• Өнөөдөр 2024-05-02

ТҮҮНИЙГ БУУРАЛ ХЯРУУ УНАСАН НАМРЫН ӨГЛӨӨ БУУДСАН ЮМ ГЭНЭ ЛЭЭ...-II

2022-03-21,   1572

-Мана ууланд дөрвөн мянган хүнтэй Японы армынханд хүчтэй цохилт өгсөн 22 дугаар морьт хороог дөрвөн их буугаа намагт орхисон учир ялд унагажээ-

Түрүүч нь https://ergelt.mn/news/173/single/19262

            ...Наймдугаар дивизийн дарга Н.Нянтайсүрэн өөрийн биеэр хээрийн штабт очиж, 22 дугаар морьт хорооны дарга Раднаагийн Бадарчид “Нөмрөгт ганц сайн байлдаад ир. Сайн байлдаарай” гэх аргадаж бас халган байж өгсөн тушаал... Магад Н.Нянтайсүрэн дарга 22 дугаар морьт хорооныхонд, Р.Бадарчид итгэхдээ л дөрвөн сар зогсоо зайгүй тулалдсан цэргүүддээ тушаал өгөхөөр хээрийн штабт өөрийн биеэр очсон ч байж мэднэ. Тэр тэднийг л чадна гэж итгэж, тэдний ялалтын тулаанаар дайныг, тулгаралтыг бүр мөсөн зогсоохыг хүссэндээ дайны талбараас ирсэн цэргүүдээ явуулах шийдвэр гаргасан байх. Учир нь, 22 дугаар морьт хорооныхонд тулалдаагүй тулаан, ялаагүй ялалт, сэтлээгүй сэтлэлт гэж байгаагүй юм билээ. Раднаагийн Бадарч ганцхан хоногийн өмнө тулааны төв цэгт дайснуудаа ялж, хээрийн штабт ирсэн цэргүүдээ дагуулаад Нөмрөг рүү хөдөллөө. Цусан дундуур дөрвөн сар туучиж, эх орныхоо төлөө өдөр, шөнөгүй бэлэн байдалд шилжиж, мөр зэрэгцэн байлдаж явсан нөхдийнхөө сүүлчийн харцыг дайны талбарт үлдээж, нэг голоос цэргийн албанд мордсон андынхаа цогцсыг зүүн мөрөн дээрээ үүрээд гүйхдээ эх орон гэдэг ямар их үнэтэйг мэдэрсэн цэргүүд тулгаралт руу явахдаа нэг нь ч эсэргүүцээгүй юм гэнэ лээ. Яг үнэндээ цэргийн шинелиэ тайлаагүй тулалдсан цэргүүд ядарчихсан, сэргэлт авч, нэг шөнө ч гэсэн бүтэн нойртой хонож, ходоодоо дүүртэл шөл устай хоол идэж чадаагүй сэнсэрчихсэн байжээ. Унаж яваа морьд нь ч ялгаагүй унааширч, ядраад ёстой л монгол мориныхоо тэсвэр тэвчээрээр шогшиж явсан гэнэ. Чапа ногооныхоо захны цагаан даавууг сольж, урагдаж, цусанд булагдсан өмднийхөө халцархайг цэвэрлэж, малгайгаа тэгшилж, бүсээ янзлаад, хоолойгоо чийглэх хоёр балга уус амсчихаад тэд дайтахаар хөдөлсөн юм гэдэг. Тэднийг ийн мордохоос нэг хоногийн өмнө буюу тулгаралтаас ирсэн өдөр нь эх орноо хамгаалсан эрэлхэг зоригийг нь “Цусан гавьяаны улаан тугийн одон”-гоор мялааж, шагналыг нь удахгүй гардуулах тухай  баярт мэдээ ирсэн байжээ.  Хорооны цэргүүдийн нүдэнд баярын мишээл тодорч,  “Тэгэлгүй яах вэ дээ. Биднээс өөр хэн тулалдсан юм бэ. Манай дарга жинхэнэ эр хүн шүү гээд л” баярлацгааж байсан юм гэсэн. Гавьяагаа үнэлүүлсэн талархлын захианы хэлтэрхийг уншаад, халагдах өдрийг, хайртай бүхнээ, хайрлан хамгаалсан эх оронтойгоо цуг тэвэрч байгаагаар төсөөлөөд, давхиулж явсан байх даа, тэд. Тэдний энх амьдрал, эх орныг минь бүрэн бүтнээр нь бидний алган дээр тавих гэж мөн ч их хичээсний хичээл зүтгэл Нөмрөгт үргэлжилнэ.

