүд баяр, бахдалаар дүүрэн өнгөрч байгаагийн учир нь “Монголын шилдэг нийтлэл” 99 боть цувралын 88 дахь ботид бидний бүтээлүүд багтсан явдал юм аа. Монголын оюун санааны түүчээ болсон эрхэм хүндэт гүүш, эрдэмтэн, судлаачдын нөр их хөдөлмөр, баларч арилашгүй бүтээлүүдийг эмхэтгэн мөнхөлдөг Монголын шилдэг нийтлэл 99 ботид залуухан сэтгүүлч бидний “идэрхэн” бүтээлүүдийг нэгтгэсэнд гүнээсээ талархан цаашид мэргэжлийн сэтгүүл зүйн чиг мөрөө улам тод, өргөн болгохын төлөө зогсолтгүй сэтгэх, хөдөлмөрлөх ёстойгоо улам бүр ухамсарлаж байна.

            Ингээд бидний Хөвчийн харыг хаа таарсан газраа буудаж мэдэх тайгаас ээрэм талын говийг зорьж, 40 жил давс үүрсэн эгэл жирийн хүмүүсийг сурвалжилж, улстөрчдийн хуудуутай, хууль бус баримтыг дэлгэж, өнө мөнхийн хөх уулс болсон хүмүүний дууль, хүн төрөлхтний мөн чанарыг уудалж, Туркийн газар хөдлөхөөс хэдхэн цагийн өмнө Ханхын тас няс хийсэн өвөлд өнжиж, хамгийн олон сарлагтай хөдөлмөрийн баатарын хотноос Лодонгийн Түдэв хэмээх суутны өлгийн бууцанд саатан, Хавтгайн ингэ шилэрсэн Алтайн өвөр говийг зорино. Эгэл амьдралын түүхээс эгэл бус хүний түүхийг бүтээсэн дуртгалууд, ирээдүйн Монгол Улсын түүчээ бяцхан үрсийн гэрэлт ертөнцөөс, залуу шинэ үеийнхний хүсэл мөрөөдөлөөр  жигүүрлэж, урлагийн алдар цуутан, утга зохиолын гэгээн хүмүүсийн цадиг, амьдралын тайлагдашгүй жаргал зовлон, гэгээн хайрын түүхийн хүүрнэлээр “Монголын шилдэг нийтлэл” 88 дугаар цуврал бүтжээ. Энэ бол Эргэлт.мн мэдээллийн сайтын сэтгүүлч, уран бүтээлчдийн оюуны санаа, сэтгүүлчийн хөдөлмөрийн дээжис юм.

   Тус цуврал номонд Эргэлт.мн мэдээллийн сайтын 12 залуу уран бүтээлчийн 150 гаруй бүтээл багтсан билээ. Эхний ботид Эргэлт.мн мэдээллийн сайтын Ерөнхий эрхлэгч Э.Хүрэлбаатар, Нэвтрүүлэг, тоймчдын албаны дарга Ц.Цогтбаяр, Эрэн сурвалжлах, шуурхай мэдээллийн албаны дарга Д.Чанцалдулам, Улс төрийн мэдээллийн албаны дарга Б.Бадралмаа нарын сурвалжилсан тэмдэглэл, хөрөг, аян замын тэмдэглэл, улс төрийн томчуудын хууль бусаар мөнгө “идсэн” эдийн засгийн гэмт хэргийг илчилсэн баримтууд багтсан билээ. Харин хоёр дахь ботид Эргэлт.мн мэдээллийн сайтын Ерөнхий редактор Б.Энхмарт, сэтгүүлч Б.Гүнжид, Х.Доржпалам, А.Азсайхан, Д.Бямбасүрэн, О.Эрдэнэтунгалаг, Б.Хонгорзул, Н.Отгонбаатар нарын дурсамж ярилцлага, хөрөг тэмдэглэл, Монголын гэрэлт ирээдүй болсон залуу уран бүтээлчдийн хүсэл, тэмүүлэл дүүрэн ярилцлагууд багтсан юм. “Эргэлт-88”  I, II ботийн тухай нэрт судлаач, шүүмжлэгчид болон эрхэм багш нарын төлөөлөл хэрхэн өгүүлснийг уншигч та бүхэнд хүргэе.

СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН Т.БААСАНСҮРЭН: МОНГОЛЫН ШИЛДЭГ НИЙТЛЭЛ "ЭРГЭЛТ-88" I, II ЦУВРАЛ БОЛ МОНГОЛЫН СЭТГҮҮЛ ЗҮЙД ЭРГЭЛТ АВЧРАХ ЗАЛУУСЫН БҮТЭЭЛ ГЭЖ ОЙЛГОЖ БАЙГАА

