Булган голын эрэг дээрх моддыг бөхийлгөж, байгалийг сэргээж, сагсайтал ургасан жимсэн төгөл дундуур С.Бааст гуай догь гэгч нь алхана. Ийм турьхан ишнээс яаж ургасан юм гэмээр болц нь гүйцсэн жимснүүдийг гараараа имрэх зуураа “Гүйцжээ, гүйцэж. Үүнээс илүү болно гэж байхгүй. Энэ долоо хоногтоо багтаагаад хурааж дуусгахгүй бол амжихгүй нь” хэмээн ганцаараа яриад алхаад байх. Өвгөн тариаланч намрын ургац хураалтаа түргэвчлэхийг яарч байгаа нь илт. Алим, тоор, чавга тэргүүт жимс өнгө өнгөөр алаглана. Нарны дулаан илчинд гүйцэт боловсорсон жимс багахан салхи үлээхэд л бөөнөөрөө газарт унахад бэлэн болжээ. Цагаан хайрцагтай жимс тэнд тэндгүй хөглөрнө. Алтайн нурууны цаадах Ховд аймгийн Булган сумын Булган голын эрэг дээрх С.Бааст гуайн талбайд намрын ургац хураах ажил ид өрнөж байгаа нь энэ. Жимс хурааж буй ажилчид нар ургахтай зэрэгцэн ажилдаа орцгоожээ. Нэг ажилтан нь зориуд бэлтгэсэн өндөр шатан дээр гараад зогсчих юм. Тэгснээ алд арай хүрэхгүй бахим модоор мөчир бүрийг нь зөөлхөн тонших ажээ. Жимс хураагчийн цохисон савааны аясаар жимс унана. Давжаа алим, тоороор бороо орж байна уу гэмээр бөмбөрнө. Тэгж унасныг хураагчид сурамгай гэгч нь хайрцагтаа цуглуулах юм. Мөн гар хүрч болох мөчир бүрээс нэг нэгээр нь жимсээ салган авч хайрцаглана. Шинэхэн жимсний үнэр хамар цоргих нь үлэмжийн таатай. Жимс хураагч “Ах нь залуудаа энэ жимснээс цүнхэндээ хийчихээд явж байдаг байлаа. Эсвэл авдартаа хэдийг хийчихнэ. Гоё үнэр нь цүнх, хувцас, авдраас хэсэгтээ салахгүй шүү дээ. Хамгийн гоё үнэртэй бас арааны шүлс асгаруулам амтат жимс манай Булган голын эрэгт л ургадаг юм даа” хэмээн бахдана.
Торгууд, захчин түмний өлгий Ховд аймгийн Булган сум С.Бааст гуайн хүй цөглөж, хүн болсон газар. Бүрэнхаан уулын өвөр бэлд орших энэ нутгийн дундуур Булган гол мяралзан долгиотож, бидэртэн мэлмэрнэ. Тэрбээр цэл залуухандаа нутгийн охин Г.Цэндсүрэнг гэргийгээ болгосон байна. Алтайн нурууны баруун хормойд шинэхэн гэрээ барьж, айл болсноос хойш нэгэн жарныг тэд хамтдаа элээжээ. С.Бааст гуай залуудаа тээврийн тэрэгний жолооч байжээ. Залуу халуун наснаасаа тээвэрт явж, Бодонч, Үенчийн хавцал дундуур өгсөж, уруудан давхиж, хэдэн зуун удаа Алтайн нурууг давсан тээвэрчин. Засмал зам тавиагүй байхад Алтайн нурууг давна гэдэг барагтай аавын хүү амархан давчихдаггүй даваа байсныг хэн хүнгүй гадарлах биз. Тэр л замаар С.Бааст гуай хөдөө, хотыг холбосон тээврийг зогсолтгүй хийж иржээ. Ийн давхиж явахдаа тэр нэг удаа орос сортын давжаа алимны суулгац худалдаж аваад, гэртээ авчирч, эхнэртэйгээ хамт Булган голын эрэг дээр тарьжээ. Түүнээсээ удалгүй тээврийн ажлаа орхиж, буцаж, цуцахгүйгээр жимс, тариалангийн ажилдаа ханцуй шамлан орсон байна. Анх түүнийг хязгаарын цэнхэр Ховдын хөрсөнд жимсний мод тарихад хүн бүр “Наадах чинь ургахгүй ээ. Ирэх жил гэхэд л үхчихнэ. Дэмий юм хийж байх юм” гээд шүүмжилж, зарим нь бүр шоолж байсан гэнэ. Харин С.Бааст гуайг “Булган голын эрэг үржил шимтэй хөрстэй. Арчилж чадвал заавал ургах ёстой” гэсэн бодол эзэмдэж, чимээгүй л тариад, арчлаад байж.

Өндөр сарьдаг уулстай Ховд аймгийн Булган суманд нар нэлээд хожуу манддаг. Зүүн уулсын сүүдэр баруун тал руугаа ташуулдан унаж, нар дээр хөөрсний дараа ар тал руугаа сүүдэр нь хүүшлэн унаж, Булган сумын төвөөр морь, мотоцикльтой хүмүүс давхилдаж, үхэр сүрэг голын эрэг дагуу налайн бэлчихийг Бааст гуай өдөр бүр харах дуртай гэнэ. Байгалийн ийн сайхныг харж, мэдрэхэд “Говийн манхандаа заган шугуйтай Голын хөндийдөө жимсэн төгөлтэй Алтайн өвөр дэх баянбүрдтэй "Ард минь хотлоороо жаргалтай” хэмээх дуу эрхгүй аялагддаг тухайгаа ч тэр дурсаж байлаа. Нээрээ л голын хөвөөндөө жимсэн төгөлтэй байгалийн ховор үзэсгэлэнг тэр бүтээжээ.
Биднийг цайлан сууж байтал С.Бааст гуайн хүү Б.Пүрэвдорж портер машиныхаа тэвшин дээр жимс хураах ажилчдаа суулган ирлээ. Аав, ээжийнхээ ажилд голлох үүрэгтэй тусалж, машин тэрэг, жимс, жимсгэнэ борлуулах гээд бүгдийг зохицуулдаг хүү нь Б.Пүрэвдорж гэнэ. Тэрбээр ургахын улаан нарнаар ажилчдаа гэр гэрээс нь авч, орой хүргэж өгдөг аж. Мөн Улаанбаатар хотод жимс, жимсгэнээ худалдах, тэр хүртэлх хол зам туулах гээд ачааны хүндийг үүрдэг ч огтхон ч ядарлаа, халширлаа гэдэггүйг нь аав, ээж хоёр нь дуу нэгтэй гайхуулан магтаж байв. Тэрбээр хол замд жимс, жимсгэнэ тээвэрлэх зориулалтын хөргүүртэй ачааны автомашин худалдан авсан байна. Түүгээрээ тарьсан жимснүүдээ нийслэл хот руу зөөвөрлөх боломжтой болж байгаагаа ярив. Цайлж дууссаны дараа бид Бааст гуайн эзэмшдэг 35 га жимсний талбай руу орлоо. Тэд алим, чацаргана, чавга, интоор гээд талбайгаа жимс бүрээр төрөлжүүлэн хувааж, хашаалжээ. Алим гэхэд л дотроо дөрвөн төрөл байдаг юм байна. Жишээлбэл, өрөл, давжаа, бэсрэг, том алим гэж ангилан ургуулжээ. Мөн чихэрлэг, шүүслэг алим байхаас гадна чанамал хийхэд тохиромжтой алим ч тарьдаг байна. Эдгээрийг сонирхож, элдвийг хуучилж явсаар С.Бааст гуай бид хоёр ув улаан алим сагсайсан нэгэн том модны сүүдэрт суун түүний ажил амьдрал, хүнд бэрхийг хэрхэн даван туулсан тухай нь хэрэг хөөрөлдлөө.
-Та олон жил тууштай хөдөлмөрлөж, энэ үржил шимт баян талбайг бий болгожээ. Үүнийхээ сацуу нутгийн иргэдийг цалинтай ажиллуулдаг юм байна. Хэчнээн ажилтантай, хэрхэн ажиллаж байгаа тухайгаас нь яриагаа эхлэх үү?
