• Өнөөдөр 2024-04-20

Сайхан цаг ирнэ, гэхдээ иргэн нь ухамсартай, төр нь хариуцлагатай байх эсэхээс хамаарна

2021-02-07,   1268

-Бид зургаа хоногийн дараа 10 хоногийн хатуу хөл хорионд орно. Чухамдаа бидний өмнө хамгийн хариуцлагатай байх 16 хоног тулж ирээд байна-

 
       Манай улс өнгөрсөн оны яг өдийд буюу хоёрдугаар сарын 1-нд хилээ хааж байлаа. Коронавирусийн анхны, идэвхтэй голомт болоод байсан БНХАУ-тай хиллэдэг агаар, төмөр зам, авто замын бүх боомтуудаа хаасан нь коронавирусийн халдвар орж ирэхээс урьдчилан сэргийлэх, тэмцэх, хориглон хамгаалалт хийх төр засгийн анхны шийдвэр байсан юм. Түүнээс хойш бид яг нэг жил коронавирустэй тэмцэж байна. Энэ жилийн хугацаанд коронавирусийг яриагүй, айгаагүй өдөр, цаг, минут үгүй билээ. Бас өнгөрсөн 365 хоногийн 60 орчим хоногт нь улсаараа анх удаа хатуу хөл хорионы дэглэмд байлаа. Хэдий бид ингэж бүтэн жил коронавирустэй тэмцэж буй боловч өнөөдрийн байдлаар 1890 хүн коронавирусийн халдвар авч, тэднээс хоёр хүн нас барж, 1399 хүн эдгэрээд байна. 
 

Коронавирусийг дайсан, тэмцэж буйгаа дайн гэвэл...

 
      Коронавирусийг дайсан, тэмцэж буйгаа дайн гэвэл бид яг бүтэн жил коронавирустэй тулалдаж байна. Эмч, цагдаа, дотоодын цэрэг, онцгой байдлын алба хаагчид, мэргэжлийн хяналтын байцаагчид галын тэргүүн шугаманд бүхий л чадлаараа “байлдаж” буй боловч энэ “дайн”-нд бидний хоёр нөхөр амь эрсдэж, 1890 хүн “шархдаж”, улсаараа багагүй хохирол амсаад байна. Гэхдээ шархдагсдаас 1399 нь эдгэрч, галын шугамандаа буцаж нэгдээд байгааг хэлэх хэрэгтэй. 
 

Бид зургаан хоногийн дараа дахин нэг удаа хатуу хөл хорионы дэглэмд шилжинэ. Энэ удаагийн хатуу хөл хорио 10 хоног үргэлжлэх бөгөөд энэ хоногуудад коронавирусийг дарж авах бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төр засгаас төлөвлөж буй. Чухамдаа яг одоо бидний өмнө хамгийн чухал, хариуцлагатай, ухамсартай байх 16 хоног тулж ирээд байна. 

 
Яагаад урьд урьдын тэмцлүүдээс, хөл хорионуудаас хамгийн чухал нь вэ гэвэл үүнээс цааш дахин хөл хорио тогтоох боломж, хөл хорионоос үүдэлтэй санхүүгийн болон бусад ачааллыг даван туулах чадамж бидэнд бараг л үлдээгүй учраас тэр. Коронавирусийн улмаас үйл ажиллагаа нь доголдсон ч бүтэн жил бүсээ чангалж, тэвчсэн худалдаа, үйлчилгээ, аялал жуулчлал гээд голлох салбарын аж ахуйн нэгжүүд одоо туйлдаж байна. Зарим нь аль хэдийн “цагаан туг”-аа өргөсөн. Бас бүтэн жил ажилгүй, орлогогүй байсан ард иргэд цаашид тэсэх, тэвчих тэнхэлгүй болж, коронавирустэй тэмцэхийг биш хоногийн хоолоо олохыг чухалчилж эхлээд байна. Бас улсын эдийн засаг үлэмж хэмжээгээр агшиж, урт хугацаанд үргэлжлэх хямралын хавсрага тавиад эхэллээ. 
 
Өнөөх дайнаараа зүйрлэвэл бидний сум, зэвсэг хэрэгсэл, хоол хүнс, тулааны стратеги гээд бүхий л нөөц дуусаж байна. Тийм ч учраас тал бүрээс цөмөрч орж ирээд байгаа коронавирус гэх дайснуудыг бүр мөсөн дарж авахын тулд сүүлчийн бүх нөөцөөрөө эцсийн давшилтанд орох гэж байгаа юм. 
 