    Тус цуврал номын Ерөнхий редактор, Соёлын гавьяат зүтгэлтэн, доктор Т.Баасансүрэн гуай “МОНГОЛЫН СЭТГҮҮЛ ЗҮЙД ЭРГЭЛТ АВЧРАХ ЗАЛУУС” нэртэй  шүүмж бичсэн юм. Тэрбээр “Зохиолч, сэтгүүлчийн уран бүтээл нэрнээсээ эхэлдэг юм. Нэр нь уншигчдийн сонирхлыг соронздон татаж байвал эхний алхам зөв тавигджээ гэсэн үг. Энэ утгаар шинжиж үзэх юм бол “Эргэлт” нэр гүнзгий утга агуулгыг илэрхийлж байна. Номын нэр оножээ. Миний нүдийг лавтайяа хосвдон татаж чадав. Унших хүслийг минь оргилуулчихлаа. Тэд эрэн сурвалжлах чиглэлээр ерөнхийдөө мэргэшиж, нийгмийг цочроосон, доргиосон нийтлэлүүдийг ар араас нь цувруулан гаргадгаараа алдаршиж, ард түмний анхаарлыг татаж чадсан мэдээллийн сайт болж чаджээ. Редакцийн даалгавар авсан сэтгүүлч тэнгэрийн хаяа, газрын мухар хүртэл явж чаддаг, мөшгиж мөрдөж зорьсон зорилгодоо хүрч чаддаг дадлага туршлага хуримтлуулсан байна. Үүнд Ерөнхий эрхлэгч Э.Хүрэлбаатарын үүрэг оролцоо онцгой агаад тэр урьд нь өдөр тутмын “Өдрийн сонин”-д арван жил тасралтгүй ажиллах явцад олж авсан мэдлэг чадвараа өөрийн Эргэлт.мн мэдээллийн сайтдаа зөв суулган үр үндсийг тэтгэж, соёолуулан ургуулж, төлжүүлж чадсан байна. “Бидний гол үр дүн, гол бахархал энэ” гэж ерөнхий эрхлэгч Э.Хүрэлбаатар маш сэтгэл хангалуун хэлж байж билээ. Эргэлт.мн мэдээллийн сайт, түүний ажилч хичээнгүй авьяаслаг залуус нь надад ундарга сайтай булаг, урсац сайтай голын урсгалыг эрхгүй санагдуулж байв. “Монголын шилдэг нийтлэл” цувралын 88 дугаар боть /I ба II дэвтэртэй/ бол залуусын түүвэр, залуу уран бүтээлчдийн бүтээл туурвилын цоморлиг. XXI зуунд Монголын сэтгүүл зүйд үндсэн эргэлт авчрах залуусын бүтээл гэж би хувьдаа ойлгож байгаа. Эхлэл нь энэ юм, цаашаа улам гүнзгийрэн урагшилна. Миний бие өмнөх үгэндээ тэднийг илүүтэйгээр үнэлж хөхиүлэн дэмжиж сайшаан тодотгох чиглэлийг барьж бичсэн байж мэднэ. Малтаад онгичоод, шүүгээд шүүрдээд нарийвчлан нягтлах юм бол шүүмжилж хэлэх юм буйг үгүйсгэхгүй. Өндөг шиг өөгүй сайхан болсон гэж би батлахгүй. Иймээс миний магтаал сайшаалд сагсайн цээж дэлдэж хэрэггүй хэмээн онцолсон байдаг.

 ХӨДӨЛМӨРИЙН БААТАР, СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН Х.ЦЭВЛЭЭ: ЭРГЭЛТИЙН СЭТГҮҮЛЧДИЙГ ИХ ТОМ ИРЭЭДҮЙ ХҮЛЭЭЖ БАЙГАА ГЭДЭГТ БАГШИЙН ХУВЬД ЭРГЭЛЗДЭГГҮЙ

     Мөн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт сэтгүүлч Хорлоогийн Цэвлээ гуай Монголын шилдэг нийтлэл “Эргэлт-88” I, II цуврал ботийн тухай хэрхэн өгүүлснийг та бүхэнд хүргэе. Тэрбээр Э.Хүрэлбаатар, Б.Энхмарт хоёрыг сэтгүүл зүйн хөгжил, нийгэмд оруулж буй хувь нэмрээрээ төр засагтаа үнэлэгдэнэ, Эргэлтийн сэтгүүлчдийг их том ирээдүй хүлээж байгаа гэдэгт багшийн хувьд эргэлздэггүй. Учир нь, тэд нийгмийг түүчээлэх их замынхаа дөнгөж эхэнд явна. Орчин цагт цахим сэтгүүл зүй хурдацтай хөгжиж, мэдээллийг шуурхай түгээдэг, хүртдэг болсон. Гэвч интернэт орчин дахь мэдээллийг яаж архив болгон хадгалах нь дэлхий нийтэд хараахан шийдэгдээгүй байна. Тэгэхээр XXI зуунд хүн төрөлхтөн цаасан хэвлэлээс бүрэн салахгүй, цаасан хэвлэл баримт болон үлддэг уламжлал хадгалагдана гэсэн үг. Ийм цаг үед Эргэлт.мн мэдээллийн сайтын хамт олон орчин цагийн мэдээллийг уншигч, үзэгчдэд шуурхай хүргэхээс гадна дэргэдээ Эргэлт нэртэй сэтгүүлтэй болсон нь тун чухал, нүдээ олсон хэрэг. Энэ нь тэднийг сэтгүүл зүйн ачаа тэнг үүрэх, сэтгүүлчийн үүргээ нийгэмдээ гүйцэтгэх замд эргэлт буцалтгүй дурласныг, зорьсныг илтгэж буй явдал яах аргагүй мөн. Өөр нэгэн олзуурхууштай, сайхан үйл явдал болж буй нь “Монголын шилдэг нийтлэл” 99 боть цувралын 88 дугаар ботийг Э.Хүрэлбаатар, Б.Энхмарт нарын үүсгэн байгуулсан Эргэлт редакцын сэтгүүлчдийн бүтээлүүдээр хэвлүүлэхээр болсон нь нүдээ олсон явдал болж байна. Монголын нэр хүндтэй 99 цуврал ботид богино хугацаанд багтах хүртлээ үнэлэгдэж чадсан юм чинь тэнд заларснаа нүүр дүүрэн баталсан, нийгмийг түүчээлэх сэтгүүл зүйн сайн бүтээлүүд тасралтгүй бичих нь дамжиггүй ээ”  хэмээжээ.

СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН Ц.ДАШДОНДОВ: ЭНЭ ЦАГ ҮЕД МЭРГЭЖЛИЙН, ЧӨЛӨӨТ СЭТГҮҮЛ ЗҮЙГ АЙХГҮЙГЭЭР ХИЙНЭ, ТҮҮЧЭЭЛНЭ ГЭДЭГ АМАР БИШ

