• Өнөөдөр 2024-04-19

ЭРГЭЛТИЙН ОНЦЛОХ НИЙТЛЭЛ: ТҮҮНИЙГ БУУРАЛ ХЯРУУ УНАСАН НАМРЫН ӨГЛӨӨ БУУДСАН ЮМ ГЭНЭ ЛЭЭ...

2022-03-27,   500

-ЭХ ОРНЫХОО ТӨЛӨӨ ХАЛУУН АМЬ, БҮЛЭЭН ЦУСАА ҮЛ ХАЙРЛАН ЗҮТГЭЖ, ЭЦЭСТ НЬ "ЭХ ОРНООСОО УРВАСАН" НЭР ЗҮҮЖ, ХЭЭРИЙН ШОРОНД АМЬ ҮРЭГДСЭН ДОМОГТ 22 ДУГААР МОРЬТ ХОРООНЫ ДАРГА РАДНААГИЙН БАДАРЧИЙН ҮНЭН ХИЙГЭЭД ГУНИГТ ТҮҮХ-

           ...Наймдугаар дивизийн домогт 22 дугаар морьт хорооны эх орныхоо төлөө дайтаж явсан идэрхэн залуусын сэтгэл сэмрээж, зүрх зүссэн гунигт түүхийг уншигч таны өмнө дэлгэж байна. Түүхийн шарласан хуудсыг сөхөж, эх орны эрэлхэг, зоригт баатар Раднаагийн Бадарч хэмээх хүмүүний дууль мэт амьдрал, цусан гавьяаг энэ цагийнханд эргэн сануулахыг хүслээ.

          Дайсны суманд оногдоогүй хорооны дарга Раднаагийн Бадарч өөрийн хүмүүсийнхээ хэлмэгдүүлэлтийн хар шуурганд өртөж, буудуулан нартаас буцсан харамсал төрүүлж, зүрх шархируулсан баримт миний ширээн дээр байна. Эх орон баатрыг төрүүлдэг бас үгүйсгэдэг гэдэг. Халхын голын дайны хүч тэнцвэргүй 20 гаруй тулаанд хороогоо удирдан орж, эр зориг, эрэмгий чадлаараа ялсан, дайсны бүслэлтэд орчихоод, хороогоороо хүйс тэмтрүүлчих шахсан эгзэгтэй мөчид мөр зэрэгцэн тулалдаж явсан нөхдийнхөө амийг аварч, өөрийнхөө алтан амийг зольсон цэл залуухан баатар эрийн гавьяа өнөөдрийн бидний амгалан тайван амьдралын үндэс гэдгийг бид мартах учиргүй. Домогт наймдугаар дивизийн 22 дугаар морьт хорооныхны эх орныхоо төлөө амь хайргүй тулалдсан гавьяаг хэн ч үнэлээгүйгээр барахгүй тэдэнд эх орноосоо урвасан ял тулгасан гашуун үнэнийг бид мөшгөн сурвалжиллаа. 

           ...22 дугаар хорооны ард явдаг, тэдний хорооныхон ялагдсан үед нэмэлт хүчээр орох үүрэгтэй, гарын арван хуруунд багтахаар жижиг тулаанд гардан орсон гэгддэг 23 дугаар морьт хорооныхон 22 дугаар хорооныхны гавьяаг хүртсэн тухай учир мэдэх хүмүүс ярьсаар иржээ. Тодруулбал, "Дандаа арын эгнээнд байсан тэд мандан бадарч, 23 дугаар морьт хорооноос мөн ч олон улсын баатар төрж, энгэртээ багтахгүй шахам одон медаль зүүчихээд Халх голын дайны ой болгонд оролцож, найрын ширээний хойморт хүндлүүлэн суудаг байсан даа. Харин цусан гавьяа байгуулсан 22 дугаар морьт хорооны эрэлхэг дайчид “Ахмад дайчин” гэсэн тэмдгээ гандсан дээлэн дээрээ зүүчихээд гунигтайхан алхаж явсаар хорвоог дуусгасан даа" гэх сонсоход хэцүү ч хэн ч үгүйсгэж байгаагүй яриа настайчуудын дундаас гарсаар байна.  Энэхүү түүхийг гэрчлэх яриаг “Өдрийн сонин”-ы албаны дарга, нийтлэлч Пүрэвийн Хашчулуун одоогоос долоон жилийн өмнө “Үнэндээ Бадарч маань амь гуйгаагүй юм аа” гэсэн гарчигтайгаар нийтэлж байлаа.

