• Өнөөдөр 2024-04-27

Сүүлийн гурван жилд улаан буудайн тариалсан талбай 68 мянган га -аар, хураан авсан ургац 124.1 мянган тонноор буурчээ

2024-03-27,   196

     Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Ургамал газар тариалангийн хүрээлэн, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой хөдөө аж ахуй” төсөл хамтран зохион байгуулж буй “Газар тариалангийн салбарын өнөөгийн байдал-тогтвортой хөгжлийн гарц, шийдэл” сэдэвт онол, үйлдвэрлэлийн бага хурал Дархан-Уул аймагт өнөөдөр эхлэв.

   Ургамал газар тариалангийн хүрээлэнд болж буй уг бага хуралд Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, Хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Ж.Батжаргал, Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Г.Ганболд, Улсын Их Хурлын гишүүн Ж.Эрдэнэбат, Ч.Ундрам, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдал, улс төрийн бодлогын зөвлөх Ж.Энхбаяр, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Шадар суурин төлөөлөгч Г.Нямжаргал болон Булган, Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгийн хүнс, хөдөө аж ахуйн газар, газар тариалан эрхлэгчдийн төлөөлөл зэрэг нийт 100 орчим хүн оролцлоо. Байгаль орчин, Хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны  дарга Ж.Батжаргал бага хурлыг нээж үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ,  Монгол Улсын Их Хурал “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Шинэ сэргэлтийн бодлого, Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах арга хэмжээний тухай цогц төлөвлөгөө зэрэг баримт бичгүүдийг тус тус баталж, эдгээр бодлогын баримт бичгийн хүрээнд хүнс, хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарыг эдийн засгийн тэргүүлэх салбар болгон зарлаж, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, төлөвлөгөө зорилтыг төсөвтэй нь баталж, үр дүнд хүрэх  зорилт тавин ажиллаж, тодорхой үр дүнд хүрснийг онцлоод цаашид анхаарууштай сургамжууд ч байгааг тэмдэглэв. Хүнсний хангамж, аюулгүй байдал нь Үндэсний аюулгүй байдлын салшгүй чухал хэсэг бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал”-ын эхний хоёр жилийн хэрэгжилтээр хүнсний ногоо, жимс жимсгэнийн нэр төрөл нэмэгдэж, хүнсний ногооны дотоодын хангамж 2023 онд  85 хувьд хүрч, хоёр дахин нэмэгдсэнийг дурдлаа.

    Газар тариалангийн үйлдвэрлэлийг төрөөс дэмжих бодлого, хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэж, хөрөнгө оруулалтын болон эргэлийн хөрөнгийн хөнгөлөлттэй зээл, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт бүтээгдэхүүний урамшуулал, стратегийн болон технологийн нөөц бүрдүүлэх зэрэг арга хэмжээг авч ажиллаж ирлээ. Гэвч сүүлийн гурван жилд хүнсний стратегийн гол бүтээгдэхүүн улаан буудайн тариалсан талбай 68 мянган га -аар, хураан авсан ургац 124.1 мянган тонн, нэгжийн ургац 1 цн-ээр буюу таван хувиар тус тус буурсны зэрэгцээ нийт хураан авсан ургацын 40 хувь нь I, II ангиллын бүтээгдэхүүн байна. Мөн дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж буй төмсний үйлдвэрлэлийн нэгжийн ургацын хэмжээ буурч, өвчлөл их, үрийн шинэчлэл шаардлагатай байгаагийн зэрэгцээ уламжлалт мал аж ахуйг байгаль цаг уурын эрсдэлээс, өндөр ашиг шимт малын ашиг шимийг бүрэн авах, үндсэн үйл ажиллагааны нэг гол зүйл бол малын тэжээлийн ургамлын тариалалт, уураг амин дэмт олон найрлагат тэжээлийн үйлдвэрлэлийн хангалтад төдийлөн үр дүнд хүрч чадаагүйг онцлон тэмдэглэв.

    Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга хэлсэн үгийнхээ төгсгөлд “Өнөөдрийн бодит нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, газар тариалангийн салбарын үйлдвэрлэлийг уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, экологид ээлтэй, бүтээмж өндөртэй, эрсдэл даах чадвартай, эдийн засгийн тэргүүлэх салбар болгон хөгжүүлэхэд бодлогын технологийн, үйлдвэрлэлийн тулгамдаж байгаа асуудал, цаашид газар тариалангийн салбарын тогтвортой хөгжлийг хангах гарц, шийдлийг тариалангийн үйлдвэрлэлийн ачааны хүндийг үүрч, нийт үйлдвэрлэлийн 90 хувийг үйлдвэрлэж буй төвийн бүсийн тариаланчид, мэргэжилтнүүд, эрдэмтдийн хамтаар хэлэлцэн, оношоо зөв тавьж, ойрын хугацаанд баримтлах бодлого авч хэрэгжүүлэх арга хэмжээгээ тодорхойлж, тууштай хэрэгжүүлж, бүтээмж өндөртэй, өрсөлдөх чадвартай тэргүүлэх салбар болгох явдал  бидний зорилт байх учиртай” гэдгийг мэдэгдлээ.

   Дараа нь Улсын  Их Хурлын гишүүд  болон төлөөлөгчид бага хурлын үйл ажиллагаанд амжилт хүсэж, үг хэлэв. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдал, улс төрийн бодлогын зөвлөх Ж.Энхбаяр хэлсэн үгэндээ, Газар тариалангийн салбарын өнөөгийн байдал тогтвортой  байна уу гэдгээс асуудал эхэлнэ. Миний  хувьд салбарын хөгжил тогтворгүй байна гэж хэлнэ гэдгийг онцлов. Монгол Улс 300 гаруй нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн хэрэглэж байгаагийн 80 гаруй хувийг импортоор авч байгаа нь хүнсний аюулгүй байдлын хувьд эмзэг ангилалд буйг тодотгоод  хөрс эрүүл бол хүнс эрүүл, хүнс эрүүл бол хүн эрүүл хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгч үзээд “Хүнсний хувьсгал”- эхлүүлснийг  тэмдэглэсэн юм.Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам, өнөөдөр Монгол Улсын Их Хурлаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаа нь газар тариалангийн салбарын асуудлыг бодлогын түвшинд ярих цаг болсныг харуулж байна. Энэхүү бага хурал нь цаг үеэ олсон төдийгүй тариаланчид та бүхний салбарын тулгамдсан асуудал, гарц шийдлийн талаар үнэтэй санал санаачлагыг сонсож, ихээхэн үр дүн хүлээж буйгаа илэрхийлж байлаа.Бага хурал Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун “Газар тариалангийн үйлдвэрлэлийн өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ”, Ургамал, газар тариалангийн хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан доктор Б.Баатарцол “Хөрс хамгаалах тариалангийн тeхнологи , сэлгээ, хөрсний үржил шимийн асуудал”, Ургамал, газар тариалангийн хүрээлэнгийн Үйлдвэрлэл инновацын албаны дарга, доктор Х.Нямгэрэл “Төмс үйлдвэрлэлийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам”, Ургамал, газар тариалангийн хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан доктор Б.Ганбаатар “Үр тарианы сорт, үрийн аж ахуйн өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам”, Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор О.Ариунаа “Ургамал хамгааллын өнөөгийн байдал, үр тарианы хөнөөлт организмтай тэмцэх арга замууд”, НҮБ-ын ХХААБ-ын Ром хот дахь төв байгууллагын ХАА-н мэргэжилтэн Пьер Ферранд “Дэлхийн газар тариалангийн үйлдвэрлэлийн өнөөгийн байдал”, ХБНГУ-ын Төмсний аж ахуйн зөвлөх үйлчилгээний албаны ахлах зөвлөх Марк Мичке “Төмсний тариалангийн өвчлөлтэй тэмцэх арга замууд” сэдвийн илтгэлээр үргэлжилж, салбарын цаашдын хөгжил, тулгамдсан асуудлын гарц, шийдлийн талаар тариаланчдын санал, санаачлагыг сонсож, хэлэлцүүлэг  өрнүүлэх юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв. 

 

Сүүлийн гурван жилд улаан буудайн тариалсан талбай 68 мянган га -аар, хураан авсан ургац 124.1 мянган тонноор буурчээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188