    Харин Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, ШУА-ийн хэл зохиолын хүрээлэнгийн хүндэт доктор, Хубилай хааны болон Жамсрангийн Цэвээний нэрэмжит шагналт Ц.Дашдондов гуай “Монголын шилдэг нийтлэл” 99 боть цуврал Эргэлт.мн мэдээллийн сайтын сэтгүүлчдийн бүтээлүүдээр 88 дахь ботио бүтээж байгаа нь гарцаагүй нүдээ олсон сонголт гэж бодож сууна. Чухамдаа энэхүү 99 боть бол Монголын шилдгийн шилдэг бүтээлүүдийг сорчлон түүж, өндөр цензурээр бүтэх учиртай номон суварга юм. Энэ суваргад сэтгүүл зүйн өнөө цагийн залуу түүчээлэгчдийн нийтлэл, ярилцлага, сурвалжилга, аян замын тэмдэглэл тэргүүтэй сэтгүүл зүйн бичлэгийн олон төрөл зүйлээр бичиж, сурвалжилж буй редакцын чамбай бүтээлүүд багтана гэдэг тун олзуурхууштай. Сэтгүүлчийн амьдрал бол тэмцэгчийн амьдрал. Сэтгүүлчийн хөдөлмөрийг хэн дуртай нь хийчихдэг, хүссэн бүхэн нь оролдож чаддаг юм биш. Сэтгүүлчийг албан тушаалаар хийдэггүй. Сэтгүүлч болоход авьяас, мэдрэмж чухал. Энэ хоёр үгүй бол хэчнээн хичээгээд ч авьяастны хажууд жижиг л байх болно. Дээр нь нэмэхэд аймхай хүн сэтгүүлч болж чаддаггүй юм. Ялангуяа энэ цаг үед мэргэжлийн, чөлөөт сэтгүүл зүйг айхгүйгээр хийнэ, түүчээлнэ гэдэг амар биш. Эргэлтийн залуу сэтгүүлчид авьяас, мэдрэмжийг зөв хоршуулж, чөлөөт сэтгүүл зүйн төлөөх тэмцэгчид байж чадаж байгаа учраас ийн “Монголын шилдэг нийтлэл” цувралд багтах хэмжээнд үнэлэгдэж байгаа гэж найдна. Гэхдээ "Хорхойд гэмгүй дүртэй мөртлөө хормой дороо агуйтай хүнээс болгоомжилж яваарай" гэж захих байна. Мөн ярилцагчийн үгийг дамжуулах нь сэтгүүлчийн үүрэг ч гэлээ уншигчаа хүндэтгэсэн, үзэгчээ дээдэлсэн цагт л сэтгүүл зүй хүчтэй байна. Эх сурвалждаа хөтлүүлээд л байвал ёстой хэнд ч тоогдохоо болино доо. Энэ бол миний үг биш, жам. Үүнийг ч хүүхдүүд минь сайн санаж, мөрдөж байх хэрэгтэй. Бас сэтгүүлч хэмээх нэрээ хайрлаж, хүн чанартай бол түүнийгээ ажил, мэргэжилдээ гаргах ёстой юм. Сэтгүүлчийн хамгийн чухал зүйл бол хүн чанарын баталгаа юм шүү дээ. Зүгээр нэг хүн чанартай байх биш, түүнийгээ батлан харуулж чаддаг байх нь чухал. Эцэст нь, Ардчилалгүй чөлөөт хэвлэл, чөлөөт хэвлэлгүй ардчилал гэж байх ёсгүй. Ардчилал хаана байна вэ тэнд хэвлэл нь чөлөөт байх ёстой. “Монголын шилдэг нийтлэл” цувралын “Эргэлт-88” боть энэ цагийн чөлөөт хэвлэлийн нэрийн хуудас болох учиртай юм” гэжээ.

Т.БААСАНСҮРЭН РЕДАКТОРЫН СЭТГҮҮЛЧДИЙН БҮТЭЭЛД ХИЙСЭН ЗАРИМ ШҮҮМЖЭЭС ТОВЧХОН ХҮРГЭЕ

    “Эргэлт-88” I,II цуврал ботийн Ерөнхий редактор, Соёлын гавьяат зүтгэлтэн Т.Баасансүрэн гуай сэтгүүлчдийн бүтээлийг хэрхэн шүүмжилсэн болохыг товчхон хүргэе.

     Тэрбээр "Эргэлт.мн мэдээллийн сайтын Ерөнхий эрхлэгч Энхбаатарын Хүрэлбаатарын бүтээлийг “Монголын шилдэг нийтлэл”-ийн 74 дүгээр боть болгож, тусгайлан хэвлүүлэхдээ ажиглалт шинжилгээ хийж хавсарган хэвлүүлсэн. Тус номонд “Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн эрэлхэг дайчин байлдагчийн бүтээлүүдийн тухай цухасхан өгүүлэх нь” нэртэй шүүмж бичиж байсан билээ. Гагцхүү урамтай сайхан тэмүүлэлт залуусын баг бүрдүүлж чадсан Э.Хүрэлбаатар өөрийн бүтээл туурвилаараа үеийнхээ залуусыг түүчээлэн манлайлж буйг энд зориуд онцолж байна” гэжээ. Тэрбээр “Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн эрэлхэг дайчин байлдагчийн бүтээлүүдийн тухай цухасхан өгүүлэх нь” хэмээх 74 дүгээр номонд зориулан бичсэн шүүмждээ “Өдрийн сонин”-ы Эрэн сурвалжлах албаны сэтгүүлч байхдаа Монголын өнцөг булан бүрд хүрч ажиллажээ. Бүх аймгийн төвд хөл тавьж, 310 гаруй сумын хүн ардыг сурвалжилсан байна. Ингэхдээ “Хустайн нуруунд 13 буга агнасан хэргийн мөрөөр”,  цуврал, “Хүүгээ тэвэрсэн ээж үхэлтэй тэмцэлдэж явсаар ОХУ-ын хил давжээ” цуврал, “Зүүн гурван аймгийн хуульгүй ардууд зээрийн сүргээ хүйс тэмтрээд дууслаа” цуврал, “Бичигтийн боомт дээр цэвдэг сэтгэлтэй монголчуудын адуун сүрэг өлдөж, хөлдөж тарчилсаар үхэж байна” цуврал, “Би Монгол Улсаа дэлхийн хамгийн том орон гэж боддог” буюу Хануйн бага сургуулийн сурагчид”, сурвалжилсан тэмдэглэл, “Дэлхийн дуурийн ноён оргилуудын нэг, зууны манлай дуучин Х.Уртнасангийн унаган нутгаар” цуврал, “Мөн ч аархуу Мөөеө аварга минь”,  “Алдах эрхгүй миллиметр буюу мэс заслын өрөөний атаман” хөрөг тэмдэглэл, “Халхчууд та нар хэзээнээсээ урвамтгай” цуврал, “Хөвчийн харыг хаа таарсан газраа өчиггүй бууд” цуврал, “Алтай таван богд, Хотон, Хурган нуураас Хар-Ус нуур хүрсэн аян замын тэмдэглэл” цуврал тэргүүтэй бүтээл багтжээ. Түүнийг шилдэг нийтлэлүүдээс харахад, эрэн сурвалжлах сурвалжлагаараа илүүтэй хол явчихсан нь илт харагдаж байна. Үүнийгээ улам хурцлаад тэмцэж, бүр тэсэрч бичнэ гэдэгт хувьдаа итгэлтэй байна” хэмээжээ.

