• Өнөөдөр 2024-05-05

АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ

2023-08-16,   3526

ХАЛХЫН НУТГАА ХАРУУЛДАХ ХАЙЛААР ХОТ

Бидний хэлж заншсан Хятад буюу Дундад улсын Өвөр Монголын өөртөө засах орны зүүн хойд хэсэг Хөлөн Буйр аймгийг зорин аян замд гарлаа. ОХУ-тай хил залгаа орших Улаанбаатар хотоос зүүн зүгт 1400 км-т орших Халиар буюу  одоогийн Хайлаар хотыг зорин нисэв. Оросын түүхчид Дундад Улсыг Кидан буюу Хитанчуудтай андуурч эндүүрэн Китайяски хэмээн нэрлэх болсноор Хятад гэдэг нэр бий болжээ. Харин тэднийг Англи, Франц, Америкууд Манжин Чин Улсын нэрээр “CHINA” хэмээн одоо хүртэл нэрлэж буй. Хятадууд өөрсдийгөө “Жунго” Дундад иргэн улс хэмээн нэрлэх юм билээ.

Аялагч бидний суусан жижиг оврын онгоц Улаанбаатараас 2:20 цаг нисээд үдшийн 19:50 цагт Хайлаар хотын нисэх буудалд газардлаа. Жижиг хотын нисэх буудал гэхэд цэвэр цэмцгэр, гаалийн хяналт шалгалт нь нарийн нягт. Хайлаар хот 300 мянган хүн амтай юм байна. Хүн амынх нь 95 хувийг хан үндэстэн хятадууд үлдсэн таван хувийг нь Монгол, Манж нар эзэлдэг аж. Хайлаар хотын төлөвлөлтийг эмх цэгцтэй, алс ирээдүй харж төлөвлөсөн нь илт. Аялагч, жуулчдыг татахын тулд Хайлаар хотын зарим нэг барилга, байгууламжийг монгол өнгө, төрх оруулан барьжээ. Гэхдээ хотод нь монголчууд нүүдэлчид биш, хятадууд амьдарч байгаа нь нэг л зохимжгүй санагдана. Ёстой нэг дүр эсгэсэн монгол хот гэвэл Хайлаар хотыг хэлэх байх.

Монголын маань алдагдсан нутаг, мартагдах шахсан Өвөр Монголын төрөл садан маань цөөрч бүдгэрч байгаа нь сэтгэл хөндүүрлүүлж, хөнгөн гуниг төрүүлэх юм. “Хүний эрхэнд жаргахаар өөрийн эрхээр зов” гэх яах аргагүй үнэн ажээ. Орчин үеийн үсрэнгүй хөгжил дэвшил Хайлаар хотод нэвтэрч цэцэглэн хөгжиж байгаа нь гоё сайхан харагдавч, монгол хүн, монгол мал сүргийн дур зоргоорой амьдрах орчин нь өдөр ирэх тусам хязгаарлагдан, хумигдаж, бүдгэрч уусан алга болж байгааг нь харах сэтгэл шимшрэм, зүрх сэтгэлдээ чимээгүйхэн харууслын гуниг асгаруулж явлаа.

Бэлчих газаргүй мал сүрэг, нүүх нутаггүй хавчигдах нүүдэлчин, малчдыг хараад өр өвтөм, зүрх зүсэгдэнэ. Тариан талбайд хавчигдсан явган Өвөр монголчууд, идэх шимт өвсгүй жижиг газарт 5-10 хонь, ямаагаа хоргоох нь уйтай. Ар Монголчууд бид ямар азтай, ямар их, халгиж цалгисан эрх чөлөөтэй юм бэ. Хятадын үсрэнгүй хөгжлийг гайхан бишрэх биш. Бусдын эрхэнд, эрх чөлөөгөө малтайгаа цуг хязгаарлуулан амьдарч буй өвөрлөгч ах дүү нараа хараад өрөвдөж уйлмаар санагдав. Хүний заяагдмал эрх чөлөө гэдэг ямар үнэ цэнтэй, ямар сайхан зүйл байдаг юм бэ гэдгийг илүү ихээр мэдэрч явлаа.