-Одоогоор ургац хураалтад 15-18 хүн талбай дээр ажиллаж байна. Энэ жил нийтдээ 35-40 хүн ажиллалаа, манай талбайд. Голчлон ес, аравдугаар ангийн хүүхдүүд ажилладаг юм. Одоо хичээл, сургууль гээд хүүхдүүд тараад явцгаасан байна. Мөн зарим нь хадлан тэжээл гээд эзгүй байх шиг байна. Хүүхдүүдийн гар шалмагаас гадна ажил хөдөлмөрт багаасаа суралцаад, тохирсон цалин, урамшууллаа аваад, өөрсдөдөө зарцуулахад нь нэмэр болох юм болов уу гэж бодож ахлах ангийнхныг ажиллуулдаг юм. Миний хувьд жимс, жимсгэнүүдээ илүү төрөлжүүлж, нутагшсан сортын жимсээр иргэдийг хангах бодлого баримталдаг. 30 жилийн хөдөлмөрийн үр дүнд 5000 гаруй мод бий болжээ. Чи бид хоёрын сүүдэрт нь сууж байгаа энэ мод орос сортын алимны мод. 10 гаруй жилийн өмнө суулгаж байлаа, одоо л ургацаа өгч эхэлж байна.
-Яагаад ийм удаан хугацааны дараа алим ургаж байгаа юм бэ?
-Гайгүй ургаж байгаад л буцаж хувхайрсаар арав гаруй жил боллоо. Хөгшин бид хоёр шантралгүй арчилсаар өнөө жил л жимсээ өгч байгаа нь энэ. Ер нь жимсний мод арчилгаа, тууштай сэтгэл их шаарддаг. Жишээ нь, Булган гол дагуу өмнө нь мод их байдаг байсан. Гэтэл одоо зарим нь хөгшрөөд, заримыг нь хядаад, унагаад дууссан. Тийм болохоор бид шинээр суулгацууд суулгасан. Мөн хуучин модны үндсэн дээр мод залгаж шинээр ургуулж байна. Манай хүү модыг нягт, их сайн залгадаг. Төсөөлж байгаа шиг чинь амархан эд биш шүү дээ, мод арчлах чинь.
-Жимснүүдээ нутгийн брэнд болгоход санхүүгийн бэрхшээл их байна уу. Танай энэ талбайн ургац үйлдвэрлэл хийхэд бүрэн хүрэлцэхүйц арвин байна шүү дээ?
-Санхүүгийн асуудал бол хамгийн том бэрхшээл. Бидэнд бага хүүтэй зээл олдоггүй л дээ. Сонголтгүйгээр өндөр хүүтэй зээл авч, ажилчдаа цалинжуулдаг. Том хүү маань орос хэлэндээ гайгүй. ОХУ руу явуулж, энэ төрлийн бизнесийг хэрхэн хөгжүүлж, өөр түвшинд аваачиж байгааг судлуулах санаатай байна. Гэхдээ үйлдвэр байгуулах гэхээс илүү бусад хүн юугаар юу хийж байна вэ гэдгийг мэдээд ирэг.

-Танай нутаг энэ жилийн хувьд нэлээд гантай байх шиг байна. Цаг агаарын хүндрэлтэй нөхцөлд ургацаа бүрэн авахын тулд хэрхэн ажилладаг вэ. Үүнээс гадна цаг агаарын ямар хүндрэлтэй нүүр тулж байв?
-Цаг агаарын хүндрэлтэй нөхцөл жил бүр л тулгарна. Үүнийг давж хөдөлмөрлөх юм бол Монгол орны өнцөг булан бүрд жимсний мод ургана. Мөн Монголын цаг агаарт тохирсон генийн өөрчлөлтгүй жимс, жимсгэнэ авна гэдэг их том олз. Дан ганц цаг агаараас гадна хортон шавж гээд дайсан бий. Энэ бүгдээс сэргийлж, зохих хэмжээний хамгаалалт хийдэг. Хортон шавжид маш амархан өртдөг жимс байна. Өөрийгөө хамгаалдаг ч жимс байна. Тиймээс өөрийгөө хамгаалдгийг нь ихэвчлэн ургуулах санаатай ажиллаж байгаа.
-Та 30 гаруй жил тээврийн жолооч байсан гэсэн шүү дээ. Тэр үеэ дурсаач?
-Би жолооч байхдаа таалагдсан ном, сонин, сэтгүүлийг худалдаж аваад машиндаа уншдаг байлаа. Хоолоо хийж идчихээд, машинаа хучиж байгаад шөнөжингөө уншаад л суудаг байсан. Зургадугаар ангийн боловсролтой гэсэндээ кириллээр уншина, гарын үсгээ зурчихна. Тэгээд л болж байгаа юм даа.
-Тантай хамт энэ том талбайг моджуулж, хоёргүй сэтгэлээр таны дэргэд хөдөлмөрлөж ирсэн ханийнхаа талаар яриа дэлгээч?
-Миний хань боловсролын байгууллагад 28 жил ажиллаад, тэтгэвэртээ гарсан. Залгуулаад хэдэн жил малтай зууралдаж байгаад жимс рүү орсон доо. Их хөдөлмөрч, ер нь зүгээр суухгүй. Надаас эртэч, эрэл хайгуулч, гярхай нөхөр. Энэ нөхөр байгаа тулдаа би ийм олон модтой болчихоод, энүүгээр нэг жимс хөглөрөхийг нь харж, баясах юмтай байгаа юм. Түүнгүйгээр энэ ажил, ер нь миний, манай гэр бүлийн ажил барагтай л урагшлахгүй шүү дээ. Нэг бол энэ нөхөр биднийг ингэж дасгасан, эсвэл бид муу зан суусан гэсэн үг биз. (инээв)

Энэ зуурт гэрийн эзэгтэй Г.Цэндсүрэн гуай хоёр сагс барьсаар ирээд “Унасан ганц нэг жимс түүхээр ирлээ. Та хоёрын яриа дөхөж байна уу” хэмээгээд бидний дэргэд суулаа. Түүнээс “Та хоёр минь анх хэрхэн танилцаж байв. Энэ тухайгаа сонирхуулж болох уу” гэлээ. Гэтэл Г.Цэндсүрэн гуай “Сумын бүжиг, соёлын арга хэмжээн дээр л анх танилцсан байх даа. Танилцаад нэг сар гаруй хугацааны дараа нэг гэрт орж, өдийг хүртэл сайхан ханилж байна” гэв. Түүнтэй залгуулаад С.Бааст гуай “Учиръя гэж учирдаггүй. Урьдын ерөөлөөр учирдаг. Салъя гэж салдаггүй салаа замын эрхээр салдаг. Би ханьтайгаа урьдын ерөөлөөр л учирсан гэж бодож явдаг. Нэг гэрт ороод 60-аад жил болохдоо ганц ч удаа үг зөрж, хэрүүл хийгээгүй. Нэгнээ муухай хараагүй. Тиймээс буян хурсан юм байлгүй. Анх 1966 онд гэр бүл болж байлаа” хэмээсэн юм. Бид ахуй амьдрал хийгээд залуу насных нь хөгтэй, хөгжилтэй дурсамжаас уудлан нэлээд инээд хөөр болоод авлаа. Булган гол хоржигнон урсаж, салхинд хөглөгдөн исгэрэх навчис сэрчигнэхийн зэрэгцээ болжмор жиргэн нисэлдэнэ. Бидний сууж буй алимын модны сүүдэр чанх хойноо гарсан байлаа. Жимсний талбайгаар гурвуул хэсэг алхаж явтал гэрийн эзэгтэй Г.