• Өнөөдөр 2024-04-27

АЛТАЙ ТАВАНБОГД, ХОТОН, ХУРГАН НУУРААС ХАР-УС НУУР ХҮРСЭН АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ-II

2022-07-14,   1185

Алтай таван богд байгалийн тансагхан зохицол ажээ. Хөрөөний ир шиг мөнх цаст уулсынхаа эхэнд манан будан татан, том том ширхэгтэй цас малгайлан будрах юм. Бүр зарим үедээ тэнгэр хангай хуйсагнаж, салхи хүнгэнэн цасаар шуурч үзэгдэнэ. Тэнд мөнхийн өвлөөрөө байдаг болоод хэдэн сая жил болж байгаа билээ. Харин уулсын хормой, цагаан голын эхэнд зун болж байх. Голын эргээ дагаад нов ногоон болчихсон. Хөндий талаар дүүрэн цэцэгс алаглан, хээрийн салхинд найган ганхах юм.

              Монголын баруун хязгаар мөнх цаст уулсын дунд зун, өвлийн зохицол ингэж л айл, саахалтын зайтай оршин байна. Цаг агаар дулаарч, долоон сар дөнгөж гарангуут нутгийн хэдэн айл адуу, сарлаг, хонь, ямаагаа туугаад уулын эх рүүгээ гарч зусна. Ирсэн, буцсан жуулчдыг  морь унаагаар хөл залгуулахаас эхлээд ачаа, барааг нь Хоног толгой руу үүрч, дүүрч явах, тэмээгээр ачааг нь зөөх гээд зунжин завгүй ажиллана. Алтай таван богдын наахна байх жижигхэн толгодыг жуулчид Хоног толгой хэмээн нэрлэдэг болжээ. Малчны оргил дээр гарахаар ирсэн уулчид Хоног толгой дээр майхнаа хатгаж, хэд хоноод өглөө эрт авиралтаа хийдэг байна. тува залуус цагаан голын эхнээс нэг үүргэвч ачааг 40 мянган төгрөгөөр үүрдэг. Тэмээгээр ачааг нь зөөхдөө 50 мянган төгрөг авдаг гэнэ. Харин морио 25 мянган төгрөгөөр хөлсөлдөг аж. Тэндэхийн айлууд гэрийнхээ хаяанд цэрэг эмээл эгнүүлээд тавьчихсан нь ийн ачаа хөсөгт бэлнээ хэлж буй хэрэг.

60 САЯ ЖИЛИЙН ТЭРТЭЭ ТОГТСОН МӨС ХАЙЛЖ, УРСАХЫН ХОР УРШИГ

Тэнгэр хангай бүрхэг цасан шуурга шуурч, бороо орж мэдэхээр байсан учир бид Цагаан голын эх хүрээд л буцсан юм. Цаг уур орчны шинжилгээний судлаачид, МУИС-ийн Мөсөн гол судлалынхан өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Алтай таван богдын мөсний хайлалтыг судалжээ. 60 сая жилийн өмнө тогтсон мөс сүүлийн жилүүдэд эрчимтэй хайлах болсон байна. Одоогоос арав гаруй жилийн өмнө мөсийг нь өрөмдөхөд тэс  хөлдүү байдаг байжээ. Ган өрөмний хошуу хугарчих гээд л мөн ч хэцүү байдаг байсан гэнэ. Харин сүүлийн таван жил мөс зөөлөрч уясаад,өрөмдөхөөр өрөмний хошуу амархан ордог болсон гэнэ. Судалгаагаар жилд мөсний хайлалт метрт хүрээд байгаа аж.

