• Өнөөдөр 2024-04-20

ДБЭТ-ын тайзнаа нисэх мөрөөдөлтэй “ХУН”

2020-11-29,   2026

Балетын урлаг Монголд эрчимтэй хөгжиж буй энэ цаг үед уншигч таныг “Монголын гэрэлт ирээдүй” булангаараа балетчин охинтой уулзуулж байна Манай улсад мэргэжлийн балетчин бэлтгэдэг ганцхан сургууль байдаг нь Хөгжим, бүжгийн коллеж (Монгол Улсын консерватори) Тус сургуулийн X ангийн сурагч Бүрэнжаргалын Хулан балетын урлагаар хичээллээд дөрвөн жил гаруй болж байгаа. Мэргэжлийн балетчин болохоор зүтгэж буй охин даанчиг ялдамхан. Толийсон бор арьс, урт хар гэзэг, өндөр, гоолиг бие, даруухан байдал нь түүнийг тодотгоно. Тэрбээр  ДБЭТ-ийн бүжигчин болох туйлын мөрөөдөлтэй нэгэн.  Эгэл, даруухан Б. Хулан охинтой ярилцлаа.

Б.ХУЛАН: ТАЙЗАН ДЭЭР ГАРАХАД  НИСЭЖ БАЙГАА ЮМ ШИГ САНАГДДАГ

-Яагаад балетын урлагийг сонгосон юм бэ?
-Би багадаа жүжигчин болно гэж боддог байлаа. Хэдийгээр манай гэр бүлд урлагийн хүн байхгүй ч би тайзан дээр гарахыг маш их хүсдэг. Нэг удаа Хөгжим, бүжгийн коллежийн хажуугаар өнгөрч яваад, хэсэг харж зогссон. Энэ сургууль дотор яг юу болдог юм бол, урлагийн гэх тодотголтой хүмүүс хэрхэн, яаж бэлтгэгдэж, сайн бүжигчин, дуучин болдог юм бол гээд зөндөө бодсон. Сургууль дотор орж үзэх хүсэлдээ хөтлөгдөөд шалгалт өгөөд үздэг юм бил үү гэж бодлоо. Харин V ангиа төгсөөд Хөгжим, бүжгийн коллежид шалгалт өгөхөөр болж, сургуульдаа орж үзсэн.
 
Хэдийгээр би өөрийнхөө хэмжээнд бүжиглэдэг ч надаас мундаг маш олон хүүхэд байсан. Уг нь би монгол бүжгийн ангид шалгалт өгөхөөр төлөвлөсөн байсан юм. Гэтэл тухайн жил ганцхан балет буюу сонгодог урлагийн ангид элсэлт авч таарсан. Шалгалт өгөөд үзсэн чинь санаанд оромгүй үр дүн гарч тэнцчихсэн гээд бод доо. Үнэхээр азтай шүү. Тэгж л балетын урлагийг бага зэрэг мэдэж, түүндээ дурлаж, сурч байна даа.
 
-Тэгэхээр 11,12 настайгаасаа балетаар хичээллэж эхэлсэн гэсэн үг үү?
-Би Монголын хүүхдийн ордны монгол, цэнгээнт бүжгийн дугуйланд явдаг байсан юм. Бүжгийн спортод бага зэрэг эвсэлтэй, сонирхолтой байсан учраас аав, ээж намайг дугуйланд хамруулсан нь тэр. Уг нь Хөгжим, бүжгийн коллеж дотоод журмаараа сонгодог урлагийн ангидаа 11 настай хүүхдүүдийг элсүүлж авдаг юм билээ. Харин би 12 настайдаа сургуульдаа элсэн, суралцаж эхэлсэн. Эхний хоёр жил юу хийгээд байгаагаа мэдэхгүй, багшийн үгээр л хэдэн хөдөлгөөн хийгээд явдаг байлаа. Тэгээд гурав дахь жилээсээ яг юу хийх ёстой, юу хийж байгаагаа мэдэж эхэлсэн. Хүмүүс 11, 12 настай хүүхэд балетаар хичээллэхээр оройтдог гэж бодоод байдаг. Балетын урлаг өндөр хөгжсөн орнуудад бол оройтдог байж магадгүй. Харин манай Монголын хувьд бол оройтохгүй гэж бодож байгаа. Нээрээ, би зургаан настай байхдаа кинонд тоглож байсан.
 
