• Өнөөдөр 2024-04-26

Б.БАТТУЯА: Ойрын зайд хэт их ачаалал өгөх нь нүдний хараа муудахад нөлөөлдөг

2022-04-20,   1909

Бидний анзаардаггүй хэдийн зуршил болсон дадлаас үүдэлтэй нүдний хараа муудахад нөлөөлдөг аж. Энэ талаар нарийн мэргэшиж, суралцсан Гэрэл нүдний эмнэлгийн эмч Б.Баттуяатай ярилцсан юм. Тэрбээр нүдний хараа муудахад нөлөөлж буй гол хүчин зүйлс болон мэргэжлийн эмчид яагаад үзүүлэх ёстой байдаг талаар зөвлөгөө, мэдээлэл өгсөн юм.
 
Танд энэ өдрийн мэнд хүргэе. Нүдний хараа яагаад мууддаг талаар ярилцлагаа эхэлье.
                    -Сайн байна уу. Юун түрүүнд энэ өдрийн мэнд хүргэе. Нүд бол танин мэдэхүйн чухал эрхтний нэг. Нүдний хараа муудахад олон зүйл нөлөөлдөг. Удамшил, хотжилт, ойрын зайн хэт ачаалал гэсэн олон хүчин зүйлээс болж мууддаг. Ээж, аавын хэн хэг нь харааны шил зүүдэг бол хүүхэд ч мөн харааны шил зүүх магадлалтай байдаг. Сүүлийн жилүүдэд утас, компьютерийн хэрэглээ хэтэрснээс үүдэлтэй нүдний хараа муудаж байна.
-Хотжилт нүдний хараанд нөлөөлдөг гэж хэллээ. Хэрхэн нөлөөлдөг вэ?
                       -Хотжилт нүдний хараа муудахад нөлөөлдөг. Яагаад нөлөөлж байна вэ гэвэл алсыг харах боломж бага нэмээд техник технологийн дэвшилтэй холбоотой утас компьютер таблет зэрэг зөвхөн ойрын зүйлсийг харснаар нүдний хараа муудахад нөлөөлж байна. Суурин газрын хүүхдүүд гадаа тоглохоос илүү ихэнх цаг хугацаагаа битүү анги,зааланд өнгөрүүлдэг. Ерөнхийдөө алсыг харахгүйгээр ойрын зүйлийг байнга харах нь нүдний хараа муудах шалтгаан болж байна.
 
-Цар тахлын улмаас олон зүйл цахим хэлбэрт шилжсэн. Ингэснээр нүдний хараа муудах тохиолдол нэмэгдсэн үү?   
                   -Цар тахалтай холбоотойгоор цахимаар хичээллэж, хөл хорионд байсан хүүхдүүдийн харааны шилний хэмжээ ихээр нэмэгдсэн. Мөн настай хүмүүсийн хувьд тогтмол хяналтын үзлэгтээ хамрагдаж чадахгүйтэй холбоотой нүдний даралт ихдэх өвчин, болрын цайлт, чихрийн шижингийн торлогийн эмгэг зэрэг өвчнүүд даамжирсан байсан. Мөн зарим эмийн хомстол үүсэж байгаа нь эмчилгээний эмийн сонголтод нөлөөлж байсан.
-Хүүхдийн нүдний хараанд сөргөөр нөлөөлж буй хүчин зүйлс?
                -Ойрын зайд хэт их ачаалал өгөх нь хамгийн их нөлөөлдөг. Үүнээс болж хүүхдийн хараа муудах үзэгдэл нэмэгдэх хандлагатай байна. Мөн эцэг, эхчүүдийн зүгээс хүүхдийн харааг тогтмол мэргэжлийн эмчид үзүүлээгүй байдлаас болж эрс муудах тохиолдол их байна. Утасны буруу хэрэглээнээс үүдэлтэй зөвхөн хүүхэд гэлтгүй томчууд хүртэл хэвийн хэмжээнээс их, хараа муудах суурь шалтгаан болж байна. Тиймээс хүүхдийн харааг муутгахгүй байх энгийн арга бол утас, компьтерийн зохистой хэрэглээг бий болгох, гадаа тоглоомын талбайд тоглуулж алсын барааг харуулах, амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэх, нүдний эмчид тогтмол урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах гэсэн тодорхой хэдэн зүйл байна. Хүүхдүүд тод бүдэг харж байгаагаа хэлж мэддэггүй. Тиймээс заавал нүдний эмнэлэгт үзүүлж үзлэг хийлгэх ёстой. Хүүхдийн хараа муу байх нь сурлага, нийгмийн идэвх болон зан араншинд хүртэл нөлөөлж болдог.
 
-Шил зүүдэг хэрнэ хараа нь өсөлттэй мууддаг тохиолдол байдаг. Энэ талаар тодруулбал?
                 -Хүүхдийн биеийн өсөлт явагдаж байгаа үед харааны шилний хэмжээ дагаад нэмэгдэж байдаг. Жилд -0.5-0.75 хооронд нэмэгдэж байвал хэвийн гэж үздэг. Үүнээс их нэмэгдвэл эмгэгээр нэмэгдэж байгаа гэсэн үг юм. Мэргэжлийн эмчийн хяналтад үзүүлээд хэвийн болон эмгэгийн аль нь байна гэдгийг тодорхойлуулж эмгэгээр нэмэгдэж байгаа үед эмчилгээ хийлгэх шаардлагатай.
 
-Нүдний эмчид ямар давтамжтайгаар үзүүлэх ёстой байдаг вэ?
                -Хүүхэд төрөх үед болон төрсний дараа 6 сартайд, дараа нь 3 настайд урьдчилан сэргийлэх үзлэг хийлгэнэ. Үүний дараа сургуульд орохын өмнө үзлэг хийлгэж дараа нь тогтмол жил бүр үзүүлэх хэрэгтэй. Харааны шил зүүдэг хүүхдүүдийн хувьд эмчийн заасны дагуу 2-6 сар тутамд, том хүн жилд нэг удаа үзүүлэх ёстой байдаг. Нүдний хараа муудаж шил зүүх шаардлагатай эсэхийг эрт оношлуулснаар шилээрээ бүрэн засрах боломжтой. Нэг нүдний хараа муу эсвэл шилний хэмжээ өндөр хэрнээ 7 наснаас хойш шил зүүвэл шилээрээ бүрэн засрахгүй буюу залхуу хараа үүссэн байдаг.
 
-Мэргэжлийн нүдний эмчид хандахын ач холбогдол?
                  -Нүдний мэргэжлийн эмчид тогтмол урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж байснаар олон өвчнүүдийг эрт илрүүлэх, даамжрахаас сэргийлж чадна. Мөн хүмүүс ихэвчлэн харааны шилийг шилний газарт тааруулж буруу шил зүүх тохиолдлууд байдаг. Ялангуяа хүүхдийн харааны шилийг мэргэжлийн нүдний эмчид заавал үзүүлж эмчийн давтан үзлэгт заасан хугацаанд үзүүлснээр хүүхдийн харааг хамгаалах зэрэг олон ач холбогдолтой.
 
-Нүдээ хамгаалах хамгийн зөв арга юү вэ?
                  -Нарны шил зүүхгүй байх нь нүдний өөх, нүдний мах, болрын цайлт зэрэг нүдэнд олон төрлийн зэрэг өвчин үүсэхэд нөлөөлдөг. Бид нарны хэт ягаан туяаны хамгаалалттай нарны шил зүүж хэвших хэрэгтэй. Бүх нарны шил нарнаас хамгаалдаггүй. Тиймээс UV400 block гэсэн тэмдэглэгээтэй нарны шил зүүх нь оновчтой. Холын харааны шил зүүдэг хүмүүс харааны шилээ хэт ягаан туяаны хамгаалалттай хийлгэж болдог. Зарим шилний газруудад үүнийг шалгадаг багаж байдаг. Гоё, чамин шилнээс илүү нарны хамгаалалттай шил таны нүдэнд хэрэгтэй гэдгийг мэддэг байх нь шаардлагатай юм.
 
-Эмчийн зөвшөөрөлгүйгээр дур мэдэн эмчилгээ хийх тохиолдол байдаг уу. Урт хугацаандаа ямар сөрөг нөлөөтэй вэ?
               -Нүдэнд бидний хэлж заншсанаар өвдөг гарсан тохиолдолд дур мэдэн антибиотик ууж хэрэглэдэг. Эсвэл нүд улайсан тохиолдолд эмийн сангаас антибиотиктэй тосон түрхлэг авдаг. Ихэнх тохиолдолд антибиотик хэрэглэх шаардлагагүй маш олон өвчин байдаг. Мөн зарим тохиолдолд гормон буюу даавартай тос дусаалга хэрэглэдэг. Дааврыг удаан хугацаагаар эмчийн зааваргүйгээр хэрэглэвэл нүдний даралт ихсэх цаашид нүдний даралт ихдэх өвчин үүсдэг. Антибиотик дур мэдэн хэрэглэснээр хүний хэвийн ашигтай бактери буурах, антибиотикын дасал зэрэг үүсэх боломжтой учраас дураараа эм, эмчилгээг хэрэглэхгүй байхыг зөвлөе.
 
-Цаг гарган ярилцсан танд баярлалаа. Ажлын амжилт хүсье.
                         -Баярлалаа.

 


Б.БАТТУЯА: Ойрын зайд хэт их ачаалал өгөх нь нүдний хараа муудахад нөлөөлдөг
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188