              Өөрөөр хэлбэл, Алтай таван богдын мөс  цаг  наргүй хайлж урсаж эхэлжээ. Мөсний хайлалт нэмэгдэх тусам  Потан, Александ, Гранегийн мөсөн голын урсац нэмэгдэж байгаа аж. Хавар, зун, намартаа мөсөн голууд саваа халин үерлэж Хотон, Хурган нуурын ус нэмэгдэх болжээ. Дээрх хоёр нуурнаас эх авсан хоёр аймгийн 20 гаруй сумын нутгаар дайран өнгөрдөг Ховд голын түвшин ч хэд дахин нэмэгдэж, багахан бороо ороход л ай саваа халин үерлэх болсон байна. Мөнх цаст уулсын мөс эрчимтэйгээр хайлсаар дуусвал Баян-Өлгий, Ховд аймгийн 20 гаруй сум усгүй болно. Мөн цэлэлзэн мэлтрэх Хар-Ус нуур ширгэх аюулд орно гэдгийг судлаачид хэлж байв. Гэтэл Казакстаны хөрөнгө оруулалттайгаар Ховд гол дээр усан цахилгаан станц барих асуудал эрчимтэй яригдах болжээ.

Техник эдийн засгийн үнэлгээ хийж, байгальд учрах сөрөг нөлөөллийг огт тооцоололгүйгээр усан цахилгаан станц барих гэж байгаа нь эрдэмтэн судлаачдын шүдний өвчин болоод байгаа гэнэ. Мөнх цаст уулсын мөс эрчимтэйгээр хайлж, урсаж байгааг үнэндээ сааруулах ямарч арга байхгүй. Дэлхийн хэт их дулаарал багассан тохиолдолд мөс хайлалт зогсох юм  гэнэ лээ. Харин байгаль орчинд хор хөнөөлтэй, эдийн засгийн ашиг тус төдийлөн их биш усан цахилгаан станц барих ажлыг бол зогсоож болно.

МАНАЙХАН ХОГ ТАРЬЖ, ГАДААДЫН ЖУУЛЧИД ЦЭВЭРЛЭДЭГ

Өөр нэг асуудал нь дотоодын жуулчид энд хэдэн мянгаараа ирэх болжээ. Гадаадын жуулчид ирэхээрээ тамхины ширхэг иш ч хаядаггүй байсан бол манайхан энд ёстой дураараа дургидаг болсон байна. Овоонд сүсэглэж байна гээд л хадаг яндар уяад л, сүү цагаа өргөж, чихэр, боов, боорцог тэргүүтнийг овоонд өргөж байгаа нэрээр овоолж өгдөг гэнэ. Ирсэн хүн бүр л уул хангайд, залбирч мөргөөд жигтэйхэн сүсэг бишрэлтэй болдог аж. Гол нь Их хайрхан руу харж мөргөж, залбирч байсан газраа сүүний сав, боов, боорцогныхоо гялгар уутыг шуудхаяад, архи, ундаа, пиво гаргаж ирээд л ууцгаадаг гэнэ.  Хэсэг хугацааны дараа хайрхан нь тэрүүгээр нэг лааз, сав, цаас, чихэр тамхины хайрцаг болоод хоцордог тухай нутгийн иргэд ярьж байв.

Ингээд зогсохгүй Монголын дээвэр болсон уулсын хормойд ирж, архи уусан эрчүүд “Бид ийм сайхан нутагтай. Сайхан хайрхан байна” гээд л нүдэндээ нулимстай бие биенийгээ тэвэрч аваад, үнсэж үнгээд сүйд болдог гэнэ. Ихэнх нь жуулчин Хоног толгойн тэнд хоол унд идэж ууж, наргиж цэнгэж нэг хоноод буцдаг аж. Шөнөжин шил шилээр нь архи хөнтөрсөн амрагчид маргааш нь өрвийсөн хэдэн “юм” босч ирээд, энд тэнгүй өтгөн, шингэнээ ялгаруулж, урт урт 00-ын цаас хөглөрүүлчихээд явж оддог ажээ. Бүр албан байгууллагаараа Алтай таван богдод ирээд шөнө, өдөргүй, архидаж, баахан хог новш хөглөрүүлж хаяад буцдаг байдал зорин ирэх аялагчдын нийтлэг зан болсон гэдгийг нутгийнхан шогшрон ярьж байна лээ. Манайхны сайн эрчүүдийн тарьсан хогийг түүж, цэвэрлэх хүн байхгүй. Тусгай хамгаалалтынхан залхуураад “Бөөгнөрүүлж байгаад л нэг мөсөн хүний хөл татрахаар ачна” гээд л бааварлаад суучихдаг гэнэ.