     Бямбаагийн Энхмарт цаг үетэйгээ уралдаж, бас “уралцаж” яваа сэтгүүлч. Уран бүтээлээрээ аль хэдийнэ бусдын танил болсон нэгэн. “Уралцаж” гэдэг үгийг би эрх баригчдын элдэв ёс бус үйлдэл, бузар булайг дэлгэн тавьж ирсэнтэй нь холбогдуулан хэлж байна. Байгаль орчныг хамгаалах сэдэвт нийтлэлүүд нь манай эрин цагийн бичгийн их хүмүүн Лодонгийн Түдэв ахайтны анхаарлыг хүртэл татсан байдаг юм. Залуу сэтгүүлчдээс хэд нь тэр хүнд тоогдсоныг би хэлж мэдэхгүй байна. Цөөхөн л болов уу. “Эрэн сурвалжлах үйлийн эхний эгнээний байлдагч Энхмартын хоёр гавьяа” гэж гарчиглаж байгаад “Дал” сониндоо бүтээлд нь шүүмж хүртэл бичсэн байгаа юм. Их бичгийн хүн Лодонгийн Түдэв ахайтан Б.Энхмартыг “Хүн хамгаалагч” гэж нэрлэжээ. Яагаад гэвэл тэр үр хөндөлт /аборт/ нэрээр Монголд 30 жил үргэлжилж буй үр хүүхдээ эхийн хэвлийд устгах бузар нүглийг анх удаа зоригтойгоор хөндөн тавьж, нийгмийн анхаарлыг энэ сэдэвт төвлөрүүлж чаджээ. Мөн хар тамхины хор холбогдлыг илчлэн таниулж, Монголд хар тамхины бүхэл бүтэн сүлжээ үүссэнийг баримттайгаар шүүмжилж, хүн хамгаалах тэмцлээ үргэлжлүүлж байгааг нь өндрөөр үнэлжээ. Бас сэтгүүлч Б.Энхмартыг “Байгаль орчноо хамгаалагч” гэж хоёр дахь гавьяагаар нь онцолж тодотгожээ. Тэр “Гурван улс дамнасан гэмт хэрэг буюу дэрэвгэр жиргэрүүгийн эмгэнэл” хэмээх цуврал нийтлэлийг /Үндэсний шуудан сонин №195-198/- д нийтлүүлсэн юм. Б.Энхмарт “Нулимстай бөхөн” цуврал сурвалжилгаараа “Балдорж сан”-гийн “Гран При” тэргүүн байрын шагналыг 2017 онд хүртсэн. Говь-Алтай, Ховд аймгийн нутаг дэвсгэрийг хамран тархсан мялзан төст халдварт өвчнөөс бөхөнгийн эрүүл үлдсэн таван мянган сүргийг аврахын тулд тэрбээр ахин дахин тийшээ явж, уг цувралаа туурвижээ. Засгийн газраас баталж өгсөн төсөв хөрөнгийг хэрэгцээт орон нутагт нь цаг алдалгүй хүргүүлэх, дэлхийд ховордож цөөрөөд зөвхөн Монгол, Казах хоёрхон улсад үлдсэн бөхөнгийн сүргийг авран хамгаалахад Б.Энхмарт өөрийн хувь нэмрийг оруулж, сэтгүүлчийн үүргээ биелүүлжээ. Ингээд бодохоор эрэн сурвалжлагч Б.Энхмартын ажил дуусашгүй ар араасаа ундран гарч ирдэг нь тодорхой байгаа. Түүний “Өнө мөнхийн хөх уул”, “Дэндүү үнэнч чи минь”, “Бид болон Монголын тал нутаг чамд хайртай” гарчгаас тэс өөр мэдрэмж төрж байх жишээтэй.

Баатарцогтын Цогтбаяр “Хотын газраар хөлжигсөд”, “Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайдууд нийлж, орон сууцны хотхон барьж, 229 тэрбумаар худалджээ”, “Сэтэртнүүдэд “сэглүүлсэн” Богд хан уул буюу хууль завхруулж мөнгө угаасан эздийн хаус, хотхонууд”, “Суруга Монгол”-ын хэрэгт генерал Б.Хурц, ЦЕГ-ын дарга асан М.Ганболд, Хууль зүйн дэд сайд асан Ц.Уугангэрэл, УЕП асан М.Энх-Амгалан, “буурал” А.Гансүх нарыг шалгаж байна, “Зууны хулгай буюу нүүрсчин Б.Ганхуягийн “Нүүрсний хулгайн бүрэн баримт”, “Т.Аюурсайханы “Нүүрсний уурхай”-н хэргийн бүрэн баримт”, “Оюу толгой”-гоос “төрсөн” тэрбумтнууд” зэрэг гарчгаас манай өнөөгийн нийгмийг доргиулсан дуулиант хэрэг, хулгай дээрмийн эздийн талаарх илчлэн шүүмжилсэн эрэн сурвалжилга болох нь маш тодорхой ойлгогдож байгаа юм. Ийм сэдвүүд нийгмийн эрэлт хэрэгцээ ихтэй байдаг. Сунжруулж залхаахгүй л бол олон уншигчид хүрч чадна. Б.Цогтбаярын нийтлэлээс өнөө цагийн тэрбумтнуудын өнгө мөнгө, алт эрдэнэс гялтганан харагдах шиг болж байна. Тэгэхдээ тэдний арга заль, ар өврийн хаалгыг цэлийтэл нээж дэлгэн үзүүлжээ. Шилдэг нийтлэлийн түүвэрт Б.Цогтбаярын гол төлөв мөшгих буюу эрэн сурвалжлах чиглэлээр бичигдсэн 15 нийтлэл оржээ. Асар их хүч хөдөлмөр зарцуулсан нь эрхгүй мэдрэгдэнэ. Маш олон тоо баримт. Том том тоог нь хараад толгойны үс арзасхийн босох шиг болсон. Үнэхээр цочирдсон. Сайн онгичжээ. Эдгээрийг эрж олно гэдэг тун амаргүй. Түүний үг нь тод, үзэг нь хурц байна. Зоригтой золбоолог нь өөрийн эрхгүй хайр хүндэтгэлийг татна. Орчин үеийн мөшгих сэтгүүл зүйг хөгжүүлэх үйлсэд Б.Цогтбаяр их хувь нэмэр оруулж чадна гэдэгт би хувьдаа итгэлтэй байна. Тэгэхдээ нийтлэл доторх тоо баримтаа ахин дахин нягтлаарай, эх сурвалжаа эргэж сайн хараарай. “Монголын шилдэг нийтлэл” цувралд нэг ширхэг худал үг, нэг ширхэг худал тоо, нэг ширхэг буруу овог нэр бичигдэх ёсгүй шүү гэж хэлье. Үүнийг би “Эргэлт”-ийн бүх сэтгүүлч дүү нартаа зориуд хэлж байгаа юм. Э.Хүрэлбаатар, Б.Энхмарт нарт уншуулчихсан гэж битгий сэтгэл ханаарай. Өөрсдөө ахиад сайтар нягтлаарай. Баримтаа нотолдог сэтгүүлчийг жинхэнэ сэтгүүлч гэдэг билээ.

