• Өнөөдөр 2024-03-29

Тахийн гүү унагалах цагаар...

2020-09-24,   2223

Хустайн нуруунд тахийн гүү унагалж байна. Үүрийн гэгээ намуухан хаяарч, шувууд цээлхэн хоолойгоор жиргэсэн хаврын тунгалагхан өглөө тэртээ уулын энгэр бэлд   идээшлэх сүргийн захад тахийн гүү унагалжээ. Зэрлэг адуу болоод ч тэр үү, унага хэвтээд босох хооронд л эхийнхээ хэвлийгээс ойчих юм. Борог өвсөн дээр унасан хар хошуутай, цагаан хонгор унага яах ийхийн зуургүй дөрвөн хөлөн дээрээ тэнцээд босоод ирлээ.

Дөнгөж төрсөн нойтон унага  нэг ч алхаж чадахгүй тэндээ дэнчигнэн, зогсох гэж тэмцэнэ. Эх гүү унагаа тойрон унагалдахтай зэрэгцэн тэр хавийн сүрэг аниргүй талд дуу дуугаа аван янцгаах нь сүрдэм сайхан ажээ. Таван гүү хураасан залуухан азарга хөндий талаар нэг янцгааж байхад даага, шүдлэнгүүд шувуу шиг л цээлхэн хоолойгоор хүч нэмэх юм. Төд удалгүй нар мандаж үүрээр төрсөн унага ээдрээ нь гараагүй хөлөөрөө эв хавгүйхэн гишгэлж, эхийнхээ бөөрөнд наалдчихсан шогшиж яваа харагдана. 

Хөх яргуй хэнзэлсэн хаврын ийм урт өдрүүдэд Хустайн цогцолбор газрынхан зэрлэг амьтдынхаа үр төлийг хүлээн авах их ажилд дарагдан байна. Яг л малчид хавар төлөө бүрэн гүйцэт авахын тулд унтах нойр, идэх хоолоо умартан  байдаг шиг  эндэхийнхэн борви бохисхийх завгүй. Дөрөвдүгээр сарын сүүлчээс тахийн гүү унагалж эхэлсэн гэнэ. Хустайн байгалийн цогцолбор газрын байцаагчид гүү унагалах цагаар  нойргүй хоноцгоодог юм байна.

Шөнө цаг тутамд сүргийг эргэж тойрч, хаана ямар байршилд байгааг нэг бүрчлэн тогтоон дуу чимээ өгч, хээрийн амьтан нялх унагыг нь шоглохоос сэргийлдэг гэнэ. Ингэхийн тулд хоёр байгаль хамгаалагч шөнөжин мотоцикльтой давхиж, сүрэгтэйгээ бараг хамт хонодог юм уу даа. Адуучид гүү унагалах цагаар үүрийн гэгээнээр адуун дундаа зогсож байдгаас ялгаагүй гэсэн үг. Устаж үгүй болсоор дэлхийд нэн ховордсон зэрлэг адууг өнөр олуулаа болгохын тулд хаврын адаг сараас зуны дунд сар хүртэл ийнхүү унтах нойроо хасан байж, хэдэн унаганыхаа халуун чихийг атгасныхаа дараа амсхийдэг аж, Хустайн байгаль хамгаалагчид.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Хустайн нурууны байгалийн цогцолбор газарт  сурвалжилга хийхээр очоод ийнхүү тахийн гүү унагалж байхыг харсан минь энэ. Улаанбаатар хотоос зуу хүрэхгүй километрийн зайд орших Төв аймгийн Алтанбулаг, Аргалант, Баянхангай гурван сумын заагт орчих Хустайн нуруу ан амьтны диваажин болсон газар. Энд зэрлэг амьтдыг хууль бус анчдаас хамгаалдаг болохоор амьтдад айдасгүй, тайван амгалан бэлчинэ. 
Байгаль хамгаалагч Е.Батмөнх, н.Лхагвадорж, н.Ойнбаяр нар шөнийн эргүүлээсээ буухаар явж байхад нь Наранбулагийн хойд энгэр дээр тааралдлаа. Тэд “Шөнө дөрвөн гүү унагалсан. Тавдугаар сарын 10 гэхэд ихэнх гүү унагалчих байх” хэмээсээр бидэнтэй уулзлаа. 

ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Н.БАГАБАНДИ ХУСТАЙН НУРУУНД ТӨРСӨН АНХНЫ УНАГАНД “НАРСТАЙ” ГЭХ НЭР ӨГЧ БАЙЖЭЭ

Байгаль хамгаалагчид хоорондоо “Бүргэдийн сүрэгт яваа Цэлмэг унагалчихлаа. Эцгийгээ дууриасан бидэртэй эр хул унага байна лээ” гэлцэнэ. Бид ч эхлээд Цэлмэг гэж хэний тухай яриад байгаа учрыг нь олж чадахгүй зогстол Хустайн цогцолбор газарт 17 жил хамгаалагчаар ажиллаж байгаа Е.Батмөнх “1992 онд Тахь сэргээн нутагшуулахаар болж, анх 50 тахь авчирч байлаа. Энэ үеэс тахийн шинээр мэндэлсэн унаганд дэлхийн аль орноос, хэн ч тодорхой хэмжээний төлбөр төлөөд нэр өгөх боломжтой болгосон юм. Бусад улс орон ч ингэдэг юм гэсэн. Бидний яриад байгаа Бүргэд гэдэг нь 13 настай азарга.

Тэр зургаан гүү хураачихсан яваа. Эцэг нь бидэртэй тахь байсан юм. Өөрөө ямар нэгэн бидэр байхгүй. Гэтэл Цэлмэг гэх монгол нэртэй гүүнээс гарсан унага нь бидэртэй төрсөн. Тэгээд л бид тэдний тухай ярьж байгаа юм. Манай энд байгаа бүх тахь нэртэй. Гадаадын нэр бүхий хүмүүсээс эхлээд Монгол Улсын Ерөнхийлөгч нар хүртэл манай тахиудад нэр өгсөн. Дэлхийн нэр алдартай одууд ч нэр өгдөг. Өөрөөр хэлбэл, нэр өгөх нь тэд зэрлэг амьтныг үрчилж авч байгаагаас ялгаагүй. Бид нэр өгсөн эздэд нь тахийн талаарх мэдээллийг нь улирал болгон явуулдаг” гэв. АНУ, Канад, Францын иргэд тахийн унаганд нэр өгөх сонирхолтой байдаг гэнэ. Бүр Хустайн цогцолбор газрынхантай байнга холбогдож, нэр өгсөн тахиа асууж, төл гарвал дахин нэр өгнө гэсэн хүсэлтийг байнга өгдөг хүмүүс ч байдаг ажээ.

Кет, Жорж, Жвен гэхээс эхлээд Хустайн нурууны тахиуд гадаад, дотоод нэртэй. Анхны 50 тахь ирээд удаагүй байхад хамгийн анхны гүү унагалсан гэнэ. Тэр эр хул унаганд Ерөнхийлөгч асан Н.Багабанди “Нарстай” гэсэн нэр өгч. Ингэхдээ тэрбээр “Энд хусан ойтой юм билээ. Удахгүй нарсан төгөлтэй болоорой” гээд дээрх нэрийг өглөө гэсэн гэдэг. Мөн дэлхийн од, жүжигчин Жулия Робертс нэгэн тахийн охин унаганд “Мөнх санаа” гэсэн нэр өгч байсан гэнэ. Унага үрчлүүлэх нэрээр олсон орлогоо тус газар тахийн сүргийг хамгаалах ажилд зарцуулдаг байна.  

ӨВЛИЙГ ӨНТЭЙ  ДАВСАН ТАХИЙН СҮРЭГ ТАРГАН БАЙНА

Тахь 22-26 хүртэл насладаг. Өвгөрөөд ирэхээрээ шүднүүд нь элэгдээд, ногоо ч хазаж чадахгүй болтлоо жижгэрдэг гэнэ. Шүдгүй болсон тахь турж эцсээр нүд аньдаг гэдгийг Тахь судлаач Ж.Энхбаяр хэлж байсан. Тэрбээр “Тахийн сүрэгт цус ойртолт гэж байдаггүй. Азарга өөрийнхөө төлийг даага болгонгуут сүргээсээ хасаад, хөөчихдөг. Өөрийнхөө цусны ямар ч тахийг сүрэгтээ огт нийлүүлдэггүй. Бас тахь элдэв өвчнөөр өвчлөх нь бага. Гэхдээ даага, шүдлэнгүүд нь хачигт бариулаад, хачигийн халуун гэдэг өвчин тусч үхэх гээд байдаг тал бий. Бид Мал эмнэлгийн газартай хамтран өвчин тусаад байгаа тахинд тариа хийдэг. Энд хэдийгээр байгаль хамгаалагч байгаа ч зэрлэг амьтны байгалийн хууль үйлчилдэг. Заримдаа хээрийн амьтан унага, даага, хөгширсөн тахийг шоглох, хүртэх нь бий. Энэ жил өнтэй сайхан өвөл болсон. Манай үүгээр бусад газраас илүү өвс, ногоотой байсан. Тиймээс тахийн хорогдол бага гарсан” хэмээн ярьлаа. 