              Харин төрийн өндөрлөгүүд ирэх сургаар  Баян-Өлгий аймгаас ажлын хэсэг гарч, тэр хавийн хогийг хуу хамаад, нүүрээ угаасан хүүхэд шиг л цэмцийлгэчихдэг гэнэ лээ. Тэднээс гадна гадаадын жуулчид энд ирэхээрээ өдөржин тонголзож, манайхны тарьсан хогийг бөөгнүүлж тавьчихаад толгой сэгсрээд буцдаг гэнэ. Зарим нь бүр даахаараа үүрээд, машиндаа ачаалаад хогийн цэгт хаяхаар авч оддог байна. Гадаадын жуулчдын хөлд нэрвэгдээгүй 20 жил болсон цаст уул монголчуудын гарт ийнхүү хэдхэн жилийн дотор үрэгдэж байна. Биднийг буцах үед зөрөөд Дорнод, Сүхбаатарын улсын дугаартай дөрвөн фургон дүүрэн хүн ирсэн. Тэд Цагаан голын эхэнд зогсоод архи тойруулж уух юм. Бас болоогүй ээ, согтуу, солгой хоолойгоор дуулан хөгжилдөж,  гуйвж дайвсан хүмүүс машиндаа нэг сууж, нэг буусаар үлдэв.

ЗАГАСНЫ ОРОН ХОТОН, ХУРГАН НУУРЫН МАНДАЛ ДЭЭР ДЭГДЭЭХИЙГЭЭ ДАГУУЛСАН АНГИР ХӨВНӨ

Мөсөн голуудыг өгсөж, уруудаж давхисаар Ховд голын урд эрэг дээр гараад ирлээ. Бидэнд газарчилж явсан залуугийн “69” машины урд талын их бие төмөр гагнаасаараа ханзраад, хэзээ мөдгүй салаад ойчиход бэлэн болжээ. Манай машины жолооч тэрийг нь хэлтэл “Угаасаа ханзраад байгаа юм. Тасраад ойчихоор нь гагнуулна даа” гээд  тоосон шинж ер алга. Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутаг тэр чигтээ байгалийн диваажин болсон газар ажээ. Ой модод битүү бүрхсэн, уулсын ам болгоноос горхи, булаг хоржигнон урсаж, Ховд голд тус дэм болох. Олон гол, горхиор усаа сэлбэсэн Ховд гол холын холыг зорин тэмүүлнэ. Замд байсхийгээд л нутгийн иргэдийн шарил тааралдах юм. Казахууд нэг газраа өмчлөөд авчихдаг бололтой юм. Уулын энгэрт модоор жижиг шовгор шиг байшин барьчихдаг юм байна. Тэндээ талийгаач нараа нутаглуулдаг. Холоос харахад баахан шовгор байшин барьчихсан юм шиг л харагдах ажээ. Шөнө төөрч будилж яваад хүн тавьсан газарт очиж мэдэхээр юм билээ. Ядаж байхад замын хажууд эрийтэл нь аав, ээж, үр, хүүхэд, ач, зээ гээд л “өрчихсөн” байх нь сонин.

              Өөр нэг зүйл нь Баян-Өлгий аймгийнхан уул, усны нэршлийг бүгдийг нь өөрсдийнхөөрөө сольжээ. Газрын зурган дээр байгаа бүх нэршил өөрчлөгдсөн байна. Нэг хэсэг төрийн тахилгат Алтай таван богдын нэрийг казахууд өөрчилсөн байна гээд л бөөн хэл ам болж байсан билээ. Тэр нь ч үнэн юм байна лээ. Ховд голоо өгсөөд дэгэн догонтой замаар элэг бөөрөө сольчих шахан донслууж явахдаа нэг арга бодож олсон юм. Казахууд Хотон, Хурган нуурыг Сиргалы гэж нэрлэх болсон гэдгийг Улаанбаатар хотоос гарахдаа танилаасаа мэдэж авсан байлаа. Бидэнд газарчилж яваа Бек гэх залуу навсайхан цэнхэр “69”-өө унаад машиныхаа цонхоор бүлт үсрээд ойчих вий дээ гэмээр л сүртэй нь аргагүй давхиад бараа нь үгүй алга болсон байв. Замд саарал “69” тааралдахаар нь бид зогсоолоо. Саарал “69”-өөс хүүхэд, хөгшид нийлсэн 20 орчим хүн буугаад ирдэг юм байна. Хүүхдүүд нь хонины хонхорт давхралдаж, эхнэр нь урд сандал дээрээ хоёр хүүхэд авч суугаад л битүү чихчихсэн сумын төв явж байв. Бид тааралдсан хүмүүстэй мэнд мэдэлцээд, зам асуулаа. “Хотон нуур энэ замаар яваад байвал очно биз дээ” гэтэл 60 гаруй насны казах эр “Би тийм газар мэдэхгүй. Хаашаа явна гэсэн бэ. Манай энд тийм нэртэй газар байхгүй” гээд л мэтгэж байна. Тэгэхээр нь “Бид нуур үзэх гэж яваа хүмүүс байна. Төөрчихсөн юм биш биз дээ” гээд л баахан сүржигнэлээ. Тэгсэн “Та нар манай Сиргалы нуурийг хэлээд байгаа юм уу” гэж ам асууж байна. Тэгснээ “Замаа өгсөөд яваад бай. Удахгүй очно” гэж хэлчихээд машиндаа суугаад давхиад явчихлаа. Жаргалант гэх нэртэй уулыг “Жанер” гэх мэтээр сольжээ.

 

Тэртээ холоос мөнгөн орой нь нарны туяанд гялбан байсан хөх уулс улам бүр ойртсоор л байв. Нуур дөхөж байгаа нь илтэд мэдрэгдэх ажээ. Цаанаасаа л сэрүү татаад машины кабинд халууцаж авсан бид цамцаа гаргаж өмсөв. Ховд голын урсгал улам бүр ширүүсч байлаа. Хадат хошууг ороогоод өгсөөд л байв, өгсөөд л байв. Гэтэл гэнэт цаст уулыг тольдсон их нуур мэлтэсхийтэл гараад ирдэг юм байна. Хүн бүр дуу алдаад л явчихлаа.  Өндөр уулсын дунд нуур цэлийн мэлтэрч, их усан давалгаа эргээ цохин хөөсрөх ажээ. Цэв цэнгэг нуур уулсыг тольдох ажээ. Хотон, Хурган нуур 96 мөсөн голоос эх ундаргаа авдаг цэнгэг уст нуур билээ.

