Монгол Улс, ОХУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан “Сэлэнгэ-2024” хээрийн сургууль амжилттай явагдаж байна. Халхын голын байлдааны 85 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж байгаа энэхүү уламжлалт сургууль энэ жил онцлог, ач холбогдол дүүрэн, оролцогч дайчдын сэтгэгдэл дүүрэн, нэгнээсээ суралцаж, туршлагажсан цаг өдрүүд тохиож байна.
Хамтарсан сургуулийн хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу 08 дугаар сарын 20-ны өдөр Монгол Улсын өв соёл, ёс уламжлалаа сурталчлах “Нүүдэлчин Монгол” соёлын өдөрлөгийг зохион байгуулж, нөхөрлөлөө улам зузаатгав. Өдөрлөгөөр үндэсний зоог, үндэсний урлагийн тоглолт, монгол бичгээр уран яруу бичих, үндэсний сур, шагайн харваа, адууны соёл, нүүдлийн музейг дэлгэж, мэдээлэл танилцуулгыг ч өргөн хэмжээнд хүргэв.
Өдөрлөгийг зохион байгуулахад Дорнод аймгийн ЗДТГ-аас тодорхой дэмжлэгүүдийг үзүүлж, Хөгжимт драмын театрын уран бүтээлчид Дорнодын их талд нөхөрлөлийн түүхээ зузаатгаж, дайчин замналын мөрөөр хамтарсан сургуульд оролцож байгаа бүрэлдэхүүнд бүрэн хэмжээний тоглолтоо өргөн барилаа
Эх орныхоо соёл уламжлалыг дайчин нөхдөдөө сурталчиллаа |
|