 Доржийн Чанцалдулам “Шорон шиг буудлын өрөөнд согтуу хятадад зодуулж, яргалуулаад хэвтэж байснаа мартмаар байна” гэсэн нийтлэл бичжээ. “Хятад хүн, тэдний хоорондоо ярьж байгааг сонсож чаддаггүй юм. Нуруугаар хүйт дааж, биеийн хамаг шар үс босоод, гарын алга хөлрөөд, салгалчихдаг” гэсэн үгээр уг нийтлэл эхэлж байна. Энэ хоёрхон өгүүлбэрт ямар их үзэн ядалт, яасан их уур хилэн багтаж ядан байна вэ гэж бодоод цааш гүйлгэн уншвал хүний наймааны золиос болж, харь газарт бэлгийн мөлжлөгт өртөж тарчилсан монгол бүсгүйн гунигт хувь заяаны тухай аж. Хар дарсан зүүд шиг тэр тарчлаант ер гаруй хоногийг мартья гэж хүсэвч, толгойноосоо авч хаямаар байдаг ч мартаж огтхон ч чаддаггүй гэнэ. Ядуу тарчиг амьдрал, гэнэн итгэмтгий зангаасаа болоод хүний наймаачдын олз болж, Хятад газарт хүргэгдээд хорвоогийн хамгийн муухай хүмүүст хүчээр биеийг минь үнэлүүлж байлаа гэж тэр сурвалжлагчид хэлж байна. Тэгээд Эрээний зочид буудалд хэрхэн амьдаараа тамлуулснаа ярьж өгчээ. Мөнгө төлсөн болгоны хүслээр нохой шиг ноолуулж, нэг өдөрт 10-15 хятад эрд үйлчилдэг байсан гэнэ. Тэнд нь бас 17-18 орчим насны өөр хоёр монгол охин байжээ. Үсдэж унаган зодож байгаад согтуу хятадаар дэвсүүлдэг байж. “Битгий ярвалзаад бай, инээ” гээд алгадах бол бүр энүүхэнд, хамгийн хөнгөн шийтгэл байсан гэнэ. Энэхүү шившигт хэргийг үйлдэгчид нь хятадуудтай холбогдсон монголчууд /цагаан мөнгөөр улаан нүдээ ухаж өгч солихоос ч буцахгүй/ нэр бүхий хоёр монгол эмэгтэй байжээ хэмээн тэрээр нийт уншигчдад, ялангуяа залуу насны охидод сэрэмжлүүлжээ. Сургамжтай сурвалжилга. Хүмүүст хүрнэ гэж найдаж байна. “Амь үрэгдсэн хилчин, ахлах дэслэгч Д.Цоодолын гэргий Б.Цэвэлмаа: Хил хамгаалах газрынхан хилчдээ хэлмэгдүүлж, үнэнийг нуусандаа гэмшиж, цагаатгах болов уу гэж 30 жил горьдож, хүлээлээ”, “Хулгайн анчид хилчдийг минь зэрэмдэглэж, нүдийг нь ухаж, шүдийг нь сугалаад хаячихсан байсан гэдэг”, “Хилийн цэрэг хилчдийнхээ амийг үнэгүйдүүлж буриадын анчдын үгээр хэлмэгдүүлж, эх орноо хамгаалсан баатруудаа хөсөр хаясан” цуврал гурван нийтлэлийг Д.Чанцалдулам бичжээ. “Хөвч тайгад төөрсөн Д.Дорсмаа бүсгүйн амьдрах, амьд гарахын төлөөх 129 хоногийн тэмцэл” нэртэй өөр ч гурван цуврал бас байна. “Ми-8” онгоцны ослын талаар ч мөн бичжээ. Адал сонин явдлын мөрөөр уйгагүй мөшгөн сурвалжилдаг нь эндээс харагдана. Сэдвээ дотор нь ангилж гарчиглах, өдрийн тэмдэглэл байдлаар илэрхийлэх, асуулт тавьж хариулт авах зэргээр боломжит бүх арга чаргыг чадмаг ашигласан нь сайшаалтай. Зураглаж, дүрсэлж харуулсан хэсэг ч бас байна. “Хилчдийг оллоо. Олох олохдоо Д.Цоодолын аав хүүгийнхээ өмсөж явсан хувцсыг модны ёроолоос эрлийн багийнхантай олжээ. Хилийн чанадад мэргэшил эзэмшүүлж эх орноо хамгаалах үйлсэд хүүгээ даатгасан аав өөрийнхөө гараар хүүгийнхээ өмсөж явсан хувцсыг олов. Тэндээсээ жаахан цаашаа яваад хилчдийн шүд, нүдийг олжээ... Сумнаас зүрхээ нуугаагүй зоригтон байлаа, тэд. Эх орноо хамгаалсан, эр цэргийн дууль байлаа, тэд...” гэсэн халуун бүлээн үгээр цувралаа дуусгасан байна. Түүний нийт 17 нийтлэл шилдэг нийтлэлийн ботид багтжээ. Гарчгуудаас нь өгүүлэмжийн утга агуулга илэрхий тодорхой илэрхийлэгдэж байгаагаараа Д.Чанцалдулам бусдаасаа ялгарч байна.