-Ямар кинонд вэ?
-”Татар ажиллагаа” гээд кинонд 2010 онд тоглож байсан юм. Монголын хүүхдийн ордны дугуйланд явж байхад нэг хүн “Кино пробонд орох уу” гэж асуугаад, би нэг танхимд орж шалгуулж байсан. Намайг  “Аавдаа загнуулсан хүүхэд шиг царай гаргаад, уйлаарай” гэсэн. Тухайн үедээ үзүүлээд, гараад явж байсан чинь аав, ээжтэй уулзах хүсэлт тавиад, тоглож байлаа. Кинонд тоглоход бараг л хэцүү зүйл байгаагүй ээ. Харин эхний хэсэг дээрээ урт үстэй байгаад, төгсгөл дээр үсээ хусуулах шаардлагатай болсон. Үсээ хусуулах л жаахан хэцүү байсан даа. Гэхдээ харамсаагүй болохоор миний үс хурдан ургасан.
 
Сургуулиа төгсөөд, театрт орно. Гэхдээ шалгалт өгөөд, тэнцэх юм бол орно л доо. Харин тэнцэхгүй бол үргэлжлүүлж сураад, дахиад шалгалт өгнө. Тэнцэн, тэнцтэлээ шалгалт өгнө
 
-Гэрийнхэн нь урлагийн хүмүүс үү?
-Үгүй ээ. Манай аав, ээж хоёр эмч мэргэжилтэй. Харин ах маань жүжигчин болох гээд гадаадад суралцаж байгаа. Манай удамд урлагийн хүн байхгүй хэрнээ ах бид хоёр урлагийн сургуульд сурч байгаа, сонин байгаа биз. Хүмүүс “Эмч гэр бүлийн хүүхдүүд байж ядаж нэг нь эмнэлгийн салбарын хүн болохгүй” гээд гайхаад л байдаг юм. Манай гэрийнхэн биднийг юу хүсэж, ямар зүйлд ач холбогдол өгч байгааг ойлгодог учраас сайн дэмждэг. Манай бага дүү морин хуур тоглодог. Тэгэхээр манай гэр бүлээс урлагийн хүн төрнө гэдэгт итгэдэг.
 
-Балетаар хичээллэснээр чамд ямар өөрчлөлт гарсан бэ?
-Балет хатуужилтай болгодог юм шиг санагддаг. Би хэдийн мэргэжлээ сонгочихсон. Манай үеийнхэн дунд сургуулиа төгсөөд, ахлах ангид ороход, би мэргэжлийнхээ ангид суралцаж, бараг төгсөж байх болно. Ямар ч гэсэн зорилгынхоо төлөө зүтгэх ёстой гэдгийг сайн сурч ойлгож байгаа. Би дөнгөж X ангийн сурагч учраас сурах маш олон зүйл байгаа. Их зүйл сурч байгаагийн гол шалтгаан нь миний багш. Багшийг маань Энхтуяа гэдэг. Тэрбээр хүүхэд бүртэй тулж, чин сэтгэлээсээ ханддаг болохоор үнэхээр сайхан байдаг даа. 
 
-Чиний мөрөөдөл юу вэ?  
-Би тайзны хүн болно. Тайзан дээр инээмсэглээд, бүжиглэж байхыг хүсдэг. Сургуулиа төгсөөд, театрт орно. Гэхдээ шалгалт өгөөд, тэнцэх юм бол орно л доо. Харин тэнцэхгүй бол үргэлжлүүлж сураад, дахиад шалгалт өгнө. Тэнцэн, тэнцтэлээ шалгалт өгнө. Миний мөрөөдөл ДБЭТ-ын тайз. Тайз надад нисэж байгаа мэдрэмжийг өгдөг. Тийм болохоор би театрын тайзнаас улам илүү гэрэлтэх болно. Балетаар хичээллэхэд мэдээж хүндрэл, бэрхшээл гарна.
 
Бие халаалтаа сайн хийхгүй бол амархан гэмтэнэ. Хөдөлгөөнөө хийж чадахгүй болохоор шантарна гээд асуудал их бий. Дээрээс нь манай хэрэгслүүд маш үнэтэй болохоор аав, ээжээсээ байнга мөнгө авах болно. Тухайлбал, балет байнга өлмий дээрээ бүжиглэхийг шаарддаг болохоор хөлний хэрэгсэл маш амархан цоордог. Тэр нь ойролцоогоор 160 мянга гэдэг болохоор байнга авах хэцүү. Нээрээ, театрынхан балетын бүжигчдэдээ каски буюу хүмүүсийн ойлголтоор оймс ойрхон, ойрхон хангалтаар өгдөг юм билээ. Тэгээд би театрын эгч нараас айхтар муудаагүйг нь гуйгаад авчихдаг. Тэд биднийг ойлгодог болохоор илүү хэрэгслээ өгөхдөө дуртай байдаг.
 