БОДОЛ, ЭРГЭЦҮҮЛЭЛ ДАГУУЛСАН БЭЙДАХЭ ХОТ

Хайлаар хотоос бид Номхон далайн эргийн Бэйдахэ хотыг зорин хөдлөв. Хятадын орон нутгийн цахилгаан галт тэргээр 24 цагийн урт аялалд гарлаа. Хятадын орон нутаг дотор хотоос хот руу зорчиход ахиад л улсын хил давж байгаа мэт гаалийн хатуу чанга үзлэг, хяналт, шалгалтыг даван туулах юм. Алхам тутамд цэрэг, цагдаагийн хувцастай, гав, бороохой, гар буу зүүсэн хүмүүстэй таарах нь жихүүдэс төрөм, ая тухгүй мэдрэмж төрүүлнэ. Хятадын жижиг хотын галт тэрэгний буудал гэхэд манай Улаанбаатарынхаас хэд дахин том. Зорчин явагчид нь хоёр давхрын танхимаар гал тэргэнд сууна. Галт тэрэгнээс буусан зорчигчид нэг давхраар дамжиж гарах нь хөдөлгөөний урсгалд түгжрэл үүсгэхгүй хурдан, түргэн шуурхай байдлыг бий болгодог юм байна. Нарийн царигтай цахилгаан галт тэрэг нь дуу чимээ багатай, ая тухтай. Зорчигч нэг бүрд зориулсан ортой. Гал тэрэгний үйлчлэгчдийн ихэнх нь эрэгтэйчүүд байх нь гайхмаар. Бидний замд Өвөр Монголын олон хот, тосгон гацаа таарсан ч тэдний ихэнх нэрийг хятад болгон өөрчилжээ.

Биднийг орос хэлтэй хятад хөтөч өөрийгөө Саша хэмээн нэрлэх залуу угтаж авлаа. Хэбэй мужийн Циньхуандао хот гурван сая хүн амтай Хятадын хүн ам багатайд тооцогдох жижиг хотуудын нэг гэнэ. Харин бидний очих Бэйдахэ нь 66 мянган хүн амтай. Циньхуандао хотын нэг жижиг дүүрэг, бичил хот юм. Хүн амынх нь 90 хувийг хятад үндэстэн эзэлдэг аж. Бээжин хотоос 280 км зайд Хатан гол буюу Шар тэнгисийн эрэг дагуу 11 км үргэлжлэн сунаж тогтсон 70.14 кв.км талбайтай дүүрэг байв. Хятадын удирдагч Мао Цэ Дүн 1950-аад оны үед зарлиг гарган Бэйдахэ хотод орчин үеийн тэнгэр баганадсан өндөр барилга барихыг хоригложээ. Бээжин хот руу Номхон далайн чийглэг сэрүүн салхи үлээхийг өндөр барилгууд халхлана гэж үзжээ.

Бэйдахэ хот нь гаднын жуулчдад биш, дотоодын аялагч, жуулчдад зориулагдсан аялал жуулчлалын харьцангуй тайван бүс нутаг юм байна. Харин сүүлийн жилүүдэд Орос, Монголын бага хэмжээний жуулчдыг хүлээн авдаг болжээ. Хятадын төрийн өндөр албан тушаалтан, дарга нар нь нам жим, ая тухтай, цөөн хүн амтай, гадаадын аялагчид байхгүй байдлыг нь харгалзан үзэж Бэйдахэ хотын далайн эргийн амралтын газруудад ирж амардаг юм байна. Тус жижиг хот нь хятадын жимсний тариалангийн гол бүс нутаг гэнэ. Жилд хоёр удаа ургац авдаг байна. Мөн Бэйдахэ хотын сувдны үйлдвэр нь эртний түүхтэй алдартай олборлох цэг ажээ.