   Бат-Эрдэнийн Бадралмаа Архангай аймгийн Их тамир сумын малчин Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Ц.Доржсүрэнгийн сарлаг маллаж өсгөн үржүүлдэг, үр шимийг нь хүртдэг үйл ажиллагааны туршлагыг тал бүрээс нь нээж үзүүлэхдээ нэг биш удаа уран дүрслэлийн аргыг чадмаг ашиглажээ. Жишээ нь, “Хангайн ууланд хүдэн татна, хүн байтугай хүлэг морьд бараадахааргүй хадан хавцалтай өндөр уулын оройгоор сарлагийн сүрэг бэлчиж харагдана. Биднийг очиход Ц.Доржсүрэн гуай царманд тошсон үхрээ хураахаар мордсон байв” гээд “Эгц өндөр уулын оройд байх үхэр сүргээ дүүгүүрийн чулуу хэдэнтээ нүүлгээд л хураачихдаг юм байна, хашир малчин. Дүүгүүр тасхийн цуурайтахад сарлагийн сүрэг юу болов гэмээр уулын уруу тонгочин давхина. Хад асгатай сүрлэг хөх уулын дээрээс тоос манан татуулж, уул хад нурж байна уу гэлтэй их чимээ нүргэлнэ. Эгц өндөр уулын хяраас сарлагийн сүрэг саваг, сүүлээ сагсалзуулан буух нь тэнгэр, газар нийлж байна уу гэлтэй сүртэй юм” гэх зэргээр зураглан үзүүлээд улмаар уншигчдадаа “Хөдөлмөрийн баатар Ц.Доржсүрэн гуайнх 2012 онд 1500 сарлаг тоолуулж хамгийн олон сарлагтай хэмээн улсад данстай болсон бол өдгөө энэ тоо өссөөр 2000-д хүрчээ хэмээн танилцуулж байна. Харуй бүрийтэй уралдан Ц.Доржсүрэн баатар сарлагийн сүргээ уулнаас буулгачихаад бөг бөг шогшуулсаар гэртээ ирж байна. “Тооноор одод гялалзан түгэж, зуухны амаар улаан гал улалзан, түлээний оч чад пад хийн үсэрнэ. Гэрийн гадна нохой боргож, үхэр мал мөөрөлдөх чимээ юутай яруу. Ёстой л Монголын их амар амгалан энд л ноёлж байна” гэж Б.Бадралмаа бичжээ. Хотоос очсон сэтгүүлчийн сэтгэл зүрхийг хөдөө нутгийн баясгалан, их амар амгалан эзэгнэн авч буй нь энэ. Түүнийгээ бичлэгтээ донжийг нь эвтэйхэн олж, тун чадмаг дүрслэн үзүүлжээ. Ингээд баатрын ажил амьдралыг яриулж, таван үнээгээ 2000 сарлаг болгож өсгөсөн түүнийг дээжилж, уншигчдадаа өргөн барихдаа “Хөх нуурынхаа ууланд түмэн сарлагаа бэлчихийг харахаар сэтгэл уужирдаг. Цаст уулын хяраас 2000 сарлагаа дүүгүүрийн чулуу исгэрүүлэн буулгах ямар сайхан байдаг гэж санана” гэж хэлүүлж чадаж байна. Энэ бол сэтгүүлчийн олз, бас бичлэгийн ур чадварын илэрхийлэл юм. Ажилч хичээнгүй аав, ээжийнхээ үйл хэргийг үргэлжлүүлж, хөдөлмөрийн амт шимтийг амсаж, жинхэнэ утгаар нь мэдэрч чадсан баатар Ц.Доржсүрэнгийн ах нь Монгол Улсын Гавьяат эмч гэдгийг ч уншигчдадаа бас хамтад нь мэдээлж байна.

Батзаяагийн Гүнжид “Хараагүй ээжийгээ хөтөлсөн өргөмөл орос хүүгийн гэрэлт түүх” хэмээх нийтлэлдээ Төв аймгийн Батсүмбэр сумын харьяат Л.Галцог гэдэг хүнтэй уулзаж, онц сонин үйл явдлын түүхийг уншигчдадаа өргөн барьжээ. Сэтгүүл зүйн бичлэгт гарчгаас дутахгүй дараагийн чухал алхам нь лид буюу хөтөч хэсэг юм. Хоёр, гуравхан өгүүлбэрээр гарчгийнхаа үндсэн агуулгыг уншигчдад хүргэж тайлбарладаг. Энэ аргыг Б.Гүнжид чадмаг хэрэглэжээ. Тэрхүү лид буюу хөтөч хэсэгт “Ээжийнхээ хатан зориг, миний төлөөх зүтгэл, тэвчээрийг л бахархан ярихаас өөрийнхөө тухай яриад байх юм ахад нь байхгүй ээ. Миний ээж бол жинхэнэ монгол эмэгтэй, монгол ээж. Монгол бүсгүйчүүдээс л үрээ гэсэн тийм нандин хатуужил гардаг байх гэж би ойлгосон. Магад миний ээж шиг тэвчээртэй, ухаантай бүсгүй зуунд ганцхан төрдөг ч байж мэднэ”. Энэ бол Б.Гүнжидийн зохиомжилсон лид хэмээх хөтөч хэсэг буюу уулзахаар зорьж очсон Л.Галцогоос түүнд хэлсэн үг. “Хараагүй ээжийгээ хөтөлсөн өргөмөл орос хүүгийн гэрэлт түүх” гарчгийг хараад, залгуулж сэтгүүлчийн хийсэн дээрх лид-хөтөч үгийг уншаад уг нийтлэлийг уншилгүй хойш тавих хүн гарахгүй л болов уу. Нийтлэлийнхээ төгсгөлийг сэтгүүлч Б.Гүнжид дорхи байдлаар урамтай сайхан урлажээ. “Л.Галцог гуай одоо 88 настай. Тэрбээр Монгол Улсын гавьяат багш, хүний их эмч. Амьдралынхаа дийлэнх хугацааг бусдын эрүүл энхийн төлөө зориулсан тэрбээр өдгөө ээжийнхээ хийдэг байсан бүхнийг мартахгүй гэсэн шиг тарьсан жимс, ногоогоо хураах, хашааныхаа өвсийг хадах тэргүүтэй өөртөө бий болгосон ажлуудаа жаргалтай гэгч нь хийгээд, үр, ач нараа тойруулан элэг бүтэн, өнөр өтгөн амьдарч байна. 2022.8 сар” хэмээн төгсгөжээ. Авьяаслаг сэтгүүлч мөн байна. Энэ түүвэрт түүний 14 нийтлэл орсон байгаа. “Вьетнамаас гурван жилийн дараа нутагтаа “гүйж” ирсэн хулгар хүрэн азарганы гайхамшигт түүх” тэргүүтэй бусад нийтлэлийг нь сонирхоорой.

