“Жүжигчний ажил бол хүн судалбар байдаг” гэж багш, ахмад уран бүтээлчид маань ярьдаг. Тэгэхээр бид дүрээ судалж, эрж, хайсан бүхнээ тайзан дээр амьдруулах даалгавартай улс. Түүнийхээ төлөө л бүтээлээс бүтээл, дүрээс дүрийн хооронд хичээж явна даа” гээд ярихад нь өнөө л бидний дүрүүдээс нь хэзээний мэдэх танил инээмсэглэл тодорно. Жүжигчин Т.Бархүүгийн найм дахь тайзны уран бүтээлийн дүр нь Монголын анхны мюзикл драм болох энэ сарын 6-нд нээлтээ хийх гэж байгаа “Гайжин: Монгол самурай” жүжгийн Шогун Нобуяасу гэх 60 гаруй настай Япон эр гэнэ.
.jpg)
Эл дүр, бүтээлийнхээ тухай тэрбээр “Миний өмнө нь тайзнаа бүтээж байсан дүрүүдээс хамгийн ахмад настай нь энэ дүр. Энэ жүжигт дүр бүтээх явцдаа Японы соёлоос бага ч болов суралцаж байгаадаа баяртай байгаа. Учир нь, бид жүжигт өрнөж буй тухайн цаг үеийн нөхцөл байдлыг харуулахын тулд Самурайн хувцас, малгай, эдлэл хэрэглэл гээд бүх зүйлийг нь нэг бүрчлэн судлах шаардлагатай болж байгаа юм. Их нарийн дэг жаягтай хувцас өмсөж байна. Тухайлбал, хамгийн сонирхолтой мөртлөө хэцүү нь модоор хийсэн гутал нь байдаг юм билээ. Түүн дээр явахад их хэцүү. Гэсэн ч тухайн цаг үе, тэнд амьдарч байсан хүнийг онцлон харуулах гэж буй учир хувцас, бүх зүйл нь тэр л хэв маяг, үзэмжээрээ байх ёстой. Түүнийг бид өөрсдийн мэт, хэзээнээс өмсөж дадсан хувцас мэт өмсөж дүрээ бүтээх нь л уран бүтээлчийн гол ажиллах зүйл байна даа. Тэгэхийн тулд сайн судалгаа хэрэгтэй” гэсэн юм.
“Гайжин: Монгол самурай” жүжиг дуучин Б.Мөнхбаярын зохиолыг нь бичиж, ерөнхий продюсераар нь ажилласан бүтээл байна. Мөн продюсераар нь Б.Сод-Очир хамтарсан бол найруулагчаар нь “Инээмтгий хүн” жүжгээр нь бидний хэдийнэ мэддэг болсон “Про” театрын найруулагч Б.Даваасүрэн ажиллажээ.
Энэ ч утгаар бид “Б.Даваасүрэн найруулагчийг уран бүтээлчийнхээ зүгээс та найруулан тавьсан жүжиг, тоглосон уран бүтээлээр нь нэг харсан байх. Нөгөө талаар хамтран ажиллахад найруулагчийнх нь онцлогийг илүү ойроос таньж, мэдэрч байгаа болов уу” гэхэд “ОХУ-д жүжигчин, найруулагч мэргэжлээр сургууль төгссөн залуучууд “Про” театрыг үүсгэн байгуулаад, олон сайхан уран бүтээл тайзнаа амилуулаад явж буйг үзэгчид андахгүй болсон байх. Миний хувьд эдгээр залуусын саналыг аваад, хамтран ажиллаж байгаадаа баяртай байна. Найруулагчийн тухайд жүжигт хамтран ажиллахад бүх зүйл нээлттэй, эрх чөлөөтэй, хүндэтгэлтэй байгаа нь их сайхан санагдаж байгаа. Нэг ёсондоо жүжигт оролцож буй уран бүтээлчид дүрдээ ажиллахдаа өөрсдийн санаа бодлыг шингээх боломжтой байгаагаараа илүү давуу талтай байна. Мэдээж бусад найруулагч тийм боломж олгодоггүй гэж байгаа юм биш. Харин түүнээс ч илүү нээлттэй, чөлөөтэй, ардчилсан байдлаар найруулагч, жүжигчин хамтран жүжгээ бүтээж байгаа нь гол онцлог юм. Энэ ч үүднээс Б.Даваасүрэнг нийгмээ сайн мэдэрсэн, залуу хүний хувьд тайзнаа олон зүйл туршсан, эрэл хайгуулч ирээдүйтэй найруулагч юм байна гэж харж, үнэлж, хайрлаж байгаа юм” гэж байв.
