• Өнөөдөр 2024-04-30

Б.БАТЦООЖ: Ерөнхий боловсролын сургуулиудад хүчирхийллийн талаарх мэдээлэл авах "Bully box" хайрцаг байрлуулсан

2024-04-15,   109

              Цагдаагийн Ерөнхий газраас үе тэнгийн дээрэлхэлийн эсрэг “Дээрэлхэл дэлгэрэх ёсгүй” аяныг зохион байгуулж байгаа. Энэ хүрээнд ЕБС-иудын 6-9 дүгээр ангийн сурагчдын дунд энэ төрлийн зөрчил, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх олон талт ажлыг зохион байгуулж буй талаар ЦЕГ-ын УСХ-ын ахлах мэргэжилтэн Б.Батцоожтой ярилцлаа.

-Цагдаагийн байгууллагаас “Дээрэлхэл дэлгэрэх ёсгүй” аяныг эхлүүлээд байна. Энэ удаагийн аянаас ямар үр дүнг хүлээж байна вэ?
 
ЦЕГ-аас өнгөрсөн хугацаанд хүүхэд рүү чиглэсэн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэд хэдэн аяныг зохион байгуулсан. Энэ удаа нийгэмд тулгамдаад буй үе тэнгийн дээрэлхэлийг бууруулах, яагаад буруу вэ гэдгийг өсвөр насныханд ойлгуулах зорилгоор энэ оны дөрөвдүгээр сарын 8-наас эхлэн “Дээрэлхэл дэлгэрэх ёсгүй” аяныг Боловсролын ерөнхий газартай хамтран эхлүүлээд байна.
 
     “Дээрэлхэл дэлгэрэх ёсгүй” аяны үр дүнд хүүхдүүдийн дунд үйлдэгдээд буй үе тэнгийн дээрэлхэл тодорхой хэмжээгээр буурах, хүүхдийн эсрэг үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийн тоо буурна гэж үзэж байгаа.
Энэ хүрээнд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 800 орчим ЕБС-иуд өмчийн хэлбэрээс үл хамаараад бүгдээрээ маш идэвхтэй оролцож байна.
 
      Энэхүү аяны үндсэн чиглэж байгаа хэсэг нь ЕБС-ийн 6-9 дүгээр ангийн сурагчид буюу яг өсвөр насны хүүхдүүд рүү чиглэсэн. Энэхүү аяны хүрээнд сургуулийн орчинд "Bully box" буюу хүчирхийллийн талаар мэдээлэл авах хайрцаг байрлуулсан. Дээрэлхэл нь зөвхөн хохирогч, дээрэлхүүлэгч гэдэг хоёр хүүхдийн хооронд яваад дуусдаггүй. Хажууд нь заавал нэг ажиглагч буюу дэмжигч гэсэн гуравдагч этгээд байдаг.
 
Насанд хүрээгүй хүний үйлдсэн гэмт хэргийн дийлэнх нь бусдын эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан гэмт хэргүүд байдаг. Гэхдээ хохирогч нь ялгаагүй хүүхэд байдаг.
 
-Дээрэлхэлд өртсөн хүүхэд болон үүнийг нь мэдээд таслан зогсоохыг хүссэн хүүхэд хэнд хандах боломжтой байдаг вэ?
 
Дээрэлхэлийг хохирогч мэдээлж чадахгүй байвал хажууд нь байгаа дэмжигч буюу ажиглагч хүүхэд энэ талаар насанд хүрсэн хүнд эсвэл сургуулийнхаа нийгмийн ажилтанд мэдээллээд энэ үйлдлийг таслан зогсоох ёстой байдаг. Хохирогч хэлж чадахгүй, өөр хэн нэгэн хэлж чадахгүй байсаар байвал дээрэлхэл улам даамжирсаар байдаг. Тиймээс энэ үйлдлийг илрүүлэхийн тулд сургуулийн орчинд бид "bully box"-ыг байршуулж байгаа юм. Энэхүү хайрцганд хийсэн мэдээллийг бид үзэж шалгаад, дүн анализ хийж, цаашид авах арга хэмжээг төлөвлөж, урьдчилан сэргийлж ажиллах юм.
Зарим тохиолдолд хүүхэд өөрийгөө дээрэлхээд байна гэдгээ мэдээгүй байдаг. Тийм учраас энэ талын мэдлэг мэдээлэл олгох зорилгоор тодорхой хэмжээний сургалт зохион байгуулж байна. Энэхүү сургалтыг эцэг эхчүүдэд нь ч мөн хандсан байдлаар бэлтгээд байна.
Дээрээс нь бид хүүхдүүдэд болон насанд хүрэгсдэд зориулсан үе тэнгийн дээрэлхлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр цахим орчинд видео контентууд, шторкууд гэх мэт мэдээллүүдийг маш олноор бэлтгэн явуулж байгаа. Мөн олны танил хүмүүс маань эдгээр мэдээллийг түгээж байна.
 
-Хүүхдүүд дээрэлхэлд өртөх, эсвэл дээрэлхсэн тохиолдолд хуулийн дагуу арга хэмжээ авах эрх зүйн орчин бүрдсэн байдаг уу?
 
        -Үе тэнгийн дээрэлхэл буюу хүүхдүүдийн дунд үйлдэгддэг энэ үйлдэлд Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль болон эрх зүйн акцаар зохицуулсан зохицуулалт одоохондоо байхгүй байна.
Хэрвээ тухайн сургуулийн орчинд үе тэнгийн дээрэлхэл боллоо гэвэл тухай сургууль өөрийн дотоод журмаараа энэ асуудлыг шийдвэрлээд, хэрвээ тухайн үйлдэл нь илтэл гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй байвал цагдаагийн байгууллагад шилжүүлж шийдвэрлүүлдэг.

Б.БАТЦООЖ: Ерөнхий боловсролын сургуулиудад хүчирхийллийн талаарх мэдээлэл авах "Bully box" хайрцаг байрлуулсан
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-15 18:13:50
    цахим: юу ч хийгээгүйгээс бол дээр л бх, гэхдээ хүүхдүүд хайрцаг руу өргөдөл хийгээд зогсох уу, цахим хаяг нээгээд мэдээлэл аваач
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188