   22 дугаар морьт хорооны комиссар Е.ЦЭДЭН-ИШ: Дэслэгч генерал Богданов өөр хүч байсаар байхад дөрвөн сар гаруй өөд уруугүй байлдаад ядарчихсан манай хороог  явуулсан даа

          1939 оны есдүгээр сарын 11. 22 дугаар морьт хорооныхон Нөмрөг, Мана ууланд очив. Есдүгээр сарын 8-нд хээрийн штабаас гарсан тэд хүч сэлбэж явсаар 12 их буутай, 4000 хүний бүрэлдэхүүнтэй Япон цэргүүдийн үүрлэсэн Мана ууланд очжээ. Мана ууланд юу болсон, ямар нөхцөл хүлээж байсныг энд нэг бүрчлэн бичиж үлдээе.

        Нөмрөгийн тулааныг хүч тэнцүүгүй тулаан болсон гэдгийг олон хүн гэрчилнэ. Нөмрөгийн тулааны талаар ахмад дайчин Лхамын Лувсандорж, Хишигтийн Бавууцэвээн, Далхсүрэнгийн  Дамдинсүрэн нар Улаан-Од сонинд захидал бичиж байжээ. Тэд захидлаа “Олон жил дуугүй явлаа. Магтуулах гэж гавьяа байгуулдаггүй ч мартагдах ёсгүй. Амьд гэрч олон бий” гэж эхлүүлжээ.

          Тэд “Олон жил бодол санаагаа илэрхийлж чадахгүй өдийг хүрлээ. Халхын голын байлдаан дуусаж японы самуурайнууд бууж өгөх  актад гарын үсэг зурахад бэлэн болоод байсан яг тэр үед Нөмрөгийн голд нэгэн тулалдаан болсныг ахмад үеийнхэн, ялангуяа тэнд байлдсан дайчид сайн мэднэ. Есдүгээр сарын 11-нд Мана уулаар манай улсын хилд  япончууд цөмөрснөөр уг байлдаан эхэлсэн юм. Үнэхээр хүч тэнцүүгүй, яах ч аргагүй юм болсон. Хэрэв дарга нар маань ухаан сийлж ухарч авч гараагүй бол цөм нэг довон дээр өнгөрөх байсанд өнөө ч эргэлзэхгүй байна. Түүх түүхээрээ үлдэх ёстой. Тэр тусмаа эх орны төлөө тулалдагсдын ариун  нэр, алдар гавьяа цагийн саалтад элж мартагдах учиргүйн цаад  учрыг та бүхэн сайн мэдэх болохоор энэхүү захидлыг өргөн толилуулав” гэжээ.

         Ахмад дайчдын богинохон боловч үнэнийг бичих, сэтгэлээ чөлөөлөх, насны эрхээр дарагдсан нүднийхээ харааг цэлмүүлэх гэсэн сүүлчийн хүсэл тэднийг үзэг, цаас хоёр нийлүүлэхэд хүргэсэн биз ээ. Дайсны өөдөөс сүүлчийн сумаа шавхан байж буудахдаа өөрийнхөө зогсож байгаа газрыг хамгаалахыг, хайрлан нандигнахыг, мөр зэрэгцсэн нөхдөдөө дэм өгөхийг, эрэлхэг, зоригтой байхыг хүссэн тэдний Нөмрөгийн тулаан хоёр хоног үргэлжилжээ.