 Алтанбаярын Азсайханы “Дурдатгал:Маршал Чойбалсангийн ажлын өрөө байсан 204 тоотын үүднээс...” бичлэг цөөнгүй хүнд хүрсэн гэдэгт итгэлтэй байна. Хэд хэдэн сонин нийтлэл, түүний дотор “Билгүүн номч Б. Ринчений ажлын өрөө уушийн газар болжээ”, “Маршалын ажлын өрөөнөөс “Их зохиолчийнд” хүрэх замд”, “Их Явуугийн хөшөө, ард түмний шүлэг” хэмээх хэсгүүдээс бүрдсэн “Дуртгал:Маршал Чойбалсангийн ажлын өрөө байсан 204 тоотын үүднээс”, “Өрнөдийг зорьсон анхны 35 сурагчийн гунигт түүх” зэрэг бүтээлээ шилдэг нийтлэлийн 88 дугаар ботид дээжилсэн байна.

Даваагийн Бямбасүрэнгийн “Монголын парламентын туг”, “Наран зүгээс чамайгаа ирнэ гээд насаа марттал хүлээнэ гэсэн дээ” гарчиг ч олон хүний сонирхлыг татсан нь дамжиггүй. “Монголын парламентын туг”, “Унаган хайрын уянгатай эмэгтэй” зэрэг арав гаруй бүтээлээ сорчлон оруулжээ. Бүгдээрээ л шинийг эрж хайж, өөрсдийнхөө өнцгөөс өгүүлэх гэж зорьсон нь анхаарал татаж байна. Жишээ нь, А.Азсайхан Монголын түүхэнд нэгэн цаг үед шийдвэрлэх чухал үүрэг гүйцэтгэж явсан маршал Х.Чойбалсан, бичиг соёлын их хүмүүн Б.Ринчений сууж байсан өрөө тасалгаанууд өнөөдөр байгаа эсэх, байгаа бол түүнийг ямар зорилгоор, яаж ашиглаж байгааг сонирхон уншигчдад хүргэсэн нь хэрэгтэй, сонин мэдээлэл болжээ. Эрх баригчдад санаа оноо авахуулж болзошгүй юм. Энэ бол жижиг зүйл биш, монголчууд бид өнгөрсөн түүх, өвөг дээдсийнхээ үйл ажиллагаа, өвлүүлж үлдээсэн түүх соёлын өвд хэрхэн яаж хандаж буйн л нэг тод үзүүлэлт юм. Өчигдөргүй өнөөдөр, өнөөдөргүй маргааш үгүй гэдэг биз дээ.

 Хадбаатарын Доржпаламын “Хүрэн баавгай “унагасан” хүчит аварга Д.Гомбожавын түүх” бөхийн хорхойтнуудын нүдний хажуугаар өнгөрнө гэж үгүй. Түүний бичсэн “Ахмад дайчин Я.Өсөх:Олзны япон цэргүүд орой болохоор гунигийн дуу дуулдаг сан” гарчгаас хүний хувь заяа, олзны япон цэргүүдийн уйтгарлал гуниглал мэдрэгдэж, уншигчийг өөрийн эрхгүй татаж байна. Ахмад дайчин Я.Өсөх түүнд:Япон цэргүүд, тэднийг харгалзан яваа монгол цэрэг бүгд л ялгаагүй хүний нутагт эх орноо санагалзан яваа эрс. Тиймээс өөр өөрсдийн нутгийн дууг дуулж, сэтгэлээ дэвтээнэ. Эх орныхоо дууг гунигтай дуулах хэчнээн хэцүү гэж санана. Наран мандахад олзны цэргүүд унтаж байдаг. Харин жаргах үед нулимс бөмбөрүүлэн дуулна. Хүн гэдэг ер нь хэл ойлголцохгүй ч сэтгэл ойлголцдог юм билээ… Олзны япон цэргүүд нэгэндээ амь гэж жигтэйхэн. Тамхиа хувааж татаад хаа нэгтээ инээлдэнэ. Гэвч инээд бүхний цаана асар их гуниг нуугдаж байгаа нь нүднээ ил байлаа…. Япончууд ургах нарнаар баясаж, жаргах нарнаар гунигладаг юм билээ” гэж хэлж байна. Эргэж Монголдоо ирээд ч эр цэрэг Я.Өсөх мөн олзны япон цэргүүдийг харгалзах ажилд тохоон томилогдсон байна. Энэ хүн Хятад, Өвөрмонголыг чөлөөлөх дайнд оролцон эрэлхэгээр тулалдаж, олзны 450 япон цэргийг харгалзан хил гаргаж Оросын нутагт аваачин өгөх тушаалыг маршал Х.Чойбалсангаас аваад ёсчлон биелүүлжээ. Тэр үеийнхээ гуниглал зовлонт дурсамжийг сэтгүүлчтэй хуваалцсан байна. Дайн самуун дэгдээгчид бол цэргүүд биш шүү дээ. Эрх баригчид. Цэргүүд бол зөвхөн тэдний тушаалыг гүйцэтгэгчид. Ахмад дайчин Я.Өсөх сэтгүүлч Х.Доржпаламд олон зүйлийг хэлж ярьснаас авьяаслаг сэтгүүлч хамгийн эмзэгхэнийг нь, миний бодлоор хамгийн торгомсог сэдвийг нь олзуурхан шүүрч аваад өөрийнхөө нийтлэлийг “Олзны япон цэргүүд орой болохоор гунигийн дуу дуулдаг сан” гэж гарчигласан нь маш зөв шийдэл болсон санагдлаа. Ийм эрэл хайгуул, олз омог “Эргэлт”-ийн залуусын бүтээл туурвилд нэг биш тааралдаж байгаа нь үнэхээр баяр баясал төрүүлж байна. Сэтгүүлч Х.Доржпалам гэхэд л эр цэрэг Я.Өсөх гуайг 100 настай байхад нь олж уулзаж ярилцсан байна. Хэрэв тэр түүнтэй амжиж уулзаагүй бол Монголын уншигчид өнгөрсөн зууны дөчөөд онд олзны япон цэргүүд орой болохоор гунигийн дуу дуулж эх орон, элгэн саднаа санагалзан энэлж шаналдаг байсныг хэзээ ч мэдэхгүй өнгөрөх байсан биз ээ.

