• Өнөөдөр 2025-06-01

Эхийн алдар I,II одонг 10 мянган ээжид нөхөн олгох тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэнэ

2024-05-17,   367

               УИХ-ын хаврын ээлжит чуулганы хуралдаан өнөөдөр болж байна.
  
             Энэ үеэр Ерөнхийлөгч санаачилж УИХ-д өргөн барьсан "Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай" хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэхээр болж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.
 
             Одоогийн хуульд дөрөв болон түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн, бага хүүхэд нь нэг нас хүрсэн эхэд “Эхийн алдар I, II” одон олгодог. Ингэхдээ "Дөрөв болон түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн" гэдэгт бага хүүхэд нь нэг нас хүрэхэд дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй байсан бөгөөд үүнд тэр үед гурав хүртэлх насанд нь үрчлэн авсан хүүхэд хамаарах ба харин эхийн төрүүлж бусдад үрчлүүлсэн хүүхэд хамаарахгүй” гэж заасан. Уг зохицуулалтын дагуу зургаан хүүхэд төрүүлж, өсгөсөн эхэд эхийн алдар нэгдүгээр зэргийн одон, дөрвөн хүүхэд төрүүлж, өсгөсөн эхэд эхийн алдар хоёрдугаар зэргийн одонг олгодог. Гэвч бага хүүхэд нь нэг нас хүрэхэд аль нэг хүүхэд нь нас барсан байвал эхийн алдар одон олгох шаардлагыг хангахгүй гэж үздэг.
 
               Тиймээс иргэдээс ирсэн саналыг үндэслэн хуулийн үйлчлэх хүрээг өргөжүүлж “Дөрөв болон түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн” гэдэгт бага хүүхэд нь нэг нас хүрэхэд дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй байсан бөгөөд үүнд тэр үед гурав хүртэлх насанд нь үрчлэн авсан, эсхүл байгалийн аюулт үзэгдэл, осол, өвчин, гэмт хэргийн улмаас нас барсан хүүхдийг хамруулахаар тусгана” хэмээн заажээ. Энэ хуулийн төсөл батлагдсанаар II зэргийн одон нөхөж авах 8.463, I зэргийн одон нөхөж авах 1.932 ээж байгаа аж. Эхийн алдар одон нөхөж авах ээжүүд дараа жилээс хүсэлтээ өгөх юм байна.

Эхийн алдар I,II одонг 10 мянган ээжид нөхөн олгох тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188