       22 дугаар морьт хорооны комиссар Е.Цэдэн-Иш гуайНөмрөгийн тулалдаанд манай 22 дугаар морьт хороо наймдугаар дивизийн даргын тушаалаар орсон. Тэгэхэд Нөмрөгийн Мана ууланд дайсны хоёр дивиз хүч байсан юм байна лээ. Тэр үед япон гол хүчээрээ Номун ханы чиглэлээр байлдаж байсан. Бид баруун урдаас нь буюу Хамар даваанаас тэдэнтэй тулалдаж байсан. Мана уул чинь манайхаас баруун урагш. Орос, Монголын армийн ар талд байгаа газар. Гэтэл манай ар талаас цохих бэлтгэл хүчээ япончууд Мана ууланд хуралдуулчихсан байж. Тэр үед Халхголын фронтын штабын дарга нь дэслэгч генерал Богданов гэж хүн байсан юм. Тэр Богдановын үйл ажиллагаа сул байсан юм уу, ямар нэг байдлаар алдаа мадаг гарч тэрхүү Мана ууланд байгаа тийм том хүчийг үнэлэлгүйгээр дөрвөн сар гаруй өөд уруугүй байлдсан манай хороог тийш нь тавьсан юм байна лээ. Манай хороо үнэхээр ядарч сульдсан байсан. Олон ч цэргээ алдсан байсан. Гэтэл өөр явуулах хүч байсаар байтал үхтлээ тулалдсан манай хороог тавина гэдэг бол ямар ч улсын байлдааны дүрэмд байхгүй зүйл болсон л доо. Бид очсон өдрөө гурван цагийн ширүүн байлдаан хийж, Дайсан ч нар гарангуут шаргуу дайрч эхэлсэн. Сумангуудын мэдээлснээр бол Японы талаас лавтай мянга орчим цэрэг үрэгдлээ гэж мэдээлсэн. Тэгэхэд манай хороон дарга Бадарч “Мянга ч юу юм бэ, дайсны цэргийн үрэгдсэн тоог 600 хүнээр ав. Ялж л байвал олон цөөн нь хамаагүй” гэж хэлсэн юм. Тэр үеийн Оросын максим пулемётоор бид зэвсэглэсэн байсан. Минутад 500-600 сум гаргадаг буу шүү дээ. Япон мөн хүнд пулемёттой. Тэр нь яадаг вэ гэхээр 600 метрээс цааш явахгүй. Манайх бол мянга, мянга 500 метрт алж л байна шүү дээ. Бадарч дарга тэр байлдаанд өөрийнхөө хэрэглэдэг арга буюу галлахыг хүлээлгэж дайсныг ойртуулаад байсан. Гурван зуун метрт орлоо гэнгүүт надад хэлээрэй, би тушаалаа өгнө гэж хэлээд буугаа гозолзуулаад явсан” гэж ярилцлага өгсөн байдаг юм билээ.

         Олон сарын байлдаанд ядарч сульдсан 22 дугаар морьт хороо хавсарсан хүчтэйгээ нийлээд 700 орчим хүнтэй, дөрвөн их буутай явсан юм билээ.  Дөрвөн их буутай, 700 хүнтэй Бадарчийн хороо, 4000 хүнтэй, 12 их буутай япончуудын өөдөөс тулалдсан гэхээр Мана уулын тулгаралт ямар хүч тэнцвэргүй тулаан болсныг илтгэх биз ээ. Бас  29 удаагийн дайн тулгаралтад орсон хороог  яг л торгуулийн суман шиг дахин байлдаанд явуулсан байдаг. Өөр хүч байсаар байхад шүү. Тэд гэхдээ өгсөн тушаалаас няцаагүй. Эх орноо хамгаалахаар  эр зоригийн дууль мэт байлдсан.

