• Өнөөдөр 2024-05-10

С.Одон: Хуучны барилгуудаа тордохгүй байж, хэрэгцээ хангахгүй байна гээд нураачихаж болохгүй

2020-09-03,   699

Монгол улсын зөвлөх архитектор С.Одонтой ярилцлаа.

-Улаанбаатар хотын түүх нийслэл хүрээ байгуулагдсан цагаас эхэлсэн. Тухайн үедээ хот байгуулах төлөвлөгөө гэж гарч байсан уу. Улаанбаатар хот буюу тухайн үеийн нийслэл хүрээ байгуулагдсан түүхээс сөхвөл?
-Нийслэлийн 1639 оноос хойших түүхийн тухай ярьж байгаа учраас хотын хөгжлийн тухай өөрийн судалж,  мэдсэн багахан зүйлээсээ яриагаа эхэлье. 1700-аад оноос Их хүрээнд сүм хийд, хашаа байшин олноор баригдаж, яам тамгын газар төвлөрч, байнга суурьших болсон. Ингээд Орос, Хятад болон бусад улсын худалдаачид хүрээнд ирж өөрсдийн дэлгүүр хоршоо, орон сууцны барилгуудыг барьж эхэлсэн юм билээ. Шашин, зах зээл худалдаа, яам тамгын газар, аймаг хороо аяндаа бий болж тэдгээрийг холбосон зам харгуй тавигдсанаар  хүрээний  дүр төрх тогтожээ.
 
Гадаадынхан мөн суурин амьдрах, ажил үйлээ явуулах орчин бүрдүүлж байв. “Консулын дэнж”, “Наймай” хот зэрэг хүн олноор цугларах газарт олон улсын худалдаа, банк, санхүүгийн байгууллагууд баригдаж эхэлсэн. Энэ нь нэг ёсны төрөлжсөн бүсийн эхлэл болсон. Томоохон сүм хийдийг байгуулах ёс дэгийн дагуу Гандан, Зүүн хүрээ, Дамбадаржаа, Шадивлангийн хийдийг барихдаа Монголын хүрээ маягаар урд зүгт хандуулан нээж, баруун хойд талыг нь  салхи, шорооноос хаах, өмнө зүгт нарлаг байх боломж гаргасан нь Их Хүрээний үеийн зургаас тод харагддаг. Гэхдээ энэ үед хот байгуулалтын ямар нэг төлөвлөгөө байгаагүй. 
 
-Тэгээд чухам хэзээнээс төлөвлөгөө гарсан юм бэ? 
-1924 оноос нийслэлийг Улаанбаатар хот гэж тунхагласан. Ардын хувьсгалын дараа үеэс сургууль, эмнэлэг, Нардом, Жанжин клуб зэрэг нийгмийн хэрэгцээний зориулалттай барилгуудыг барьж ашиглаж ирсэн. Овор хэмжээний хувьд дэндүү даруухан барилгууд байсан. Тэдгээрийг барихад тухайн үед манай оронд амьдарч байсан орос, хятад, герман, унгарчуудын нөлөө байсан байгаа юм. Тэдэн дунд  барилгын талаар зохих мэдлэгтэй мэргэжлийн хүмүүс байсан гэдэг. Энэ нь өдгөө цөөн үлдсэн барилгын гадна байдал, төлөвлөлтөөс  харагддаг. Хувьсгалаас өмнө болон дараах 10-аад жилд барьсан “Өндөр хоршоо”, “Монгол-Оор” алтны уурхайн контор, хуучин “Ард” кинотеатр, Ерөнхий сайд П.Гэндэн, өрлөг жанжин Дэмидийн байр, Хэвлэх үйлдвэр, “Бөмбөгөр ногоон” театр, төмрийн завод зэргийг тэд барьсан.
 
Учир нь, эдгээр барилгад европын XIX зууны сүүлч, XX зууны эхэнд газар авч байсан “модерн” хэмээх архитектурын урсгалын шинж төрх ажиглагддаг. 1930-1940-өөд онд хотын ирээдүйн барилгажилтыг төлөвлөлтийн дагуу хөгжүүлэх талаар санаа тавьж эхэлсэн гэж үздэг. Хотын төв замуудыг хатуу хучилттай болгох, үйлдвэр аж ахуйн газруудыг хотын төвөөс зайдуу байрлуулах зэрэг асуудал хөндөгдсөн гэсэн үг. Залуу үеийнхнийг тухайн үеийн ЗХУ болон Баруун Европт сургаж байсан нь зохих хэмжээгээр нөлөөлсөн байх.
 