             Домогт 22 дугаар морьт хорооны комиссар Ерэнтэйн Цэдэн-Иштэй хөөрөлдсөн тэрхүү сүүлчийн яриа үл тайлагдах олон зүйлийн зангилааг тайлж, үлдээсэн байдаг юм билээ. 30 гаруйхан настай эр зоригийн дууль Р.Бадарч цэл залуухан цэргийн дарга залуу дайсны мөндөр шиг шаагин, салхи зүсэх суман бороон дунд дайтаж, газрын хөрс онги татан тэсрэх бөмбөгөнд ч оногдолгүй эх орноо хамгаалж, эрэлхэгээр дайтаж байсан гэдэг. Гэвч хэлмэгдүүлэлтийн хар сүүдэрт "даруулж", Дотоод яамны ажилтны суманд алтан амиа өгсөн гэдгийг тэдний ярилцлага гэрчилдэг. Комиссар Е.Цэдэн-Ишийн ярилцлага нийтлэгдсэний дараа 22 дугаар хорооны дарга Раднаагийн Бадарчийн ар гэрийнхэн Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд байдаг тухай сураг гарсан юм. Иймд бид түүнийг багагүй хугацаанд эрэн хайж, сурагласны эцэст олсон билээ. 

22 дугаар морьт хорооны дарга Р.Бадарч энэ нутагт амьдардаг байжээ. Хуучнаар Хөвсгөл аймгийн Тариалан сумын Эрдэнэбулган баг. 

         Түүний үр удмын хүн болох Доржхүүгийн Энхтуяа гэх эмэгтэй Раднаагийн Бадарч гэдэг хүнийг 1988 оноос хойш нэгд нэгэнгүй судалж, баримт цуглуулж, өвгөн аавынх нь хамгийн бага дүү гэдгийг олж тогтоон, эрэл сурлаа үргэлжлүүлсээр өнөөдөртэй золгож байгааг бид олж мэдсэн юм. Тэр Раднаагийн Гэлэгжамц гэдэг хүний хүүгийнх нь охин. Тодорхой хэлбэл, түүний өвөө Р.Гэлэгжамц нь 22 дугаар морьт хорооны дарга Р.Бадарчийн хамгийн том ах нь байжээ. 

              Д.Энхтуяа бидэнтэй гурван цаг орчим хөөрөлдөж, Р.Бадарч гэх хүний тухай бүр эхнээс нь, цэрэгт хэрхэн мордсон, яаж цэргийн дарга болсон, хүч тэнцүүгүй тулаанд хэрхэн оролцсон, Японы цэргийн сумнаас дөрвөн сар эр бор харцага шиг "зугтаж" чадсан ч улсаасаа урвасан ялтан хэмээн "цоллогдож", хээрийн шоронд хэрхэн амь үрэгдсэн, ингэхдээ бүр эх орон нэгтийнхээ буудсан ганц суманд оногдсон, дараа нь яаж цагаадсан талаар ярьсныг уншигч танд хүргэе. Д.Энхтуяагийн ярьсан, түүний олсон баримтууд цөм үнэн гэдгийг Батлан хамгаалахын Төв архивт хадгалаатай сонины шар хуудсууд, баримтууд нотолж байлаа. Өөрөөр хэлбэл, бид тус архивын баримтуудыг түүний ярьсан зүйлстэй шүүн тулгасан хэрэг. 