Цэндсүрэн гуай “Хаа хол, 2000 шахам километр газраас биднийг зориод ирсэнд баярлалаа. Миний хань яах вэ, хар залуудаа тээврийн жолооч хийсээр тэвчээрт, шантрахгүй занд суралцсан хүн. Улаанбаатар хотоос хаа байсан Баян-Өлгий аймаг руу ачаа тээвэрлэнэ гээд явна. Хамгийн багадаа сар гаруй болж байж л гэртээ ирнэ. Одоогийнх шиг гар утас байсангүй. Хаа яваа нь үл мэдэгдэх хүн рүү захиа бичилтэй биш. Тиймээс дотроо хаана яваа бол, өлсөж цангаж байгаа болов уу, машин тэрэг нь эвдэрч саатаагүй байгаа гээд л их юм бодно. Тэгж байтал нэг л өдөр машиныхаа дууг хадуулсаар инээгээд ороод ирэхэд нь гэр дүүрээд сайхан шүү дээ. Сэтгэл санаа амгалан болоод их сайхан. Үр хүүхдийн маань магнай тэнийгээд нүдэнд нь жаргал туяараад байж байхыг нь харахад гэрийн эзэгтэй хүний хувьд бахархам сайхан даа. Миний хань үнэхээр хөдөлмөрч, тууштай хүн. Энэ зан чанарыг нь үр хүүхдүүд маань дуурайсанд баярлаж явдаг. Ингэж явсаар бид 60 жилийг хамт элээжээ. “60 жил хамт амьдарлаа, удаан амьдарчээ” гэж хүн боддоггүй юм байна. Илүү олон жил эрүүл саруул хамт байхыг л бодоод явдаг юм байна. Энэ хугацаанд өвгөнтэйгөө ганц удаа үг сөрж үзээгүй. Үүнийг харин бардам хэлнэ дээ. Тэгэхээр нэг бол тэр эсвэл би дандаа зөв юм ярьдаг гэсэн үг мөн биз” гээд инээв. Түүнчлэн “Булган гол маань үнэхээр буянтай гол. Энэ голынхоо хүчинд одоо сайхан жимс, жимсгэнэ хураагаад, хүмүүсийг цалинжуулж байна. “Зан сайтай айлд хүн бүхэн цуглана” гэдэг шиг манайх өдөр бүр зочинтой байдаг. Хаа хол Дорнод, Өмнөговиос хүртэл хүмүүс зориод ирнэ шүү дээ. Мөн манайх нутгийнхаа хүмүүст жимсний мод харамгүй өгдөг. Одоо манай суманд айл, өрх бүр хашаандаа мод тарьж, ургац хурааж байгаа. Энэ бүхнийг бүтээсэн нөхрөөрөө мөн ч их бахардаг. Сүүлийн хэдэн жил хань бид хоёр худалдаа, борлуулах ажилд оролцохоо больсон. Үр хүүхдүүд маань хариуцаж байгаа. Одоо бол бид хоёр зүгээр сайхан суугаад, жимсний моддоо арчилж, хайрлаад, тэдэнтэйгээ “ярилцаж, ойлголцоод” амар жимэр байхыг илүүд үзэж байна” гэлээ.
Булган голын баруун эрэгт орших энэ ногоон төгөл хавартаа цав цагаан болж, үр жимсээ ургаад эхлэхээр ийн ногоордог гэнэ. Энэ л баян тансаг бүрдийг босгох гэж тэд 30 жил өглөөнөөс орой болтол хөлсөө дуслуулан зүтгэсэн. Тэр хөлсийг нутгийнхан нь жил бүрийн өдийд жимс болгон амтархан иддэг. Жимсэн төгөл дундуураа С.Бааст гуай жаран жилийг хамтдаа элээсэн гэргий Г.Цэндсүрэнгээ дагуулан намуухан алхсаар хоцорлоо. Түүний буурал үс салхинд хийсч үзэгдэнэ. Хэсэг явж байгаад эргээд хартал цагаан шүдээ яралзуулан инээсэн, тас хар халимагтай хүдэр чийрэг залуу суулгацаа бариад зогсож байгаа ч юм шиг үзэгдлээ...