Тэрүүхэнд унагалах дөхсөн гүү хээлээ дааж ядан цүндгэнэн алхана. Тахийн азарга хэр эр чадалтай байна төдий чинээгээрээ олон гүүтэй байна. Харин хэдэн үрээнхэн азарга гүү хурааж чадахгүй. Шүдлэн, хязаалан, соёолон үрээнүүд азаргасаад хоорондоо зодолдож, бүр хөгшин азарганы “мэдлийн” хэдэн гүүг нь нэг нэгээр нь элдэж хөөгөөд тэр хавиар нэг бужигнуулдаг гэнэ. Гүүгээ булаацалдсан тахийн азарга сүртэй гэж жигтэйхэн аж. Нэг зодолдоод эхэлбэл ёстой л тэрүүгээр нэг юм болж, хүнээр бол “Нэгийгээ үзэж нэхий дээлээ тайлалцдаг” байна. Хурц иртэй шүдээрээ арьсаа хүү таталцаж, цус нөжтэйгээ холилдож, бараг л нэгнийгээ хэвтэрт ортол “зодчихдог” ажээ. Гүү олдохгүй байгаа үрээнхэн азарга аргаа барахдаа монгол азарганы гүү “богтолж” авчихсан тачигнаж явдаг гэнэ. Монгол азарга тахийн азарга хоёр зодолдоход монгол азарга дийлж байсан түүхгүй ажээ.

Тахийн азаргатай ноцолдож байсан монгол азарга зүрх муутай аймхай болчихдог байна. Тахийн азарга харангуутаа хамаг сүргээ хаяад ум хумгүй зугтаачихдаг гэнэ. Харин тэр хооронд “Бурхангүй газрын бумба галзуурна” гэгчээр залуухан азарга гүүнүүдийг нь элдэж хөөж давхиад, ирэх зун эзнийг нь айраг уух хувь дутааж, уур хилэнг нь бардаг аж. Сувайрсан гүү сав л хийвэл тахийн азарга руу “сээтэн хаяж”, гүйчих гээд эзэн, азарга хоёрыгоо дахин дахин сандаргадаг хэмээн нутгийн малчид инээлдэн ярьж байна лээ.  

ЯНЗАГАА ДАГУУЛСАН СОГОО, НАРЛАЖ ХЭВТЭХ ХӨГШИН БУРХИ

Хустайн нуруунд энэ жил 1300 гаруй буга нутаглажээ. Буганы ясан эвэр унаж, цусан эвэр буюу бундуу, бойтог нь ид ургаж байна. Одоогоос 25 жилийн өмнө энд ердөө 50-хан халиун буга байсан бол өдгөө 1300 болон өсчээ. Бугын сүрэг тавдугаар сарын сүүлчээр янзагалах юм байна. Согоо янзагалах дөхөөд ирэхээр сүргийн бүтэц сарниж эхэлдэг гэнэ. Согоо өөрийнхөө үр төл болох янзагаа ихэвчлэн ганцаараа төрүүлдэг. Бас янзага нь гарын ая дааж, эхийгээ дагаж явах хүртэл нь энд тэнд нуучихдаг байна. Хустай Эхэн усны ам, Баян булагийн тэр хавиар дүүрэн ганцаар зогсох согоо, бут, сөөг, хадны ёроолд эхийгээ хүлээн хүзүүгээ гилжийлгэн хэвтэх янзага тааралддаг ажээ. Согоо хээл нь томорч уулсын бэл рүү бууж эхэлжээ. 

Зуны эхэн сард янзагаа дагуулсан согоо хэдэн зуугаараа сүрэглэдэг бөгөөд жуулчид тэр дүр төрхийг харах дуртай байдаг гэдгийг тус цогцолбор газрынхан хэлж байлаа. Ирэх долоо хоногоос эндээс 50 буга ачиж, Богд ууланд тавихаар болжээ. Зоргол, соёондой, шуумгай дайр, таргалтар гээд 1-4 насны 30 гаруй буга, нас бие гүйцсэн халиун буга тэргүүтнийг Богдхан уулын урд өвөрт нутаг сэлгэх бэлтгэлийг байгаль хамгаалагчид базааж байлаа. Цагтаа буга, согоо уул талаар хэдэн мянгаараа, бүр Улаанбаатар хотын гудамжаар бэлчдэг байсан. Бүр Бугын сангийн аж ахуй байгуулж, сүргийн бүтцийг сайжруулахын тулд манай хэдэн биологич буга засаж явсан түүхтэй. Ууланд модон хашаа бариад түүндээ арав арваар нь оруулж, шахаа бэлдэж байгаад засааг нь суга татаж авчихдаг байсан гэдэг. Харин 1990 оны эхэн үеэс хотын тэлэлт, хууль бус анчдын шуналын дэвнээс болж, Богдхан уул бугагүй болсон. Одоо харин Хустайн нурууны бугын сүргээс тэнд тодорхой хэсэг нь бэлчих болж байна.   

