• Өнөөдөр 2024-04-27

ЦАР ТАХЛЫГ ДАРСАН САЙХАН ЖИЛ АЙСУЙ

2021-02-12,   808

          Өнөөдөр XVII жарны Хотол төгс хэмээх цагаан төмөр хулгана жилийн сүүлийн өдөр, битүүн. Улирч буй хулгана жил дэлхий нийтээрээ цар тахалтай тэмцсэн хэцүүхэн цаг хугацаа байлаа. Манай улсын хувьд ч коронавирусийг дотооддоо алдаж, хилээ хааж, онлайнаар хичээлээ зааж, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хатуу хөл хорио хүртэл тогтоогоод амжсан. Гэсэн хэдий ч нөгөө талаараа энэ өвчин бидэнд гэр бүлтэйгээ хамт байх боломжийг олгож, өдөр тутмын минь амьдралын үнэ цэнийг ухааруулсан гэж хэлж болно. Урьд нь гудамжаар алхах, хэн нэгэнтэй ярилцан удаан суух, хаашаа ч хамаагүй хүссэн цагтаа явах, кино, тоглолт үзэх ямар их аз жаргал байсныг бид анзаардаггүй байж. Коронавирусийн ачаар бид энэ бүгдийг урьд урьдаас илүү мэдэрч, хором мөч бүрийг хайрлах учиртайг ухаарсан. Одоо ч бид мөн хөл хорио тогтоосон, үүний үр дүнгээс цаашдын ажил, амьдралын горим, тэр бүү хэл ирээдүй шийдэгдэх амаргүй цаг хугацаатай нүүр тулаад, энэ үед Цагаан сараа тэмдэглэх гэж байна.

            Өнгөрөн одож буй хулгана жилд улс оронд маань үйл явдал өрнүүн байлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга цар тахлын үед БНХАУ-д айлчилсан анхны төрийн тэргүүн, басхүү тусгаарлалтад орсон Монголын анхны Ерөнхийлөгч болж түүхэнд үлдэв. Монголчууд мөнхийн хөрш Хятадад тулгарсан зовлон бэрхшээлийг өөрийн мэт хүлээн авч, хоттой хониосоо тоолж, сайхан сэтгэлийн илэрхийлэл 30 мянган хонийг Хятадын талд өгөхөөр болсон юм. Үүнээс гадна 19 жилийн дараа Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтүүд ам цагаан хулгана жилд хүчин төгөлдөр үйлчилж эхэлж, УИХ-ын болон орон нутгийн сонгуулиар монголчууд дахин МАН-д үнэмлэхүй санал өгсөн нь тэднээс эргээд хариуцлага нэхэх гэснийх биз ээ. Мөн хөхөө өвлийн хүйтэнд дөнгөж амаржсан эхийг өмссөн хувцастай нь ХӨСҮТ рүү шилжүүлж, үүнээс улбаатайгаар олон мянган хүн төв талбайдаа жагсаж, санаатай болон санамсаргүй байдлаар Засгийн газар буруугаа хүлээн огцорсон нь улс төрийн шинэ жишиг, шинэ соёл байв. Түүнчлэн хулгана жил бидэнд ээл ивээлээ хайрлаж, олон сайхан үйл явдал өрнөсний нэг нь монгол хүү АНУ-ын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд зориулсан арга хэмжээнд индэр дээрээс илтгэл тавьж, дэлхий дахинаа монгол хэмээх нэрийг цуурайтуулсан.  Монголчууд нэгдэж чадвал юуг ч хийж чадна гэдгийг "Хүүхдийн төлөө фонд" хандивын онлайн тоглолт гэрчилж, хоёр тэрбум гаруй төгрөг цуглав. Ерөнхийдөө хулгана жил, 2020 он бидэнд шинэ соёл, шинэ амьдралын хэв маяг, шинэ бүхнийг авчирсан гэж хэлж болно.

            Харин бидэнд тохиолдсон бүхэн маргаашнаас хулгана жилд хэмээн дурсагдан үлдэж, өнгөрсөнд хоцорно. Учир нь маргааш бол шинэ бүхний эхлэл хаврын тэргүүн сарын шинийн 1. Монголчууд бидний дахин нэг өвлийг өнтэй давж, хавартай хавтай сайхан золгож, нэг нас нэмсний баярын өдөр. Хахир өвлийн жавар харьж, урин хавар хаалга тогшиж, нарны элч наашлан, уулын цас хайлан, хөрс ханзлан хөх яргуй цухуйна.  Айл хотол, ахан дүүс, ураг сааднаараа цуглаж, амар мэндийн ерөөл тавьж чадахгүй ч бид гэр бүлдээ сайхан цагаалж болно. Энх цагийг бэлгэдэн ээж нар цайныхаа дээжийг дөрвөн зүг найман  зовхистоо өргөж, дэлгэр цагийн эхэнд аливаа сайн сайхан бүхнээ тэнүүн сайхан сэтгэлээсээ ургуулдаг монгол түмний  сар шинийн баяр айсуй ирлээ.

            Цөөвөр хэмээх цагаагчин үхэр жилийн өнгө ч сайхан, өөдрөг байгааг дуулгахад таатай байна. Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн зурхайч лам Д.Цогтбаатар "Жилийн байдлыг ажвал, өвгөд хөгшдөд дорой, залууст сайн, нялхаст буюу түмэн олонд дунд байх нь ээ. Төрийн хууль цаазын хэрэгжилт сулрах, улс орны эдийн засаг сайжирч, эрүүл мэндэд сайн жил болно. Цаг агаарын хувьд цас, бороо элбэг, газрын шим арвижих, тариа, хүнсний ногоо, хадлан бэлчээрийн гарц сайн байна. Улмаар намар урт болж, буян хишиг хурж, эд мал дэлгэрэх шинжтэй байгаа" хэмээн айлдсан юм. Бурхны шашинд жилийн өнгийг ийн тодорхойлсныг  шинжлэх ухаан ч мөн баталж байна. Эдийн засгийн шинжээчид 2021 оныг өөдрөгөөр харж буй. Ялангуяа, цар тахлын нөлөөгөөр агшсан улс орнуудын эдийн засаг сэргэж, салбар бүрд өсөлт дэвшил гарах хүлээлт өндөр байгааг тэд хэлж байна.

            Цар тахлын хүнд хэцүү үе ард хоцрох сайн сайхан жил айсуй. Иймд монгол түмэн минь сар шинэдээ сэтгэл тэнэгэр, бие эрүүл, элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан, тайван жаргалтай сайхан шинэлээрэй.    

 


ЦАР ТАХЛЫГ ДАРСАН САЙХАН ЖИЛ АЙСУЙ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188