• Өнөөдөр 2024-05-05

600 ХҮҮХДИЙН БАГТААМЖТАЙ СУРГУУЛЬД 2700 сурагч СУРАЛЦАЖ БАЙНА

2023-09-10,   897

Хичээлийн шинэ жил эхлээд удаагүй байна. Гэтэл зарим хүүхдүүд сурагчийн дүрэмт хувцсаа өмсөөд гэрээсээ гаралгүй цахим хичээлд хамрагдаж буй аж. Танхимаар хичээлээ заалгаж, найзуудтайгаа инээлдэж хөөрөлдөх ёстой хүүхдүүд гэртээ цахимаар хичээлээ дом төдий үзэж буй гэнэ. Энэ жилийн хувьд ерөнхий боловсролын сургуулиуд хичээлийн байр танхимын хүрэлцээ муутайгаас шалтгаалж гурван ээлжээр хичээллэж байгаа юм. Тэр ч бүү хэл байр танхимын хүрэлцээгүйгээс үүдэн цахимаар хичээллэж байгаа хэд хэдэн сургууль байна. Тиймээс Эргэлт.мн мэдээллийн сайтын сурвалжлах баг Баянзүрх дүүргийн 133 дугаар сургуулиас дараах сурвалжилгыг бэлтгэлээ.

            Нийслэлийн Ерөнхий Боловсролын 133 дугаар сургууль дээр 13.15 минутын үед очиход хоёрдугаар ээлжийн хичээл эхлэхэд бэлэн болж сурагчид жагсаж байлаа. Нэгээс тавдугаар ангийн хүүхдүүд эцэг, эх асран хамгаалагчийн хамт ирцгээжээ. Хүүхдүүдийн ихэнх нь ядарсан, залхсан байртай байх. Зарим охид олны хөлөөс зайд уу дээс тоглож, тас тас хөхрөлдөж байлаа. Харин сургуулийн босгоор анхлан алхаж буй нэгдүгээр ангийн бяцхан хүүхдүүд аав, ээж рүүгээ шигдэж, хөл гараас нь зуурсан харагдана. Зарим нь уйлж, чихэр идэж, үг дуугүй урвайн зогсох жишээтэй. Энэ үеэр бид хүүхдээ сургуульд хүргэж ирээд буй иргэн Д.Долгороос 133 дугаар сургууль анги тэнхимийн хүрэлцээний талаар тодрууллаа.

Тэрбээр “Манай хүүхэд энэ жил нэгдүгээр ангид орсон. Дасаагүй болоод ч тэр үү одоохондоо хичээлдээ явах жаахан дургүй л байна. Охин маань надад хэлэхдээ “Анги нь их бөгчим. Амьсгалахад их хэцүү байдаг” гэсэн. Хичээл нь тарахаар би байнга охиноо ирж авдаг. Хөөрхий минь хөлс нь цувчихсан л сууж байдаг даа. Үүнээс гадна зарим эцэг, эх хүүхдүүдээ ширээ, сандал авч өгдөг гэсэн. 133-р сургууль манай хоёр суралцаж байгаа. Том хүү маань ёсдүгээр ангид суралцдаг. Анги, танхимын хүрэлцээнээс болоод цахимаар хичээлээ үзэж байгаа. Харин бага маань нэгүгээр ангид суралцажэ байна” гэсэн юм.

Манайхаас өөр улсын боловсролын салбар ийм хөгжил муутай байдаггүй байх. Төр засаг энэ салбартаа анхаарч ирээдүйн эзэд болох алдрай бяцхан үрсийг сурах боломжоор бүрэн хангамаар байна

Мөн ач хүүгээ сургуульд нь хүргэж ирээд буй иргэн Ц.Дарма “Хэрвээ нэг ангид 20 хүүхэд суралцах ёстой гэж бодвол энэ сургууль тэр хэмжээгээ гурваас дөрөв дахин нэмчихсэн. Тиймээс хүүхдүүд ангидаа багтахгүй хэцүү л байдаг юм билээ. Тухайлбал, нэг ширээг тойрон багадаа гурван хүүхэд сууна. Дэвтэр ном нь багталцахгүй хоорондоо муудна. Үүнээс гадна хөлс үнэртээд хүүхдүүдэд их тавгүй байдаг гэнэ лээ. Манайхаас өөр улсын боловсролын салбар ийм хөгжил муутай байдаггүй байх. Төр засаг энэ салбартаа анхаарч ирээдүйн эзэд болох алдрай бяцхан үрсийг сурах боломжоор бүрэн хангамаар байна. 20 хүүхэд суралцах ёстой ангид 60-70 хүүхэд суралцаад байхаар яах вэ. Адаглаад ханиад томуу салахгүй биз дээ. Мэдээж үүнд багш болон сурагчийн буруу гэж байхгүй. Харин төр засаг боловсролын салбараа хайхардаггүйг харуулж байна” гэлээ.  

            Баянзүрх дүүргийн 133 дугаар сургуулийн хүүхдүүд ангидаа шавааралдаад сууж байна. Ширээ сандал хүрэлцэхгүйгээс гадна багш нарт өөрийн гэсэн анги танхим, амрах өрөө байхгүй. Цонхны тавцан дээр сууж дэвтрээ засаж байна. Өнөөдрийн байдлаар тус сургууль дөрвөн ээлжээр хичээллэж байгаа аж. Сургуулийн анги, танхим бүрт хүүхдүүд ширээгээ булаацалдан суух. Хөлсний үнэр хаа сайгүй үнэртэж, давчуу ангидаа шаваарлдах сууцгаах аж. Үүнээс гадна кродортоо шилээр тусгаарлах өрөө хийж хичээлээ зааж буй дүр зурагтай байх аж. Бид энэ үеэр тус сургуулийн нийгмийн ажилтан  Д.Ариунаагаас тодрууллаа.

 

Хүүхдүүдийн хувьд хэн түрүүлж ангидаа орсон нь ширээнд суудаг байна. Ширээндээ сууж чадаагүй хүүхэд цонхны тавцан дээр дэвтэрээ дэлгээд хичээлээ хийдэг аж

              Тэрбээр “Нийслэлийн ерөнхий боловсролын 133 дугаар сургууль нь үүсгэн байгуулагдаад долоо дахь хичээлийн нээлтээ хийлээ. Одоогоор бага боловсролын 35 бүлэгт 1446 сурагч, суурь боловсролын 21 бүлэгт 872 сурагч, бүрэн дунд боловсролын найман бүлэгт 266 сурагч, нийт 64 бүлэгт 2663 суралцагчидтай сургалтын үйл ажиллагаа эхлүүлээд байна. Баянзүрх дүүргийн 26, 36 дугаар хороонд сургуулийн насны 5000 гаруй хүүхэд оршин суудаг. Энэ хоёр хорооны дунд ганцхан улсын сургууль байгаа нь манай 133 дугаар сургууль. Тиймээс ачааллаа хэд дахин нэмэгдүүлсэн. Одоогийн байдлаар зургаас есдүгээр ангийн сурагчдаа цахимаар хичээллүүлж байна. Суралцагчдын даац хэтэрсэн, ачаалал ихэссэн, анги танхимын хүрэлцээ муу, гурван ээлжинд хичээллэх өндөр эрсдэлтэй сургалтын үйл ажиллагаа эхлүүлээд байна. Удахгүй сайхан цаг ирж, ангим танхим хүрэлцээтэй болох биз. Багш, ажилчид аль чадахаар л ажиллаж байна. Манай сургуулийн хувьд ахлах ангийн хүүхдүүд цахимаар хичээл үзэж байгаад өчигдрөөс танхимын сургалтад шилжсэн. Харин зургаагаас есдүгээр ангийн хүүхдүүд цахимаар суралцаж байгаа. Энэ хүүхдүүдээ яаж танхимаар сургах аргаа хайж л байна” гэсэн юм.

 

Дээрээс нь багш нарын өрөө ч байхгүй учраас өдөржин коридорт зогсож, өглөө 8:00 цагт ирсэн багш бүтэн 12 цаг тасралтгүй ажиллаж байна

             Давчуу кродорт бөөгнөрөн зогсох хүүхдүүд хонхны дугаар түлхэлцэн зарим нь унан барин ангидаа орцгоох аж. Хүүхдүүдийн хувьд хэн түрүүлж ангидаа орсон нь ширээнд суудаг байна. Ширээндээ сууж чадаагүй хүүхэд цонхны тавцан дээр дэвтэрээ дэлгээд хичээлээ хийдэг аж. Тиймээс бид тус багшаас дараах тодруулгыг авсан юм. “Үнэхээр хүнд байдалтай хичээлийн жил эхэлж байна. Нэг ангид суралцах сурагчдын даац хэд дахин хэтэрсэн. Дээрээс нь ширээ сандал хүрэлцээ байхгүй. Тиймээс хүүхдүүдэд тав тухтай суралцах боломж бүрдэхгүй байна гэж хэлж болно. Дээрээс нь багш нарын өрөө ч байхгүй учраас өдөржин коридорт зогсож, өглөө 8:00 цагт ирсэн багш бүтэн 12 цаг тасралтгүй ажиллаж байна. Уг нь гурван ээлжээр ажиллаж байгаа багш нарт илүү цагийн хөлс олгох ёстой. Гэтэл бүр дөрвөн ээлжээр ажиллаж байгаа багш нарт илүү цагийн хөлс гэж огтхон ч алга. Үүнээс гадна манай  сургууль зам дагуу байрладаг болохоор хүүхдүүд маань машинд мөргүүлчих вий гэж их санаа зовох юм. Ер нь энэ жил ганцхан даац хэдрээд байгаа юм биш. Жил бүр л ийм асуудалтай нүүр тулгарч байна” гэсэн юм.

Харин энэ талаар сурагчид дараах байр суурийг илэрхийллээ. “Үнэхээр хэцүү байдаг. Нэг ширээнд дөрвөн хүүхэд суудаг. Олуулаа болохоор дуу чимээ ихтэй багшийн яриа сайн сонсогдохгүй. Хичээлээ сайн ойлгох боломж бага байдаг. Сонин үнэр үнэртээд байдаг болохоор байнга цонхоо онгойлно. Гэвч үнэр нь сайн гарахгүй л дээ. Тэгээд халууцаад, нозоороод нойр хүрээд байдаг. мөн ойр ойрхон ханцуйгаараа хөлсөө арчдаг” гэх хариултыг өгч байлаа.  

               Дүнжингарав худалдааны төвийн замын эсрэг талд байрлах тус сургуулийн даац жил бүр хэтэрдэг аж. Дээрх асуудалд төр засгаас ямар нэг арга хэмжээ авдаггүй болохоор сургуулийн зүгээс аль чадахаар зохицуулалт хийдэг гэнэ. Одоогийн байдлаар ширээ сандал, анги, танхимын хүрэлцээ муу байгаагаас хамаараад зургаагаас есдүгээр ангийн сурагчид цахимаар хичээллэж байна. “Хүүхэд бүр эрүүл аюулгүй л орчинд суралцах бүрэн эрхтэй” хэмээн үндсэн хуульд заасан байдаг. Гэтэл энэ эрхээ авч чадахгүй мянга, мянган хүүхэд байгааг ганцхан сургуулийн жишээ харуулж байна. Гэтэл БШУ-ны сайд Л.Энх-Амгалан та цахим хуудсандаа “Энэ хэдэн сургуультай зуны гурван сар зууралдлаа” хэмээн ялархсан сэтгэгдэл бичээд суухаас ичихгүй байна уу.


600 ХҮҮХДИЙН БАГТААМЖТАЙ СУРГУУЛЬД 2700 сурагч СУРАЛЦАЖ БАЙНА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188