ДОМОГТ ХОРООНЫ ДАРГА РАДНААГИЙН БАДАРЧИЙН УДМЫН ТҮҮХ

         Тэр "22 дугаар морьт хорооны дарга Р.Бадарч нь долоон хүүхэдтэй айлын хамгийн бага нь. Хөвсгөл, Булган аймгийн заагт Архан буурал, Эгийн голоор тэднийх өгсөж, уруудаж нутагладаг байсан юм билээ. Түүний хамгийн том ах нь Дамдин, эгч нь Сэрээтэр, дараагийн ах нь миний өвгөн аав Гэлэгжамц, Ширмэн, Хүдэргомбо, Долгор гэж хүмүүс байсан. Раднаа гэдэг айлын үр, хүүхдүүд нь Булган аймгийн Тэшиг, Хөвсгөл аймгийн Тариалан суманд амьдардаг байсан юм билээ. Тухайн үед одоо миний амьдарч буй Эрдэнэбулган сум Тариалан сумын аравдугаар баг гэж явдаг байлаа. Өвөөгийнх маань хэдийгээр долоон хүүхэдтэй, өнөр өтгөн айл ч гэлээ ач, зээ цөөхөнтэй байсан юм гэнэ лээ. Гурван ч хүүхэд нь хүнтэй сууж байгаагүй, ганцаараа хорвоог туулсан байдаг. Нутгийн хүмүүс хэлэхдээ манай удмын хүмүүсийг “Хэлэх гэснээ шуудхан хэлчихдэг. Шударгадуу хүмүүс байсан” гэж ярьдаг. Миний хөгшин аав ч гэсэн ил цагаан үгтэй, шударга, хэнээс ч айж ичихгүйгээр үгээ хэлдэг, зарчимч хүн байлаа. Манай удмынхны нутаглаж байсан Архан буурлын хэсэгт сүүлд цаг үе сайхан болсны дараа “Эх оронч Р.Бадарчийн нутаг” гээд төмөр дээр цагаанаар бичсэн пайз хадаастай байдаг байсан. Сүүлдээ олны хөлд дарагдаад алга болсон байна лээ. Р.Бадарч гэдэг хүний ээжийн тухай би сайн мэдэхгүй. Миний аав ч аавынхаа ээжийн талаар надад ярьж байгаагүй. Тухайн үед Р.Бадарч ах маань цэргийн дарга болж, дараа нь эх орноосоо урвасан нэр зүүж хэлмэгдээд, удмынхан маань чимээ багатай, бусдаас нуугдаж, тарж амьдарсан гэсэн. Тухайн үед чинь цаг үе хэцүү байсан учир урвагчийн удмынхан гээд удмаараа цоллуулахаас айж байсан байх. Товчхондоо ийм л удамд төрж, өссөн хүн, хорооны дарга Р.Бадарч гэдэг чинь" хэмээлээ.

АРХАНЫ ГОЛООС ЦЭРЭГТ МОРДСОН ГУРВАН БАДАРЧИЙН НЭГ НЬ РАДНААГИЙН БАДАРЧ

РАДНААГИЙН БАДАРЧИЙН НУТАГЛАЖ БАЙСАН НУТАГ, БИЧИГ СУРСАН ГАЗАР, ТЭР ЭНДЭЭС ЦЭРЭГТ МОРДЖЭЭ. 

