• Өнөөдөр 2024-05-03

М.ДАМДИНДОРЖ: Математикийн хичээлээр ЭЕШ-д 800 оноо авахын тулд хоёр жил хичээсэн

2022-06-27,   3012

                    Гэнэн, томоогүй сурагч насаа үдэж, гэрэлт ирээдүйд тэмүүлэх төгсөх ангийн хүүхдүүд. Хонхны дуутай уралдаж гадагш гүйдэг ахлах ангийн сурагчид, өнөөдөр их сургуулийн оюутан болох гээд ээж, аавын хамт догдолон хүлээж байна. ЭЕШ бол ахлах сургуулийн хаалга, их сургуулийн босго байдаг билээ. Энэ удаад бид Архангай аймгийн Лаборатори нэгдүгээр сургуулийн  12д ангийн төгсөгч М.Дамдиндоржийг онцолсон юм. Тэрбээр 2022 оны ЭЕШ-д аймагтаа математикийн хичээлээр тэргүүлж 800 оноо авсан, манлайлагч нэгэн юм. Ингээд уншигч танд түүнтэй ярилцсан, ярилцлагыг хүргэе.
-Ярилцах хүсэлтийг хүлээн авсанд баярлалаа. Манай сайтын уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
                                        -Намайг Мөнхтогтохын Дамдиндорж гэдэг. Одоо 18 настай. Архангай аймгийн Лаборатори нэгдүгээр сургуулийн 12д ангийг энэ хавар төгссөн. Бага байхаасаа л математикийн хичээлд дуртай байсан. Тийм болохоор 2022 оны ЭЕШ-д математик, физик гэсэн хоёр хичээлээр бэлдэж шалгалтаа өгсөн. Математикийн хичээлээр Архангай аймагтаа тэргүүлж 99 хувийн гүйцэтгэлээр 800 оноо авсан. Манай аймгийн хэмжээнд математикийн хичээлээр нийтдээ 500 гаруй сурагч ЭЕШ өгснөөс хоёр сурагч 800 оноо авсан юм билээ. 
 
-Архангай аймгийн хэмжээнд математикийн хичээлээр ЭЕШ өгч буй 500 гаруй сурагчдыг манлайлж 800 оноо авсан байна шүү дээ. Сэтгэгдлээсээ хуваалцаж болох уу?
                                      -Математикийн хичээлээр ЭЕШ-д 800 оноо авснаа мэдээд итгэж өгөхгүй, зүүдлээд ч байгаа юм шиг санагдсан. Шалгалтаа өгөөд, 30-40 минутын дараа гүйцэтгэлээ хараад 99 хувь гэхээр нь 800 оноондоо хүрч чадсан байна даа гэж бодсон. 95 хувиас  дээш авахаар 800 оноондоо хүрдэг гэдгийг мэдэж байсан. Үнэхээр их хүсэж байсан зүйл маань биеллээ олсон болохоор сайхан байна. Өмнөө тавьсан зорилгодоо хүрээд үгээр хэлэхийн аргагүй баяртай байгаа. Манай  аав, ээж хоёр “Миний хүү заавал 800 оноо аваарай. Ах нь 790 оноо авч байсан учраас чи минь хичээгээрэй” гэж хэлсэн юм. Манай ах хоёр жилийн өмнө ЭЕШ өгөөд математикийн хичээл дээрээ 790 оноо авч байсан. Яагаад ч юм 800 оноо авахгүй бол аав, ээжийгээ баярлуулж чадахгүй юм шиг санагдаж байсан. Харин одоо амласан амлалтдаа хүрсэн болохоор ч тэр үү, туйлын их баяртай байгаа. Энэ гайхалтай үйл явц чинь өчигдөрхөн болж, манай гэрийнхэн бөөн баяр болсон доо. Архангай аймгийн хэмжээнд ЭЕШ-даа математикийн хичээлээр нэгээр шалгарсан гэдгээ мэдээд өөрөөрөө бахархаж, сүүлийн хоёр жилийн турш хичээсэн үр дүнгээ гаргаж чадсан гэж бодохоор цаанаасаа л огшоод, нэг л өвөрмөц мэдрэмж төрсөн.
 -Сурагчид “Би ЭЕШ-д  800 оноо авч чадахгүй байх” гэсэн сэтгэл зүйгээр хандаж, зорьсон оноондоо хүрэхгүй байх тохиолдол байдаг. Харин чиний хувьд ямар байсан бэ?
                                     -Би чадахгүй гэж бодохгүйгээр үргэлж “Би чадна” гэж өөртөө хэлдэг байсан. ЭЕШ-ийн өмнө үнэхээр хэцүү мэт санагддаг байсан ч чадна гэж бодоод хичээдэг байсан. Чадна гээд өөртөө итгэвэл чаддаг юм байна лээ. Хоёр жилийн өмнөөс л бэлдэж, тогтмол бодлого бодож, өдөрт чанартай хоёр цагийг зарцуулсан маань ч нөлөөлсөн байх. Шалгалтад орохын өмнө сэтгэл зүйг өргөж тайвшруулах гэр бүлийнхэн болон багш маань хамт байсан болохоор өөртөө итгэх итгэлээ алдаагүй. Хэрэв би тууштай бэлдэлгүй төгсөхөөс  4-5 сарын хооронд шаргуу бэлдсэн бол эргэлзэх, тээнэгэлзэх зүйл ихтэй болж зорьсон оноондоо хүрч чадахгүй байсан байж мэднэ.
 
-ЭЕШ-аа математик, физик гэсэн хоёр л хичээлээр өгсөн гэлээ. Өөртөө нэлээн их итгэлтэй байсан бололтой?
                                      -Математикийн хичээлээрээ голчлон бэлдсэн. Миний хувьд олон хичээл дээр өндөр оноо авна гэхээс илүү цөөхөн хичээлээр, чанартай оноо авахыг хүсэж байсан. 12-р ангид орохдоо л яг хэдэн хичээлээр, хэдээс дээш оноо авна гэдгээ зорилго болгомоор санагдсан. Миний хувьд математик дээр бэлтгэл жигдрээд 90 хувиас дээш хийнэ гэдэгт итгэлтэй байсан. Мөн математиктаа сайн бэлдэж чадвал физикийн хичээлийн сэтгэлгээ ойролцоо байдаг болохоор  физик, математикаараа дундажлаад сургуулиа авч чадна гэж бодсон. Том зорилготой байх тусмаа л өөрийгөө илүү дайчилдаг юм байна лээ.
- Гэр бүлийнхний зүгээс “Заавал 800 оноо аваарай” гэдэг байр суурьтай байсан гэсэн. “Би 800 оноо авч чадахгүй бол яана аа” гэсэн айдас байсан уу?
                                -Сандрал, догдлол үнэхээр их болсон. Дараа нь харамсахгүйн тулд шалгалтын бэлтгэлээ сайн хийж, сэтгэл зүй болон эрүүл мэндээ анхаарч эхэлсэн. Үе тэнгийн найзууд маань ч тус бүрдээ шалгалтдаа бэлдэж, хонхны баяраас илүү төвлөрч байх шиг санагдсан. ЭЕШ гэдэг бол сурагчдын хувьд амьдрал хөл тавих анхны алхам бөгөөд их хариуцлага, хөдөлмөр шаардсан зүйл юм билээ. Мөн айдас маш их байсан. 800 оноо авч чадахгүй бол гэдэг сэтгэл зүйд үнэхээр нөлөөлж байсан үргэлж үүрэг хариуцлага над дээр байгааг бодох нь  жаахан дарамт болсон шүү. 
 
-ЭЕШ чиний төсөөлж байснаас өөр байсан уу? 
                                        -Миний төсөөлж байснаас илүү догдлолтой бас хурдан болоод өнгөрсөн. Хоёр жил гаруй хугацаанд бэлдсэн зүйлийнхээ үр дүнг 100 минутад л багтаах ёстой болохоор “Ганц олдсон боломжоо алдвал яана”  гэж бодсон.  Шалгалтад орохоос өмнө амжих болов уу, яах бол гэсэн бодол байсан. Ороод цагтай уралдаж бодлогоо бодоод байсан сандрал, эргэлзээ ор мөргүй арилсан. Хэрэв үнэхээр сайн бэлдсэн бол яг л бэлдсэн шигээ хийхэд хангалттай гэдгийг ойлгосон. 
-Архангай аймгийн хэмжээнд математикийн хичээлээр ЭЕШ-даа тэргүүлсэн амжилтыг гаргасан. Өмнө нь математикаар ямар амжилт гаргаж байв?
                               -Манай аав, ээж хоёр багш хүмүүс байдаг. Бага байхаасаа л гэрийн даалгавраа сайн хийдэг хүүхэд байсан. Математикийн хичээлд яагаад ч юм дуртай болчихсон доо. Мөн аймаг, бүсийн олимпиадуудаас олон медаль авч байсан. Оролцож байсан тэмцээн, авсан медалийнхаа тоог алдсан даа. /Инээв/
 
-Шалгалтад бэлтгэж байх үеийн хөгтэй, хөгжилтэй дурсамжаа бидэнтэй хуваалцаач?
                                     -Хөгжилтэй зүйл гэвэл зөндөө бий. Би сагсан бөмбөг тоглох үнэхээр дуртай. Ер нь миний дуртай цөөн хэдэн зүйлийн нэг бол сагсан бөмбөг. 11-р ангид байхад ЭЕШ гэж нэг их зовдоггүй байжээ. Энэ жилийн тухайд яахын аргагүй төвлөрөх хэрэгтэй болсон. Гэсэн хэдий ч хичээлийн бус цагаар сагсан бөмбөгөө тоглосоор л байсан. Тогломоор байсан ч хичээлээ хиймээр санагдаж хоёрдож байсан гэх үү дээ. Тэгээд тоглож байгаад зүүн шагайгаа гэмтээсэн. Доголсон ч гэсэн дуртай болохоор аргалаад дахиад тоглож байгаад баруун шагайгаа гэмтээгээд ЭЕШ болтол дахиж тоглохгүй гэж өөртөө амласан. Энэ нь миний хувьд  амаргүй даваа байсан. Одоо зорьсон оноогоо авсан учраас шантралгүй, сагсан бөмбөгийн спортоороо хичээллэх болно.
-Аливаа уралдаан, тэмцээн шалгалтад амжилттай оролцоход багш гэдэг хүн их том туслалцаа үзүүлдэг шүү дээ. Багшийнхаа тухай ярьж болох уу?
                                 -Манай багшийг Ц.Цэнд-Аюуш гэдэг. Намайг үнэхээр сайн бэлдэж, хурцалсан. Бүх зүйлд минь анхаарч, чадахгүй, мэдэхгүй болгоныг зааж өгсөн сайхан хүн бий. Энэ боломжийг ашиглаад багшдаа маш их баярлаж байгаагаа хэлмээр байна.
 
-ЭЕШ-ын 800 оноо хэр хол санагдаж байсан бэ?
                               -Миний хувьд үнэхээр хичээл, зүтгэл хэрэгтэй санагдсан. Гэхдээ өөртөө  итгэлтэй байвал  ЭЕШ-ын 800 оноо тийм ч хол биш юм шиг санагдсан. Цөөн үгээр хэлбэл 12 жилийн турш мэдсэн, сурсан бүхнээ шалгуулах томоохон сорилт. Мэдээж хэрэг шалгалтаа өгөхөөс өмнө маш хол мэт санагдсан. Шалгалтдаа ороод бодлогоо бодоод ирэхээр тайвшраад айдас, сандрал арилаад гоё болсон. 
 
-Цаашдаа ямар мэргэжлээр суралцах бодолтой байна вэ?
                            -Программ хангамжийн инженер мэргэжлийг сонгосон. Математик, логик сэтгэлгээг давуу тал болгож чадна байх гэж бодсон учраас тэр. Мөн өөрийн суурь чадвараа хөгжүүлж, илүү мэргэшиж хүсэж буй салбартаа орох нь миний шинэ зорилго болоод байна. Гэр бүлийнхэнтэйгээ зөвшилцөж, аль сургуульд орох тухайгаа ч шийдсэн. Ямартай ч ЭЕШ-аа амжилттай өгч, ард гарч чадсандаа баяртай байна. Программ хангамжийн инженер болоод хүмүүсийн амьдралд өдөр тутамд нь хэрэгтэй шинэлэг зүйлсийг бүтээхийг хүсдэг. Ер нь л амжилттай,  даруухан  “Күүл” амьдрахыг мөрөөддөг.
-Энэхүү ярилцлагыг уншиж буй уншигчдад хандаж хэлэх зүйл байвал бидэнтэй хуваалцаач?
                               -Ирээдүйд ЭЕШ өгөх хүүхдүүддээ хандаж хэлэхэд өөртөө итгэлтэй бас өрсөлдөгчтэйгөө хамт сураад заагаад, залаад явбал илүү үр дүнтэй юм байна лээ шүү. “Эзэн хичээвэл, заяа хичээнэ” гэдэг шиг хэрэв үнэхээр хичээж чадвал үр дүн заавал ирдэг гэдэгт итгээрэй. Үе тэнгийн найзууддаа хэлэхэд бүгд хүссэн сургуульдаа ороорой. Та нар үнэхээр мундаг шүү гэж хэлье.
-Цаг гарган ярилцсанд баярлалаа. Сурлагын өндөр амжилт хүсье.
                                       -Баярлалаа.
 

 


М.ДАМДИНДОРЖ: Математикийн хичээлээр ЭЕШ-д 800 оноо авахын тулд хоёр жил хичээсэн
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-06-27 16:56:05
    nasaa: baharhal ymaa neeren ogshij baidag shvv
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-06-27 15:44:09
    Zochin: Хичээл зүтгэл, зорьсондоо хүрэх гэдэг нэг том чадвар. Энэ чухал чадвар, ухааныг эх орноо хөгжүүлэхэд хөгжүүлээсэй гэж хүсэж байна. Хамгийн чухал нь 800 оноо авсан гээд сэтгэл ханаж болохгүй. Сурах зүйл их байгаа шүү дүү. Эх орноо хайрлах, хүнийг хайрлах, хүндлэх чадвараараа 800 оноо авах хүн байгаарай. Улс орноо, хөгжүүлээрэй. Амжилт хүсье
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-06-27 12:05:11
    Зочин: Баяр хүргэе. Сурах үйлсдээ том зорилго тавьж, чармайн хөдөлмөрлөөд, үр дүнгээ үзжээ. Өндөр оноо авах, их сургуульд элсэх нэг хэрэг цаашид улс орондоо болон өөртөө хэрэгцээт мэргэжлийг эзэмшээд, хамгийн гол нь зөв хүн байгаарай.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188