• Өнөөдөр 2024-03-28

Б.ДОЛГОРСҮРЭН: Нас харгалзахгүйгээр тохиолдож буй эмгэг бол сэтгэл гутрал

2022-04-18,   615

    Ажлын бүтээмж, амьдралын үнэ цэнийг мэдрэх мэдрэмж тань хангалтгүй мэт санагдаж байсан үе бий юү. Яагаад ч юм бүү мэд ганцаардаж, гуниглаж байсан бол энэхүү ярилцлагыг уншихыг зөвлөе.

Сэтгэл гэдэг эрхтнийг дэлхийтэй зүйрлэвэл дунд нь  байдаг татах хүч  юм. Иймд сэтгэл дотор оюун бодол, жаргал, зовлон, хайр, бие махбод гэх мэт олон зүйл багтдаг аж. Тиймээс сэтгэл санаагаа өөдрөг байлгах нь таны амьдралын үнэ цэнийг тодорхойлох хэмжүүр билээ.

   Энэ асуудлаар нарийн мэргэшиж, суралцсан Клиник сэтгэл зүйч Б.Долгосүрэнтэй ярилцсан юм. Тэрбээр мэргэжлийн хүрээнд зөвлөгөө, мэдээлэл өгөхийн сацуу “Өөрийгөө хайрлахуй”, “Зөвхөн эрчүүдэд” зэрэг номын зохиогч гэдгийг олон хүн мэдэх биз ээ. Ингээд сэтгэл гэдэг эртхэн харагдахгүй хэрнэ хамгийн чухал гэдгийг онцлох ярилцлагыг уншигч таны өмнө дэлгэе.
 
-Клиник сэтгэл судлал нь энгийн сэтгэл судлалаас юугаараа ялгаатай вэ. Энэ талаар яриагаа эхэлье?
              -Энгийн сэтгэл судлалтай харьцуулахад илүү нарийвчилсан гэж ойлгож болно. Би сэтгэл судлалын чиглэлээр Солонгос улсад  бакалаврт сурсан. Харин клиник сэтгэл судлалаар магистрын сургалтанд илүү мэргэшиж суралцсан. Ялгаатай зүйл нь клиник сэтгэл судлал нь хувь хүний хөгжил, сэтгэл зүйн эмгэгээс урьдчилан сэргийлэх зорилготойгоор ажилладаг салбар. Шинжлэх ухаан, анагаах онол дээр тулгуурласан сэтгэл судлалын салбар юм. Тэр ч утгаараа  клиник сэтгэл судлаачид хүний тархины бүтцийг их судалдаг. Ерөнхийдөө сэтгэл зүйн хувьд хүнд үйлчлүүлэгчтэй тулж ажилладаг гэдгээрээ ялгаатай байдаг.
 
