• Өнөөдөр 2024-05-05

Н.Мандуул: Хүүхдэд ээлтэй улс болгохын төлөө “Би хариуцлагатай аав, ээж” аян өрнүүлж байна

2020-09-04,   898

Сүүлийн жилүүдэд хүүхдийн эсрэг үйлдэх гэмт хэрэг нэмэгдэх болсон. Тэр дундаа гэр бүлийн хүчирхийлэл дийлэнх хувийг эзэлдэг аж. Судалгаанаас харахад хүүхдийн хүчирхийллийн 90 гаруй хувийг насанд хүрэгчид үйлдсэн байна. Энэ талаар Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Мандуултай ярилцлаа. 
 
-Хариуцлагатай аав, ээж аяны тухай яриагаа эхлэе? 
-Насанд хүрэгчид буюу эцэг, эхчүүдийн үүрэг оролцоог сайжруулах зорилгоор “Би хариуцлагатай аав, ээж” аяныг нэг жилийн хугацаатай зохион байгуулж байна. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн оны долдугаар сарын 1-нд эхэлсэн аян маань энэ оны мөн үе хүртэл үргэлжилнэ. Нэрнээсээ л тодорхой ойлгогдоно. Бид хүчирхийлэл гэхээр бэлгийн хүчирхийллийн тухай л боддог. Зөвхөн үүгээр хязгаарлагдахгүй, энэ бол нэг төрөл нь. Хүүхэд хамгааллын хуульд зааснаар хүчирхийллийн дөрвөн төрөл байдаг. Тодруулбал, сэтгэл санааны, үл хайхрах, бэлгийн, бие мах бодийн хүчирхийлэл зэрэг багтана.  Хүүхдийн эсрэг хүчирхийлэл үйлдэгчийн 90 орчим хувь нь насанд хүрэгчид байдаг. Үлдсэн 10 орчим хувийг үе тэнгийнхний дарамт шахалт эзэлдэг. Тэгэхээр эцэг, эхчүүд үүргээ сайн гүйцэтгэж аав шиг аав, ээж шиг ээж болсон цагт хүүхдэд ээлтэй Улаанбаатар, Монгол Улс бий болно.  
 
-Ямар аав, ээжийг хариуц­лагатай аав, ээж гэх вэ. Харьцангуй ойлголт биш үү? 
-Бүтэн жилийн аяны хүрээнд хийсэн хамгийн эхний ажил бол аав, ээжийн дүр гэдэг зүйлийг гаргаж байна. Аав, ээж нар ямар үүрэгтэй юм бэ гэдгийг тодорхойлох гэж хичээж байна. Зан хандлага нь төлөвшөөгүй байгаа үед хүүхдийг өөрчлөх, сургах амархан. Эсрэгээрээ насанд хүрэгчдэд өөрчлөлт хийнэ гэдэг нь нүсэр  ажил. Жишээлбэл, томчууд ажлаасаа ирээд хүүхэдтэйгээ ярилцахгүй хэр нь “Би амьдралын төлөө ядарч унатлаа ажиллаж байна”, “Би та нарын төлөө амрах ч завгүй хичээж байна” гэх мэтээр загнадаг.
 
Үүнээс асуудал үүсч эхэлдэг. Тэгэхээр ээжийн дүр гэж хэн бэ. Үр хүүхдэдээ зөв үлгэр дууриалал үзүүлдэг, хань ижилдээ халамж тавьж, гэрийн эзэгтэйн үүргээ гүйцэтгэж чаддаг байх, үр хүүхэд болон бусад хүнтэй хэрхэн харилцдаг, гэр орны ажлаа яаж хийдэг гэх мэт бүхнийг зөв хийдэг байх хэрэгтэй. Ингээд бид гэрийн дүрэм гэдэг зүйлийг гаргаж ирсэн. Айлын нөхөр буюу гэрийн эзэн ч мөн адил.  
Хүүхдүүдэд “Аав чинь танай гэрт юу хийдэг вэ” гэсэн асуулга бүхий сэдэв өгсөн юм. Цэцэрлэгийн насны хүүхдүүдийн олонх нь буйдан дээр сууж, удирдлага барьсан хүн зурсан байдаг. Харин I-III ангийн хүүхдүүдийн тодорхой хэсэг нь архи ууж буйгаар дүрсэлсэн байгаа юм. 
Өөрөөр хэлбэл, гэр бүлийн гишүүн бүрийн дүрийг тодорхой үүрэгтэй болгоё гэсэн зорилготой байгаа. Энэ бүхнийг бид сургалтаар зааж өгч байгаа. Сургалтын дараа хүүхдүүдийн дунд гар зургийн уралдаан зарласан. Хүүхдүүдэд “Аав чинь танай гэрт юу хийдэг вэ” гэсэн асуулга бүхий сэдэв өгсөн юм. Цэцэрлэгийн насны хүүхдүүдийн олонх нь буйдан дээр сууж, удирдлага барьсан хүн зурсан байдаг. Харин I-III ангийн хүүхдүүдийн тодорхой хэсэг нь архи ууж буйгаар дүрсэлсэн байгаа юм. Уралдаанд оролцсон 100 зурагны ердөө 5-6 нь “Надтай тоглодог, ярилцдаг” гэсэн агуулга бүхий зураг байдаг. Үүнээс хүүхдэд “Би том болоод удирдлага барьдаг хүн болно” гэсэн  төлөвшил, хандлага тогтож үлддэг байх нь.
 
Хэрэв энэ хэвээрээ байвал хүүхдэд ээлтэй орчин бүрдэхгүй. Тэгэхээр нийгмийн шинжлэх ухаанд “Зан үйлийн өөрчлөлт” гэдэг ойлголтыг бид хэвшүүлэх хэрэгтэй. Энэ хүрээнд яаж хүүхдэд ээлтэй, гэр бүлдээ зөв орчныг бүрдүүлэх вэ гэдэг чадварыг “Орчин үеийн хүүхэд хүмүүжүүлэх арга” сургалтаар олгож байна. Нас дээр гарсан хүмүүс “Одооны хүүхдүүд өөр болжээ” гэж ярьдаг. Тэднийг бага  байхад ч хэлэгдэж л байсан. Биднээр дамжиж энэ үеийн хүүхдүүдэд  ч хэлэгдэж байна. Энэ нь нийгмийн хөгжлийн зүй тогтол учраас хувьсан өөрчлөгдөж байдгийг л эцэг эхчүүдэд ойлгуулах хэрэгтэй. 
 
-Дан ганц хүүхдийг биш эцэг, эхийг нь ч мөн өөрчилж байгаа гэж ойлголоо. Энэ сургалт хэзээнээс эхэлсэн бэ? 
-Өнгөрсөн жилийн есөн сараас эхлэн байгууллага, дүүрэг, хороодоор явж сургалт хийлээ. Энэ хүрээнд есөн дүүргийн 160 хороонд хүрч ажиллаж байна. Ингэж зорьж сургалтаа хүргэхгүй бол хүмүүс хамрагдах нь ховор. Бид байж болох бүх л газраар орохыг хичээж байгаа. Мөн нэг удаа сургалт хийгээд өнгөрөх биш эргэх холбоотой байж хэд хэдэн удаа сургалт явуулахыг зорьж байна. Яагаад гэвэл нэг удаагийн сургалтаар мэдлэг олгодог. Харин олон удаагийн хичээл, сургалт дадал болж хэвшдэг. Аяны хүрээнд томоохон таван зорилт дэвшүүлж  байгаа. Эхнийх нь дээр дурдсан “Хүүхдээ ойлго” гэдэг эцэг, эх рүү чиглэсэн ажил хийж байна. Хоёр дах зорилт нь хүүхдэд чиглэж байна. 
 
-Хүүхдэд хандсан зорилтын тухай тодруулахгүй юу? 
-Бид өсвөр насны буюу 11-19 насны хүүхдүүдийг сонгож авч байгаа юм. Өсвөр насны хүүхдүүд “Манай ээж, аав ганцхан намайг ад үзээд байгаа юм байна”, “Энэ нийгэм ганцхан намайг үзэн ядаад байгаа юм байна” гэж ойлгодог. Үүнээс үүдэн сэтгэл санааны гутрал, цаашилбал амиа хорлолт бий болдог. Тэдний сэтгэл санааны тайван биш байдал, ааш авирын өөрчлөлт бүх хүнд илэрдэг. Эцэг, эхчүүд ч өсвөр насандаа яг л ийм байсан. Тийм учраас энэ эмзэг, цаг үед хүүхэдтэйгээ ярилцах ёстой, та нар ч гэсэн туулж өнгөрсөн учраас ярилцах хэрэгтэй гэсэн санааг ойлгуулах үндсэн зорилтготой ажил юм.  Ярилцахгүй, ойлголцохгүй учраас хүүхэд маш их ганцаарддаг. Улмаар найз нөхдөөсөө тусламж, зөвлөгөө авдаг.
 
Та бодоод үз дээ. 13 настай хүүхдийн найз нь хэдэн настай байх вэ. Үе тэнгийн найзаасаа авсан зөвлөгөө ямар байх билээ. Тиймээс өсвөр насны хүүхдүүдэд “Чиний эцэг, эх чамайг ад үзэж байгаа явдал биш. Зүй тогтол ингэж л явдаг. Өвөө эмээ чинь залуу байхад аав чинь чам шиг байсан. Чи ээжийнхээ насан дээр үр хүүхэдтэйгээ ийм л харилцаатай байна. Тиймээс тайван бай. Найзынхаа зөвлөгөөг дагана гэдэг алдаа шүү” гэдгийг л ойлгуулдаг. Сургалтын үр дүнд “Тэд намайг үзэн ядаагүй юм байна. Аав 43 насаар харж байхад би 13 насаар харж байгаа шүү дээ” гэдэг ойлголт, ухаарлыг өгч зөөллөдөг. 
 
-Эцэг, эх, хүүхэд рүү чиглэсэн зорилтуудаас гадна өөр ямар зорилттой ажиллаж байгаа вэ? 
-Дараачийн том зорилт бол төрийн болон төрийн бус шат, шатны байгууллагад хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх явдал юм. Хэдийгээр ажлаа хийж байгаа ч тэд гэртээ харихдаа ээж, аав болдог. Энэ хүрээнд мэдээ, мэдээлэл бүхий самбар байршуулж, сургалт зохион байгуулдаг. Байгууллага эцэг, эхийн зөвлөлтэй болсноороо ажилчиддаа, тэдгээрийн хүүхдүүдэд хандаж юу хийх ёстой вэ гэдгээ бодож эхэлдэг. Нийслэлийн хэмжээн дэх төрийн байгууллагад дээрх ажлыг хийгээд дууссан. Одоо хувийн байгууллага, аж ахуй нэгж рүү чиглэн ажиллаж байна. Бидэнтэй хамтарч ажиллаж байгаа 50 гаруй хувийн хэвшлийн байгууллага нэгэн арга хэмжээг санаачлан эхлүүлсэн.
 
Тодруулбал,  0-18 насны хүүхдийнх нь  төрсөн өдөр болж байгаа эцэг, эхчүүд өөрсдөө хүсвэл цалинтай нэг өдрийн чөлөө өгч байна. Чөлөө өгсөн нэртэй орхиж байгаа юм биш. Нэг өдрийн цалинтай чөлөө авсан эцэг, эх маргааш нь ажилдаа ирэхдээ тайлангаа өгдөг. Өөрөөр хэлбэл, “Би чөлөө авсан өдрөө хүүхдээ баярлуулж, гэр бүлтэйгээ цагийг өнгөрөөсөн шүү. Хүүхэдтэйгээ ийм газраар орж, тийм зүйлээр баярлуулсан” гэдэг тайлан бичдэг. Энэ арга хувийн хэвшлийн 50 гаруй байгууллагад маш амжилттай хэрэгжиж байна. 
 
-Хүүхдийн хүрээлэн буй орчинд хэнийг ч үлдээлгүй хүрч ажиллах, сургаж, өөрчлөх зорилготой юм аа даа? 
-Тэгэлгүй яах вэ. За, дараагийн зорилт бол хүүхдийн өвөө, эмээ нарт чиглэсэн ажил байгаа юм. Манай байгууллага нөлөөлөл, сургалтын аргыг түлхүүү ашигладаг. Энэ хүрээнд “Өвөө, эмээ гэж хэн юм. Орчин үеийн өвөө, эмээ ямар байдаг вэ” гэсэн ойлголтыг өгдөг. Жишээлбэл, “Автобусны буудал дээр архи уугаад суудаг, нийтийн тээвэр дотор хүмүүстэй хэрэлдээд явдаг өвөө байх ёстой юу. Суудал тавьж өгөхийн хооронд үг хэлээр доромжилдог, суудал тавьж өгөхөөр муухай хардаг эмээ байх ёстой юу. Монгол эмээ яг ямар байх ёстой юм бэ” гэх мэтээр тэдэнд ойлгуулах, нөлөөлөх ажлыг хийж байна. Түүнчлэн, орчин үеийн хүүхдүүдийн онцлог, цаг үеийн өөрчлөлтийн талаар мэдлэг олгдог. Тэдний үеийн нэг настай хүүхэд одоо үеийн нэг настай хүүхдээс юугаараа өөр вэ гэдгийг баримт, жишээтэй тайлбарлаж өгдөг. 
 
-Тав дахь үндсэн зорилт нь хэнд хандсан бол? 
-Хамгийн сүүлийн зорилт маань орчны аюулгүй байдлын тухай ойлголт. Хүүхэд хамгааллын хуульд хүүхэд хамгаалах ёстой таван орчны тухай тусгасан байдаг. Ердөө л тус хуулийг энгийн, ойлгомжтой болгож өгсөн хэрэг. Жишээлбэл, Сургуулийн орчинд, гэрийн орчинд хүүхэдтэй хэрхэн харьцаж, яаж хамгаалах юм гэдэг тал дээр асуудал яригдана гэсэн үг. Томчууд мэддэг ч хариуцлагагүй байдаг. Тийм учраас  “Та гэртээ байх үедээ халуун тогтоо, ус буцалгагчаа хүүхдийн гар хүрэх газраас хол байлгах хэрэгтэй. Ингэж хүүхдийнхээ эрүүл мэнд, ам насыг хамгаална” гэдэг ойлголтыг л системтэй өгөх явдал юм. Наад зах нь “Та зуухаа тойруулж сараалж буюу хамгаалалт хий. Ингэснээр хүүхдээ түлэгдэхээс хамгаална” гэдэг ойлголтыг хэвшүүлэх ёстой. Мөн хэвшмэл сэтгэлгээ, уламжлалт зан үйлийн суурь хүмүүжлийг засах ёстой. Дэлхийд хаана ч байхгүй хэр нь манай улсад ханиадны улирал гэж байдаг.
 
Энийг бид яагаад заавал “Ханиадны улирал эхэллээ”, “Аргагүй ээ ханиадны улирал таарчихлаа” гэх мэтээр хүлээн авч, ойлгох ёстой юм бэ. Бид зүгээр л шаардлагатай витамин болон амин дэмийг хүүхдэдээ өгөх шаардлагатай, биеийнх нь дархлааг дэмжих хэрэгтэй сар гэж хүлээж авах ёстой. Бид “Өвчин хэлж ирдэг, хийсч ирдэггүй юм аа” гэсэн хэвшмэл буруу ойлголттой байдаг. Энэ буруу тогтолцоо сүүлийн хоёр, гурван жил буурч байгаа нь үнэн. Гэхдээ хийсч ирэхийг нь хүлээж биш,  урьдчилан сэргийлж, анхаарал хандуулж чадсан нь өвддөггүй юм. Энэ бүхнийг л эцэг, эх, эмээ, өвөө хүүхдийн хүрээлэн буй орчин, ойр тойрны хүмүүст хүргэх зорилготой ажиллаж байна. 
 
-Эцэг, эхчүүд хүүхэдтэйгээ ярилцахдаа төдийлөн эвээ олдоггүй байж магадгүй? 
-Хүмүүс өрхийн тэргүүн, айл гэрийн эзэгтэй гэдэг статус буюу автомат дүр үүсгээд байдаг. Үнэн хэрэгтээ гэр бүлийн гишүүн гэдэг нэг л дүрэм үйлчлэх ёстой. Энгийн жишээ. Хувцас авч өгөхдөө “Чи энийг өмс” гээд л өмсүүлдэг. Хүүхдэдээ 100 мянган төгрөг өгөөд “Энэ өвөл өмсөх гадуур хувцсаа өөрөө сонго” гээд явуулаад үз. Эхний нэг, хоёр удаа хямд, чанар муутайг авдаг. Гэвч дараачийнхаас нь өөрийнхөө хэрэгцээ, сонирхол, мэдрэмжид таарсан өнгө, чанартай зөв бараа бүтээгдэхүүн сонгож эхэлдэг. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн тооцоотой болж байна. Энийг хариуцлагатай иргэн бэлтгэх гэж хэлдэг. Нөгөөтэйгүүр гэр бүлд өрнөж буй үйл явдалд хүүхэд оролцдоггүй. “Чи жоохон байж өрөөндөө ор, чамд хамаагүй томчуудын асуудал” гэх мэтээр ханддаг.
 
Гэтэл гэр бүлд үүсээд байгаа асуудлыг 10 настайгаасаа мэддэг болчихвол өрх гэр тэргүүлэх цагтаа тухайн асуудалд туршлагатай, мэдлэгтэй хандаж, зөв шийдвэр гаргадаг. Гэнэтхэн тусад нь гаргаад, хуримыг нь хийж өгөөд явуулдаг. Гэтэл амьдрал дээр маш олон асуудлууд тулгарч эхэлдэг. Үүнийг л багаас нь ярьж гэр бүл төлөвлөлт, зөв гэр бүлийн харилцааг ойлгуулах хэрэгтэй. Хүүхдүүд нарийн нандин, чухал, хүнд хэцүү бүхнээ найз нөхөдтэйгөө ярьдаг. Харин аав, ээжийгээ зөвхөн намайг тэжээх ёстой гэж боддог. Хүүхэд хэзээ ч эцэг, эхийгээ материаллаг хэрэгцээг хангагч гэдэг нүдээр харах ёсгүй. “Аав, надад тэдэн төгрөг хэрэгтэй. Ээж, ийм юм авмаар байна” гэх мэт хүссэнээр нь өсгөх буруу юм. 

Н.Мандуул: Хүүхдэд ээлтэй улс болгохын төлөө “Би хариуцлагатай аав, ээж” аян өрнүүлж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188