-Чи их даруухан бололтой?
-Манай ээж хүнтэй хурдан учраа олж чаддаг. Өмнө нь уулзаж байгаагүй хүнтэйгээ өмнө нь таарч байсан юм шиг харилцдаг. Их найзархуу, нээлттэй хүн. Харин аав маань төлөв даруу, дотогшоогоо, дуугүй хүн байдаг юм. Гэхдээ их дайчин, зоригтой. Эхлүүлсэн ажлаа дуусгадаг. Би аавынхаа дуугүй, даруухан занг нь илүү дурайчихсан. Уг нь ээжийнхээ нээлттэй занг нь дуурайсан бол хүмүүстэй амархан найзалж сурах байсан байх. Гэхдээ зүгээр ээ. Би аавынхааа бүх занд нь хайртай. 
 
-Чамд чөлөөт цаг гардаг уу?
-Хичээл орж байхад бол бараг гардаггүй байсан. Өглөө 09:00 цагт хичээлдээ, үдээс хойш бэлтгэл хийж, 19:00 цагт гэртээ харьдаг. Манай ангийнхан бусад ерөнхий боловсролын сургуулийн хүүхэд шиг биш. Мөрөөдөл, зорилгоо тодорхойлчихсон учраас чөлөөт цаг гэж бараг байдаггүй. Багш маань биднийг “Хөдөлгөөнөө сайн давт. Сунгалтаа хий” гэж байнга хэлдэг болохоор завгүй байдаг. Тэгж байж л сайжрах учраас хичээх хэрэгтэй. Мэргэжлийн балетын бүжигчид бэлтгэж байгаа нөхцөлд нэн тэргүүнд бүжгийн танхим стандартын шаардлага хангасан байх ёстой гэдэг юм билээ. Манай сургууль шаардлагатай бүх зүйлийг хангаж өгсөн болохоор бид хичээх л хэрэгтэй. Маш олон элементийг мэргэжлийн түвшинд сурах ёстой.
 
-Чамд энэ хүн шиг балетчин болох юм сан гэж хөглөгдөж, тэмүүлж, үлгэр жишээ авдаг хүн бий юү?
-Хүндэлж, хайрлаж явдаг маш олон хүн бий. ДБЭТ-ын эгч нар бол үнэхээр мундаг. Тэд бас сайхан сэтгэлтэй. Бидэнд үргэлж тусалдаг.
 
-Балетийн урлагаар гаргасан томоохон амжилтаасаа дурдвал?
-2017 онд “Nomadic kids ballet” тэмцээнд I байр, 2018 онд Л.Алтанхуяг багшийн нэрэмжит “Монголын үндэсний балет-II” тэмцээнээс мөнгөн медаль, мөн онд “Mongolia international ballet competition” тэмцээний III байрт шалгарсан. 2019 онд “The 1st Russian Japanese ballet” олон улсын тэмцээнд тусгай байр эзэлсэн. Мөн тус онд “World ballet grand prix Moscow final” олон улсын тэмцээнд хүрэл медаль хүртсэн. Зардал, мөнгөнөөс шалтгаалаад тэр бүр гадагшаа тэмцээнд яваад байх боломж хомс байдаг. 
 
-Балетын урлагаар хичээллэсний давуу болон сул тал нь?
-Давуу тал нь нэгдүгээрт, зөв зогсолт. Эгц зөв зогсох нь нурууны тэгш байдал, бие махбодын өв тэгш хөгжлийн үндэс суурь. Хичээл хийхдээ аль нэг тийш хазайж суудаг бол багана нуруу тухайн тал руу хазайн тогтдог бөгөөд булчин ч үүнтэй адилхан хазайна. Энэ байдал цааш даамжирсаар багана нуруу хоорондын диск нимгэрэх, иврэх сөрөг үр дагавартай гэж багш заадаг.  Мөн хөдөлгөөний эмх цэг, анхаарал төвлөрөлт. Багшийн зааварчилгааны дагуу бүжгийн элементийг хөгжмийн аянд тохируулан хийх үйл явц хүүхдийн анхаарал төвлөрөлтийг сайжруулдаг. Хөдөлгөөний дутагдалд орохгүй. Орчин үеийн амьдралын хэв маяг хөдөлгөөний хомсдлын сөрөг үр дагавар бүх насныханд илэрч байгаа. Хөгжмийн сонсгол, мэдрэмж дээшилдэг. Сонгодог бүжгийн хөдөлгөөнийг хөгжмийн аянд тохируулан хийх нь зөвхөн сонсгол сайжруулах төдийгүй ой тогтоолтод давхар эерэгээр нөлөөлдөг. Сул тал нь дасгалаа буруу хийх юм бол маш амархан гэмтэх магадлалтай.

 


ДБЭТ-ын тайзнаа нисэх мөрөөдөлтэй “ХУН”
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-07 16:15:38
    зочин: миний ах балетчин цэдэндамбаа гэдэг хүн байсан,амжилт хүсье
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188