Хөл хорионы 10 хоногт Улаанбаатар хотын нийт хүн амын 90 хүртэлх хувийг шинжилгээ, тандалтад хамруулахаар төлөвлөсөн бөгөөд айл өрхүүдээр явж шинжилгээ авах баг, сорьцын нөөц бүрдүүлэх ажил хангагдсан гэж мэдэгдээд буй. Хэрвээ эрсдэлт бүлгийн хүн нэг бүрийг алдалгүй шинжилгээнд хамруулж, илэрсэн тохиолдлуудаа хавьтлуудтай нь хамт тусгаарлаж чадвал хөл хорио дуусахад бид “айдгаа авдартаа хийсэн” байх болно. 
 
Гэхдээ хөл хорионоос өмнөх зургаа хоног нөхцөл байдлыг эсрэгээр нь эргүүлэх аюултай. Учир нь уламжлалт Сар шинийн баярын бэлтгэл хангах гэсэн иргэд зах, худалдааны төвүүдийг дүүргэж байна. Хэдийгээр Засгийн газар Сар шинийн баярыг нийтээр тэмдэглэхгүй байх шийдвэр гаргасан ч гэр гэртээ баярын ширээ засах эсэхийг нь хянаж, цагдаж чадахгүй. Өөрөөр хэлбэл, цар тахлын аюул заналхийлсэн энэ үед Сар шинийн баяр тэмдэглэх бэлтгэлээ хангах гэж зах худалдааны төвүүдээр явж, халдвар тээгч болж, цааш нь тараах уу, эсвэл нэг жилийн Сар шинийн баярыг тэмдэглэлгүй алгасаж, цай сүүний дээжээ өргөж ёсоо гүйцээгээд,  хайртай бүхнээ хамгаалах уу гэдэг нь бидний ухамсраас хамаарах асуудал болоод байна. Хэрвээ хөл хорионоос өмнөх зургаа хоногт иргэн бүр гадуур явахгүйгээр ухамсартай байж, үүний дараа 10 хоногийн хөл хорионы дэглэмийг чанд мөрдөж чадвал 16 хоногийн дараа сайхан цаг ирнэ. Эс чадвал коронавирусийн эсрэг дайнд “цагаан туг”-аа өргөнө. 
 

Тиймээс дахиж хөл хорионд орохгүйн төлөө, амны хаалтгүйгээр бусад руу инээмсэглэдэг болохын төлөө, хайртай бүхнээ аюулгүйгээр тэвэрдэг болохын төлөө, цар тахал гэж дахин ярихгүйн төлөө, буцаад ажилтай, орлоготой болохын төлөө ирэх 16 хоногт иргэн нь ч, төр засаг нь ч хаа хаанаа хариуцлагатай байцгаая. Иргэн нь ухамсартай байгаад төр засаг нь хариуцлагатай байж чадвал коронавирустэй тэмцэх дайнд монголчууд ялахад ойрхон байна. 

 
 

Сайхан цаг ирнэ, гэхдээ иргэн нь ухамсартай, төр нь хариуцлагатай байх эсэхээс хамаарна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-02-06 10:52:23
    Н.ЛХАГВАДОРЖ : МУ 1 ЖИЛ, 1 САР, 1 ХОНОГ УЛСААРАА, НИЙСЛЭЛ ХОТ ДАЯАРАА ДЭЛХИЙН ТҮҮХЭНД БАЙГААГҮЙ УРТ СУНЖУУ, ТЭГЭЭД БАС ҮР ДҮН ГАРДАГГҮЙ КАРАНТИН-ХӨЛ ХОРИО ТОГТООЖ, ДЭЛХИЙН ХОШИН ШОГИЙН ДЭЭД РEКОРД-ГИННEССИЙН НОМД ТЭМДЭГЛЭГДЭН ТҮҮХЭНД ҮЛДЭХ БОЛОВОО, ХӨӨРХИЙ. АРЧААГҮЙ УЛСТАЙ ДЭЛХИЙН УЛСУУД ХАРЬЦДАГГҮЙ, ТООДОГГҮЙ ГЭДГИЙГ КОВИДЫН ЭСРЭГ ВАКЦИНЫ АСУУДАЛ ХЭЛЭЭД ӨГӨВ ӨӨ ХӨ.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188