• Өнөөдөр 2024-04-18

Боксын ОУХМ О.ЕСҮГЭН: Би сэтгэлзүйгээрээ өрсөлдөгчөө ялчихаад, дэвжээнд гардаг

2021-05-10,   1534

    Чех Улсад зохион байгуулсан олон улсын боксын тэмцээнд  Боксын ОУХМ О.Есүгэн Монгол Улсаа төлөөлөн оролцож, алтан медаль хүртсэн. Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын унаган хүүхэд, түүнтэй баярын сэтгэгдлээс нь хуваалцлаа.

-Сайн байна уу. Юун түрүүнд танд баяр хүргэе. Эх орондоо ирсэн үү. Тэмцээний дараа тайван амардаг болов уу?

     -Сайн. Сайн байна уу. Баярлалаа. Эх орондоо очих хараахан болоогүй байгаа. Ер нь сайн тамирчин болъё гэвэл тэмцээн дууссан гээд амраад байж болохгүй гэж боддог. Одоо Монгол Улсын ҮШБ-ын дасгалжуулагч, тамирчид Герман болон Кубын шигшээ багтай хамтарсан бэлтгэл хийх гэж байгаа. Дараа нь АНЭУ Дубай хотноо зохиогдох насанд хүрэгчдийн ААШТ зүг явцгаана аа.

-Сүүлийн тэмцээний тухай ярилцлагаа эхэлье. Хамгийн эгзэгтэй, хүнд тулаан аль орны тамирчинтай болов. Тэмцээний онцлог юу байв?

    -GP Usti nad labem 2021 тэмцээн их сайхан болж өндөрлөлөө.  Миний хувьд болон баг хамт олон маань ковид-19 цар тахлын улмаас удаан хугацаанд тэмцээнд оролцож чадаагүй байсан. Иймд Азийн АШТ-ий өмнө нэг ч гэсэн тэмцээн үзээд хэд хэдэн тулаан хийж чадсандаа их баяртай байна. Нийт дөрвөн тулаан хийсэн байгаа. Миний хувьд бүх тоглолт маань л сайхан өрсөлдөөнтэй болж дууссан. Эхний тоглолт Сүй Улсын Брюгер Сандра, хоёр дахь тоглолт Швейцарь Улсын Тур Стефани, гурав дахь тоглолт эзэн орны тамирчин Чех Улсын Каваждова Катерина, аваргын төлөө дэлхийн аваргын хүрэл медальт Английн тамирчин Артингсталл Керрис. Тэмцээний онцлогийн тухайд би олон улсын тэмцээнд насанд хүрэгчдийн ангилалд анх удаа орж байгаа.

-Жижигхэн суурингийн охин өнөөдрийн амжилтыг гаргасанд олзуурхаж байна. Анх энэ спортод хэн хөтөлж оруулсан бэ. Энэ тухай сайхан дурсамж яриач. Анхны багш тань хэн гэдэг хүн байв?

     -Би багаасаа л ер нь юм юманд эв дүйтэй, нийгмийн идэвх сайтай хүүхэд байсан. Сургуулиас зохиодог арга хэмжээнд бараг бүгдэд нь л гүйж явдаг байсан. Бокс хэмээх их спортод хөл тавихаас өмнө нь бүжиглэдэг байлаа. Бүжгээрээ ч бас чамгүй амжилт үзүүлдэг байсан. Хамтлаг дотроо гоцлол бүжиглэдэг байлаа. Миний ур чадварыг хамгийн анх манай сумын хэсгийн төлөөлөгч н.Болдбаатар ах маань олж харсан. Сумын соёлын төвд тоглолтод орчихоод гараад ирэхэд "За миний дүү, маргааш хамт тэмцээнд яваад ирье. Хичээлээсээ ганц хоногийн л чөлөө авчих. Зардал мөнгийг нь багш нь гаргана, санаа зоволтгүй. Ээж ааваасаа зөвшөөрөл авчих" гэсэн.

     Би сагсан бөмбөг, гар бөмбөг, рингогоор хичээллэдэг, спортдоо дуртай байсан учраас өөрөө ч их сонирхсон. Тэгээд л зааланд ороод, бээлий өмсөөд, хэд цохиж үзээд л маргааш нь Дархан-Уул аймагт зохиож байсан кикбоксын тэмцээнд орчихсон. Хөл ордог гэдгийг нь ч мэдэхгүй очоод л орчихсон. Тухайн үедээ хожигдсон ч III раунд сайн зодолдсон. Тэгээд тэнд байсан багш шүүгч нар "Бокс мэдэхгүй гэхэд үнэхээр дайчин, ирээдүйтэй охин байна. Улсын аваргад бэлдэж байгаад оруулаарай" гэж байсныг тод санаж байна. Ингээд л Болдбаатар багш маань намайг Сэлэнгэ аймгийн боксын Улаан ирвэс клубийн дасгалжуулагч Г.Ганхуяг багшид маань аваачиж өгсөн. Тухайн үед ар гэрийнхэн маань их дургүйцдэг байсан. Эмэгтэй хүүхэд толгой тархиндаа цохиулна болохгүй гээд л... Гэхдээ аав ээж маань юу ч болж байсан намайг дэмжиж байдаг учраас энэ спортод хөл тавиад өдий зэрэгт явна даа.

-Спорт хүнээс их тэвчээр шаарддаг шүү дээ. Анх хичээллэж эхлэхээс өнөөдрийг хүртэл шантрах зүйл олон гарсан болов уу?

     -Мэдээж ямар ч мундаг, том тамирчин шантардаг. Гэхдээ хамгийн гол нь тууштай байж чадсан нь л үлдэж, оргилд хүрдэг. Миний хувьд шантрах тохиолдол олон байсан. Гэхдээ би тууштай байж чадсан.

Дөнгөж 15 настай байхдаа 11 кг хасаж байлаа. 11 кг хасаад, Азийн хүүхдийн их наадамд оролцож, хүрэл медаль хүртэж байсан. Тэр үед маш их шантарч байлаа. Уйлаад л уйлаад л...

Тухайн үед Ганхуяг багш минь "Хөдөлмөрч хүнийг бурхан шагнадаг" гэж урам өгдөг байлаа. Спорт хүнийг сайн хүмүүжүүлдэг гэдгийг л маш сайн мэдэж ойлгосон доо.

-Өнөөдрийг хүртэл олон тэмцээнд оролцож байсан байх. Хамгийн дурсамжтай тэмцээн нь хэзээ байсан бэ?

    -Ерөөсөө тулааны спортоос хамгийн анх орж байсан тэмцээн бол кикбоксын тэмцээн байсан. Олон тэмцээнд оролцсон доо. Тэмцээнээс тэмцээний хооронд илүү сайжирч өөрийнхөө алдаа дутагдлыг олж хардаг. Намайг тэмцээн уралдаанд оролцоход тусалж дэмждэг маш олон хүн байгаа. Цухас дурдвал, Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын Засаг дарга байсан Ж.Отгондалай, сургуулийн захирал Н.Чимэд-Очир болон нутгийнхан маань маш их дэмжиж туслалцаа үзүүлдэг. Сэлэнгэ аймгийн Засаг дарга, ИТХД, Сэлэнгэ аймгийн боксын спортын тэргүүн н.Цогбадрах ах, ОБЕГ харьяа Аврагч БТТСХ дасгалжуулагч н.Эрдэнэбаяр мөн шигшээ багийн багш, дасгалжуулагч гэх мэт олон хүн байгаа. Бүгдэд нь энэ завшааныг ашиглаад баярлалаа гэж дамжуулъя. Миний хамгийн дурсамжтай тэмцээн анхны өсвөрийн улсын аваргын алтан медаль байсан. Маш их ач холбогдол өгч, өөрийгөө зоригжуулж, хичээж санасандаа хүрэх тэр мэдрэмжийг бүрэн дүүрэн мэдэрсэн анхны медаль хэмээн бэлгэшээдэг.

-Зодооны спортоор эмэгтэй хүүхэд хичээллэнэ гэхээр ээж, аавууд төдийлөн тааламжтай хандахгүй болов уу. Анх хичээллэж эхлэхэд ч дургүйцэж байсан гэлээ.  Одоо тодорхой хэмжээний амжилт гаргасны дараа юу гэдэг вэ?

    - Ээж, аав маань намайг юу ч гэж байсан дэмжиж, яг л миний найз шиг ярилцаж, бүх зүйл дээр нээлттэй байдаг. Анх хамаатан садан, ах эгч нар их санаа зовж, дургүйцэх талдаа байсан. Ээж, аав маань харин "Миний охин өөрөө сонирхож байвал оролдоод үз. Болохгүй бол тэгээд л орхиж болно шүү дээ" гэдэг байсан. Одоо бол хамаатан садан, ах эгч, найз нөхөд бүгд л бахархаж дэмжиж байдаг болохоор их гоё санагддаг.

-Дэвжээ рүү гарахын өмнө сэтгэл зүйгээ хэрхэн бэлддэг вэ?

     -Тамирчин хүнд сэтгэл зүй маш чухал гэж боддог. Би дэвжээнд гарахын өмнө сэтгэлзүйгээрээ өрсөлдөгч тамирчнаа ялчихаад гардаг.

-Багш тань спортоос гадна хувь хүнд тань юу зааж сургасан бэ. Спортоор хичээллэснээс хойш амьдралд тань гарсан өөрчлөлт юу байна вэ?

     - Спорт хүнийг маш сайн хүмүүжүүлдэг. Одоо би дан ганц бокс биш, бусад спортоор хичээллэсэн ч шантрахгүй, хөдөлмөрлөх чадвартай болсон. Энэ нь намайг бусдаас онцгойруулж өгнө. Бусдыг хүндлэх, хүний итгэлийг даахыг хичээх гээд ер нь л спорт хүнийг хүн болгодог.

-Аль сургуульд, ямар мэргэжлээр суралцдаг вэ. Хичээл, бэлтгэлээ хэрхэн зохицуулж байна вэ?

    -Би сэтгэл зүйч болох хүсэл сонирхолтой. Сонирхлоо дагаад МУБИС-д Сэтгэл судлалын чиглэлээр элссэн боловч эхний жилээ төгсөөд сургуулиасаа завсардсан. Учир нь, чөлөө аваад, тэмцээн уралдаанд яваад байж болохгүй. Явлаа гэж бодоход хичээлээсээ их хоцорно. Толгойдоо мэдлэггүй, хоосон дипломтой, мундаг төгсөгч байхыг хүсдэггүй. Сурвал сурсан шиг л сурахыг хүсдэг. Тэгээд бэлтгэл сургууль хоёр зэрэгцэж болохгүй байсан учраас сургуулиа орхисон. Хоёр туулай хөөхгүйн тулд нэг зүйлдээ төвлөрсөн гэсэн үг.

-О.Есүгэний цаашдын зорилго юу вэ?

    -2024 оны олимпын тэнгэрт Монгол Улсынхаа далбааг мандуулахыг хүсэж байна.

-Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.


Боксын ОУХМ О.ЕСҮГЭН: Би сэтгэлзүйгээрээ өрсөлдөгчөө ялчихаад, дэвжээнд гардаг
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 5
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-10 18:35:47
    О.Есүгэн (1969-2013): (1498-1500) (1500-1502) (1502-1517) (1517-1526) (1526-1579) (1579-1600) (1600-1617) (1617-1658) (1658-1667) (1667-1668) (1668-1678) (1678-1687) (1687) (1687-1691) (1691-1694) (1694-1703)
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-05-10 23:21:20
    Батцэцэг д: Тулаанд зөвхөн шонхорууд ялдаг Шонхор шүү чи минь
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-05-10 22:06:39
    ц.цэцгээ: Аймаг сумынхаа тедийгvй улс орныхоо нэрийг дуудуулан спортын ендер амжилт гаргаж яваа Есvгэндээ дэлхийд нэртэй тамирчин болохыг хvсье
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-05-10 15:47:51
    Jijgee: Mundag ohin shvv
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-05-10 15:20:26
    Өлзийбаатар: Маш сайхан ярилцлага байна Сэтгэлзүйн бэлтгэл сайтай тамирчин аливаа спортод өндөр амжилтыг байнга гаргаж байдаг.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188