    Үүн дээр нэмж Оюунгэрэлийн Эрдэнтунгалагийн “Ө.Индра: Монгол гэсэн нэрээр овоглож, тэмцээнд оролцох нь тамирчны хүртэх хамгийн том алдар”, Батчулууны Хонгорзулын “Монголын ноён оргил академичдын 70 жилийн нөхөрлөлийн гэгээн түүх”, Нацагдоржийн Отгонбаатарын “Б.Зундуй: Ах нь цанын улсын дээд амжилтыг 36 удаа шинэчлэн тогтоож явлаа шүү дээ” зэргийг нэрлэж болно. Тэд содон хүмүүс олж, сонин түүх яриулж чадсанаараа уншууртай нийтлэл бичиж чаджээ. Жишээ нь, Монгол Улсын 3х3 эмэгтэй сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин Өлзийбатын Индра оюутны лигийн нэг тоглолтын үеэр 34 минутад 92 оноо авч байжээ. Сэтгүүлч О.Эрдэнэтунгалаг энэ онцгой гойд мэдээллийг олон түмэндээ хүргэжээ.

Залуу үеийнхэнд бол баавгайтай чихэр шиг л амттай мэдээлэл. Монголын ШУА-ийг олон жил толгойлж, “Нэвтэрхий тайлбар толь”-ийн 5 ботийг бүтээсэн Б.Чадраатай олон жилийн турш шадарлаж нөхөрлөж явсан, Монгол Улсын тэргүүн зэргийн “Чингис хаан” одонт, газар зүйн шинжлэх ухааны доктор, профессор Ч.Доржготовын яриаг олон хүн сонирхож байгаа шүү дээ. Нийгмийн тодорхой хэсгийнхний энэхүү эрэлтэд залуу сэтгүүлч Б.Хонгорзул өөрийн бичсэн “Монголын ноён оргил академичдын 70 жилийн нөхөрлөлийн гэгээн түүх” ярилцлагаараа хариулт өгч чадсан байна. Академич Ч.Доржготов “Миний найз Ч.Бадраа бол хүн чанарын дээд. Би Чадраагаа учрах л гэж учирсан найз минь гэж боддог” гэж сэтгүүлчид хэлжээ.

      Монгол Улсын цана болоод дугуйн спортуудын дээд амжилтыг удаа дараа тогтоож явсан гавьяат тамирчин Банзрагчийн Зундуйтай сэтгүүлч Нацагдоржийн Отгонбаатар уулзаж, олон сонин зүйл сонссоноос ганц нэгхэнийг уншигч танд сонирхуулья. Б.Зундуй мастер сэтгүүлчид “1945 онд Төв аймгийн Баян сумын “Хөндлөн” хэмээх Дүгэрсүрэнгийн хилэн хар морийг унаж, улсын наадамд аман хүзүүнд давхиулж байлаа… Тэр наадамд их насны 500 морь гараанаас гарсан. Би тэр үед долоон настай байсан даа”. Сүүлд “XX зууны шилдэг унаач хүүхэд -ээр шалгарсан…Би цанын холын зайн улсын аваргад 26 удаа түрүүлж, улсын дээд амжилтыг 36 удаа шинэчлэн тогтоосон… Миний дугуйгаар тогтоосон 100 кмийн рекорд амжилтыг одоо хүртэл шинэчилж тогтоогоогүй байгаа юм билээ” гэх зэргээр ярьжээ. Сонирхолтой байгаа биз? “Шилдэг нийтлэлийн 88 дугаар ботиос бүрэн эхээр нь гүйцээж уншаарай. Гайхмаар юм олон бий шүү”  гэжээ.

Ташрамд дурдахад, Эргэлт.мн мэдээллийн сайтын хамт олон "Эргэлтийн номын сан" шилдэг бүтээлийн цуврал 10 боть сэтгүүл зүйн ном, өдөр тутмын сонины хэв маягийг шингээсэн "Эргэлт" сэтгүүл, "Эргэлт" сонин, "Дөрвөн өөр намар" яруу найргийн хамтын ном эрхлэн гаргасан билээ.

 

 

 

 


ЭРГЭЛТ.МН МЭДЭЭЛЛИЙН САЙТЫН ХАМТ ОЛОН "МОНГОЛЫН ШИЛДЭГ НИЙТЛЭЛ” 99 ЦУВРАЛД ХОЁР БОТЬ НОМ ХЭВЛҮҮЛЛЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-11 04:07:12
    Basca Feiza: жич: 2 боть нийтлэл хэвлүүлнэ гэдэг их. Баяр хүргэе. ДАВГҮЙ, ДАЖГҮЙ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-11 04:04:46
    Basca Feiza: сайн байцгаана уу. Та бүхний бүтээж бий буй болгосон "эргэлт. мн"-ээр орж гарагчдын нэгэн нь байна. Танайхаар орж гарах төдийгүй, хааяа заримдаа дуугармаар санагдсан газраа дуугарна гээч. Гялайлаа хөөрхнүүдэд. ОРЖ ГАРААД Л, ДУУГАРМААР САНАГДСАН ЗҮЙЛД ДУУГАРААД ТАВАРГААД Л ЯВНАДАА гэж.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-07 01:13:23
    DR. PRADHAN: IF YOU WANT TO SELL YOUR KIDNEY FOR MONEY $ 780,000.00 CONTACT THIS HOSPITAL EMAIL: [email protected]
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188