"...Найруулагчийн тухайд жүжигт хамтран ажиллахад бүх зүйл нээлттэй, эрх чөлөөтэй, хүндэтгэлтэй байгаа нь их сайхан санагдаж байгаа. Нэг ёсондоо жүжигт оролцож буй уран бүтээлчид дүрдээ ажиллахдаа өөрсдийн санаа бодлыг шингээх боломжтой байгаагаараа илүү давуу талтай байна..."
.jpg)
Үргэлжлүүлэн түүнээс “Сүүлийн жилүүдэд театр ч олон болж, хүмүүс тайзнаас олон төрлийн бүтээл үзэж байна. Тайзны уран бүтээл хийдэг продакшны уран бүтээлчийн хувьд та Монголын театрын урлагийн хөгжлийг хэрхэн харж байдаг вэ” гэж асуухад “Тийм ээ. Улсын драмын эрдмийн театр олон сайхан бүтээл тайзнаа амилуулсаар байна. Араас нь “Про”, “Орфей”, “Монгол” гээд театруудыг үүсгэн байгуулж, сайхан бүтээлүүд тавьж байгаад олзуурхаж байгаа. Үүнээс гадна манай хошин урлагийн продакшн, хамтлагууд ч жүжгээ тавьсаар байна. Тэр дундаа “Мөрөөдлийн театр”-ынхаа залууст илүү талархмаар байна. Өөрсдөдөө байгаа бүх боломжоо шавхан, үзэгчдэдээ сайхан тайзны бүтээл үзүүлэх хүслээрээ жигүүрлэн урагшилж байгаа залуус. Ерөөс одоо театрын урлагт зүрх сэтгэлээ зориулж, шинэ сонирхолтой жүжгийг үзэгчдэдээ хүргэхээр хичээж яваа бүх продакшн, театрын уран бүтээлчдэд том баяр хүргэж, бахархдагаа хэлмээр байна. Тэдэнд ямар ч төр засаг тусалдаггүй. Тэд өөрсдийн потенциал, өөрсдийн хөрөнгө мөнгөөрөө жилдээ нэг, чадвал хоёр уран бүтээл тавьж байна. Хамгийн гол нь тулгарч байгаа бүх асуудлыг давж гарч, уран бүтээл хийх хүсэл мөрөөдөлдөө шатаж, шантрахгүйгээр яваа нь хайрламаар байдаг” гэнэ.
.jpg)
"...Ерөөс одоо театрын урлагт зүрх сэтгэлээ зориулж, шинэ сонирхолтой жүжгийг үзэгчдэдээ хүргэхээр хичээж яваа бүх продакшн, театрын уран бүтээлчдэд том баяр хүргэж, бахархдагаа хэлмээр байна..."
Тиймдээ ч тэрбээр адилхан уран бүтээлчийн хувьд аль болох чадах чинээгээрээ дэмжиж, уран бүтээлийн санал ирвэл хамтлагийнх нь болон оролцохоор товлосон уран бүтээлтэй нь давхцахгүй л бол орохыг хичээдэг тухайгаа хэлж байв. Үндсэндээ түүний хувьд продакшныхаа бүтээлээс гадна тэр “Орфей” театрын тавьсан “Фауст” жүжгийн Мефистофли буюу чөтгөр, тун удахгүй нээлтээ хийх энэхүү “Гайжин: Монгол самурай” жүжгийн Шогун Нобуяасу гээд хоёр жүжигт дүр бүтээсэн нь энэ байна. “Фауст” жүжигт түүний бүтээсэн Мефистофлийн дүрд өмнө нь МУГЖ Л.Баттулга буюу Аглуу тоглож байсныг үзэгчид мэднэ байх. Дараа нь түүнийхээр үзсэн.
Тэрбээр “Фауст” жүжгийнхээ талаар “Миний тоглож буй тав дахь сонгодог бүтээл. Өмнө нь “Аянгын бороо”, “Сэрүүн хасын нууц”-аас гадна Төрийн шагналт, гавьяат жүжигчин Д.Сосорбарам гуайн найруулсан Айн Рэндийн “Нэгдүгээр сарын 16-ны шөнө”, “Сайтар эргэцүүл” сонгодог жүжигт ажилласан. Гэсэн хэдий ч “Фауст” жүжигт тоглох саналыг аваад дотроо эмээж байсан. Учир нь Монголд пост драмын жүжиг маш цөөхөн тавигддаг. Баг хамт олонтойгоо, жүжигтэйгээ танилцлаа. “Альфа” театрын Монголын тайзны урлагт оруулж ирж буй инноваци, шинэчлэл маш их таалагдсан. Би гадаадын жүжгүүдийг хараад, гайхаж биширдэг, цагаахан атаархдаг. Манай “Х түц” продакшн ч гэсэн инновацийг ашигласан шинэлэг бүтээл хийх юм сан гэсэн хүсэл, төлөвлөгөөтэй байдаг. Тийм дээ ч найруулагчийн шийдлүүд миний санаж бодож явдаг зүйлтэй таарч тохирохын хэрээр миний айдас, эмээсэн бодлууд арилсан" гэж ярьсан байдгийг мөн ярианыхаа дунд дурдаж байна.

Бидний яриа цааш хошин урлаг, дэлгэц, драмын жүжиг гэх төрөл тэдний гол онцлогийг тухай бидний яриа хөвөрсөн юм. Энэ ч утгаар түүнээс “Драмын жүжиг бусад төрлөөс илүү ажиллагаа шаарддаг уу” гэхэд “Жүжигчин хүн үзэгчидтэйгээ шууд харилцдаг гэх утгаар тайзны бүтээлийн гол онцлог оршдог. Тэгэхээр тэнд бид ямар ч алдаа мадаг гаргахгүйгээр, өндөр анхааралтай байж тухайн дүрдээ амьдардаг. Нөгөө талаар театр, тайзны бүтээл бол практик. Олон жилийн туршлага дээр суурилснаар тайзан дээр тоглож байгаа хүмүүсийн суурь илэрдэг юм болов уу гэж боддог. Уран бүтээлчийн бүхнээ зориулж, өөрт байгаа нөөц боломж, авьяас билгээ тултал дайчилдаг газар бол тайз. Мэдээж үүнтэй зэрэгцэн тулгарч буй асуудал ч бий. Жүжигчин бүх авьяас билиг, нөөц бололцоогоо дайчлан тоглох гэтэл гэрэл, техникийн дэвшил байхгүй. Яг үнэндээ өнөөдөр тайзан дээр ийм нэг гэрэл тавьмаар байна гэхэд тэр гэрэл нь бэлэн баймаар байна. Салхи үлээмээр байна гэхэд салхилуулагч нь баймаар байна. Гэвч байхгүй. Энэ бүхнийг бүрдүүлж, уран бүтээл хийе гэхэд зардал их гарна. Тэгэхээр тайзны урлагт өөрсдийгөө зориулдаг хүмүүс бол бие, сэтгэл, хөрөнгө мөнгөнөөс авахуулаад олон зүйлээ золиосолдог. Тэгэхээр тайзны урлаг илүү амьд байдаг учир шийдвэр гаргах түвшний хүмүүс энэ тал дээр анхаарах л ёстой. Үзэгчид даарч байж яаж тухайн жүжгийг тав тухтай сууж үзэх юм бэ. Хэрэв би удирдагч байсан бол хамгийн түрүүнд театр, тоглолт, жүжиг тавьдаг газруудын халаалтыг шийднэ. Дараа тайз, гэрэл, техник гээд шинэчилж, театрын урлагт сэтгэл гаргаж ажиллана” гэж өөрсдөд тулгардаг гол асуудлуудаа ч яриад амжсан.
"...Уран бүтээлчийн бүхнээ зориулж, өөрт байгаа нөөц боломж, авьяас билгээ тултал дайчилдаг газар бол тайз..."