          Тэрбээр үргэлжлүүлэн "Хүмүүсийн сайн мэдэхээр Архан хар уул, Буурлын гол гэдэг чинь Даян дээрхийн хүрээний нутгийг хэлдэг юм. Арханы голоос тухайн үед Бадарч нэртэй гурван залуу цэрэгт мордож байсан гэдэг юм билээ. Тэдний нэг нь миний удмын хүн болох Раднаагийн Бадарч. Харамсалтай нь, нэг голоос мордсон гурван Бадарчийн нэг нь ч эргэж ирээгүй гэж ярьдаг. Дайны өмнөх он жилүүдэд эрэлхэг, эрдэм номтой хөвгүүдээ цэргийн албанд мордуулсан нутгийнхан ч эргэж ирэхгүй гэж бодоогүй биз. Манай ах Бадарч өндөр нуруутай, нүд, хөмсөг сайтай, алаг нүдтэй, сэргэлэн сайхан залуу байсан талаар нь нутгийнх нь ярьдаг. Арханы голд “Архан тэнхим” гэж байсан юм билээ. Тэр тэнхимээс  бичиг үсгийн боловсролтой, сэхээтэн хүмүүс төрөн гарсан байдаг. Р.Бадарч ах маань ч тэр тэнхимд монгол бичгийг гарамгай эзэмшиж, цэрэгт мордсон гэдэг. Цэрэгт очоод удаагүй ЗХУ руу цэргийн сургуульд явж байсан гэсэн. Гэхдээ яг хэдэн онд цэргийн албанд мордсон гэдгийг яг таг мэддэг хүн байхгүй. Өвгөн аавын яриагаар “Миний дүү Бадарч цэргийн дарга байсан. Залуудаа хэлмэгдэж, хээрийн шоронгоор таслагдаж байсан гэдэг. Ер нь цэргийн дарга дүүтэй байсан гэдгээ 1969 он хүртэл нууж амьдарсан даа. Нас барахаасаа 10 жилийн өмнө л дүүгийнхээ талаар, дүүгийнхээ нэрийг хэлэх эрхтэй болсон" гэсэн билээ. Сэтгэлдээ олон жил дарамттай, хар дарсан зүүд шиг амьдарсаар л миний өвөг дээдэс насыг барсан гэдэг. Дайны он жилүүд мөн ч хэцүү байсан байгаа юм шүү. Хүүгийнхээ нэрийг хэлэх эрхгүй, ах, дүү нар манай удмын хүн гэж ярьж ч чадахгүй байна гэдэг амьдын там байлгүй дээ. Ийм учраас манай удмынхан хоорондоо холбоо муутай амьдарсан даа" хэмээн урт гэгч нь санаа алдав. 

Р.БАДАРЧ 22 ДУГААР МОРЬТ ХОРООНЫ ДАРГА БОЛСОН НЬ

            Цэл залуухан цэрэгт мордсон хүү, хэдэн жилийн дараа цэргийн дарга болсон мэдээ ар гэрийнхэнд нь ирсэн юм билээ. Гэхдээ чухам яаж, ямар бартаат замыг туулж тэнд хүрснийг ар гэрийнхэн нь төдийлөн мэдэхгүй. Р.Бадарч ахыг 22 дугаар морьт хорооны дарга болсон талаар Халхын голын байлдааны хүнд ширүүн өдрүүд, ялалтын баяр баясгалан, гуниг гутралын аль алиныг үзэж өнгөрүүлсэн тус хорооны комиссар Е.Цэдэн-Иш баримттайгаар өгүүлсэн байдаг. Тэрбээр Халхын голын байлдааны ялалтын 49 жилийн ойд зориулж, наймдугаар дивизийн 22 дугаар морьт хорооны тухай хожуу боловч ярих болсондоо ахмад дайчны хувьд баяртай байгаагаа илэрхийлж, ярьсан байгаа юм.