“Ийм амьдрал, ийм үнэнч сэтгэл, бахархал төрүүлсэн түүхийг хамтдаа бүтээсэн юм шүү” гэдгээ олон олон жил хүмүүст үзүүлэхийн тулд эрүүл, энх байгаарай, Бааст ах аа.
| ХАМГИЙН АМТТАЙ АЛИМ ХОВДЫН БУЛГАНД УРГАДАГ БУЮУ 30 ЖИЛИЙН ХӨДӨЛМӨР |
|
2025-12-11 15:00:00
Булган аймгийн Засаг даргыг чөлөөлөх шаардлага хүргүүлжээ
2025-12-11 14:40:21
Зургаан байгууллагын Монгол Улсад үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг хүчингүй болгов
2025-12-11 12:39:36
Олон улсын уулын өдөр тохиож байна
2025-12-11 12:22:07
Улсын хоёрдугаар төв эмнэлэг ирэх оноос амьд донороос бөөр шилжүүлэн суулгана
2025-12-11 10:45:41
Д.ГАНХУЯГ: “ГОЛДМАНСАКС” КОМПАНИЙГ ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭН ДЭЭР САНХҮҮГИЙН ЗӨВЛӨХӨӨР СОНГОСОН НЬ АНХААРАЛ ТАТСАН АСУУДАЛ
2025-12-11 10:41:27
“MONGOLIA–KOREA URBAN FORUM”
2025-12-11 10:22:00
ЭХЭМҮТ-д өдөрт 1,000 – 1,200 хүүхэд амбулаториор үзүүлж байна
2025-12-11 10:11:22
“MONGOLIA–KOREA URBAN FORUM”
2025-12-11 10:08:00
Боксчид ОХУ-ын цомын тэмцээнээс 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ
2025-12-11 10:06:02
“MONGOLIA–KOREA URBAN FORUM”-аар “Хүннү хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө-2040”
2025-12-11 10:00:00
Энэ онд автомашинаа хулгайд алдсан гэх 220 тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгджээ
2025-12-11 09:48:23
Д.Сэлэнгээ “Бөртэ чоно-2025” наадмын пара спортын “Шилдэг тамирчин”-аар шалгарлаа
2025-12-11 08:18:26
МУГЖ Н.АШИД: Морин хуур, хөөмийгөөр хөглөгдсөн он жилүүдийг минь мялааж, Гавьяат цолоор шагнасанд талархал дүүрэн байна
2025-12-11 07:54:07
“Бөртэ чоно-2025” наадмын “Шилдгийн шилдэг тамирчин”-аар Т.Тулга тодорлоо
2025-12-11 07:22:19
ЗУРААЧ Г.БОЛД: БИЙРИЙН НУУР, ЭРДЭНИЙН ХӨНДИЙ, УЛААН УУЛ, ШАРГАЛЖУУТЫН ГОЛОО ЗУРЖ БАЙХДАА СЭТГЭЛ ЯМАР ТЭНҮҮН, САЙХАН БАЙДАГ ГЭЖ САНАНА
2025-12-11 07:00:40
МОНГОЛЫН ХУУЛИЙГ УЛАНДАА “ГИШГЭЖ”, УЛСТӨРЧДӨД АВЛИГА ӨГДӨГӨӨРӨӨ АЛДАРТАЙ ОЮУТОЛГОЙ
2025-12-11 07:00:00
АТГ-ЫНХАНД БАРИВЧЛАГДСАН “ЭРДЭНЭС ОЮУ ТОЛГОЙ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ Э.ГАНХҮҮ ГЭЖ ХЭН БЭ
2025-12-11 07:00:00
НЭРЭЭ СОЛИХООС ӨӨР АЖИЛ ХИЙГЭЭГҮЙ “ХҮННҮ ХОТ”-ЫН ТӨСВӨӨР М.БАТБАЯР ТУЙЛЖ, 1.3 ТЭРБУМЫН ЗАРЦУУЛАЛТ ХИЙЖЭЭ
2025-12-11 07:00:00
RUNAA: “THE VOICE OF MONGOLIA” ШОУНД ОРОЛЦООД ДУУЧИН БОЛОХ ЗОРИЛГОДОО ХҮРЭХ ИТГЭЛТЭЙ БОЛСОН
2025-12-11 07:00:00
ДУРСАХУЙ: ТАЙЗ ХООСОРСОН Ч ДУУ НЬ СЭТГЭЛД МӨНХӨД ОРШИНО
2025-12-11 07:00:00
Ш.ЖАВХЛАН: Магнай, “МС”, Заанаа энэ гурван ах маань “Маск” продакшны тулгын гурван чулуу
2025-12-11 07:00:00
“MONGOLIA–KOREA URBAN FORUM” АМЖИЛТТАЙ БОЛЛОО
2025-12-10 16:00:00
Муатайгийн тамирчид Зүүн Азийн аваргыг зорилоо
2025-12-10 15:01:54
Д.Мөнхцэцэг пауэлифтингийн Ази тивийн аваргаас алтан медаль хүртэв
2025-12-10 14:23:04
С.Ганчимэг пауэлифтингийн Ази тивийн аварга боллоо
2025-12-10 14:18:53
“MONGOLIA–KOREA URBAN FORUM-2025” зохион байгуулагдаж байна
2025-12-10 13:00:00
“Эрдэнэс Оюу толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Ганхүүг АТГ-аас 48 цагийн хугацаатай баривчилжээ
2025-12-10 12:01:04
Вьетнам Улсад ой тогтоолтын дэлхийн аварга болно
2025-12-10 11:43:41
Р.Ууганбаяр дрон кодчиллын тэмцээнээс алтан медаль хүртжээ
2025-12-10 11:33:52
"Гоёл-2026" наадмын топ моделиор Т.Батцэцэг тодорлоо
2025-12-10 11:30:34
АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 77 өргөдөл, гомдлыг хүлээн авав
2025-12-10 11:13:35
Спортын салбарын шилдгүүдийг өнөөдөр тодруулна
2025-12-10 11:10:54
Талбайн сүлд модны гэрлийг өнөөдөр асаана
2025-12-10 10:01:17
ОБЕГ: Дэд бүтцийн салбарын чадавхыг бэхжүүлэх, техник туслалцааны хамтын ажиллагааны талаар хэлэлцэж байна
2025-12-10 09:55:05
Н.Бат-Эрдэнэ пауэрлифтингийн Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ
2025-12-10 09:49:05
Г.Өсөхбаярт МҮОХ-ны “Алтан-Од” одонг гардууллаа
2025-12-10 08:18:04
Х.Энх-Амар дэлхийн аваргын шигшээ найм үлдэж чадсангүй
2025-12-10 07:56:38
УИХ-ЫН ГИШҮҮН Л.МӨНХБААТАРЫН НАЙЗ, “МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ”-ЫН ДАРГА Г.БАТЧУЛУУНЫ ТЕНДЕРИЙН ТААГҮЙ БАРИМТУУД
2025-12-10 07:30:41
ДУУ ТӨРСӨН ТҮҮХ: Сэтгэлд хоногшсон шинэ жил, зул сарын баярын тухай дуунууд хэрхэн бүтсэн бэ
2025-12-10 07:24:23
С.БАЯРЫН ТЭРБУМ ТОННЫН НӨӨЦТЭЙ НҮҮРСНИЙ УУРХАЙН ХАМТРАГЧ НЬ С.БАЯРЦОГТ УУ
2025-12-10 07:00:00
АУЗ Ү.ХҮРЭЛБААТАР: Зохиол, бүтээлтэй холбогдсон энэ амьдралаа би их говийн зэрэглээн дунд чавхдаж яваа зээрийн янзагатай зүйрлэнэ
2025-12-10 07:00:00
“БӨРТЭ ЧОНО” ЁСЛОЛЫН НЭР ХҮНД ЖИЛЭЭС ЖИЛД “БҮДГЭРЭХ” БОЛЛОО
2025-12-10 07:00:00
ТАТВАРТ ӨРШӨӨЛ ҮЗҮҮЛЭХ САНААЧЛАГА ЧИНЬ ТАТВАР ТӨЛЖ БАЙГАА ААН-ҮҮДЭЭ БООМИЛЖ ЭХЭЛНЭ ШҮҮ, АН-ЫНХААН
2025-12-10 06:59:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |