• Өнөөдөр 2024-05-02

ТҮҮНИЙГ БУУРАЛ ХЯРУУ УНАСАН НАМРЫН ӨГЛӨӨ БУУДСАН ЮМ ГЭНЭ ЛЭЭ...-IV

2022-03-24,   806

Түрүүч нь https://ergelt.mn/news/173/single/19381

-30 ЖИЛ ХЭЛМЭГДҮҮЛЭЛТИЙН “ХОРИХ”-Д ЯЛЛУУЛСАН РАДНААГИЙН БАДАРЧИЙН ХОРООНЫХНЫГ ЦАГААТГАЛАА-

       ...Тэр, тэд хэлмэгдсэн. Монголын төр түүнийг, түүний дайчдыг, домогт 22 дугаар морьт хорооныхныг хэлмэгдүүлсэн. 22 дугаар морьт хорооныхон 30 жил хэлмэгдүүлэлтийн “хорих”-д өөрсдийгөө яллаж, тарчилсан. Хүч тэнцвэргүй тулаанд орж, хороогоороо хүйс тэмтрэгдэхээс аврагдаж, байрлалаа өөрчлөх шийдвэр гаргасан Бадарчийг Монголын төр “Эх орноосоо урваж, ухарсан” гэж үзээд, байгуулсан гавьяаг нь ганц сумаар “шагнаж” дөрвөн их бууныхаа оронд амийг нь авч одсон юм.

          Уулын энгэрээс ачигдаж, баригдаж ирсэн Бадарчийг нэг л өглөө буудаж, харин Дамдиндорж, Цэдэн-Иш нарыг амь хэлтрүүлж, 10 жилийн хорих ял оноосон юм билээ. Хүү нь эх орноосоо урвасан, тэрслэгч, японы тагнуул гэх адгийн муугаар яригдаж, нэрийг нь ч хэлэх эрхгүй болсон Бадарчийн ар гэрийнхэн. Дайснуудад биш, өөрсдийнхөө цэргүүдэд, төрийн бодлогодод бут цохиулсан 22 дугаар морьт хорооныхон үхсэн юм шиг амьдрах эмгэнэлтэй хувь заяатай нэгэнт учиржээ. Бадарчийн ар гэрийнхэн тархан сууршиж, “Цэргийн дарга хүүтэй, дүүтэй байсан” гэсэн өнгөцхөн яриаг өнгөрсөн цаг дээр ярихаас өөр эрхгүй. Бадарч гэх нь битгий хэл нэрнийх нь эхний үсгийг ч хэлэх эрхгүй, хэцүү цаг үед насаа элээсэн юм гэнэ лээ, тэднийхэн. Тийм дээ ч Раднаа гуайн ач, зээ нар нь Бадарчийн талаар сайн мэдэхгүй. Тэд хожим цаг сайхан болох үед буюу Бадарчийг цагаатгасны дараа л ах, дүү нараа сураглаж, үр удмаа мэдэлцэх ажиллагаа эхэлсэн. Гэхдээ төдийлөн сайн үр дүнд хүрээгүй.

БАДАРЧИЙН ГЭРТ ЦАГААТГАЛЫН ХУУДАС ИРЖЭЭ

          Монголын төр тэднийг, түүнийг хэлмэгдүүлсэн гэдгээ 30 жилийн дараа хүлээн зөвшөөрөв. 22 дугаар морьт хорооныхонд, Бадарчийн ар гэрийнхэнд цагаатгалын хуудас илгээжээ. Хүүгээ хүлээсэн нутгийнх нь хөх уулс, хүний харц, хөлнөөс нуугдаж амьдарсан гэрийнхэн нь 1970 онд л хүүгийнхээ нэрийг бүтэн хэлэх эрхтэй болсон юм билээ. Энх цаг ирж 30 жилийн дараа дахин шинжээч томилж, 22 дугаар морьт хорооныхны хэргийг шалгаж, хэрэгсэхгүй болголоо. Шинжээжид цаг агаарын нөхцөл байдал, туулах замаас шалтгаалж, тэднийг хориглох газраа хожимдож очсон, өдрийн цагаар хориглолтод шилжсэн нь хугацаа алдсан, хоёрт дайснаас өрсөх зайлшгүй шаардлагатай, яах ч аргагүй холбоотойг тогтоожээ. Нөгөө талаар тэд их бууны галт байрыг голын цаад талд (намгаас цааш гэсэн үг) авсныг тактикийн хувьд буруу гэх үндэсгүй гэж үзжээ. Учир нь, галт зэвсэг байр эзлэхэд ухрахыг биш бат тогтвортой хориглохыг гол болгосон нь илт харагдаж байна гэж үзсэн аж.

          Тухайн үед Бадарчийг буруутгасан нэг гол зүйл болох ухралтыг шинжээчид хүчний харьцаа, бусад бодит хүчний зүйл дээр тулгуурлан зөв байсан гэж үзсэн байна. Олон сарын байлдаанд ядарч сульдсан 22 дугаар морьт хороо хавсарсан хүчтэйгээ 700 орчим хүнтэй, дөрвөн их буутай байхад дайсан 7000 хүнтэй, 12 их буутай байсан нь хүч тэнцвэргүй тулаан байсан гэж үзэв. Мөн дайсан Мана уулын бэхлэлтийг тийм ч амархан автахааргүй хийсэн нь тогтоогдсон байна. Цагийн байдалд зөв үнэлэлт дүгнэлт хийх чадвартай хүн байгаагүй бол 700 орчим хүний хувь заяа нэг довон дээр шийдэгдэх байжээ.  Ингээд л түүнийг цагаатгах тушаал гарч, ар гэрийнхэнд илгээсэн байна. Мөн 1939 оны есдүгээр сарын 7-нд буюу Мана уулын хориглолт руу явахын өмнөх өдөр 60 дугаар тогтоолоор эх оронч гавьяаныхаа төлөө “Цусан гавьяаны одон”-гоор шагнагдсан Бадарчийг нэхэн шагнахаар болжээ. Хэдийгээр тийм шийдвэр гарсан ч хожим хойно 1990 онд “Цусан гавьяаны одон”-г нь нэхэж олгосон юм билээ. Бадарчийн эх орныхоо төлөө тулалдаж, ялд унаж, амиа өгсөн, эцэст нь цагаатсан тухай гэвэл ийм байна.

22 ДУГААР МОРЬТ ХОРООНЫ АХМАД ДАЙЧИД: Тэмдэглэлт ой, түүхэн өдөр үеийхнээ сэтгэл тэнэгэр алхалж явахад бид л даруу гэлдэрч явдаг байлаа

       Тэр хэлмэгдүүлэлтийн хар шуурганд өртөж, хар залуугаараа амиа өгсөн. Тэр зүтгэсэн. Тэр эх орноо хамгаалсан. Түүнд эх орноо хамгаалснаас өөр гавьяа, гай байхгүй. Домогт 22 дугаар морьт хорооны дарга Раднаагийн Бадарч болон дайчдыг нь цагаатгасан тухай мэдээ ам дамжигдаж, Нөмрөгийн тулалдаанд оролцсон ахмад дайчдын санаа сая нэг амарч, тэд өөрсдийнхөө, дайчдынхаа тухай хажуу айлын хүндээ бүү хэл сонинд хүртэл бичиж эхэлжээ.

1988 онд Улаан-Од сонинд Нөмрөгийн тулааны талаар ахмад дайчин Лхамын Лувсандорж, Хишигтийн Бавууцэвээн, Далхсүрэнгийн  Дамдинсүрэн бичжээ.