            Тэрбээр “1926 онд Сүхбаатар аймгийн Чоно голд нэгэн суман цэрэг суулгаж түүнийг есдүгээр тусгай морьт суман гэж нэрлэж байсан. Цаг үеийн шаардлагаар 1936 онд наймдугаар дивизийг байгуулахад энэ тусгай 22 дугаар морьт хороо болон өргөжиж дивизийн бүрэлдэхүүн орсон түүхтэй. Раднаагийн Бадарчийн тухайд бол пулемёт сумангийн дарга байгаад 1938 онд 22 дугаар морьт хорооны даргаар томилогдож байлаа. Бид тэр үеэс л гар нийлж, хамт ажиллаж эхэлсэн билээ. Манай хороо дээд командлалын шийдвэрээр 1939 оны зургадугаар сарын 16-наас Халхын голын байлдаанд оролцсон Их давшилт эхлэх үед буюу 1939 оны наймдугаар сарын 20 хүртэлх хугацаанд их бага нийлсэн 20 гаруй тулаанд оролцсон. Үүнээс хоёр ч удаа японы үлэмж давуу хүчинд бүслэгдэн, дайчдынхаа ур чадвар, удирдагч хүний ур ухаанаар дайсны талыг сэтлэн гарч байсан юм. Японы янз бүрийн салбар анги, зэвсэг техникээр хүч нэмэгдүүлсэн баргын VI, VIII морь хорооны эсрэг маневрлах болон хориглох, байлдан тагнах зэргээр байлдаж байсан бөгөөд тулалдаан гэж нэрлэхгүй ч буун дуугүй өдөр байгаагүй. Манай хороотой мөр зэрэгцэн зөвлөлтийн армийн И.И.Федюнинскийн командалсан мотобуудлагын 24 дүгээр хороо цохилтын хүч болон зогсож, бидэнд өмөг түшиг болж байсны ачаар харьцангуй бага хохирол авсан даа. Хорооныхоо 20 гаруй тулалдаанаас энд заримыг нь нэхэн саная. 1939 оны оны наймдугаар сарын 12-нд Их элсний өндөрлөгт танк, хуягт машин, их буугаар хүч нэмэгдүүлсэн Японы явган хороо 22 бөмбөгдөгч онгоцоор дэмжүүлэн дайрч манай хороог бүсэлсэн билээ. Бид бүтэн хоёр хоног хориглон байлдаж дайсны хоёр танк, зургаан хуягт машин, 10 гаруй галын цэг, 200 амьд хүчийг устган 10 хүн олзлон бүслэлтийг сэтлэн гарсан. Энэ тухай Г.К.Жуковын “Бодол” дурдатгал номын нэгдүгээр ботийн 176 дугаар хуудаст тэмдэглэсэн бий. Энэ тулаанд манайхаас 20 гаруй хүн алагдаж, 40 орчим цэрэг шархдаж, хүн пулемёт нэг, хөнгөн пулемёнт хоёр, зүтгэх хүчний 20 морь жагсаалаас гарсан юм даа. Бүслэлтээс гарсны дараа бидэнд туслахаар ирж яваа зөвлөлтийн 24 дүгээр мотобуудлагын хороо, манай 23 дугаар морьт хорооны дайчин нөхөдтэйгөө ялалтын баяр бахдалаар уулзан догдолж байснаа санаж байна. Их давшилт эхэлдэг өглөө манай хороо нэгдүгээр эгнээнд, бидний араас хоёр жигүүрээр V дивизийн Ч.Дугаржав даргатай 23 дугаар морьт хороо ташаа даран фронтоор давшилтад орсон юм. Их давшилтад манайхаас гурван хүн амь үрэгдэж, хоёр хүн шархдаж байхад дайсны талаас 20 гаруй хүн үхэж, үлэмж хэмжээний зэвсэг техник жагсаалаас гарч олзлогдсон юм. Их давшилт дууссаны дараа 1939 оны есдүгээр сарын 6-нд Дархан уулын райноор дайсан цөмөрч магадгүй гэснээр зөвлөлтийн танк эсэргүүцэх нохойтой ангиар хүч нэмэгдүүлэн манай хороог байлдахаар очиход дайсны тал бууж өгч байлаа. Есдүгээр сарын 7-нд 800 хүнтэй хороо бууж өгсний зэвсгийг нь хурааж аваад дивизийн штабт хүргэж өгч байлаа шүү дээ. Үүнээс хойш гурав хоноод Нөмрөгийн Мана уулын тулаан руу явах тушаал авсан” гэж бичсэн байна лээ.

        Е. Цэдэн-Иш гуайн энэ яриа 22 дугаар морьт хорооныхныг зургадугаар сараас есдүгээр сар хүртэл тасралгүй байлдаж, Их давшилтаас хоёр, гуравхан хоногийн дараа Мана уулын тулгаралт, хүч тэнцүүгүй тулаан руу гурав, дөрвөн сар цусан дундуур туучсан цэргүүдээ аваад, Р.Бадарч ахыг явсныг илтгэнэ.

         Тулалдаанаас тулалдааны хооронд амьдарсан 22 дугаар морьт хорооныхныг яагаад Мана уулын тулгаралт руу явуулсан бэ гэдгийг би мөн л уншиж судалсан. 1987 онд “22 дугаар морьт хорооны дарга Р.Бадарчийг та мэдэх үү” захидлыг хорооныхонд нь Улаан-Од сонины сэтгүүлч явуулж байсан юм билээ. 50 жил өнгөрсөн эрээнтэй, бараантай түүхийг мэдэх хүн ховор, хорооныхон нь аль хэдийн мартсан байх гэж бодоод тэр сэтгүүлч захидал ирэхгүй гэж бодсон гэнэ лээ. Гэтэл түүний бодож байснаас ч олон захидал ирж, Р.Бадарч гэх хүний өгүүлсэн байна билээ.

     Захидал дунд хоёр дайныг үзсэн ахмад дайчин Пүрэвжамцын Жамбацамц гуайн захиа байсан. Тэр Р.Бадарч ахын тухай ингэж бичсэн байна лээ. “Бадарч бид хоёр нэг нутгийн улс. Хөвсгөл аймгийн Тариалан сум, Х баг Эрдэнэбулган сум, надаас хоёр ах шиг санагдаж байна. Одоо байвал 74 настай (1988 он) байх учиртай. Эцэг Раднаа нь Эгийн голыг өгсөж, уруудан насыг элээсэн. Бадарчийн эгч Сэрээтэр, ах Ширнэн, Гэлэгжамц нар нь ч гэсэн энэ нутаг усандаа одоо ч амьдарч байна. Намайг 1936 онд цэрэгт очиход Бадарч салааны дарга байсныг ихээ тод санаж байна. Би “Алтан нутгийн хүн” гээд тэднийх рүү байнга гүйнэ. Бадарч хэдий офицер, би цэрэг ч гэсэн тэр надад ихэрхэж, томорхож байгаагүй. Угийн сэтгэл зөөлөн, туйлын нөхөрсөг, тэднийхээр орж гарах хүн ч олон. Би дизивийн холбоонд ажилладаг болохоор байнга уулздаг байсан. Фронтод очсоноос нь хойш бишгүй утсаар ярьдаг байлаа.

            Бадарч сайхан хүн байсан даа. Пулемёнтыг онцгой мэднэ. Хамгийн сүүлд түүнтэй би ингэж уулзсан юм. Байлдаан дууссан үед холбоо руу Дизивийн дарга Д.Нянтайсүрэн залгасан. Тэр “Бадарчийг яриул” гэлээ. Бадарч байсангүй. Дарга дурамжхан байгаа бололтой. Би Бадарчийг отож байгаад ойр ойрхон яриад байсан чинь өөрөө хээрийн штабт хүрээд ирсэн. Бадарч даргыг ирснээс хойш удаж, удаж ирэв.

Тэгээд дарга

         -За дүү хүү явах боллоо доо.

-Хашаа?

           -Нөмрөг рүү. Ганц сайн байлдъя. Сайн байлдаарай гэсэн тушаал өгөөд буцсан. 

Бадарчийг “Хорооны даргад муу байлдах эрх гэж байдаггүй юм аа” гээд гарч одсоноос нь хойш бид уулзаагүй" гэх захиаг бичсэн байна лээ. 

 

Хоёр дахь хэсгийг ЭНД дарж уншаарай.

Гурав дахь хэсгийг ЭНД дарж уншаарай.

Дөрөв дэх хэсгийг ЭНД дарж уншаарай.

 


ЭРГЭЛТИЙН ОНЦЛОХ НИЙТЛЭЛ: ТҮҮНИЙГ БУУРАЛ ХЯРУУ УНАСАН НАМРЫН ӨГЛӨӨ БУУДСАН ЮМ ГЭНЭ ЛЭЭ...
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188