Зөвлөлтөөс мэргэжлийн архитектор, инженер ирж тухайн үеийн томоохон барилга байгууламжийн зураг төслийг гарган “Цэргийн клуб” буюу одоогийн Кино урлагийн сургууль, Дотоодыг хамгаалах яам, Хотын банк, нам засгийн байр буюу одоогийн Боловсролын их сургууль, буулгаж үгүй болсон Төв шуудан, анхны гурван давхар сууц (Төв шуудангийн буулгаж байгаа) гээд нэлээд барилгыг дурдаж болно. Эдгээрийг 1920-аад оны дунд үеэс 1930-аад онд Зөвлөлтөд болон Европын орнуудад ихээхэн дэлгэрсэн конструктизмын зарчмаар төлөвлөлтийг гаргаж барьсан байдаг. Аж үйлдвэрийн комбинат, үндэсний үйлдвэрүүд олноор баригдаж байсан боловч дэлхийн хоёрдугаар дайн эхлэснээр хэсэгтээ зогсонги байдалд орсон.
 
-Тухайн үеийн барилгын онцлог нь юу байв. Энэ үед Сүхбаатарын талбайг байгуулж байсан гэдэг байх аа?
-Дайны дараах үеэс хотын төв хэсгийг барилгажуулах ажил эрчимтэй өрнөсөн байдаг. Олзлогдсон япон цэргийн ихэнхийг барилгын ажилд дайчилсан. Хотын төв талбайн асуудлыг маршал Х.Чойбалсан анхаарч, дэлхийн шилдэг талбай хаана байдаг, ямар хэмжээ онцлогтойг судлах үүрэг өгсний дагуу Францын Парис хотын зөвшилцлийн талбайг жишээ болгон байгуулахаар шийдсэн. Ардын хувьсгалын 25 жилийн ойгоор талбайд голд Д.Сүхбаатарын хөшөөг босгожээ. Герман архитектор Г.Козелийн зураг төслөөр төв театр (одоо УДБ-ийн театр)-ын барилга, Нам засгийн төв ордон, ЗХУ-ын Уфа хотын “Ялалт” кинотеатрын зураг төслийг ашиглан “Элдэв-Очирын нэрэмжит” кино театрыг барьсан юм билээ.
 
1948 онд Монголын шинэ үеийн анхны архитектор Б.Чимэд ирж, барилгын зураг урлалын газрыг удирдах болсноор барилгын ажилд оролцох монгол мэргэжилтэн нэмэгдсэн гэдэг. Б.Чимэд төрийн байгуулага, барилгын үйлдвэрлэл, зураг төслийн байгууллагын удирдлагад ажиллахын зэрэгцээ уран бүтээлээ орхилгүй, МҮЭ-ийн төв байр, Улсын Төв музей, Залуучуудын ордон (Драмын театр), Д.Сүхбаатар, Х.Чойбалсан нарын бунхант индэр, Зайсан толгойд барьсан зөвлөлтийн дайчдын анхны хөшөө, Л.И.Лениний хөшөө зэрэг олон бүтээл туурвисан байдаг. Түүний зураг төслөөр “Улаанбаатар” зочид буулын төслийг зохиож бариулсан юм. 
 
-Ингэж Улаанбаатар хотын одоогийн ерөнхий төрх бий болсон байх нээ?
-1950-аад оны эхээр Улаанбаатар хотыг ерөнхий төлөвлөгөөний дагуу барилгажуулах асуудалд анхаарал хандуулсан байгаа юм.  Ерөнхий төлөвлөгөөг ЗХУ-ын хот төлөвлөлтийн толгой байгууллага “Гипрогор” институтээр хийлгэхээр болж, Монголын талын саналыг тусгах болсон. Ингээд Б.Чимэд тэргүүтэй монгол мэргэжилтнүүд саналаа хүргүүлж, төв талбайгаас Богд уул хүртэл ногоон бүсээр холбох санал гаргасан юм билээ. Мөн уламжлалтай санаа агуулсан энэ төслөө дараа дараагийн ерөнхий төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхдээ хадгалан үлдсэн байдаг. Ерөнхий төлөвлөгөөний дагуу анхны орон сууцны цогцолбор хорооллууд, инженерийн дэд бүтцийн асуудлыг цогцоор шийдсэн. 
 