Бид Циньхуандао хотын галт тэрэгний буудлаас оросуудтай цуг автобусанд сууж цаг яваад очих Бэйдахэ дүүргийг чиглэн явлаа. Замын туршид хятад хөтөч Саша, монгол хөтөч Оюунцэцэг эгч нар Орос, Монголоор Циньхуандао болон Байдахэ хотын үүх түүхийг танилцуулав. Хятад хөтөч Саша “Байдахэ хот Номхон далайн эргийн эртний түүхтэй бүс нутаг. Манай хотоос, Номхон далайн эргээс Хятадын алдарт зургаан мянган км үргэлжлэх урт цагаан хэрэм эхэлдэг. Хянганы нурууг дамнан үргэлжлэх энэ урт цагаан хэрэм яагаад баригдсан гэвэл энэ автобусанд оросууд та нартай цуг сууж яваа энэ монгол хүмүүсийн өвөг дээдсээс болж баригдсан юм шүү”  гэлээ. Оросууд нир нийтэл инээлдэж, харин бид өвөг дээдсээрээ бахархаж, омогших мэдрэмж төрсөн.

БЭЙДАХЭ ХОТЫН ШИЛЭН ГҮҮР, УСАН ПАРК

Бэйдахэ хотын гол нүүр царай нь Номхон далай эргийн наран шарлагийн газар, шилэн гүүр, усан парк, халуун рашаан, сувдны үйлдвэр, уурхайчдын уушгины хорыг тайлах алдарт сувилал аж. Бид Хятадын 2500 жилийн түүхтэй урт цагаан хэрэмний эхлэлийн цэг болсон Номхон далайн эрэг Хянганы нурууны уулсад очлоо. Хоёр уулыг холбон 300 метр урт дүүжин шилэн гүүр барьжээ. Шилэн гүүрийг цогцолбор байдлаар туслах олон жижиг гүүр, нуур, цөөрмийн хамт байгалийн тогтоцтой нь уялдуулан донж, хэлбэр маягийг нь гайхалтай тааруулжээ. Шилэн гүүрийг бишрэхээс илүүтэйгээр 2500 жилийн өмнө урт цагаан хэрэмийг байгуулах үндэсийг тавьсан өвөг дээдсээрээ бахархаж явлаа. Хэрэм хана нурсан ч харуулын цамхагууд бүрэн бүтнээрээ уулс, уулсын оргилыг дамнан монгол, хятадын эртний хил хязгаарын шугамыг тодотгон нотлох хөдлөшгүй баримт нотолгоо гэрч болон арилж баларшгүйгээр сүндэрлэж байгаа нь гайхалтай байлаа.

Монголчууд Сэлэнгийн Сайхны хөтөл буюу Тэмээн чулуут, Орхон голын хавцал,Тэрэлж болон Богд хаан уулын зарим оргилыг дүүжин шилэн гүүрээр холбон цогцолбор байгууламж барьж яагаад болохгүй гэж. Урт цагаан хэрэмний хойд талын газар бидний өвөг дээдсийн монголын газар, нутаг шүү гэж хамаг байдгаараа, хачин чангаар орилж хашхирмаар санагдам мэдрэмж төрж байсныг хэлэх юун. Монголчууд албан тушаал, эрх ямба, ашиг сонирхол, атаа хорсол,  алт, эрдэнэс, эд хөрөнгө, хаан суудлын төлөө өөр хоорондоо тэмцэлдсний эцсийн үр дүнг илтгэх мэт урт цагаан хэрэмний харуулын цамхаг гунигт бодол хөврүүлэн оршисоор байна. Хүний амьдрал богино ч монгол газар шороо, үндэс угсаа язгуур тасрахгүй мөнх орших ёстой.  Монголчууд эвтэй байх үедээ, хүчирхэгжин дэлхийг удирдан чиглүүлж чаддаг. Эв нэгдэлгүй байх даа бусдын өгөөш болдог билээ.