Үргэлжлүүлэн “Драмын жүжигт дүр бүтээх маш ажиллагаатай. Тухайн дүрээ бүтээхийн тулд жүжигчнээс асар их хүч хөдөлмөр, оюун, сэтгэл зүйн өндөр шалгуур шаардаж байдаг. Үүгээрээ би хошин урлаг, дэлгэцийн бүтээлийг амархан гэж байгаа юм биш. Тэр дундаа хүн инээлгэх бүр хэцүү. Яг үнэндээ би өнөөдөр энэ драмын жүжигт хэцүүгийн наад талыг л тоглож байна. Уучлаарай, би хошин урлагаа ямар ч үед өмөөрнө. Хүн инээлгэхээс илүү уйлуулах амархан. Хүн өөрийгөө зовлонг ярихад л хэн нэгэн дагаад уйлна. Магадгүй өнөөдөр ингэж ярихаар драмын уран бүтээлчид надад дургүйцэх байх. Гэхдээ хүн инээлгэх хамгийн хэцүү шүү. Үзэгчид инээхгүй бол бид юмаа хийж чадахгүй байна л гэсэн үг. Бидний ажлын үр дүн тэр дороо мэдрэгддэг. Үүнтэй адил драмын урлагт хүн уйлуулах, хүнийг автуулна гэдэг мөн л амаргүй. Гэхдээ хүн инээлгэх нь бүр хэцүү” гэж давтан өгүүлэв.
"...Хүн инээлгэх бүр хэцүү. Яг үнэндээ би өнөөдөр энэ драмын жүжигт хэцүүгийн наад талыг л тоглож байна..."
Түүний дүрүүдийн оргил нь үзэгч миний хувьд “Сэрүүн хасын нууц” жүжгийн дүр нь. Тиймдээ ч эл дүрийн талаар асуухгүй өнгөрч болохгүй. Тэрбээр “Сэрүүн хасын нууц” жүжгийн дүр хэцүү байсан. Тухайн дүрдээ амьдарч, тухайн үеийн 1000 гаруй хүмүүсийн зүрх сэтгэлийг эзэмдэж, эсрэг талын дүрийг эерэг болтол нь харуулах гэж хичээсэн. Тэгээд тэр дүрд минь баяр хүргэж, өнөөдөр ч үзэж байгаа үзэгчдэдээ их баярладаг. Жүжиг болгоны дүр өөр өөрсдийн гэсэн онцлогтой. Өнөөдрийн энэ “Гайжин: Монгол самурай” жүжгийн дүр магадгүй хүмүүст “Сэрүүн хасын нууц” жүжгийнх шиг хүрэхгүй байж болно шүү дээ. Гэхдээ үзэгчдэд хараахан тоглоогүй байгаа учир хэлэхэд хэцүү байна" гэлээ.
"...Өнөөдрийн энэ “Гайжин: Монгол самурай” жүжгийн дүр магадгүй хүмүүст “Сэрүүн хасын нууц” жүжгийнх шиг хүрэхгүй байж болно шүү дээ..."
Харин “Анх тайзнаа дүрд тоглож байсан Т.Бархүү өнөөдрийн тайзнаа гарч байгаа Т.Бархүү хоёр мэдээж ялгаатай байх. Энэ ялгааг та хэрхэн харж байна вэ” гэхэд “Ялгаа байлгүй яах вэ. Би өмнө нь тайз бол практик, туршлага гэж хэлсэн шүү дээ. Тэгэхээр 10 жилийн өмнө тайзнаа гарч байсан Т.Бархүү, өнөөдрийн Т.Бархүү хоёрын хооронд их ялгаа бий. Энэ хугацаанд би жүжиг, тайзны шоу тоглолт, бусад арга хэмжээ гээд энэ туршлагууд өөрөө надад энэ жүжигт тоглоход их туршлага болж байна” гэж хариулсан юм.
“Гайжин: Монгол самурай” жүжиг Улаанбаатар театрт энэ сарын 6-12-ныг хүртэл 19:30 цагаас ердөө долоо удаа тоглох юм.
| Т.БАРХҮҮ: Уран бүтээлчийн бүхнээ зориулж, өөрт байгаа нөөц боломж, авьяас билгээ тултал дайчилдаг газар бол тайз |
|
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |