• Өнөөдөр 2024-05-19

ТАВДУГААР САРД УНШИХ ТАВАН ШҮЛЭГ

2024-05-06,   154

               Тавдугаар сар хэдийнэ гарч дэлгэр зуны түрүүч айлчлан ирлээ. Урин цагийн аяс хэн бүхний сэтгэлийг тэнийлгэнэ. Ийм үест унших таван шүлгийг уншигч танд хүргэж байна.

 

        А.Эрдэнэ-Очир - Тавдугаар сарын бороо

Гэзэгний үсээ сэгсэрч бороон дор хаврын охид зогсоно
 
Гоо сайхныг нь тэнгэр таалах мэт бороо зөөлхөн шивэрнэ
 
Өөртэй минь адил гуньж чаддаг охины тухай
 
Өөрт минь илүү сайхныг нээх мэт бороо шивэрнэ
 
Яг одоо би чиний нэрийг тэнгэрт хашгирч
 
Ягаахан усан хөшгийг цуу татан аянга болмоор байна
 
Тэгэхэд чи хэн рүү ус дуслуулан гүйж
 
Тэврүүлэхдээ нойтон цээжээ яаж наах бол оо!
 
 
                                ***
Г.Аюурзана "Миний дургүй сарууд" шүлгийн хэсгээс...
 
Тавдугаар сар…
 
Тавдугаар сар миний дургүй сар.
 
Тасарсан дэлбээтэй сарнай шиг турьгүй,
 
Тарчилсан зүрхтэй ядуу хөвгүүн шиг дөргүй,
 
Тарамдуу хэлбэрдэж бичсэн шүлэг шиг ургүй,
 
Тавдугаар сарыг ямар сар гэх вэ?
 
Би дургүй.
 
Барьж очсон цэцгийг минь
 
Базаад хогийн сав руу хаясныг үзээд л
 
Бардам зан олж биеэ татаж авсан аа.
 
Тэгээгүй сэн бол…
 
Тийм ээ, тавдугаар сар байсан аа.
 
Тэр миний дургүй сар гэж үү?
 
                                    ***
Яруу найрагч Л.Лхагвасүрэн
 
"Юу ингэтлээ бодоо вэ хайрт минь
 
Одоо амар
 
Юмс гэдэг заримдаа дандаа бидний бодсон шиг байдаггүй
 
Хажууд минь чи зүгээр л тавдугаар сар шиг өөдөөс ширтээд
 
Хавар ирж байна даа гэж бодогдох мэт тайвнаар инээмсэглээч
 
Өнөөдөр охин минь “А”үсэг үзсэн тухай
 
Өрөвдөөд гуамжны нохойг хүү минь хооллосон тухай
 
Үнэн сэтгэлээсээ юу ч юм наддаа яриач дээ 
 
Үг бүхэн уруулнаас чинь бус нүдээс чинь ундагийг чи мэддэг үү?”
 
Гэж хэлээд чи үсийг минь илэхэд
 
Үдшийн нам гүмд уруул минь зүрхэн хүрээ татуулаад
 
Үг бүхний шидийг мэдрэхээр өнөөх нүдээ би зөөлөн аньдаг.
 
                             ***
Яруу найрагч М.Батбаяр
 
Айсуй цагийн баяр
 
Цонхны цаанаас алагч үнээ
 
цэцгийг үнэртэхээ байжээ
 
Тавдугаар сар гарсан нь
 
Шинэ зуун эхэлсэн мэт баясгаланг төрүүлэх ажээ
 
Тариачид цөм тосгоныг орхин одоод
 
Үдийн хойно гатлага онгоцоор ирж архи тээгээд буцах болжээ
 
Эмбүүл юүгээн алтан гадас одноос даруулан уясан тэд
 
Исгэмэл хүртэн шөнөжин дуулалдаад унтахдаа
 
Хаалгаараа хөлөө гаргаад
 
Оддын дундуур жийдэг гэнэм.
                     
                             ***
 
          Яруу найрагч Х.Нямхишиг "Тавдугаар сарын бадагс..."
 
Тагзны минь дээврийг
 
салхи аваад хаячихлаа.
 
Тавдугаар сарын чийглэг улаан гар
 
цамцны товч тайлж,
 
цаагуур нь уруудлаа…
 
Малгай шиг хийссэн дээврээ би
 
маргааш ѳглѳѳ эргүүлж тавьчихаад
 
хүйтэн ус залгилна.
 
Энгийн нэг учрал шиг тавдугаар сар
 
эхүүн үнэрээс ѳѳр гойд зүйлгүй ээ...

ТАВДУГААР САРД УНШИХ ТАВАН ШҮЛЭГ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188