РАДНААГИЙН БАДАРЧИЙН БИЧСЭН СҮҮЛЧИЙН ЗАХИДАЛ

         Дөрвөн сар аадар шиг шаагьсан япончуудын суманд өртөлгүй дайтаж, хамгаалах ёстой эх орноо хором бүрд хамгаалж, тушаалыг тушаал шиг биелүүлсэн хэдэн цэргээ хүчин мөхөстөж, амь тэмцэж байгааг харсан 22 дугаар морьт хорооны дарга Раднаагийн Бадарч, комиссар Е.Цэдэн-Иш нар Наймдугаар дивиз рүү цахилгаан явуулжээ. Тэд дайсны талаас дарж авсан хүүрэн дундуур алхаж явахдаа, эх орныхоо төлөө амиа өгсөн өөрсдийнхөө цэргүүдийн нүдийг хүн ёсоор дарж явахдаа “Дайсан манайхаас багагүй цохилт авлаа. Хариугаа авахын тулд өнөө шөнөдөө багтаж дайрна” гээд ийнхүү арга буюу захидал хүргүүлснийг учир мэдэх хүмүүс бичсэн байдаг юм билээ.

1939 оны есдүгээр сарын 11-нд  үйлдсэн нэгэн бичиг архив одоо ч хүртэл хадгагдсаар байгаа. Эл бичгийг “Харьяат дарга комиссар танаа” гэж нүүрлэжээ.

 “Манай анги 11-ний өглөө 05:00 цагаас эхлэн байлдаж, бүслэгдээд байлдах жагсаалаас гарсан байна.  Баримт нь:

1.         Их бууг алдсан, бас хөнгөн пулемёт цөөн алдсан.

2.         Дайсан 12 их буутай явган хороо, хэсэг морин ангийн хамтаар байгаа болно

3.         Морьд зуур замдаа ихээхэн  хаягдаж ирснээс гадна хүйтэн бороонд өдий төдийгөөр осгож үхэж  буйгаас явган болов.

4.         Кросин үгүй учраас хүнд хөнгөн пулемёт бүгд галлахгүй хоосон болсон.

5.         10-ны өдрөөс эхэлж энэ өдөр хүртэл цас, бороо холимог орж цэрэг дарга ихээхэн даарч байна. Баримт нь бууны замгийг онгойлгож дийлэхгүй болжээ.

6.        Ар талаас 30 үхэр явуулсны 26-г замдаа алдсанаас дөрөв нь очсон ба хуурай хэрэглэл юу ч үгүй болсныг мэдэгдье. Үүнд хоолны машин явуулах гэсэнд эвдэрсэн учир хөдөө замдаа суусан болно.

7.         Энэ үед ямар нэгэн эд хогшил, хувцас хунарын зүйл нь нойтон учир хүйтэнд даарах явдал аюултай бөгөөд ямар ч үүргийг биелүүлж үл чадахуйц болсон байна. Иймд тус ангийг хэрхэх тухай шийдвэрийг нэн даруй довтолгон явуулах хэрэгтэй байна.

8.         Хуучин эзэлсэн байраас гурван км ухарч Нөмрөг голын инад хориглон буй болой.

9.         Хорогдлыг тогтоож заасан бүртгэлийг авч тусгай хавсаргав. Жич: Тамхи чүдэнзний зүйл хорооны хэмжээнд огт үгүй” гэжээ.

Хүнээ бодож, эх орноо хайрлаж, өөрсдөд нь ял зэм ноогдох болов уу гэх сэтгэлийн өргүй, айдасгүй бичсэн тэдний эл захидал очих ёстой дивизийн дарга Дүгэрийн Нянтайсүрэн, Очирын Дандгай нарт очсон гэдэг нь баримтаар нотлогддог юм билээ. Харин харамсалтай нь, тэдэнд ямар үүрэг чиглэсэн өгсөн эсэх нь одоо ч хүртэл тодорхойгүй. Цагийн эрхээр элэгдэж, энд, тэнд гээгдсэн юм болов уу гэж бодохоос биш 22 дугаар морьт хороо руу хариу захидал илгээсэн нь архивд лав хадгагдаагүй байна лээ. Түүний сүүлчийн энэхүү цахилгаан хуудаст үнэнээ өгүүлж, ямар хүч тэнцвэргүй тулаанд эрэлхгээр тулалдаж буйг гэрчилнэ.  

МАНА УУЛЫН ТУЛААНААС Р.БАДАРЧ ШИЛЖИХ ТУШААЛААР ХӨДӨЛСӨН ХОРОО ДӨРВӨН ИХ БУУГАА НАМАГТ ХИЙВ

            Тэр харьяат даргадаа албан бичиг илгээчихээд ухраагүй. Эцсийн бүх хүчээрээ л дайтсан гэдэг. Дайсны тэр их хүчийг амь насаараа тогтоон барилцсан нөхдөө зохион байгуулж, өөр тактикаар дайснуудтай хүч үзэх замыг сонгосон байдаг юм билээ. Энэ талаар 22 дугаар морьт хорооны комиссар Е.Цэдэн-Иш гуайБид хориглочихсон окопон дотроос байлдаж байлаа. Япончууд бүр ил цагаан, Мана уулын энгэрээс, газрын дээрээс дайрсан болохоор бараг таньдаг хүнээ танихаар тийм хэмжээнд хүрч ирж байгаа байхгүй юу. Тийм улс чинь үхэхгүй яах вэ. Тэгсээр байтал зарим газраараа манай галын цэг дээр дайсан нэвтрээд ороод ирсэн. Ингээд галлах пуужин хөөрсөн бүх хүчээрээ зэрэг галласан. Тэгэхэд урдаас хэвтэж босоод ирж явсан дайснууд чинь нам буугаад хүнд цохилтод орно биз дээ. Тэгэнгүүт япончууд Мана уулын энгэрийг харанхуй болтол хөшгин утаа тавиад ухарчихсан. Ингээд утаа арилаад гучаад минут болсны дараа хартал япончууд байдаггүй. Мана уулын энгэрт хүүр ирийгээд л байдаг. Амьд хөдөлж байгаа хүн байхгүй. Япончууд ийм арга хэрэглэж манай галаас сугарсан юм. Тэгээд буун дуу зогссон. Тэр үед Бадарч дарга “Манай хороо энэ байранд байж болохгүй. Зайлна. Зайлахдаа өдөр зайлж болохгүй, цаадуул чинь харна. Харанхуй болгоод зайлъя” гэсэн. Ингээд шөнө нь бид зайлахдаа урагшаа дайсан руугаа нэг км ойртоод тэндээсээ баруун тал руугаа эргэж нэгэн том уулыг эзэлж авсан. Гэтэл тэр шөнө дайсны танк ч дайрсангүй. Ингээд л энэ шөнийн газар солилтоор дөрвөн их буугаа намагт хийчихгүй юу. Тэр шөнөдөө бүтэн суман цэрэг гаргаж ухаад буугаа авч чадаагүй” гэж ярьсан байдаг билээ.   

            Ингээд л нөмрөгийн дайн дөрвөн их бууны гарзтай, олон хүний амиар төгссөн юм гэдэг. Хэцүү цаг үед цэргүүдээ удирдаж, ухаан сийлсэн Бадарчийг тухайн үед Мана уулын энгэрт магтаж, түүнээр бахархаж суусан олон цэрэг бий. Хэрэв тэр цагт Бадарч ухаан уралдуулаагүй, дээрээс ирэх нэмэлт хүчийг хүлээсэн бол хороогоороо хүйс тэмтрэгдэх байсан гэдгийг олон цэрэг гэрчилнэ.

МАНА УУЛЫГ МАНААД ҮЛДСЭН ЦЭРГҮҮДИЙН НҮДЭН ДЭЭР БАДАРЧИЙГ БАРИВЧЛАВ

      Хүч, бяр нь эцсийн мөчдөө тулсан цэргүүдийн ялалтын инээд, уулнаас гарах авиатай зэрэгцэж, Мана уулыг манаад үлдсэн цэргүүдийн цогцос бүрэн хөрөөгүй байхад, эх орноо хамгаалсан цэргүүдийн баярын нулимс хатаагүй байхад Дотоод яамнаас дэд хурандаа 10 гаруй хүнтэй Мана ууланд иржээ. Морины цэрэгт нэрс бичсэн цаас өгөөд, “Хурдан аваад ир” гэх тушаал өгсөн гэдэг юм билээ.

      Нэр бичсэн цаасан дээр 22 дугаар морьт хорооны дарга Р.Бадарч, комиссар Е.Цэдэн-Иш, их бууны батарейны дарга Д.Дамдиндорж, улс төрийн удирдагч А.Пунцагдорж нарыг бичгийн машинаар бичиж, тамгалсан байжээ. Мана уулын амнаас бууж явахдаа тэд хачин баяртай, бас нуруутай алхаж явсан гэдэг. Олон бодлыг эргэцүүлж, дайсныг дарсан, магтуулах гэж гавьяа байгуулаагүй ч магтах нь гэх бодлыг тээсээр дуудсан дарга нарын өмнө очсон юм гэнэ лээ. Хүн ёсоор, цэргийн даргын ёсоор мэнд мэдэхтэй зэрэгцээд, тэр дөрвийг гавлаж, машинд суулгажээ. Хар шуурга, хачин сонин өдрүүд, халуун амь, бүлээн цусаа ч үл хайхран зүтгэсэн эх орон нь нүдний өмнө сүүмэлзээд, Мана уулын энгэрт орхисон хэдэн дайчнаа эргэн эргэн харсаар буутай цэрэгт хөөгдөн машины тэвшин дээр суугаад хөдөлсөн байна...

   Энэ бүгдийг 22 дугаар морь хорооны дарга Раднаагийн Бадарчийн ургийн хүн болох Д.Энхтуяа гэх бүсгүйн 1988 оноос хойш судалж, бид түүний ярьсан бүхнийг архивт байгаа баримтуудтай тулгасны эцэст уншигч таны хүртээл болгож буй гэдгийг энд цохон тэмдэглэх нь зүйтэй болов уу. 

Үргэлжлэл бий...

 

 


ТҮҮНИЙГ БУУРАЛ ХЯРУУ УНАСАН НАМРЫН ӨГЛӨӨ БУУДСАН ЮМ ГЭНЭ ЛЭЭ...-II
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 8
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-24 19:00:54
    Төрөө: Өдрийн сонины Хашаагийн бичсэн нийтлэл бна ш дээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-22 08:28:58
    Баас : Энийг чинь Баабар тулгарал бсан дайн бгаагуй гээд л Алтан мядал Японии аваад бгаамдаа Гутамшигт Монгол эр
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-22 08:28:34
    Баас : Энийг чинь Баабар тулгарал бсан дайн бгаагуй гээд л Алтан мядал Японии аваад бгаамдаа Гутамшигт Монгол эр
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-21 22:41:17
    Өлзийсайхан: Үнэнийг түүхийг өгүүлсэнд баярлалаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-21 11:02:38
    Hiisen ymtai: Bat-Uulig bodvol
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-21 11:01:47
    22 дугаар морьт хороо: Улсын баатар болгоогой
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-21 11:01:10
    Erdenebulgan: Tanaih bainga ingej tasalj bichdegee bolioch amtand n orood yg unshih geher duuschih ym urgeljlelee hurdan oruul
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-21 10:09:42
    Мөнхөө: Үнэн болсон явдалыг баримттай бидний оюуны мэлмийд хүргэсэн төнд баярлалаа
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188