-“Урт цагаан”-ны түүхээс сөхвөл?
-1960 он хүртэл манайд барьж байсан барилгуудад сонгодог шинэ архитектур буюу неоклассицизм гэдэг урсгал ноёлж байсан. 1956 онд ЗХУ-д энэ урсгалыг хэт их зардалтай, нүсэр овор хэмжээтэй, тансаглал нь ихэдсэн гэж үзэн олон түмэнд хүртээлтэй, энгийн хялбар, олноор барьж болох шийдэл сонгосон юм. Энэ нөлөө манайд ч нөлөөлсөн. Мөн барилга байгууламжид үндэсний уламжлал, хэв маягийг тусгаж байхыг олон түмэн хүсч байв. Үндэсний хэлбэртэй, социалист агуулгатай гэж сүрхий номлол гарсан.
 
Ингээд гол төлөв ЗХУ-д мэргэжил эзэмшихдээ неоклассицизм чиглэлээр мэдлэгээ олж авсан архитекторууд, дээрх асуудалд анхаарч эхлэсэн. Манай хоёр дахь архитектор Б. Дамбийням  “Сонгино” амралтын барилгад  сонгодог арга барилаар бүтээлээ хийсэн боловч шинэ хандлагын дагуу судлагаа хийж, нэлээд барилгын зураг төсөл гаргасан юм. Үүний тод жишээ нь, яах аргагүй “Урт цагаан” гэж нэрлэгдсэн худалдаа, гар үйлдвэрлэлийн төв. Хүрээний уламжлан үлдсэн худалдааны гудамж дахь жижиг барилгуудын үйл ажиллагааг нэгтгэн, дорнын архитектурын элементүүдийг ашиглаж, өвөрмөц хэлбэртэй, хямд төсөр, хэрэглээнд ойр барилга бүтээж, олон жил хүнд ойр байх зарчмыг баримталсан байдаг.
 
Хотын оршин суугчид, аж үйлдвэрийн барилга байгууламж нэмэгдэхийн хэрээр ерөнхий төлөвлөгөөнд тодотгол хийх шаардлага гарсаар байна. Одоо тав дахь ерөнхий төлөвлөгөөг баримталж байгаа. Ерөнхий төлөвлөгөөг чандлан мөрдөх ёстой байтал үзэмжийн байдал газар авсан. Улаанбаатар хотын чухам онцлог болсон урд зүгт нээн, байгаль орчинтойгоо ойр байх гэсэн уламжлал хэдэн шилэн барилгаар арилжаалагдах шив дээ.
 
-Барилга, архитектур гэдэг нь өөрөө түүхийн гэрч болов уу. Ингэж түүхийн явцад бий болсон үнэ цэнийг манайхан хэрхэн хадгалан хамгаалж байна гэж боддог вэ?
-Дэлхийн соёлт оронд олон жил, тэр байтугай олон зуун жилийн өмнө үнэ цэнтэй барилгуудаа тухай бүр сэргээн засварлаж, шаардлагатай бол зориулалтыг нь ч өөрчлөн ашиглан, тэдгээр барилга тухайн хөгжил дэвшил, оюун санааны өв болж байдаг. Энэ бол нийгмийн гишүүдээс өөрийн соёл түүхдээ хандах хүндэтгэлийн илрэл юм.
 
Хуучны барилгуудаа тордохгүй байж, өнгө зүсээ алдсан хойно нь хэрэгцээ хангахгүй байна гээд нураачихаж болохгүй. Аливаа уран бүтээлчийн адил архитектор нийгмийн бүтээгдэхүүн, уран бүтээлийнхээ хувь заяаны төлөө санаа тавьж явдаг. Олон жилийн өмнө хийсэн зүйлээ харахад дутуу бодсон% сэдсэн зүйл байна. Тэрнээс гадна архитектурын бүтээл олон хүний хамтын хөдөлмөр, улс орны эдийн засаг, соёл ахуйн хөгжлийн түвшнээс шууд хамаардаг. Барилгын үйлдвэрлэлийн технологи, материалын чанар, шинэ төрлөөс хамаарч байдаг урлагийн төрөл. 

С.Одон: Хуучны барилгуудаа тордохгүй байж, хэрэгцээ хангахгүй байна гээд нураачихаж болохгүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188