        Тэд “Олон жил өнгөрөв. Гэтэл манай хорооны дарга “Раднаагийн Бадарч, комиссар Ерэнтэйн Цэдэн-ишийн хэргийг цагаатгаж гэнэ” гэсэн яриа сонгогдох боллоо. Чих тавиад байлаа. Дам яриа үнэн байжээ. Бас их бууны бататейны дарга Дамдийнэрэнгийн Дамдийжавын хэргийг ч хэрэгсэхгүй болгожээ. Сэтгэлийн дарамт арилж, насны эрхээр бүдгэрсэн нүдний  хараа ч цэлэмчих шиг боллоо. Төр нүдтэй гэж үнэн юм аа. Эх орныхоо төлөө амь хайргүй тулалдаж яваад хилс хэрэгт унах шиг гутамшиг гэж хаа байх вэ. Ганцхан тэд маань ч бус бүхэл бүтэн хороо цэрэг хүний нүүр харах аргагүй болсон юм. Тэмдэглэлт ой, түүхэн өдөр үеийхнээ сэтгэл тэнэгэр алхалж явахад бид л даруу гэлдэрч явдаг байлаа. Чин үнэнээрээ бол биднийг хэн ч ад шоо үзээгүй ч аанаа л юм юмнаас хоцорно. Зарим хүн манай хороог “Муу нэртэй, луу данстай” хэвээр аль эсвэл тийм хороо байсан  гэж огт мэддэггүй бололтой. Манай  хорооны дарга Раднаагийн Бадарчийн “Хэрэг” юу болсныг, үнэхээр цагаатгасан уу гэдгийг мэдмээр байна. Комиссар нь цагаадсан юм, дарга нь нэгэн адил нэр нүүртэй болоо болов уу гэж санах юм аа” гэжээ. Чухамдаа тэд Раднаагийн Бадарч гэх хүнд нэгэн насаараа санаа зовж, түүнийг цагаатгасан гэх мэдээг бүр баталгатай сонсохыг чих тавин хүлээж байгаагаа илэрхийлсэн байна.

ДОМОГТ 22 ДУГААР МОРЬТ ХОРООНООС УЛСЫН БААТАР “ТӨРЛӨӨ”

          Харин өөр нэгэн захидалд “Ахмад үеийнхний халуун мөрөн дээр гишгэж эх орноо хамгаалах ариун үйлсэд хувь нэмрээ хандивлаж яваа энэ залуугийн бодол эрэгцүүлэл бас сонин юм. Миний бодход энд зөвхөн удирдлагын хэдхэн хүний тухай бус, бүхэл бүтэн хорооны тухай яригдаж байх шиг санагдана. Эх орныхоо төлөө халуун амь, бүлээн цусаа үл хайрлан тулалдаад эцсийн эцэст нэр төр, ёс суртахуунаар хохирно гэж юу гэсэн үг вэ. Магтуулах гэж гавьяа байгуулдаггүй ч мартагдахыг хэн ч хүсэхгүй. Тэр тусмаа энх  амьдрал, эх орныг минь бүрэн  бүтнээр нь бидний алган дээр тавьсан ахмад үеийнхнийхээ ач буяныг залуус бид мартаж болно гэж үү. Эх орны төлөө тулалдагсдын алдрыг мөнхлөн ариун санаанд нийцүүлэн наймдугаар дивизийн 22 дугаар морьт хорооныхонтой сонины хуудсанд уулзмаар байна. Миний мэдэхээс домогт пулемётчин байлдагч Дуламдоржийн Самданд (22 дугаар хорооны IV сумангийнх) БНМАУ-ын баатар цолоор нэхэн шагнасан, цаана нь хичнээн ийм баатарлаг үйлстэн, эх оронч гавьяа түүхийн тэртээд “нуугдан” үлдсэнийг мэдэх юм алга” гэж бичсэн байна.

      Энэ мэтээр Р.Бадарчид, домогт 22 дугаар морьт хорооныхны тухай, тэдэнд хаягласан захиадал Улаан-Од сонины газрын шуудангийн хайрцгийг дүүргэж байжээ. Чухамдаа олны хэл амнаас нуугдаж, үхсэн юм шиг амьдарсан дайчдын нуруу тэнийж, энх цагт эсэн мэнд байгаа нь уулзалдахыг, уулзаад сэтгэлээ амраахыг хүсэж байсан байна.

РАДНААГИЙН БАДАРЧ ИЙМ ХҮН БАЙСАН

          Мөн домогт 22 дугаар морьт хорооны дайчид Раднаагийн Бадарчийн талаар 50 жилийн ам нээж, эрээнтэй, бараантай хорвоод түүнийг мартаагүй яваа гэдгээ сануулахыг хүссэн байна. Ахмад дайчид Бадарчийн талаар ийн ярьжээ.

Лхамын Лувсандорж: 1938 оны аравдугаар сард олон хүн алдар цол шагнуулж, албан тушаал дэвшсэний нэг нь Раднаагийн  Бадарч юм. Тэр 23 дугаар хороонд пулемёт сумангийн дарга  байгаад манай хорооны дарга болсон учир бид сайн мэднэ. Тэгэхэд би бусдын нэгэн адил цэргээс салааны дарга болж дэвшсэн. Баруун  Хан-Уул, Хэрээ уул, Эмээлт, Үзүүрт, Тавиурт манхан, Дархан, Хулд уул. Нөмрөгийн голд манай хорооны байгуулсан гавьяа ялалтыг  Бадарчийн эр зориг, цэргийн эрдэм чадлаас ангид үзэж болохгүй юм шүү.

Далайн Натар: Раднаагийн Бадарчийг хувиа хичээсэн шударга бус хүнд дургүйг мэднэ. Чойжилсүрэн гэгч цэрэг ар тал руу явж богцоороо дүүрэн идэх юм аваад ирснийг мэдчихээд Бадарч дарга “Танд мах хэрэгтэй юу, цэргийн амь нас хэрэгтэй юу” гээд тачигнаж байсан нь санаанд үлджээ.

Рэнцэнгийн Дарьзав: Буудлага, морин сургуульд гарамгай байсан. Цавчина гэж үзүүлнэ. Нэг удаа баргын морьт цэргүүдийг сэлэмдсэнийг санаж байна. Гайгүй цавчдаг бидний хэдэн бага дарга хорооны даргатай хамт явсан юм. Бадарч шиг сэлмийг тийм чадамгай эргүүлдэг хүнийг ер үзээгүй.

Жамбын Булуут: Бадарч цайвардуу царайтай өндөр ч, нам ч биш нуруутай, 23-25 орчим насны, моринд эртэй залуу байсан. Хайран хүн...

Төрбатын Дорж: Шийдмэг зоригтой санаснаасаа буцаж няцахыг мэддэггүй хүн байлаа. Цэрэг хүнд халамжтай байсных нь төлөө, эх орноо гэсэн сэтгэлийнх нь төлөө бид түүнийг одоо болтол сэтгэлдээ тээж яваа юм. Харамсалтай нь энэ бодол сэтгэлээ олон жил хэнд ч хэлж  чадаагүй ээ.

        Ерэнтэйн Цэдэн-Иш “Ийм нягтарсан хамт олныг  бүрэлдүүлж  цагийн байдлыг үнэн зөв түргэн шуурхай үнэлж зөв шийдвэр гаргаж байсан хорооны дарга Р.Бадарчийн  хувь нэмэр гавьяа их тодорхой. Р.Бадарч бол ухаалаг, сэргэлэн, тогтоц хүлээцтэй хүн байсан. Хэн нэгэн хүнийг муулахад тун дургүй, бусдыг сонсож ойлгож чаддаг, удирдлагадаа байгаа хүмүүсийг бие даасан, сэтгэлгээтэй, ажил хариуцах бүрэн чадвартай байхыг шаарддаг, аливаа ажилд яаран дүгнэлт  хийхийг цээрлэдэг хүн байлаа. Хамгийн гол нь маш түргэн оновчтой зөв шийдвэр гаргадаг жинхэнэ цэргийн  дарга байсан юм. Адармаатай зүйлийг дээд тушаалын цөөн хүмүүст танилцуулж санал авсны дараа шийдвэр  гаргадаг, аливаа санал гомдлыг сонсоод  хариуцсан хүмүүсээр шалгуулах газар дээр  нь шууд шийдвэрлүүлдэг, цэрэг дайчдын ахуй хангамж, эрүүл мэнд, сэтгэл санааг байнга анхаарч тэднийхээ  дунд байхыг эрмэлздэг байлаа.

          Р.Бадарч  цэргийн  хэргийн  мэдлэгээр өндөр, байнга шинийг  эрэлхийлдэг тулалдаанд тагнуулыг маш их чухалчилдаг байв. Тагнуулын араас давхар хяналтын бүлэг явуулдаг учир үнэн зөв баттай мэдээ авч ирэхээс гадна тагнуулууд тусламж  ойрхон  байгаад сэтгэл өег явдаг байсан. Мөн галын нягтралыг  оновчтой зохион байгуулахаас гадна гал нээх зайг ойрхон баттай онох зайнд оруулдаг байсан. Энэ нь цэрэг  дайчдын сандралыг арилгаж өөртөө нөхдөдөө итгэх итгэлийг  нь батжуулан дайсны их буу пулемётын галын боломжийг бууруулж бидний амжилтыг  найдвартай болгодог байв.

         Байлдаанд атакаар орохоос болгоомжлон татан байлдах аргыг чухалчилдаг, түүнийгээ гойд зохион байгуулдаг байсан. Бүслэлтээс гарах байр, сэлбэх зэрэгт хаалтын галыг нарийн зохион байгуулан ямагт хохирол багатай байхыг чухалчилдгаас гадна мэргэн буучдыг гойд анхаардаг, унтах амрахад нь хүртэл  хяналт тавьж удирдах бүрэлдэхүүн болон өөрийнхөө дэргэд ойрхон  байлгахыг эрмэлзэнэ. Он цагийн уртад  Раднаагийн Бадарчийн тухай сэтгэлд үлдэж хоцорсон зүйл гэвэл ийм” хэмээн түүнийг дурсан бичжээ, нөхөд нь.

       Раднаагийн Бадарчийн тухай цуглуулсан баримт, шүүж тунгаасан материал гэвэл ийм байна. Эцэст нь, түүний төрлийн хүн болох Доржхүүгийн Энхтуяа “Бадарч ахын тухай судалж явахдаа баатар хүний үр удам гэдгээрээ бахархаж байлаа. Хэцүү цаг үед амьдарч дээ, миний өвөг дээдэс. Сайхан хүү нь эх орныхоо төлөө байлдаж, тулалдаж яваад эргэж ирээгүй. Цагаатгалын хэлтэрхий цааснаас өөр Бадарч ахын гэх зүйл байхгүй. Миний өвөө дүүгээ хэлмэгдсэн гэдгийг биднээс нууж, өөрийгөө их л зовоосон доо. Хожим өнгөрөхөөсөө хэдэн жилийн өмнө дүүг нь цагаатгасан тухай мэдээ ирж, нуруу нь тэнийсэн. Аав, ээж, дүүтэйгээ амьдарч байсан нутагтаа очоод, нэг их санаа алдаж билээ. Энэ бүгдийг ярихын учир ахын минь байгуулсан гавьяа жаахан ч гэсэн байдаг бол гавьяа үнэлээсэй гэж хүсэж байна” хэмээн тэр хоёр нүдэндээ гомдлын нулимс тээж, удмынхаа хүний гавьяаг үнэлүүлэх хүсэлтэй байгаагаа ярьсан юм.

          Монголын төр эх орноо хамгаалсан баатарлаг цэрэг эрсээ хэлмэгдүүлсэн үү, хэлмэгдүүлсэн. Дайчид нь амь биеэ үл хайхран эх орноо хамгаалсан уу, хамгаалсан. Тэднийг хожим хойно цагаатгасан уу, цагаатгасан. Монголын төр эх орныхоо төлөө дөрвөн сар дээлээ тайлаагүй байлдаж, эх орноо хамгаалсан хүмүүсээ хэлмэгдүүлж, бас буруугаа хүлээж цагаатгахыг харлаа, он цагийн уртад. Одоо ахмад дайчдын, домогт 22 дугаар морьт хорооныхны, Раднаагийн Бадарчийн гавьяаг нь үнэлэх л үлдэж дээ... Одоо тэд минь байхгүй ч тэдний бүтээсэн эрх чөлөө, эх орон бүрэн бүтнээрээ үлджээ. 

“Төр түмэн нүдтэй, төрсөн бие хоёр нүдтэй”. РАДНААГИЙН БАДАРЧИЙН СҮҮЛЧИЙН ҮГ.

ХӨВСГӨЛ АЙМАГ, ЭРДЭНЭБУЛГАН СУМЫН V БАГ. 2022.03.25

 


ТҮҮНИЙГ БУУРАЛ ХЯРУУ УНАСАН НАМРЫН ӨГЛӨӨ БУУДСАН ЮМ ГЭНЭ ЛЭЭ...-IV
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188