Мөн энд тарвага зурам элбэг. Өглөөний наранд тарвага биеэ ээн хаа сайгүй хэвтэх юм.  Энд 20 гаруй мянган тарвага бий гэсэн. Эндэхийн тарвага хүн явж байхад айж ичиж, нүх рүүгээ орно гэж байхгүй. Машин дайрчих шахам ойрхон гарахад ч тоож байгаа юм алга. Бүр готил, шар хацарт нь нүхний амсар дээр гозойчихоод, өдөөд байна уу гэлтэй хошгорно. Зургаан сард эмэгчин тарчи мөндөлөө төрүүлнэ. Үүний дараа хөндий талд юу болов гэмээр усан мөндөлүүд жадайтал давхилдаж, өглөөний  нар ургах, орой жаргахтай зэрэгцэн мөндөлнүүд энд тэндгүй дуу дуугаа авалцан “хэг хого” хэмээн хошгоролддог ажээ. Үс нь  хөхөрч бууралтсан,  нас биед хүрсэн бурхи энд олон бий. Тарваганы маханд нүдээ ухаад өгөхөөс буцахгүй нөхөд энд ирээд араа шүлс асгаруулахаас илүүг хийж чадахгүй буцдаг гэнэ. Сүүлийн жилүүдэд эндээс мөн л Монгол орны хээрийн бүсийг тарвагатай болгох гэж хэдэн зуугаар нь ачиж, энд тэнд нутагшуулсаар байна. Өнөө жил ч гэсэн 400 гаруй тарвагыг бусад аймаг, суманд нутагшуулахаар зэхэж байгаа гэсэн. Хустайн нуруунд аргал, цагаан зээр хүртэл сүргээрээ ирэн өвөлжиж, хаварждаг болоод хэдэн жил өнгөрчээ. 

ХУЛГАЙН АНЧИД ХУМИГДАЖ, ХУУЛЬ ХЯНАЛТЫНХАН ААРХАЖ БАЙНА

2012 онд нэг шөнийн дотор 13 буга агнасан жигшим хэрэг гарсан. Хууль бус анчид хэзээ мөдгүй янзагалах гэж байсан согооны сав, бугын чив, сүүл, цусан эвэр зэргийг нь аваад явсан ул мөрийг хууль хяналтын олсон ч дээрх хэргийг хэн гэгч этгээд үйлдсэнийг илрүүлж чадахгүй өнөөдрийг хүрч байгаа. Мөн бугын ясан эвэр түүгчид хавар хэдэн арваараа нэмэгддэг гэнэ. Бүр хаврын тарчигхан цагт турж, ядсарсан бугыг элдэж хөөж бахардуулаад эврийг нь амьдаар нь мулт татан аваад явсан хэрэг ч олон гарч байсан гэнэ.

Тус цогцолбор газрынхан аргаа барахдаа машины дугуй хагалах хурц үзүүртэй шөргөө хүртэл бэлдэж, байгаль хамгаалагчид хууль бусаар ан хийгээд зугтаж яваа машиныг хэдэн талаас нь бүсэлж, нөгөөхөө ашиглан барьдаг болсон гэнэ. Гэвч тэд хууль хяналтынхантай нийлж хэргээ “сэгсрээд”, хариуцлага хүлээхгүй өнгөрөх нь олон гэнэ. Энэ талаар ХБЦГ-ын дарга Ц. Дашпүрэв” Хэвлэл мэдээллийнхэнтэй ойр ажиллаж байгаа болохоор энд хууль бус ангийн гэмт хэргийн гаралт хэд дахин буурсан. Жилдээ 400 орчим гэмт хэрэг, зөрчил бүртгэгдэж байсан бол өнгөрсөн жилээс 100 хүрэхгүй зөрчил илэрдэг болоод байгаа. Энэ нь их сайн үзүүлэлт шүү” хэмээн ярьсан юм. 

Нялх ногоо үндсээ түрэн ургажээ. Хаашаа л харна ногоон туяа хөндий талаар зэрэглээтэх аж. Нойтон цас юм уу, бороо орж газрын бүлээн хөрсөнд багахан чийг өгөхөд л ногоо ёстой суга суга ургах дээрээ байна. Хэдэн мянган зэрлэг амьтан багшралдан орших  байгалийн диваажин гэдэг нь энэ буюу. Монгол орны нэгээхэн энэ хэсэг, Хустайн нуруунд л зэрлэг амьтад эрх дураараа өсөж, үржиж байна. Тахийн гүү унагалах цагаар Хустайн нурууны хавар ажин түжин амар амгалан 


Тахийн гүү унагалах цагаар...
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188