-Та хэзээнээс зөвлөгөө өгч, хувиараа ажиллаж эхэлсэн бэ?
           -Мэргэжлээрээ суралцаад 2016 онд “Гарьдманлай” эрэгтэйчүүдийн эмнэлэгт мэргэжлийн сэтгэл зүйн зөвлөгөө, мэдээлэл өгч нэг жилийн хугацаанд ажилласан. Түүний дараа 2017 оноос хойш “Сүрэнтара ТББ”-ыг байгуулаад мэргэжлийн зөвлөгөө өгч, сургалт зохион байгуулан ажиллаж байна. Дийлэнхдээ хувь хүний хөгжил, хосуудын харилцаа, стресс сэтгэл гутрал, ааш зангийн эмгэг зэрэг асуудлуудад зөвлөгөө өгч ажилладаг.   
-Танд хандаж буй үйлчлүүлэгч ямар сэтгэл зүйн асуудалд өртсөн байдаг вэ?
           -Нас харгалзахгүйгээр тохиолдож буй эмгэг бол сэтгэл гутрал. Өөрсдөө ч заримдаа сэтгэл гутралд өртсөнөө мэдэхгүй явж байдаг. Сэтгэл зүйн эмгэг гэхээр сэтгэл гутрал гэж ойлгодог. Гэтэл маш өргөн цар хүрээний олон асуудлууд байдаг. Сүүлийн үед өсвөр насны хүүхдүүдтэй их ажиллаж байна. Анзаараад байхад гэр бүлийн дотоод харилцаа огт байдаггүй. Хоорондоо ярилцдаггүйн улмаас сэтгэл гутралд орсон, ээж аавдаа итгэх итгэлгүй болсон зэрэг олон асуудлууд байна. Үүний суурь шалтгаан бол сэтгэл зүйн эрүүл мэндийн талаар мэдлэг ойлголтгүй эцэг эхчүүдийн хандлагын асуудал давхар сөхөгддөг. Тэгэхээр нэг зүйлийг ойлгуулмаар санагддаг. “Сайн суралцаж, инээгээд л, явж байдаг. Манай хүүхэд зүгээрээ. Ямар ч сэтгэл зүйн асуудал байхгүй” гэж хэлдэг ээж, аавууд олон байдаг. Гэвч мэдрэх мэдрэмж, сэтгэл санааг бид өмнөөс нь дүгнэх боломжгүй. Тиймээс хүүхэдтэйгээ сайн ярилцаж ойлголцох шаардлага гэр бүлд үнэхээр хэрэгтэй.
- Мэргэжлийн сэтгэл зүйчид хандах нь ямар ач холбогдолтой вэ?
        -Шүд өвдвөл тэр дороо эмчид үзүүлдэг. Гэтэл сэтгэл чухал эртэнг огт тоодоггүй. Тав тухгүй байгаа гэдгээ мэддэг хэрнэ яах ёстойгоо мэддэггүй. Аз жаргалгүй, тав тухгүй, үр бүтээмжгүй, ганцаараа л байхыг хүсэх нь өөрөө сэтгэлд гутралд орсны шинж. Хэн нэгэнтэй ярилцмаар үедээ сэтгэл зүйчид хандах шаардлагатай. Ялангуяа эргэн тойрны хүмүүс өөрийг нь ойлгохгүй, асуудлаа ярьсан ч итгэх хүн байхгүй үед сэтгэл зүйч хамгийн зөв шийдэл байдаг. Мэргэжлийн сэтгэл зүйч хүн таныг