              Морь, мотоцикль унасан залуус хоорондоо уралдан давхих аж. Мөн хотод нүдний гэм болтлоо цөөрсөн ачааны  “Зил 131” машин  айл бүрийн гадаа байх нь нэг л танил бөгөөд сонин. Нутгийн иргэдийн гол унаа нь УАЗ 469 автомашин хэвээрээ юм байна. Хотод харагдахаа байсан орос автомашин ч бараг айл бүрийн гадаа байх. Харин эсрэгээрээ япон машинд энэ ууланд нүдний гэм. Гол болгоны дээгүүр модон гүүр тавьжээ. Ингэхдээ “69” машиндаа зориулаад барьчихсан юм шиг давчуу жижигхэн гэж жигтэйхэн. Жолооч “Ланд 100” машиныхаа толийг нь эвхээд гүүрэн дээгүүр гарах гэж бөөн асуудал болов. Жолооны хүрдээ жаахан дарчихвал машинаа зурчих гээд, модон гүүрний мод чад, падхийн хугарч, нахилзаад ус руу машинтайгаа уначих гэж байгаа юм шиг сандаргах ажээ. Машинд суусан хүмүүсийн царай хувхай цайж, нүд нь орой дээрээ гарах шахам бүлтэлзэнэ. Гүүр дөнгөж гатлаад урт амьсгаа авч, бие биенийгээ шоолж наргихтайгаа болох нь таарсан гүүр бүрт тохиох хөгтэй явдал байлаа.

Нуурын хөвөөнд хэдэн цав цагаан цахлай нисэн буух юм. Харин хажууханд нь дэгдээхэйгээ дагуулсан ангир таахагнан алхаж явна. Хотон, Хурган нуурын ус цэв хүйтэн. Мөсөн голуудаас эх авдаг болохоор ус нь шүд хага ташим хүйтэн байдаг бололтой. Нуурын зүүн захад ноос нь сэмэрсэн цэлдэн хөх тэмээн сүрэг холыг ширтэн хивж зогсоно. Холбоо нуур загасны жинхэнэ эх орон юм байна. Хоёр, гурван мянган бээрийг туулан ирж, загас барих хүн байхгүй, нутгийн иргэд загасны мах иддэггүй болохоор нуур тэр чигтээ загасаар дүүрчээ. Бараг л хөнгөн цагаан шанагараар нуурын уснаас хутгахад л дүүрэн загас үсчээд гараад ирмээр тийм элбэг баян. Нуурын мандал загасаар буцалж, Улаан номонд ортлоо цөөрсөн борцгор хотон ховоодохыг харан “Амьтдын ертөнц” нэвтрүүлгийг бодитоор үзэх шигхэсэг зогслоо.

Бид Цэнгэл сумын хоёрдугаар багийн малчин Д.Тавгаа гуайн гэрт очлоо. Үр хүүхдүүд нь аавынхаа гэрийг тойроод айлсан буужээ. Гэрийн эзэд холоос ирсэн биднийг зочилж, ширээ дүүрэн идээ будаа засаад сүйд болов. Бидэнд шинэ шөл уулгана гээд сандаргаж, спармак нэртэй хоолоо таван цаг гаруй буцалгаж оройн зоог барив. Д.Тавгаа гуай Улаанбаатар хотод цэргийн алба хаасан, манай нутгийн аймгийн арслан С.Лхүндэврэгзэнтэй гурван жилийн цэргийн алба хаасан гээд л яриа дэлгэв. Мөн Улаанбаатар хот оролгүй олон жил болж байгаа талаараа ч ярьлаа.

              Шөнийн одод ярайтал түгжээ. Мөнх цаст уулын хормой болохоор ч тэр үү сэрүүхэн гэж жигтэйхэн. Моддын салхинд исгэрэн шуугих, уулнаас урсах голын шуугиан холилдон шөнийн аниргүйг эвдэх ажээ. Маргааш багийн наадам болно гэнэ. Бөх барилдаж, морь уралдуулахаас гадна аймгийн төвийн худалдаачид наймаатай ирсэн талаар гэрийн эзэд ярьсаар эхнээсээ унтацгаалаа.

 

Үргэлжлэл бий.

 


АЛТАЙ ТАВАНБОГД, ХОТОН, ХУРГАН НУУРААС ХАР-УС НУУР ХҮРСЭН АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ-II
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-07-14 11:26:58
    zochin: sonircholtoi um , daraagiinchan turgen unschmaar bna. Tand bayrlalaa
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-07-14 11:26:43
    zochin: sonircholtoi um , daraagiinchan turgen unschmaar bna. Tand bayrlalaa
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188