Монголын усан парк “Авлига хороолол” болгон өөрчлөгдсөн бол хятадууд харин усан парк цогцолборыг гайхалтай тохижуулан, сүндэрлүүлэн цогцлоожээ. Хятадын удирдагчид улс орноо хэрхэн хөгжүүлэн, цэцэглүүлж, иргэдээ баян чинээлэг байлгах вэ гэдэг дээр анхаардаг аж. Харин манай УИХ-ын гишүүд ард түмнээ ядуу зүдүү байлгаж, 30 жил төрд шургалан төрөөс төрсөн тэрбумтан болж байна. Манай төрийн эрхийг барьж буй нам өөрийн гишүүдэд зориулан тэдний эрх ашгийг хамгаалсан хууль үйлдвэрлэдэг бол, хятадад төрийн удирдагч, жирийн иргэдэд нэг л ижил хууль дүрэм үйлчилдэг ажээ. Манай улс шиг жорлонгийн хууль батлах нь холгүй шахам хэрэгтэй, хэрэггүй, ялгавартай үйлчилдэг олон хууль хятадад байдаг үгүйг нь мэдэхгүй. Ямар ч байсан иргэд нь төрийн удирдагч нар нь хуулиа чандлан дагаж мөрдлөгө болгож чаджээ. Гэхдээ хятадын хөгжлийн сүүдэртэй тал нь мэдээж үндэсний цөөнхийг хавчиж, цөөрүүлэх, оршин тогтнох нөхцөлийг нь багасгах, хүний эрх чөлөөг хумих бодлого нь аюул дагуулж байгаа билээ.

МОНГОЛЫН ҮНЭРТЭЙ САЛХИ

Бэйдахэ хотод биднийг очиход халуун нартай байсан.  Яг л саунд байгаа мэт бүгчим чийглэг халуун. Далайн сэвэлзүүр салхинд сэрүүцэх ямар ч боломжгүй байгаа нь сонин. Монголын сэрүүн сэвэлзүүр салхийг өөрийн эрхгүй санагалзан, мөрөөддөг юм билээ.

Бэйдахэ хотод өнгөрүүлсэн бидний аялал өндөрлөж, Хайлаар хот руу эргэн буцлаа. Галт тэрэгний цонхоор Хятадын хязгааргүй үргэлжлэх тариан талбай, битүү ургасан ой мод харагдах нь сайхан ч сэтгэлд нэг л давчуу, тийм гэж хэлж мэдэхгүй нэг л зүйл дутагдаад байгаа мэдрэмж төрүүлнэ. Галт тэрэг Өвөр Монголын нутаг руу орж ирэхэд алс уулсын бараа харагдаж, цөөн ч гэсэн мал сүрэг бэлчиж үзэгдэх нь дутагдаад байсан сэтгэлийн орон зайг бага боловч нөхөн дүүргэх шиг санагдлаа.

Монголын маань хязгааргүй үргэлжлэх тал нутаг минь эзэнгүй мэт байвч уужим амьсгалж, уушги цээж дүүрэн талибуун эрх чөлөөтэй амьсгалах нөхцөлийг бүрдүүлдэг байсныг огт мэдэрдэггүй байжээ. Хайлаар хотод буухад үдшийн сэвэлзүүр салхи үнэхээр сэтгэл тайвшруулан сэрүү татам таатай мэдрэмж төрүүлж байлаа. Монголын үнэртэй сэрүүн сэнгэнэсэн салхи яах аргагүй мөн байв.

Үүр хаяарч, цагаан гэгээ харанхуйг яран цайрах үүрийн 04:00 цагт Монголынхоо онгоцонд суулаа. Хятад, Өвөр Монголоор аялсан аялал сайхан байсан ч цаанаа нэг л битүүхэн гуниг, уйтай бодол төрүүлсээр байлаа. Миний сэтгэлийн уйтай бодлыг тэнгэр хангай мэдсэн юм шиг бороо шивэрч, онгоцны цонхон дээр бороон дусал уйлах мэт урсан бөнжигнөж байв. Ахин ирнэ ээ Хайлаар хот минь, Өвөр Монголчууд минь ээ. Би эргэж ирнэ. Сайн сууж байгаарай садан төрөл минь, баяртай.

2023.07.04. Хайлаар хот.


 

 


АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188