шүүмжлэхгүй, доромжлохгүй, хэн нэгэнд нууцыг задруулахгүй байх давуу талтай. Мөн хүвь хүний сэтгэл хөдлөлөөр асуудалд хандахаас илүүтэй гуравдагч өнцгөөс харж  мэргэжлийн зөвлөгөө өгдөг. Шүдний эмнэлэгт барилгын инженер хүн, эмчийн оронд ажиллавал ямар зүйл болох уу. Мэргэжлийн бус хүнээс зөвлөгөө авбал яг үүнтэй адил. Тиймээс мэргэжлийн, туршлагатай сэтгэл зүйчийг зорих нь зөв.
 
-Заавал сэтгэл гутралд өртсөн цагтаа сэтгэл зүйчид хандах ёстой гэж ойлгодог олон хүн байдаг. Энэ нь зөв үү?
         -Хүмүүс сэтгэл зүйн асуудлаа шийдэж чадахгүй, хүндрүүлсний дараа сэтгэл зүйчид ханддаг. Гэр бүл нь асуудалтай байлаа гэхэд шийдвэрлэж чаддаггүйн улмаас салсны дараа ирдэг. Биеийн өвчин хүртэл тоохгүй удаан явсны улмаас амь насанд заналхийлдэг шүү дээ. Сэтгэл гэдэг эртхэн ч адилхан. Тэгэхээр сэтгэл зүйчтэй байнгын холбоотой бай гэж хэлэхгүй. Өөрөө шийдвэрлэж чадахгүй сэтгэлзүйн асуудал тулгарвал заавал сэтгэл зүйчид хандах нь сэтгэл зүйн болон бие махбодод чухал ач холбогдолтой зүйл юм.
-Сэтгэл гутралд өртөхөөс хэрхэн сэргийлэх вэ?
         -Сэтгэл зүйн олон эмгэгээс урьдчилан сэргийлэх арга бол стресс менежмент. Сэтгэл судлалын онолоор тун нь тарсан стрессыг сайн гэж үздэг. Тухайн хүнийг төлөвшүүлж, эрчимжүүлж өгдөг. Харин өдөр бүр стрессдэж тун нь хэтэрчхээрээ сөрөг үр дагавруудыг бий болгодог. Цаашлаад байнга стрессдэх, сэтгэл ханамж багасах, аажмаар сэтгэл гутралд өртөх шалтгаан болдог. Сэтгэл гутралд орчихоор аливаа зүйлийг бодитоор харах чадваргүй, амьдрал утга учиргүй мэт санагдаж архи, тамхийг их хэмжээгээр хэрэглэх зэрэг сөрөг үр дагаврыг үүсгэдэг. Тиймээс өөрийнхөө сэтгэл санааг анзаарч байх нь чухал. Мөн сэтгэл санаагаар хэдий хугацаанд унаж байгаагаа анзаарч, 7-14 хоногт үргэлжилж байвал хэвийн. Урт хугацаандаа үргэлж сэтгэлээр унаж, тав тухгүй мэдрэмж төрвөл сэтгэл гутралд өртсөн байна гэж ойлгож болно. Хэрэв сэтгэл гутралд өртсөн гэж бодож байвал цаг алдалгүй мэргэжлийн сэтгэл зүйчид хандаж, асуудлыг шийдвэрлэх нь чухал. Сэтгэл гутралд өртөхөөс сэргийлэх зүйл гол зүйл стресс менежмент байдаг.
 
-Таны бодлоор Монголд сэтгэл зүйн салбар хэрхэн хөгжиж байна вэ?
          -Ерөнхийдөө сүүлд гарч ирсэн, шинэлэг ойлголт. 2016 онд  сургуулиа төгсөөд, эх орондоо ирэхэд тэр бүр хүмүүс мэддэггүй байсан. Анх клиник сэтгэл судлаач гэхээр гайхах хүн олон байсан. Одоо харьцангуй өөрчлөгдөж байна. Клиник сэтгэл судлал  нь 1896 оноос үүсэн гэж үздэг. Сэтгэл зүйн тест оношлогоо, сэтгэл зүйн эмгэгийг эмчлэх зорилготой шинжлэх ухаан. Ердийн сэтгэл судлалыг бодоход давуу тал ихтэй байдаг. Ур чадвараас хамааран хөрвөж ажиллаж боломжтой. Манай улсын хувьд сүүлийн жилүүдэд сэтгэл зүйн мэдлэгтэй хүмүүс нэмэгдэж байна. Үүнд мэргэжлийн хүний хувьд баярлаж байгаа. Гэсэн хэдий ч сэтгэл зүйчийг хангалттай хэмжээнд үнэлдэггүй хэвээр байна. Нөлөөлөх хэд хэдэн асуудлууд байна. Сэтгэл зүйн асуудалдаа тоодоггүй, тодорхой хэмжээний мөнгө зарцуулж чаддаггүй. Мэргэжлийн гэсэн тодотголтой мэргэжлийн бус хүмүүст үйлчлүүлсэн тэр мэдрэмжээрээ харилцдаг зэрэг асуудлууд байдаг. Ер нь цаашдаа хөгжих ёстой салбар гэж хардаг. Яагаад гэвэл эрүүл монгол хүн болоход эрүүл сэтгэл зүйтээ байх ёстой.
-Манай улсад сэтгэл зүйчдийн хүртээмж хангалттай биш гэж бодож байна. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ?
             -Энэ бол үнэн. Үнэхээр дутмаг байгаа. Үүний нэгэн жишээ нь гэвэл Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдийн хүчирхийлэл, амиа хорлолт эрчимтэй нэмэгдэж байгаа юм. Яагаад гэвэл тэд сэтгэл зүйн асуудлаа гэр бүл, найз нөхдөөсөө өөр хуваалцах, шийдэж зөвлөгөө өгөх хүн байхгүй болохоор ийм асуудлууд үүсч байна. Аав, ээждээ хэлчихвэл загнуулна, багшдаа хэлбэл гадуурхах байх гэсэн айдсаас болоод өнөөдөр хүүхдүүд сэтгэл гутралд өртөж байна. Зөвхөн сургууль ч биш эмнэлэг, албан байгууллагуудад хүртэл мэргэжлийн сэтгэл зүйч хэрэгтэй байгаа. Гадуур стрессдсэн, бухимдсан, ганцаардсан олон хүн байна. Үүний шалтгаан нь дотор байгаа бүхнээ айдасгүйгээр хуваалцах хүн байхгүй байгаагийн илрэл. Заавал сэтгэл зүйчид хандахгүй ч гэсэн өөрт тулгарсан асуудлыг шийдвэрлэж чаддаг болох сэтгэл зүйн дархлаатай байх хэрэгтэй юм. Энэ дархлааг бид бага насандаа гэр бүл, нийгмээс авч байж томрох тусмаа тогтвортой дархлаа бий болох юм. Аав, ээж нь сэтгэл зүйн ямар ч мэдлэггүй, орчинд өссөн 30-тай хүн, одоо суралцана гэдэг үнэхээр хэцүү. Тэгэхээр нийгмээрээ дархлаатай байхын тулд хүүхдүүддээ сэтгэл зүйн боловсролыг олгодог байя. Сэтгэл зүй бие мадбод холбоотой байдаг учраас хүүхдээ  ухаантай, боловсролтой болгож хүмүүжүүлье гэвэл сэтгэлзүйг ч бас битгий орхигдуулаарай.
-Сэтгэл зүйч хүн, сэтгэл зүйн асуудлаа хэрхэн шийдвэрлэдэг вэ?
            -Маш гоё асуулт байна. Хүмүүс сэтгэл зүйчийг сэтгэл зүрхгүй юм шиг ханддаг. Энэ мэргэжил бол олон зүйлийг шаарддаг. Мэргэжилдээ хайртай хүн л тууштайгаар ажилладаг гэж би боддог. Өнөөдрийг хүртэл зургаан жил ажиллах явцад олон хүнд буруу ойлгогдох, шүүмжлүүлэх, доромжлуулах зүйл надад тохиолдож байсан. Энэ бүхнийг туулахад би бусдын адил шаналж, сэтгэлээр унах гэх мэт сорилтуудтай тулгарсан. Гэсэн хэдий ч би мэргэжилдээ хайртай учраас даваад гарсан. Ажлын онцлогоос шалтгаалж тохиолддог зүйл гэвэл, маш хүнд кейсүүдтэй тулгардаг, тухайн болсон үйл явдалд оновчтой дүгнэлт гаргах чадвар хэрэгтэй, бусдын нууцыг чанд хадгалах зэрэг багтдаг. Миний санаанаас гардаггүй нэг зүйл байдаг. Хорт хавдартай гэдгээ мэдээд сэтгэл гутралд өртсөн хүнтэй уулзаж, зөвлөгөө өгсөн юм. Тэгсэн чинь “Чи өөрөө хорт хавдар тусаж үзсэн юм уу” гэж байсан. Тухайн үед нөхцөл байдал нь хүнд байгааг ойлгож байсан ч яагаад өөртэй нь ижил зовлонг  туулсан байх ёстой гэж боддог юм бол гэдгийг ойлгоогүй. Тэгэхээр сэтгэл зүйч гэдэг бусдын адил амьдралтай жирийн хүмүүс байдаг. Таны туулсан саад, бэрхшээлийг заавал тэд туулсан байх шаардлагагүй сэтгэл зүйн хувьд хангалттай саад бэрхшээлийг даван гардаг гэдгийг ойлгоосой. Өнөөдрийг хүртэл хамгийн олон удаа сонсож байсан үг гэвэл “Чи сэтгэл зүйч байж”. Сэтгэл зүйчийг төгс байх мэтээр хардаг. Хувийн амьдрал, ажил мэргэжлийг ялгаж, салгаж хардаг байгаасай гэж хүсдэг. Сэтгэл зүйч хүн, сэтгэл хөдлөлөө илэрхийлэх эрхтэй...
-Цаг гарган ярилцсанд баярлалаа.
             -Баярлалаа. Ажлын ажлын амжилт хүсье.
 
 
 

Б.ДОЛГОРСҮРЭН: Нас харгалзахгүйгээр тохиолдож буй эмгэг бол сэтгэл гутрал
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188